Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 474

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Б.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 821 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох 1805003460318 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг хариуцах чадвартай, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 739 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 9 сар хорих ял шийтгүүлж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хорих ялын хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Шарнууд овогт Б-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Б.Цолмон нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Ч манай гэрт ирж намайг зодож дарамтлаад байхаар нь цагдаад дуудлага өгч баривчлуулсан нь хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 1257 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Гэмтлийн зэргийг тогтоох журамд зааснаас өөрөөр гарч улмаар миний эрх зүйн байдлыг дордуулсан талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. 2018 оны  01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө буюу хэрэг гарах өдөр Б, Х, Х нар манай гэрт хар тамхи татаж, бүгд мансуурсан байдалтай байсан. Эдгээр гэрчүүд хэргийг нуун далдлахын тулд миний орон байранд хууль бусаар нэвтэрч, хэргийн ул мөрийг устгаж, эд зүйл хулгайлсан байхад хуулийн байгууллага ямар ч арга хэмжээ аваагүйд гомдолтой байх тул үүнийг шалгуулмаар байна. Тухайн үед миний орон байрыг хамгаалалтад авч, нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулсан бол мансууруулах бодис алдагдахгүй байхаас гадна энэ хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, гэрч гэх хүмүүс хуулийн хариуцлага хүлээх байсан. Хэрэгт анхнаасаа явж байсан өмгөөлөгч Б.Ц-д хэргийн материал танилцуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд ирэх боломжгүй талаар гаргасан хүсэлтийг хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг хийж, миний эрхийг ноцтой зөрчсөн. Мөн эргэлзээтэй дүгнэлт гаргасан шинжээч эмч Г-ийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Дээрх гэрчүүд анхны мэдүүлгээсээ буцаж мэдүүлэг өгсөн байхад шүүх нотлох баримтаар үнэлж хууль зөрчсөн. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит үнэн байдлыг эргэлзээгүйгээр нотлон тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь уг тогтоол магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, гэрч нар худал мэдүүлэг өгсөн талаар өөрсдөө мэдүүлдэг тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Миний бие 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шинжээч эмч Б.Г-ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шинжээч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирж чадахгүйгээ албан ёсоор мэдэгдсэн байхад шинжээчийг оролцуулалгүйгээр шүүх шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн шүүх нь гэрч нарыг албадан ирүүлэх захирамж гаргасан атлаа түүнийгээ хэрэгжүүлээгүй, захирамжийн заалтууд нь биелэгдээгүй байхад шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчин шүүх хурлыг хийсэн. Шинжээчийн 1257 дугаартай дүгнэлт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг зөрчсөн. Уг журмын 3.1.11-д “цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, үүнд дотор эрхтнийг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, агаар \пневмоторакс\ хуралдах зэрэг шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна” гэж заасан байдаг.

Гэтэл хохирогч Б.Ч-ын өвчний түүх болон шинжилгээний хариу бичлэгт “агаар, пневмоторакс үгүй, мэс ажилбар хийгдээгүй” гэсэн тэмдэглэгээ байдаг. Үүнээс харахад шинжээчийн дүгнэлт маань эргэлзээтэй буюу Гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн гэж үзэж, дүгнэлт гаргасан шинжээч эмчийг байлцуулан шүүх хуралдааныг явуулах саналыг гаргасан. Б.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох хүмүүсийн нэрийг баталгаажуулсан байдаг. Ж.Т-ийг оролцохоор сонгогдож нөөцөд 6 дугаартай А.Б, 28 дугаартай Ж.Л нар сонгогдсон байтал шүүх хуралд Үзмээ гэдэг хүн оролцож хууль зөрчсөн байдаг.

Мөн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралд иргэдийн төлөөлөгч Г.Б оролцсон гэж шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн бөгөөд шүүгчийн захирамжид иргэдийн төлөөлөгчийн нэр бичигдээгүй, шүүх хуралд нэг шүүгч орсон мэтээр тэмдэглэсэн нь хэдийгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хэмжээний биш ч гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаагийн нэг хэлбэр, түүнийг шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц эрүүл мэндийн шалтгаанаа тодорхойлсон хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байхад шүүгдэгч нэг өмгөөлөгчтэй оролцох боломжтой гэж дүгнэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сайнгэрэл хэлсэн саналдаа “Хэрэг хянан шалгах ажиллагаанд мөрдөн байцаагч нь яллах болон цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байтал зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан байдаг. Хохирогчоос мэдүүлэг авахдаа түүнд гэрчийн эрх үүргийг сануулж, мэдүүлэг авсан. Хохирогчийн өгсөн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй байдаг. Мөн гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Тухайн гэмт хэрэг нь шүүгдэгчийн гэрт болсон. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоогоогүй. Дуудлагаар очсон цагдаа нар тухайн хэргийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд хүүхдүүдийн хувцас, дуудлага өгсөн хугацаа, хэний гарт хутга байсан талаар мөн л зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Шүүх эдгээрийг тодруулан шалгаагүй байж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийг байнга утсаар дарамталж байсныг шалгаж тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын шатанд “Мобиком” корпорациас тодорхойлолт авсан бөгөөд уг баримтад огт дурдагдаагүй дугааруудыг дурдсан. Шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчиж, дүгнэлт гаргаснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хэрэгт авагдсан хохирогчийн өвчний түүхэд үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд авагдсан эмчийн урьдчилсан үзлэгээр хүнд гэмтэл учирсан талаар заагаагүй байхад шинжээч дүгнэлтдээ хүнд гэмтэл учирсан байна гэж дурдсан байдаг. Мөн хохирогчийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулаагүй байхад түүнд хүнд гэмтэл учирсан байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Цээжний хөндийг нэвтрэхдээ олон давхаргыг нэвтэрдэг. Рентгенээр хохирогчийн биед учирсан шархны байдлыг тодруулах ёстой байсан. Хавтаст хэрэгт бичлэг болон техникийн алдаа их байна. Шинжээч ур чадварын алдаа гаргасан. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүгч дангаар хурлын даргалсан харагддаг. Харин шүүхийн шийтгэх тогтоолоор шүүх хуралдааныг гурван шүүгч бүрэлдэхүүнтэй явуулсан байдаг. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд цагаатгах болон яллах талын бүхий л нотлох баримтыг цуглуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг шалгаж тогтоосон. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Өмгөөлөгч нар дээрх асуудлаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүх хэргийг тал бүрээс нь нэг бүрчлэн шинжлэн судалж, магадлалдаа нэг бүрчлэн тусгаж, тайлбарласан байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 17 тоотод Б.Ч-ын зүүн суган тус газар нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүх нь “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхой заасан тул шүүгдэгч Б.Б-ийн “Б.Батгэрэл, У.Хулан, Н.Хатантуул нарыг хэрэгт шалгах, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах” тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нь хяналтын шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил утга, агуулгатай буюу гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, шинжээч эмч болон хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчлэх гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоогүй хүнийг оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэх гомдлыг гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх энэхүү гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийж, няцаан үгүйсгэсэн байна гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сайнбаяр хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх тул гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 821 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН