Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 112/2017/0019/з |
Дугаар | 41 |
Огноо | 2018-01-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 41
Д.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Ч.Тунгалаг
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 24-рт Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Т гэсэн хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалын Мичиджамбын Төмөрчулуунд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн”
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0766 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Ц.Эрдэнэчулуун,
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг тус тус баримтлан Д.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 24 дугаарт М.Т-ыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын М.Т-ыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, Д.А-ыг өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 11331530 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас, аймгийн Засаг даргын Тамгын газраас бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж нэрээр 2592633 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, мөн үүнээс гадна 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн төслийн ажилтнаар ажилласан хөлс 849.000 төгрөг, 5,6,7,8 дугаар саруудын хөлс 4.240.000 төгрөг нийт 5.089.000 төгрөг байх тул цалин хөлснөөс уг тэтгэмж болон ажлын хөлсийг хасаж, үлдэх 3.649.897 /гурван сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0766 дугаар магадлалаар:Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-д 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,433,944 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижшийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг гомдолдоо: ... магадлалд “...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.А-д 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8.4 сая төгрөгийг гаргуулах...” гэж шийдвэрлэжээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Энэ хуулийн зохицуулалтаас үзвэл хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор байна.
5. Д.А 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн одоог хүртэл “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн ажилтнаар ажиллаж байгаа ба шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл бүгд 5.089.000 төгрөгийн цалин хөлс авсан байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байсан “Хаан” банкны дансны хуулга, гэрээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.
6. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Д.А-ыг Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн бүрэн хэмжээгээр олгож, ажилгүй байсан хугацаанд цалин хөлснийхөө хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхээр давж заалдах шатны шүүхээс шийдэж байгаа нь Ариунжаргалын ажилгүй байсан хугацааг нөхөн сэргээж, ажилсанд тооцон цалин хөлсийг олгож, даатгалыгнөхөн төлж байна гэсэн үг. Гэтэл төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байсан гэж үзэх дээрх хугацаанд Д.А нь сангийн яамны санхүүжилттэй ажилтнаар ажиллаж, цалин хөлс авсаар байтал шүүхээс ажилгүй байсан хугацааныцалинг бүрэн олгохоор шийдвэрлэх нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн15.1.8-д заасан “төрийн жинхэнэ албан хаагч нь... бусад байгууллагад орон албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэснийг шууд бусаар зөрчиж байна.
7. Иймээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох”-оор заасан, уг заалтын “... хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох” гэсэн нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн ажилтан ажилгүй байх хугацаандаа өөр ажил түр эрхэлж байсан тохиолдолд хамаарахгүй.
10. Өөрөөр хэлбэл, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгч Д.А-ыг хэрэв ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй, өөр бага цалинтай ажилд томилон ажиллуулсан, энэ нь хууль бус болохыг шүүх тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тохиолдолд цалингийн зөрүү гаргуулахаар заасан уг хуулийн заалтыг хэрэглэх бөгөөд, харин энэ тохиолдолд, хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар нэхэмжлэгч Д.А-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн, ажлын байр, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байхад түүнийг эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилоогүй нь хууль бус болохыг, түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоох шийдвэрийг шүүх гаргаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгох” зохицуулалтыг хэрэглэх нь зөв юм.
11. Иймд, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгч Д.А-ыг бага цалинтай ажилд ажиллуулж байсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “ ...аймгийн “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн ажилтнаар ажиллаж, бүгд 5.089.000 төгрөгийн цалин хөлс авсан” үйл баримт нь маргаан бүхий захиргааны акт, түүний хууль зүйн үндэслэлд хамаарахгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс сэргээхэд түүний өөр газар түр ажилласан байдал нөлөөлөхгүй.
12. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, түүнчлэн, хариуцагч шүүхийн шийдвэр, магадлалын бусад үндэслэлд холбогдуулан гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх бусад асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0766 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА