Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00479

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш. Б/РД: /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Г/РД: /-ын холбогдох,

 

Гараш буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, иргэдийн төлөөлөгч Ө.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Г СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 23-нд байцаагдаж байхдаа Ш.Бы төмөр граж хүнд байгаа би гражийг буцаан авчирч өгье гэж тохиролцоод надын өргөдлийг татан авахуулсан.

Түүнийг тохиролцохоор нь би Ш.Гын боож унаган, ухаан алдахад халаас ухаж, нэгжлэг хийсэн үйлдэлд нь гомдолгүй, зөвхөн төмөр гражаа авчруулна гэж өргөдлөө татахад, Нийслэлийн прокуророос өргөдлийг дутуу шалгасан байна гээд дахин шалгуулахаар буцаахад нь СБД-ийн Прокурорт гомдолгүй, төмөр гражийг буцаан өгнө гэж байгаа учраас зөвхөн төмөр гражаа гаргуулна гэж СБД-ийн Прокурорын 2017.06.30-ны өдрийн №788 тогтоолыг гаргуулж, уг тогтоолын тогтоох хэсгийн 4-т хохирогч Ш.Б өөрт учирсан хохирлоо иргэний шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэснээр үндэслэж Ц.Гаас төмөр гражаа гаргуулахаар /өөрийнх нь хэлснээр Болдоо гэгчид өгсөн буцаан авчирч өгнө гэснээр/ Ц.Г миний гражийг бусдад худалдахаас өмнөх буюу миний эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, эзэмших эрхийг зөрчихөөс өмнөх байдалд хүрмэгц 4-р байрны подвальд Л.Бямбацэрэнгийн эд хогшлыг төмөр граждаа шилжүүлэн байрлуулж, подвалийг суллах шаардлагатай байна. Ц.Гаас төмөр гражийг гаргуулж өгнө үү.

Ц.Г миний дүү биш, миний бие 70 нас хүрэх гэж байхад юун дүү байх вэ, Ц.Г 1981 онд төрөөд, СБД, 3-р хороо, УБТЗ-ын 45-4-47 тоотод амьдардаг. СБД-ийн Газрын албаны мэргэжилтэн Ж.Азжаргалд худлаа хэлж төмөр гражийг бусдад худалдсан байсан.

Худлаа хэлэхдээ “Би Бы дүү байна. Энэ граж миний граж учраас би хариуцаж авна. Би 45-4-48 тоотод амьдардаг” гэж худлаа хэлээд Ж.Азжаргалтай тооцоо хийгээд, ачаад аваад явсан талаар гэрч Ж.Азжаргал ДИХАШ-ны 2-р шүүхийн 2014.10.14-ний №5166 шийдвэрт, Нийслэлийн шүүхийн 2014.12.17-ны №1180 магадлалын хянавал хэсгийн гэрч Ж.Азжаргалын мэдүүлэгт тодорхой байдаг. Ирина гэрч бас оролцохгүй зутдаг нь УБТЗ-ын орон сууцны ангид Ц.Гын ээж Дуламсүрэн будагчин байсан болохоор Л.Сэлэнгэ, Ирина нар хамгаалаад байдаг.

Ц.Г нь Ш.Б төрсөн дүү нь байгаа юм гэхээр би граж үлдээсэн. Ц.Г цааш нь яасныг мэдэхгүй гэсэн Г.Азжаргалын мэдүүлэг байна. Тухайн үед Ц.Г, Ш.Бы төрсөн дүү нь байгаа юм гэж граж авч үлдсэн газрын албаныхан авч яваагүй бөгөөд үүнийг н.Болдоо гэж хүнд өгсөн байдаг. Тэр гараж одоо хүртэл байгаа. Буцааж өгнө гэсэн байдаг. Та нэхэмжлэлээ буцаагаад авчих гэсэн хүсэлт гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

                       

Нэхэмжлэгч Ш.Б хариуцагч Ц.Гт холбогдуулан гараш гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.Гт 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч Ц.Г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Гын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэр, 44, 45 дугаар байрнуудын дунд байрлаж байсан 1/нэг/ ширхэг төмөр гарашийн өмчлөгч гэх үндэслэлээр уг гарашийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 146 дугаар захирамжаар явагдсан Улаанбаатар хотын гудамж, талбайн тохижилтыг сайжруулах, зөвшөөрөлгүй баригдсан гараш, түц, контейнер, хашааг цэгцлэх, зөрчил арилгуулах ажлын дараа 44, 45 дугаар байрнуудын дунд байрлаж байсан нэхэмжлэгчийн гэх 1/нэг/ ширхэг төмөр гарашийн байгаа газар тодорхойгүй болсон болох нь гэрч Ж.Азжаргал болон О.Рина нарын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5166 дугаар шийдвэрийн болон Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1180 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна. 

 

Сүхбаатар дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэр, 44, 45 дугаар байрнуудын дунд байрлаж байсан 1/нэг/ ширхэг төмөр гарашийн өмчлөгч гэх нэхэмжлэгчийн тайлбар нь Л.Бямбацэрэнгийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3227 дугаар шийдвэрийн болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5166 дугаар шийдвэрийн хуулбараар үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 44, 45 дугаар байрнуудын дунд байрлаж байсан 1/нэг/ ширхэг төмөр гарашийн өмчлөгч болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг төмөр гарашийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Бы хариуцагч Ц.Гаас гараш гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Бы хариуцагч Ц.Гаас гараш гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ

 

 

                                      ШҮҮГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

     

                                                                Б.УУГАНБАЯР