Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 820

 

Ш.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00479 дугаар шийдвэртэй, Ш.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Г-т холбогдох, гарааш буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г- 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 45 дугаар байр 4-р орцны үүдэнд миний хоолойг шахан боож, ухаан алдуулж, халаас ухсан бөгөөд тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдах үедээ “Ш.Б-ы төмөр гарааш хүнд байгаа би буцаан авчирч өгье” гэж тохиролцсоноор миний бие өргөдлөө буцаасан. Ц.Г- нь миний дүү биш, тэрээр 1981 онд төрсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 45-4-47 тоотод амьдардаг, миний бие уг байрны 45-4-48 тоотод 1973 оноос хойш амьдарч байна. 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5166 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1180 дугаар магадлалын хянавал хэсэгт гэрч Ж.Азжаргалын мэдүүлэгт “....Ц.Г- өөрийгөө 45-4-48 тоотод амьдардаг Ш.Б-ы дүү байна. Энэ гарааш минийх учраас би хариуцна гэсэн тул гараашийг үлдээтэл ачаад аваад явсан гэж тодорхой хэлсэн байдаг. Миний бие өөрийн гараашийг 375 000 төгрөгөөр үнэлж байна. Хариуцагчийн ээж н.Дуламсүрэн УБТЗ-ын орон сууцны ангид будагчин ажилтай байсан болохоор Л.Сэлэнгэ, н.Ирина нар хариуцагчийг хамгаалж, миний гараашийг авч явсан үйл баримтын талаар гэрчээр асуугдахгүй гэж зугтдаг.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараашийг н.Болдоо гэж хүнд өгсөн, одоо хүртэл байгаа, та нэхэмжлэлээ буцаагаад авчихвал буцаагаад өгье гэсэн атлаа өгдөггүй. Миний гараашийг хариуцагч бусдад худалдахаас өмнөх байдалд оруулснаар 4 дүгээр байрны подвальд байгаа Л.Бямбацэрэнгийн эд хогшлыг гараашид шилжүүлэн байршуулж, тус подвалыг суллах шаардлагатай байгаа юм.

Иймд хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 788 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 4-т “хохирогч Ш.Б- өөрт учирсан хохирлоо иргэний шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж заасан бөгөөд үүнийг үндэслэж Ц.Г-аас бусдад худалдсан төмөр гараашийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Б-ы тайлбарлаж буй н.Болдоо гэж хүн нас барсан. Миний бие цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нь үнэн. Гарааш ачсан гэх үед би тухайн газарт байгаагүй. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа гарааш шалгүй байсан бөгөөд түүнийг орой ирэх хүртэл нь би гараашаас гаргасан эд зүйлийг хараад сууж байсан. Фото зурагт байгаа өндөр хүн Ц.Г- гэдэг нь тогтоогдохгүй байна.

Бидний хооронд маргаан болох үед гараашийн асуудал байгаагүй. Гараашийг ачих үед намайг байгаагүй гэдгийг н.Рина гэрчилнэ. Нэхэмжлэгчийн гараашийг н.Болд гэдэг хүн авмаар байна гэхээр нь тэр хоёрыг зуучилж өгсөн болохоос би аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-ы хариуцагч Ц.Г-аас гарааш буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Г-ыг шоронгоос гарахаас өмнө миний бие тахир дутуу, группт орсон ганц бие учраас эд хөрөнгө, амьдралаа авч явах чадваргүй тул байр, эд хөрөнгөө Ц.Г-т алдах гээд тэмцэлдээд дийлэхгүй, харж хамгаалж чадахгүй зодуулж, нүдүүлж, дарангуйлал дор байсан. Тухайн өдөр буюу гарааш ачсан өдөр Нийслэлийн шүүхэд шүүх хуралдаанд оролцоод орой гэртээ ирэхэд гараашгүй болсон байсан. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг төмөр гараашийн өмчлөгч гэж үзэхгүй гэжээ.

Миний бие хэрэгт өгсөн нотлох баримтуудаар уг гараашийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг хангалттай нотолсон. Эдгээр баримтуудыг дурдвал, хэргийн 72 дугаар талд авагдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №14ё/5 тодорхойлолт болон “Ган жигүүр” СӨХ-д 2007 оны 02 дугаар сараас 2010 оны 6 дугаар сар хүртэл гарааш байрлуулсан газрын төлбөр төлсөн баримтууд, хэргийн 74 дүгээр талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Л.Бямбацэрэнгийн өгсөн тодорхойлолт, гэрч Ж.Азжаргалын мэдүүлэг зэргээс 45-4-48 тоот байрны гаднах төмөр гараашийг Сүхбаатар дүүргийн эрчим хүчний салбарын н.Баярхүүгээс худалдан авч байсныг мэднэ. Төмөр гарааш Ш.Б-ы эд хөрөнгө гэдгийг нотолж байна гэжээ.

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрч асуулгах үед Ц.Г- ихээхэн согтуурсан, харин О.Рина нь бага зэргийн согтууралтай байсан. Мэдүүлэг өгөхийн өмнө О.Рина, Ж.Азжаргал, Ц.Г- нар маш сайн тохиролцож, үгээ нэгтгэсэн нь илэрхий байдаг. Өмнөх шүүх хуралдаануудаар Ж.Азжаргал гэрчийн мэдүүлэг, тайлбар өгч нөгөө хоёр нь зугтаад олдохгүй байсан.

Харин тухайн үед гурвуулаа маш сайн бэлдэж, үгээ нэгтгэсэн байсан. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байсан болохоор шүүх үнэлээгүй байх. Гэтэл дээрх гэрчийн мэдүүлгүүд, сууц өмчлөгчдийн тодорхойлолт, 3 дугаар хорооноос байлцсан хүмүүс бүгд Ш.Б-ы гарааш гэдгийг тогтоосон. Гэрч Ж.Азжаргал Ц.Г- дүү нь хариуцаж авна гэхээр нь үлдээсэн гэж хэлдэг.

Мөн Сүхбаатар дүүргийн Газрын албанаас хэрэгт хавсаргасан фото зургийн дээд хэсэгт нэг гараа цагаан боолтоор боосон Ц.Г-, зуучлуулсан н.Болдоо, сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж байгаа цагаан малгайтай О.Рина, газрын албаны Ж.Азжаргал нь өөрөө цагаан пүүзтэй, доод хэсэгт цагаан малгайтай О.Рина гараашийг бүрэн ачаалуулаад явуулж байгаа нь тодорхой байдаг. Гэрч нар гарааш Ш.Б-ых байсан учраас дүүд нь өгөөд унааны зардлын тооцоог хийгээд өгөөд явуулсан гэж өмнөх шүүхүүдийн шийдвэрт байгаа нь үнэнд ойрхон байна.

Шүүх миний өмчлөлийн гарааш биш гэж тодорхойлсон нь өмнөх нэг талыг барьж шийдвэрлэсэн шүүхийн 01199 дугаар захирамж, 10733 дугаар захирамж зэрэгт гомдол гаргасан Ш.Цогтсайхан, Ц.Болорын миний өмчлөлийн эд хөрөнгө буюу 45-4-48 дугаар орон сууц, А-10-284 газрыг луйвардан авах гэсэн оролдлогыг дэмжиж энэ гараашийг Ш.Цотгсайханы өмч хөрөнгө тиймээс Ц.Болорын өмч байх ёстой гэж үзсэнээс болсон.

Миний бие тухайн орон сууцны ашиглалтын хөлсийг Дамдиндонойгийн Цогтсайхан гэж нэрээр тушаадаг байсан. Уг хаягт 46 жил амьдарч байгааг манай хөрш буюу 45-4-47 тоотын оршин суугч буюу хариуцагч Ц.Г- гэрчилнэ. Энэ гараашийн эзэн, өмчлөгч гэдгийг хариуцагч сайн мэддэг учраас н.Болдоод зуучилсан, өөрийгөө дүү нь гэж ачаад явсан байгаа харин ганц бие намайг 2005 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр группт оронгуут 47 тоотынхон 48 тоот миний байрыг авах гэж төмөр замын дарга Сүхбаатар дүүргийн шүүхээр хөөцөлдсөн. Ц.Г- шоронгоос гарч гэр орныхоо эд хогшлыг зарж, хүн дээрэмдэж, эсвэл миний эд хогшлыг зарж архи ууж орон сууцыг авна гэж үргэлж дарангуйлж, дарамтладаг байсан. Энэ талаар шүүхэд хэлж болохгүй гэж н.Ганчимэг шүүгч уурласан. Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөө хамгаалж чадахгүй алдсаныг шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан эрхээ эдлэх ёстой байсан гэжээ. Энэ эрхээ эдлээгүй нь гараашийн өмчлөгч биш гэж дүгнэхэд хүргэсэн нь амьдралын хүнд нөхцөлд дарангуйллын хүнд дарамтад эд хөрөнгөө алдан амьдрахын тулд зүтгэж, ганц бие өвчинд нэрвэгдсэн, 5 нуруундаа гэмтэлтэй, эд хөрөнгөө хамгаалах, хөдөлмөрлөх чадваргүй 70 настай өвгөнийг ойлгоогүй нь нэхэмжлэлийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өөрийн үзэмжээр өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байхад гараашийн өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд маш гомдолтой байна.

Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, Л.Бямбацэрэнгийн шүүхэд бичгээр гаргасан тодорхойлолт, цагдаагийн шүүхэд өгсөн тодорхойлолт болон бусад бичгийн баримт зэргийг шүүх үнэлэх шаардлагатай. Мөн зуучлуулсан гэх н.Болдоог цагдаад амьд гэж мэдүүлсэн байдаг. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ц.Г- эрүүл ирсэн байхад шүүгчийн туслах хурлын танхимыг буруу зааж өгч, шүүх хуралдаанд оролцуулаагүй саатуулсан нь хариуцагч үнэнээ хэлнэ гэж айсандаа шүүх хурлын танхимыг буруу заасан гэж үзэж байна. Шүүх хурал дуусахад хариуцагч гадаа үүдэнд хүлээгээд зогсож байсан ба “гараашийг байгаа газраас авчрах зардал олдохгүй учраас ядаж байгаа газрыг нь зааж өгнө” гээд хуралдаанд оруулаагүйд уурлаж байсан. Тэгээд шүүгчийн туслахад гомдлоо хэлэхээр орсон.

Иймд хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, маргааныг нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд зэрэгт үндэслэж, талуудыг мэтгэлцүүлж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч Ц.Г-т холбогдуулан төмөр гарааш буцаан гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ өөрийнх нь өмчлөлийн хөрөнгийг хариуцагч ачиж яваад бусдад зарж борлуулсан гэж тайлбарласныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дээрх үндэслэлээр эд хөрөнгөө шаардаж буй тохиолдолд нэхэмжлэгч Ш.Б-  тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохыг, харин хариуцагч Ц.Г- нь маргаан бүхий эд хөрөнгийг ачиж авч явсан, бусдад худалдсан үйлдэл гаргаагүй буюу гэм буруугүй гэдгээ тус тус нотлох үүрэгтэй.

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ш.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын үндэслэлдээ, хариуцагчийг өөрийн өмч хөрөнгө болох төмөр гараашийг бусдад худалдах зорилгоор хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр ачиж явуулснаар өөрт нь гэм хор учруулсан гэж тодорхойлон, энэ нь гараашийн төлбөр төлсөн талаарх “Ган жигүүр” СӨХ-ийн төлбөр төлсөн баримт, Л.Бямбацэрэнгийн тодорхойлолт,  Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 788 дугаар тогтоол, шүүхийн захирамж, шийдвэр, магадлал, тогтоол, тэдгээрт хамаарах бичгийн бусад баримтуудаар нотлогдоно гэжээ. /хх 2-4,49,54-58,68-70,74,133-137/

 

Нэрлэн зааж буй “Ган жигүүр” СӨХ-д орон сууцны төлбөр төлсөн Тооцооны хуудас гэх 2007 оны 3 дугаар сараас 2010 оны 5 дугаар сар хүртэл хугацааны баримтаас үзвэл гараашийн төлбөрт 2000 төгрөгийг төлж байсан байх боловч төлбөр төлөгч нь Ш.Цогтсайхан гэж тэмдэглэгдсэн байгааг нэхэмжлэгч Ш.Б- төлбөр төлсөн, үүгээр түүний өмчлөлийн зүйл гэж дүгнэх боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан Л.Бямбацэрэн гэх иргэний 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тухайн этгээдээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхээс түүнийг гэрчээр асуусан мэдүүлэгт “... тухайн гарааш нь Ш.Б-ы гарааш мөн. Надад төлөх төлбөрт дүйцүүлж өгнө гэсэн боловч өгөөгүй. Албан ёсны баримт үзүүлээгүй боловч Ш.Б-ы үгээр би түүний гарааш гэж бодсон...” гэж мэдүүлснээс үзэхэд маргааны зүйл болох гарааш нь нэхэмжлэгчийн өмчлөлийн болох нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна. /хх7, 74, 81, 82/

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс нотлох баримт болгон ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 788 дугаар тогтоол, шүүхийн захирамж, шийдвэр, магадлал, тогтоолоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 44, 45 дугаар байрны дунд байрлаж байсан төмөр гараашийг нэхэмжлэгч Ш.Б- эзэмшиж, өмчилж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаарх түүний тайлбар, нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх2-3,40-43,54-58/

 

Мөн шүүхэд гэрчээр асуугдсан Ж.Азжаргал мэдүүлэхдээ “хариуцагч нь нэхэмжлэгчийн нэрийг хэлж тухайн гараашийг ачаад явсан” тухай хэлсэн боловч Ш.Б-ы өмчлөлийн гарааш мөн эсэх талаар тодорхой зүйлийг мэдүүлээгүй. Харин гэрч О.Рина, Л.Бямбацэрэн нар “...гарааш ачигдах үед тухайн газарт Ц.Г- байгаагүй...” гэж тус тус мэдүүлснийг харьцуулан дүгнэж үзвэл Ш.Б-ы өмчлөлийн гараашийг хариуцагч дур мэдэн худалдан борлуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. /хх 81-82, 151-155/

 

Төмөр гарааш нэхэмжлэгч Ш.Б-ы өмчлөлд байсан гэх, улмаар хариуцагч Ц.Г- өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдаж захиран зарцуулж ашиг олсон, нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.Г-т Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх, гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүх хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд зориуд санаатайгаар оролцуулаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх агуулгаар давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэгчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь зөөврийн төмөр гарааш болон уг гараашийг байрлуулах зориулалтаар тухайн газрыг эзэмшдэг талаарх баримтыг шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00479 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                                                       

                                                   ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                                      Т.ТУЯА