Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 821

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/00419 дугаар шийдвэртэй, Б.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Б”ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, Б.Амарсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн, 2000-2001 онд “Хаан банк” ХХК-д, 2011-2013 онд “Хадгаламж банк” ХХК, 2013-2018 он хүртэл “Т Б”ХХК-д ажилласан бөгөөд банкны системд нийт 19 жил ажиллаж байна. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Т Б”ХХК-ийн Чингэлтэй дүүргийн “Бага тойруу” тооцооны төвийн захирлаар томилогдсон бөгөөд ажиллах хугацаандаа тус тооцооны төвийн санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулж, зээлийг 3,9 тэрбум төгрөгөөр, депозит буюу татан төвлөрүүлсэн төлөлтийг 6,8 тэрбумаар тус тус өсгөж, нэгжийн хугацаа хэтэрсэн зээл 0 хувьтай байсан.

Гэтэл “Т Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тушаалд намайг ёс зүйн дүрмийн алдаа гаргасан, хэд хэдэн хүнээс зээл авч хувьдаа ашиглаж ноцтой зөрчил гаргасан гэдэг. Миний бие Б.Амгалантай хамт ажиллаж байсан бөгөөд түүнээс 11 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлж, мөн оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлж дууссан. Мөн Б.Тамираас 10 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авч, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. Ш.Оросоогоос 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалж, 28 000 000 төгрөгийн зээл авч, хугацааг сунгаж төлөлтөө хийж байгаа. Б.Мандахаас 70 000 000 төгрөгөөр 2 удаа, 50 000 000 төгрөгөөр 1 удаа, нийт 190 000 000 төгрөгийн зээл авсан. Б.Мандах нь нөхрийн найз бөгөөд нөхөр маань өөрийн орон сууцыг барьцаалж уг зээлийг авч төлбөрийг бүрэн төлсөн. Б.Амгалангийн хувьд ажилтан бөгөөд Б.Тамир, Ш.Оросоо, Б.Мандах нар нь “Т Б”ХХК-ийн харилцагч болохоос манай тооцооны төвийн харилцагч биш юм.

Зээл авсан шалтгаан нь манай нөхөр 2002 оноос бизнес эрхэлж бичиг хэргийн болон тээвэр, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг 3 компанитай. Тухайн үед борлуулалтын орлого орж ирээгүй үед болон их хэмжээний захиалга орж ирэх үед түр хугацаанд барьцаа тавьж мөнгө зээлж хэрэглэсэн асуудал юм. Гэтэл дээрх нөхцөл байдлыг “намайг харилцагчаас мөнгө авч ашигласан” гэж байна. Харилцагчтай нийлж хуурамчаар зээл авч, зээлийн мөнгөн хөрөнгөнөөс хувь хүртэх эсхүл ийм байдал үүссэн тохиолдолд хариуцлага тооцох ёстой гэж ойлгож байгаа.

“Арслантай гүүр” салбарт хамт ажиллаж байсан Б.Чанцалдуламаас 2015 оны 4 дүгээр сард 5 500 000 төгрөг, Г.Өлзийгөөс 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3 500 000 төгрөг, 1 000 000 төгрөг тус тус зээлсэн. Дээрх зээлийг бүгдийг төлөөд дуусгасан. Б.Загарзүсэм гэдэг нь өөр салбарын ажилтан, бид танилууд бөгөөд 20 000 000 төгрөгийн зээлийг 2016 оны 8 дугаар сард аваад мөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлж дууссан. Дээрх хүмүүсийн данснаас мөнгийг авч ашиглаагүй, иргэд хооронд харилцан тохиролцож, хөрөнгө барьцаалж бусдын адил зээл авсан.

Ажлаас халах ноцтой зөрчил гаргаагүй, ёс зүйн дүрмийг зөрчсөн зүйлгүй. Тиймээс урьд эрхэлж байсан ажилд томилуулах, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт бичгийн нотлох баримтуудыг хавсаргасан. Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/2055 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Б.М- нь “Т Б”ХХК-ийн Чингэлтэй дүүргийн харьяа, Бага тойруу тооцооны төвийн захирал, Сүхбаатар дүүргийн Арслантай гүүр салбарын захирлаар тус тус ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, өөрийн шууд удирдлага дор байгаа ажилтнуудтай хувийн шугамаар санхүүгийн харилцаа үүсгэдэг, зээл авдаг, мөн харилцагч нараас хувийн шугамаар зээл авсан.

Б.М- нь 3 компанитай гэж тайлбарлаж байна. Хувийн ажил, албан тушаалын ажлын ялгааг гаргаагүй, нэгжийн захирлын өөрт ногдсон албан тушаалыг урвуулан ашиглаж, ашиг сонирхлын нөхцөл байдал үүсгэсэн. Ш.Оросоо, Б.Тамир, Б.Мандах гэсэн харилцагчийн асуудал болон өөрийн удирдлагад ажиллаж байсан Б.Чанцалдулам, Г.Өлзий, Б.Загарзүсэм гээд нэр бүхий 7 хүнтэй санхүүгийн харилцаа үүсгэж мөнгө өгч, авч байсан. Энэ асуудлыг “Т Б”ХХК-ийн Дотоод хяналт шалгалтын газар иж бүрэн шалгалт хийх үеэр тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуульд байгууллагын дотоод хяналт шалгалтаар зөрчил тогтоогдсон байх ёстой гэсэн шаардлага тавигддаг тул дотоодын хяналт шалгалтаар гаргасан зөрчлийг нь тогтоож, “Т Б”ХХК-ийн Хүний нөөцийн хорооны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэгдсэн. Өөрөөр хэлбэл, удирдах албан тушаалтантай холбоотой асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Хүний нөөцийн хороо хэлэлцсэн.

Б.М-ын дээрх зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа тухай дээрх хороогоор хэлэлцээд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гараад 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан юм. Банк холбогдох хууль, дүрэм журам, актуудад үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг баримтлан хуулийн дагуу дотоод журмын хүрээнд ажилтанд хариуцлага хүлээлгэсэн. Дотоод хяналт шалгалтын газрын шалгалт явагдаж байх үед эдгээр 7 хүнтэй холбоотой асуудалд Б.М- дэлгэрэнгүй тайлбар өгч, дээрх зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ч мөнгө авсан гэдгээ хэлдэг.

“Т Б”ХХК нь ажил олгогч бөгөөд 2014 онд Б.М-тай хөдөлмөрийн харилцаа үүсгэн уг харилцаа үргэлжилж байсан. Ажил олгогч хэвээр, дараагийн ажил албан тушаалд шилжиж байгаагаас үл хамаарч хөдөлмөрийн гэрээний үүрэг хэвээр л үйлчилнэ. Зөвхөн Бага тойруу тооцооны төвийн захирлын албан тушаалаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг авч үзэх ёстой гэж ойлгохгүй, өмнөх гэрээний үеийн зөрчлийг ярих ёстой. “Т Б”ХХК ажилтнуудын санхүүгийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Гагцхүү хувийн санхүүгийн асуудлаар удирдлага дор байгаа ажилтны хадгаламж дах мөнгийг барьцаалуулан зээл авахуулж ашиглах, удирдлагад ажилладаг теллерүүдээс цалингийн зээл авахуулж мөнгө зээлсэн байна.

Хэрэгт дээрх хүмүүсийн бичсэн тодорхойлолт авагдсан. Б.М- ноцтой зөрчил биш гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилтан орон сууц авах, банкны харилцагч байгууллагаас зээл авах зэрэг нь байх асуудал боловч Б.М-ын асуудал нь ноцтой зөрчилд хамаарах юм. Хөдөлмөрийн тухай хуульд зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага тооцно гэдэг заалтын дагуу тушаал гарсан. Зохих журмаар шаардлага тавиад ажиллах ёстой байтал Б.Чанцалдуламын зээлийн материал дутуу байхад Б.М- өөрөө зээлийн хороог даргалж, зээл олгох шийдвэрийг гаргаж, зээлийн гүйлгээ хийх зөвшөөрөл өгсөн байдаг.

Нэхэмжлэгч ёс зүйтэй байх ёстой. Ёс зүйн зөрчил нь ноцтой зөрчил гэж байгууллагын дотоод журмаар зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан тул ажил олгогчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/2055 дугаар тушаал үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:             Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхтулгыг “Т Б”ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харьяа Бага тойруу тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 5 107 925 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Б.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “Т Б”ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96 677 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

Шүүх шийдвэртээ “...Б.М- нь 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хувийн хэрэгцээнд зориулан бусдаас зээл авч, буцааж төлсөн, бусдад зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа үйл баримтыг талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т заасан банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн, 7.4.15-д заасан өөрийн ажил, албан тушаалаа урвуулан хувийн зорилгодоо банкны эд хөрөнгө, эд зүйлсийг ашигласан, 7.4.16-д заасан шууд болон шууд бус харьяалах ажилтанд хууль бус үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн гэх ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна...” гэж, мөн “... Б.М- нь өөрийн удирдлагад ажиллаж байсан Г.Өлзий, Б. Чанцалдулам, харилцааны менежер Б.Амгалан нарыг цалингийн зээл авах, хадгаламжаа барьцаалан зээл авах хэлбэрээр өөртөө зээл олгохыг шаардан, ятгаж, дарамталсан, тус банкны харилцагч Б.Загарзүсэм, Б.Тамир, Ш.Оросоо нараас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тэднээс өөртөө зээл авч өгөхийг шаардаж, ятгасны улмаас эдгээр иргэд зээл өгсөн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар хууль, хяналтын байгууллагаар шалгуулж тогтоосон баримтгүй байна...” гэжээ.

Хариуцагч байгууллагын Ёс зүйн дүрмийн 5.2-т “танд бусад ажилтнууд, харилцагч нийлүүлэгч нараас мөнгө зээлдэх эсхүл зээлдүүлэх үүнтэй холбогдуулан батлан даалт гаргах, хамтран бичигт гарын үсэг зурах, зуралцах гэх мэт үйлдэл хийхийг хориглоно. Хамтран ажиллагсад, харилцагч болон нийлүүлэгч нартай хувийн санхүүгийн асуудал үүсгэж болохгүй” гэж заасан. Энэхүү журмын зохицуулалтаар ямар ч тохиолдолд банкны ажилтан хамтран ажиллагсад, харилцагч нараас мөнгө зээлэх, зээлдүүлэх зэргээр санхүүгийн харилцаанд орохыг хориглосон. Гэтэл шүүх журмын зохицуулалтыг өргөжүүлэн тайлбарлаж нэхэмжлэгч нь хамтран ажиллагсад болон харилцагчаас зээл авсан байх боловч харилцагч, ажиллагсдыг зээл өгөхийг шаардаж, ятгах замаар санхүүгийн харьцаанд орсон гэж үзэх боломжгүй, хууль, хяналтын байгууллагаар шалгуулж тогтоосон баримтгүй байна гэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн, Б.М- нь зөрчлийг хүлээн зөвшөөрч өөрийн шууд удирдлага дах банкны ажилтнууд, харилцагч нараас зээл авсан гэж бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус тус хүлээн зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болно. Гэтэл шүүх нэхэмжлэгч зөрчлийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байхад ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 7.4-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг заасан ба 7.4.2-т банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт, шалгалтаар тогтоосон гэж заасан. Б.М- байгууллагын Ёс зүйн дүрмийн 5.2 дах заалтыг удаа дараа зөрчиж хамт ажиллагсад, харилцагч нараас мөнгө зээлж санхүүгийн харьцаанд орсон талаар банкны дотоод хяналт, шалгалтын газраас тогтоосон илтгэх хуудас хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 7.4.15-д үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, 7.4.16-д энэхүү хууль тогтоомжийг зөрчиж шууд болон шууд бус харьяалах ажилтанд хууль бүс үүрэг, даалгавар өгч гүйцэтгүүлсэн тохиолдолд тус тус ноцтой зөрчилд хамаарахаар заасан.

Нэхэмжлэгч нь тооцооны төвийн зээлийн хороог даргалж зээл олгох эрх бүхий этгээдийн хувьд материал дутуу, шаардлага хангахгүй байхад өөрийн удирдлага дах харилцааны менежерт зээл судлах даалгавар өгч, ажиллагсдадаа зээл олгох шийдвэр гаргаж, улмаар өөрөө авч хувьдаа зээлэн ашигласан нь түүний удирдлагад ажиллаж байсан теллер Б.Чанцалдуламын тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох дансны хуулгуудаар тус тус нотлогдож байхад шүүх ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан ба Б.М-ын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд бусдаас зээл авч ашигласнаас хойш хуульд заасан дээрх хугацаа дууссан гэж тусгасан. Б.М-д 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 500 000 төгрөг зээлүүлсэн гэх М.Номингийн “Т Б”ХХК-ийн дотоод хяналт, шалгалтын газарт бичгээр өгсөн тайлбарыг хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар өгсөн, нэхэмжлэгч нь М.Номингийн тайлбарыг шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан, шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж нотлох баримтыг үнэлэлгүйгээр Б.М-ын гаргасан зөрчлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэрлэсэн.

Хариуцагч байгууллага нь Б.М-ын 2014 оноос хойш хийгдсэн үйлдлүүдийг дотоод хяналт, шалгалтаар тогтоон илрүүлснээс хойш хуулийн хугацаанд нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “Т Б”ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүрэг салбарын харьяа “Бага тойруу” тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан “Т Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал” /хх4/, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал” /хх13/, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх5-7,53-56/, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын тайлбар зэргээр Б.М- нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагч “Т Б”ХХК-ийн “Арслантай гүүр”, “Бага тойруу” тооцооны төвийн захирлаар тус тус ажилласан үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил, албан тушаалаас чөлөөлсөн ажил олгогчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/2055 дугаар бүхий “Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалд заасан үндэслэл, үйл баримтын талаар маргажээ.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.2, 5.28.14,Хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.15, Хүний нөөцийн хорооны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 57 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн “... “Чингэлтэй дүүрэг” салбарын харьяа “Бага тойруу” тооцооны төвийн захирал Б.М- нь “Ард” бизнес төвийн харилцааны менежер Б.Амгалангийн хадгаламжийг барьцаалж 11 000 000 төгрөгийн зээл гаргуулан өөрийн нөхрийн “ЧСМО” ХХК-ийн зээлийн төлбөр төлүүлэх зорилгоор ашигласан, харилцагч Б.Тамираар нийт 8 500 000 төгрөгийн зарлага гаргуулан, харилцагч Ш.Оросоогоос 28 000 000 төгрөгийг тус тус зээлэн авч ашигласан, “Арслантай гүүр” салбарын захирлаар ажиллаж байх хугацаанд тус салбарт теллерээр ажиллаж байсан Б.Чанцалдулам, Г.Өлзий нарын нэр дээр нийт 9 500 000 төгрөгийн цалингийн зээл, харилцагч Б.Мандахаар 122 000 000 төгрөгийн онлайн хадгаламж барьцаалсан зээл тус тус гаргуулан авч ашигласан, харилцагч Б.Загдзүсэмээс 2 удаа нийт 21 780 000 төгрөгийг хүүтэйгээр зээлэн авч ашигласан ноцтой зөрчил гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсүгэй...” гэжээ. /хх13/

 

Шүүх дээрх тушаалд заасан нэр бүхий иргэд болон нэхэмжлэгч нарын хооронд үүссэн зээлийн харилцааны талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Б.М- нь 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд бусдаас зээл авч, зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа үйл баримт тогтоогдсон боловч энэ нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.15, 7.4.16-т тус тус заасан шууд болон шууд бус харьяалах ажилтанд хууль бусаар үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлгүй талаар хийсэн дүгнэлтийг буруутгахгүй. /хх79-94,107-108/

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болох хариуцагч байгууллагын Дотоод хяналт, шалгалтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18/А/092 дугаар “Илтгэх хуудас”-т дурдагдсан байдлаас үзвэл тухайн ажилтны зөрчил гаргасан гэх сүүлчийн огноо бүхий 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш уг илтгэх хуудас үйлдэгдэх хүртэл 6-8 сарын хугацаа өнгөрсөн байна. /хх61-62/

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлдээ, шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэсэн, Б.М-д 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 500 000 төгрөг зээлүүлсэн М.Номингийн “Т Б”ХХК-ийн дотоод хяналт, шалгалтын газарт бичгээр өгсөн тайлбарыг хуульд заасны дагуу үнэлээгүй гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 63 дугаар талд н.Номингийн тодорхойлолт авагдсан байх боловч уг иргэний тодорхойлолт нь тухайн этгээдийг гэрчээр асуулгах хэргийн оролцогчийн хүсэлтээр мэдүүлэг авч бэхжүүлээгүй тохиолдолд түүнийг нотлох баримтын хэмжээнд эргэлзээгүйгээр үнэлэх боломжгүй юм. Түүнчлэн, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд “... н.Номингоос зээл авсан зөрчил гаргасан ...” талаар заагаагүйг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан бөгөөд дээрх эргэлзээ бүхий баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй нь зөв юм.

 

Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол хариуцлага тооцохгүй гэснийг шүүх зөв тайлбарлан хэрэглэж, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул дээрх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.   

 

Түүнчлэн, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, тайлбар, давж заалдах гомдлын зарим үндэслэлээ нэхэмжлэгч Б.Мөнхтулгыг байгууллагын Ёс зүйн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж тайлбарлаж, нотлох баримтаар хөдөлмөрийн дотоод  журам, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Т Б гүйцэтгэх захирлын А/426 тушаалын хавсралтаар баталсан Ёс зүйн дүрмийг тус тус ирүүлжээ. /хх32-50/

 

Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2-т заасныг “Т Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/162 дугаар тушаалаар нэмж өөрчлөлт оруулсан байх ба уг заалтад Т Б дүрэм, Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам болон банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой бусад журмыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон гэж өөрчилж, үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамааруулсан байна. /хх36/

 

Гэтэл талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд дээрх ёс зүйн дүрэм зөрчсөн тохиолдол нь хөдөлмөрийн харилцааг  шууд цуцлах ноцтой зөрчил болох талаар тусгаагүйн гадна Т Б 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар шинэчлэн баталсан дээрх Ёс зүйн дүрэмтэй нэхэмжлэгч танилцаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан Ёс зүйн дүрмийг хариуцагч Б.М-д танилцуулсан гэх баримт нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн огноотой байгааг дурдах нь зүйтэй. / хх6-ын ар тал, 43-49/ Мөн хөдөлмөрийн дотоод журамд дээрх нэмэлт өөрчлөлтийн талаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд оруулсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М-ын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тус банкны теллер, харилцааны менежер, харилцагч нараас хувийн хэрэгцээнд зориулан зээл авсан үйлдэлд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өөрчлөгдсөн хөдөлмөрийн дотоод журам хамаарахгүй гэж зөв дүгнэжээ. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/00419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Б”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 676.80 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                                                       

                                                   ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                                      Т.ТУЯА