Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00256

 

Ш.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00479 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 820 дугаар магадлалтай,

Ш.Б-ы нэхэмжлэлтэй,

Ц.Г-т холбогдох

Гарааш буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.Б-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ц.Г- 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 45 дугаар байр 4-р орцны үүдэнд миний хоолойг шахан боож, ухаан алдуулж, халаас ухсан бөгөөд тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдах үедээ Ш.Б-ы төмөр гарааш хүнд байгаа би буцаан авчирч өгье гэж тохиролцсоноор миний бие өргөдлөө буцаасан. Ц.Г- нь миний дүү биш, тэрээр 1981 онд төрсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 45-4-47 тоотод амьдардаг, миний бие уг байрны 45-4-48 тоотод 1973 оноос хойш амьдарч байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5166 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1180 дугаар магадлалын хянавал хэсэгт гэрч Ж.Азжаргалын мэдүүлэгт ...Ц.Г- өөрийгөө 45-4-48 тоотод амьдардаг Ш.Б-ы дүү байна. Энэ гарааш минийх учраас би хариуцна гэсэн тул гараашийг үлдээтэл ачаад аваад явсан гэж тодорхой хэлсэн байдаг. Миний бие өөрийн гараашийг 375.000 төгрөгөөр үнэлж байна. Миний гараашийг хариуцагч бусдад худалдахаас өмнөх байдалд оруулснаар 4 дүгээр байрны подвальд байгаа Л.Бямбацэрэнгийн эд хогшлыг гараашид шилжүүлэн байршуулж, тус подвалыг суллах шаардлагатай байгаа юм. Иймд хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 788 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 4-т хохирогч Ш.Б- өөрт учирсан хохирлоо иргэний шүүхэд нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэж заасан бөгөөд үүнийг үндэслэж Ц.Г-аас бусдад худалдсан төмөр гараашийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Г-ын шүүх гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Б-ы тайлбарлаж буй н.Болдоо гэж хүн нас барсан. Миний бие цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нь үнэн. Гарааш ачсан гэх үед би тухайн газарт байгаагүй. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа гарааш шалгүй байсан бөгөөд түүнийг орой ирэх хүртэл нь би гараашаас гаргасан эд зүйлийг хараад сууж байсан. Бидний хооронд маргаан болох үед гараашийн асуудал байгаагүй. Гараашийг ачих үед намайг байгаагүй гэдгийг н.Рина гэрчилнэ. Нэхэмжлэгчийн гараашийг н.Болд гэдэг хүн авмаар байна гэхээр нь тэр хоёрыг зуучилж өгсөн болохоос би аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00479 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-ы хариуцагч Ц.Г-аас гарааш буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 820 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00479 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх эргэлзээтэй, хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан. Хариуцагчийг биечлэн оролцуулж, тайлбарыг нь нотлох баримтаар гаргуулж шийдвэрлэсэнгүй. Мөн гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байсан. СӨХ-ны мэдлийн газарт гарааш байрлуулж сар бүр 2000 төгрөг тушаадаг байсан бөгөөд гараашийг ачаад явснаас хойш 7, 8 сараас төлбөр нэхэхгүй болсон. Миний хэрэгт өгсөн нотлох баримтуудыг үгүйсгэсэн, гэрч, хариуцагч нарын зөрүүтэй мэдүүлэг, тайлбар зэргийг хариуцагчид ашигтайгаар үнэлж нэг талыг барьсан учраас хариуцагчийг оролцуулж, түүний тайлбарыг нотлох баримтаар гаргуулж дахин энэ хэргийг эргэлзээгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ш.Б-, хариуцагч Ц.Г-т холбогдуулан төмөр гарааш гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

            Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Хоёр шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

          Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд эд хөрөнгөд нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээдээс гэм хорыг нэхэх, ингэхдээ гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээхийг шаардах эрхтэйг мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан байна.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 44, 45 дугаар байрны дунд байрлаж байсан өөрийнх нь өмчлөлийн төмөр гараашийг хариуцагч зөвшөөрөлгүйгээр ачиж яваад бусдад зарж борлуулсан гэснийг, хариуцагч гараашийг аваагүй гэж маргасан байна.

          Хэргийн баримтаас үзвэл, заасан байрлалд төмөр гарааш байсан нь тогтоогдсон хэдий ч уг гарааш нэхэмжлэгчийн өмч болох нь нотлогдоогүй, хариуцагч тухайн гараашийг ачиж явсан үйл баримт тогтоогдоогүй байна.

            Шүүх хэргийн баримтад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул  нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00479 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 820 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Б-ы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ