Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2019/00419

 

                                                                                                                                 

2019 оны 03 сарын 06 өдөр      Дугаар 182/ШШ2019/00419              Улаанбаатар хот

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТБ” ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх  нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-нд хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ч.Рэгзэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                 Нэхэмжлэгч Б.М-ас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн, 2000-2001 онд “ХААН банк” ХХК-д, 2011-2013 онд “Хадгаламж банк” ХХК, 2013-2018 он хүртэл “ТБ” ХХК-д ажилласан банкны системд нийт 19 жил ажиллаж байгаа. Ажлын гараагаа банк санхүүгийн байгууллагаас эхэлсэн.

“ТБ” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Бага тойруу тооцооны төвд 2017 оны 02 дугаар сарын 15-нд захирлаар томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа тус тооцооны төвд санхүүгийн үзүүлэлтүүдийг өсгөж ажилласан бөгөөд үүнд зээлийг 3,9 тэрбум төгрөгөөр, депозит буюу татан төлөврүүлсэн төлөлтийг 6,8 тэрбумаар өсгөсөн, нэгжийн хугацаа хэтэрсэн зээл 0 хувьтай байсан. Гэтэл “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тушаалд ёс зүйн дүрмийн алдаа гаргасан, үүнд хэд хэдэн хүнээс зээл авч хувьдаа ашиглаж ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Б.Амгалантай би хамт ажиллаж байсан бөгөөд түүнээс 11 000 000  төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлж аваад 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлж дууссан. Б.Тамираас 10 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр аваад 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эргүүлэн төлсөн. Ш.Оросоогоос 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалж 28 000 000 төгрөгийн зээл аваад одоо гэрээний хугацааг сунгасан, зээлийн төлөлтөө хийж байгаа. Мөн Б.Мандахаас 3 удаа буюу, 70 000 000 төгрөгөөр 2 удаа, 50 000 000 төгрөгөөр 1 удаа, нийт 190 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ бол манай нөхөр өөрийн орон сууцыг барьцаалж зээл авсан бөгөөд Б.Мандах нь манай нөхрийн найз юм. Энэ зээлийн хувьд гэрээний үүргийг биелүүлээд зээлийг төлж дуусгасан. Б.Амгалангийн хувьд ажилтан бөгөөд Б.Тамир, Ш.Оросоо, Б.Мандах нар нь “ТБ” ХХК-ийн харилцагч болохоос манай тооцооны төвийн харилцагч биш. Зээл авч байсан шалтгаан нь манай нөхөр 2002 оноос бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн одоо бичиг хэргийн, тээврийн, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг 3 компанитай юм. Тухайн үед борлуулалтын орлого орж ирээгүй үед болон эсхүл их хэмжээний захиалга орж ирэх үед түр хугацаанд барьцаа тавьж мөнгө зээлж хэрэглэх асуудал байсан юм. Гэтэл үүнийг намайг харилцагчаас мөнгө авч ашигласан гэж байна. Хэрэв би намайг хуурамчаар  харилцагчтай нийлж зээл аваад, тухайн зээлнээс нь хувь хүртсэн ч юм уу ийм байдал үүссэн тохиолдолд хариуцлага тооцох ёстой гэж би ойлгож байсан.

Б.Чанцалдулам, Г.Өлзий нар нь намайг “Арслантай гүүр” салбарт ажиллаж байхад хамт ажиллаж байсан ба би Б.Чанцалдуламаас 2015 оны 04 дүгээр сард 5 500 000 төгрөг зээлсэн, Г.Өлзийгөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3 500 000 төгрөг сая төгрөг зээлж авч байсан. Н.Өлзийгийн зээлсэн мөнгийг бүгдийг нь би авч байгаагүй, тэрээр тодорхой хэмжээний мөнгийг нь өөрөө хэрэглэж байсан. Эдгээр мөнгийг бүгдийг нь төлөөд дууссан. Б.Загарзүсэм гэдэг нь өөр салбарын ажилтан ба бид бие биенээ мэддэг танилууд байсан. Мөн түүнээс 20 000 000 төгрөгийн зээлийг 2016 оны 08 дугаар сарын сүүлээр аваад 2016 оны 12 дугаар сарын 08-нд төлж дууссан. Би эдгээр хүмүүсийн данснаас мөнгийг нь авч ашиглаагүй, иргэд хоорондоо л харилцан тохиролцож, барьцаа хөрөнгө тавьж бусдын адил зээл авч байсан. Би ажлаас халах ноцтой зөрчлийг гаргаагүй, ёс зүйн дүрмийг зөрчсөн зүйлгүй. Тиймээс урьд эрхэлж байсан ажилд томилуулах, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ч.Рэгзэн нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэгт бичгээр нотлох баримтуудыг өгсөн.

Б.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/2055 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Б.М нь “ТБ” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн харьяа, “Бага тойруу” тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаанд болон өмнөх албан тушаал болох Сүхбаатар салбарын “Арслантай гүүр” салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа зөрчлүүд гаргасан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө шууд удирдлагад байгаа ажилтнуудтай хувийн шугамаар санхүүгийн харилцаа үүсгэдэг, зээл авдаг, мөн харилцагч нараас хувийн шугамаар зээл авдаг.

Б.М сая би 3 компанитай гэж хэлж байна, амин хувийн ажил болон албан тушаалын ажлын ялгааг гаргаагүй, нэгжийн захирлын өөрт ногдсон албан тушаалыг урвуулан ашиглаж, ашиг сонирхлын нөхцөл байдал үүсгэсэн. Ш.Оросоо, Б.Тамир, Б.Мандах гэсэн харилцагчийн асуудал болон өөрийн удирдлагад ажиллаж Б.Чанцалдулам, Г.Өлзий, Б.Загарзүсэм гээд нэр бүхий 7 хүнтэй санхүүгийн харилцаа үүсгээд мөнгө төгрөг өгч авч байсан. Энэ асуудлыг “ТБ” ХХК-ийн Дотоод хяналт шалгалтын газар иж бүрэн шалгалт хийх үеэр тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуульд байгууллагын дотоод хяналт шалгалтаар зөрчил тогтоогдсон байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Тэгэхээр дотоод хяналт шалгалтаар Б.М-ын гаргасан зөрчлийг тогтоож, “ТБ” ХХК-ийн Хүний нөөцийн хорооны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл удирдах албан тушаалтантай холбоотой асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Хүний нөөцийн хороо хэлэлцсэн.

Б.М-ын тус зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа тухай тус хороогоор хэлэлцээд Б.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлтэй гэж үзэж  2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гараад 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан юм. Банк холбогдох хууль, дүрэм журам, актуудад үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасныг барьж, хуулийн дагуу дотоод журмын хүрээнд ажилтанд хариуцлага хүлээлгэсэн юм. Дотоод хяналт шалгалтын газрын шалгалт явагдаж байх үед эдгээр 7 хүнтэй холбоотой асуудалд Б.М өөрөө дэлгэрэнгүй тайлбарыг өгөөд эдгээр зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөө ч гэсэн сая тайлбар дээрээ авсан гэдгээ хэлсэн байна.

“ТБ” ХХК нь өнөөдөр ажил олгогч бөгөөд тухайн үед буюу 2014 онд ч гэсэн Б.М “ТБ” ХХК-тай хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан, түүнээс хойш ч хөдөлмөийн харилцаа үргэлжилж байсан. Ажил олгогч хэвээр, дараагийн ажил албан тушаалд шилжиж байгаагаас үл хамаарч хөдөлмөрийн гэрээний үүрэг хэвээр л  үйлчилнэ. Зөвхөн “Бага тойруу” тооцооны төвийн захирлын албан тушаал дээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг л авч үзэх ёстой гэж ойлгохгүй, өмнөх гэрээний үеийн зөрчлийг  ярих ёстой.

“ТБ” ХХК ажилтнуудын санхүүгийн эрхийг хязгаарлаж байгаа зүйл байхгүй. Б.М нь өөрийн хувийн санхүүгийн асуудлаар өөрийн удирдлага дор байгаа ажилтнаа захирлын ажил албан тушаалыг ашиглаад хадгаламж дахь мөнгийг нь барьцаалуулаад зээл авахуулж өөртөө ашиглах, Б.Чанцалдулам, Г.Өлзий зэрэг өөрийн удирдагад ажилладаг теллерүүдээс цалингийн зээл авахуулж байгаад өөрөө мөнгө зээлсэн байна. Хэрэгт тодорхойлолт нь байдаг. Энэ нь өөрөө ноцтой зөрчил биш юм уу, яагаад үүнийг зөрчил биш  гэж Б.М тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилтан орон сууц авах, банкны харилцагч байгууллагаас зээл авах зэрэг нь байх асуудал. Гэтэл Б.М-ын асуудал нь ноцтой зөрчилд тооцогдох өөр асуудал. Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага тооцно гэдэг заалтын дагуу тушаал гарсан. Зохих журмаар ажилтандаа шаардлага тавиад ажиллах ёстой  байтал тухайлбал Б.Чанцалдуламын зээл гэхэд түүний материал нь дутуу байхад Б.М нь өөрөө зээлийн хороог даргалж, зээл олгох шийдвэрийг гаргаж, зээлийн гүйлгээ хийх зөвшөөрөл өгсөн байдаг. Ёс зүйтэй байх ёстой. Энэ нь зөрчил биш юм уу, ёс зүйн зөрчил нь ноцтой зөрчил болно гээд дотоод журамд заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасан байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил үйлдсэн тул ажил олгогчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/2055 тоот тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ТБны “Чингэлтэй дүүрэг” салбарын харъяа “Бага тойруу” тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч “ТБ” ХХК үл зөвшөөрч ажилтан Б.М нь банкны ажилтнууд болон харилцагч нийт 7 хүнээс зээл авч хувьдаа ашиглан хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.15, 7.4.16-д заасан ноцтой зөрчил гаргасан, ТБны ёс зүйн дүрмийн 5.2, 2.2.2-д заасныг зөрчсөн нь Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар илэрсэн тул түүнийг ажлаас чөлөөлсөн,  гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.М нь 2013 оноос эхлэн ТБ ХХК-ийн “Багшийн дээд” салбар, “Арслантай гүүр”салбаруудад захиралаар ажилласан бөгөөд хамгийн сүүлд “Чингэлтэй дүүрэг” салбарын харъяа “Бага тойруу” тооцооны  төвийн захирлаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/2055 тоот тушаалаар ажлаасаа  чөлөөлөгдсөн болох нь  2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 0806640 тоот Б.М-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон.

 

Ажил олгогч “ТБ” ХХК нь  2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/2055 тоот “Б.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалдаа Б.М-ыг“... “Ард” бизнес төвийн харилцааны менежер Б.Амгалангийн хадгаламжийг барьцаалж 11 000 000 төгрөгийн зээл гаргуулан өөрийн нөхрийн “ЧСМО” ХХК-ийн зээлийн өрийг төлүүлэх зорилгоор ашигласан, харилцагч Б.Тамираар нийт 8 500 000 төгрөгийг зарлага гаргуулан, харилцагч Ш.Оросоогоос 28 000 000 төгрөгийг тус тус зээлж аван ашигласан, ...теллерээр ажиллаж байсан Б.Чанцалдулам болон Г.Өлзий нарын нэр дээр нийт 9 500 000 төгрөгийн цалингийн зээл, харилцагч Б.Мандахаар 122 000 000 төгрөгийн онлайн хадгаламж барьцаалсан зээл тус тус гаргуулан авч ашигласан, харилцагч Б.Загарзүсэмээс 2 удаа нийт 21 780 000 төгрөгийг хүүтэйгээр зээлэн авч ашигласан ноцтой зөрчил гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон...” гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.28.2, 5.28.14,  хөдөлмөрийн гэрээний 7.4.2, 7.4.15-д заасныг тус тус үндэслэн “Чингэлтэй” салбарын “Бага тойруу” тооцооны төвийн захирлын ажлаас нь чөлөөлжээ.

 “ТБ” ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18/А/092 тоот “Илтгэх хуудас”-аар ажилтан Б.Мөнхтулгыг, 2015 оны 04 дүгээр сарын 22-нд теллер Б.Чанцалдуламаас 5 500 000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 17-нд теллер Г.Өлзийгөөс  4 000 000 төгрөгийн цалингийн зээл гаргуулан авч хувьдаа ашигласан,

2018 оны 02 дугаар сарын 27-нд харилцааны менежер Б.Амгалангаар хадгаламж барьцаалсан 11 000 000 төгрөгийн зээл гаргуулж, нөхөр Г.Болдгэрэлийн “ЧСМО” ХХК-ийн зээлийг төлүүлсэн,

2016 оны 11 дүгээр сарын 09-нд харилцагч Б.Мандахаас онлайн хадгаламж барьцаалан нийт 122 000 000 төгрөгийн,

харилцагч Б.Тамираас 2017 оны 02 дугаар сарын 16-нд 8 000 000 төгрөг, 03 дугаар сарын 22-нд 500 000 төгрөг, бүгд 8 500 000 төгрөгийн,

харилцагч Ш.Оросоогоос  28 000 000 төгрөгийн,

харилцагч Б.Загарзүсэмээс 2 удаа 21 780 000 төгрөгийн зээлийг тус тус гаргуулан авсан үйлдлүүд нь банкны харилцагч нарыг ятгах замаар дансанд буй мөнгийг нь хүүтэй болон хүүгүйгээр зээлж авдаг, өөрийн удирдлага дахь ажилтнуудыг ятгах замаар цалингийн зээл гаргуулан ашигладаг, ингэхдээ зээлийн хорооны хурлыг даргалж олгох шийдвэрт гарын үсэг зурсан,  ТБны “Ёс зүйн дүрэм”-ийн 5.2-т заасан “Танд бусад ажилтнууд, харилцагч нийлүүлэгч нараас мөнгө зээлдэх, эсхүл зээлдүүлэх, үүнтэй холбогдуулан батлан даалт гаргах, хамтран бичигт гарын үсэг зурах, зуралцах гэх мэт үйлдэл хийхийг хориглоно”, 2.2.1-д “ ажилтан ажил үүрэгтэй холбоотойгоор сонирхлын зөрчилдөөн бий болох нөхцөл үүсвэл уг ажил, үйлчилгээг хийхээс сайн дураар татгалзах” гэсэн заалтуудыг зөрчсөн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч Б.М болон ажил олгогч “ТБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 7.4.2.-т “Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг  дотоодын хяналт шалгалтаар тогтоосон”,  7.4.15-д “Үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо банкны эд хөрөнгө тоног төхөөрөмж, хэвлэмэл хуудас, банкны тэмдэг, үнэт цаас зэргийг ашигласан”,  7.4.16-д “Энэхүү хууль тогтоомжийг зөрчиж шууд болон шууд бус харъяалах ажилтанд хууль бус үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн” гэх ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд тооцохоор заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.М нь  “ТБ” ХХК-ийн “Арслантай гүүр” салбарт теллерээр ажиллаж байсан  Г.Өлзийгөөс 4 000 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 17-нд, Б.Чанцалдуламаас 2015 оны 04 дүгээр сарын 22-нд 5 500 000 төгрөгийг тус тус зээлж аван буцааж төлсөн,  “Ард” бизнес төвийн харилцааны менежер ажилтай Б.Амгалангаас 2018 оны 02 дугаар сарын 27-нд 11 000 000 төгрөг зээлж 2018 оны 03 дугаар сарын 07-нд төлсөн,

 харилцагч Б.Загарзүсэмээс 2016 оны 08 дугаар сард 21 780 000 төгрөг, харилцагч Б.Тамираас 2017 оны 02 дугаар сарын 16-нд 8 000 000 төгрөг, 03 дугаар сарын 22-нд 500 000 төгрөг, нийт 8 500 000 төгрөг зээлэн авч иргэн Б.Загарзүсэмд 2016 оны 12 дугаар сарын 06-нд, Б.Тамирт 2017 оны 03 дугаар 22-нд тус тус төлж дуусгасан,

харилцагч Ш.Оросоогоос 2018 оны 03 дугаар сарын 02-нд 28 000 000 төгрөгийг сард 3 хувийн хүүтэйгээр, 2018 оны 07 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаатай зээлж, 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан байна.

Эдгээр үйл баримт нь ТБны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн  Б.Амгаланд 11 100 000 төгрөг төлсөн тухай кассын орлогын ордер, 2017 оны 09 дүгээр сарын 19-нд 20 000 000 төгрөгийг “шилжүүлэг Загар” гэсэн гүйлгээний утгатай ХААН банкны 5070101250 тоот дансанд 5753098117 тоот дансаас шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТБны зарлагын мэдүүлэг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Ш.Оросоо, Б.М нарын хооронд бичгээр байгуулсан “Зээлийн гэрээ”, иргэн Л.Оюунчимэгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054287 дугаарт бүртгэсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 75 дугаар байр, 13 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан тухай мөн өдрийн “Барьцааны гэрээ”, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Ш.Оросоо, Б.М нарын хооронд байгуулсан “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ХААН банкны 5753575657 тоот дансанд 5753098117 тоот данснаас “99190692, Оросоо” гэсэн гүйлгээний утгатай, 2 520 000 төгрөгийн дүн бүхий мөнгөн шилжүүлэг, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон. 

Мөн түүнчлэн  иргэн Г.Болдгэрэл нь иргэн Д.Мандахаас  50  000 000 төгрөгийг сард 3 хувийн хүүтэй зээлсэн тухай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл,  70 000 000 төгрөгийг сард 4 хувийн хүүтэй зээлсэн тухай 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн  “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, 70 000 000 төгрөгийг сард 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн тухай 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Зээлийн гэрээ” зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Дээрхээс үзвэл ажилтан Б.М нь 2014 оны 07 дугаар сарын 17-ноос 2018 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд  хувийн хэрэгцээнд зориулан бусдаас зээл авч, буцааж төлсөн, бусдад зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа үйл баримтыг  талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 7.4.2.-т заасан банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн,  7.4.15-д заасан өөрийн ажил, албан тушаалаа урвуулан хувийн зорилгодоо банкны эд хөрөнгө, эд зүйлсийг ашигласан,  7.4.16-д  заасан  шууд болон шууд бус харъяалах ажилтанд хууль бус үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн гэх ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Б.М нь  банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой ямар дүрэм, журам, зааврыг хэрхэн зөрчсөн, байгууллагын ямар эд хөрөнгө, эд зүйлсийг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн зорилгодоо хэрэглэсэн, өөрийн удирдлага дор ажиллах ажилтанд ямар хууль бус үүрэг даалгаврыг хэдийд, ямар байдлаар, өгч гүйцэтгүүлсэн нь тодорхойгүй, эдгээр зөрчлийн улмаас байгууллагад хохирол учирсан, байгууллагын эрх ашигт нөлөөлсөн, мөн ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш, сөрөг үр дагаврыг бий болгосон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

 Түүнчлэн  Б.М-ын нөхөр Г.Болдгэрэл, иргэн Д.Мандахаас  2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 50 000 000 төгрөгийг сард 3 хувийн хүүтэй, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 70 000 000 төгрөгийг сард 4 хувийн хүүтэй,  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 70 000 000 төгрөгийг сард 4 хувийн хүүтэй тус тус  зээлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсныг ажилтан Б.М-ыгхөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч “ТБ” ХХК-иас гаргасан Ш.Оросоо, Д.Мандах, Б.Тамир, Б.Чанцалдулам, Б.Амгалан, Г.Өлзий нарын тус банк дахь депозит дансны харилцагчийн монгол хуулгууд, зээлийн дансны хуулга, Дотоод хяналт шалгалтын газарт Б.Чанцалдуламаас  2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, Б.Мас  2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан  тайлбарууд, Дотоод хяналт, шалгалтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18/А/092 тоот “Илтгэх хуудас” зэргийг үндэслэн, нэхэмжлэгч Б.Мас  “Арслантай гүүр” салбарын болон “Бага тойруу” тооцооны төвийн захирлын албан тушаалын байдлаа ашиглан “Арслантай гүүр” салбарт теллерээр ажиллаж байсан Г.Өлзий, Б.Чанцалдулам, “Ард” бизнес төвийн харилцааны менежер ажилтай Б.Амгалан нарыг цалингийн зээл авах, хадгаламжаа барьцаалан зээл авах хэлбэрээр өөртөө зээл олгохыг шаардан ятгаж, дарамталсан, тус банкны харилцагч   Б.Загарзүсэм,  Б.Тамир,  Ш.Оросоо нараас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тэднээс өөртөө зээл авч өгөхийг шаардаж ятгасны улмаас  эдгээр иргэд Б.Мд зээл өгсөн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгуулж тогтоосон баримтгүй байна.

 

ТБны “Ёс зүйн дүрэм”-ийн 2.2.2-т “ажилтан ажил үүрэгтэй холбоотойгоор сонирхлын зөрчилдөөн бий болох нөхцөл үүсвэл уг ажил, үйлчилгээг хийхээс сайн дураар татгалзах”, 5.2-т “Танд бусад ажилтнууд, харилцагч нийлүүлэгч нараас мөнгө зээлдэх, эсхүл зээлдүүлэх, үүнтэй холбогдуулан батлан даалт гаргах, хамтран бичигт гарын үсэг зурах, зуралцах гэх мэт үйлдэл хийхийг хориглоно. Хамтран ажиллагсад, харилцагч болон нийлүүлэгч нартай хувийн санхүүгийн асуудал үүсгэж болохгүй”, 6 дугаар хэсэгт “Ёс зүйн дүрмийн заалтыг зөрчих явдлыг ноцтой зөрчилд тооцох болно. Энэ Ёс зүйн дүрэм...зөрчих нь захиргааны арга хэмжээ авах, улмаар ажлаас халах арга хэмжээнүүд авахад хүргэх болно...”  гэж заасан байх боловч дээрх ёс зүйн дүрмээр хориглосон үйлдлүүдийг талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.2.-т заасан ноцтой зөрчилд буюу  банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдэлд  хамааруулан авч үзэх боломжгүй байна.

 Өөрөөр хэлбэл “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/162 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2-т “ТБны дүрэм, Ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам болон банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой бусад журмыг зөрчсөн үйлдлийг  дотоодын хяналт шалгалтаар тогтоосон” гэж өөрчлөлт оруулан, банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой бусад журмаас гадна, Ёс зүйн дүрэм зөрчсөнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамааруулахаар заажээ.

Үүнээс үзэхэд талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд, Ёс зүйн дүрмийн заалтыг зөрчсөн үйлдлийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлөөр тооцохоор тухайлан зааж тодорхойлоогүйн зэрэгцээ 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журамд нэмж оруулсан  дээрх өөрчлөлтийн дагуу  хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Тодруулбал, ажилтан Б.М-ын  2014 оны 07 дугаар сарын 17-ноос 2018 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд тус банкны теллер болон харилцааны менежер, харилцагч нараас хувийн хэрэгцээнд зориулан зээл авсан үйлдэлд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрчлөгдсөн хөдөлмөрийн дотоод журам хамаарахгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т  “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6...сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан ба нэхэмжлэгч Б.М-ын 2014 оны 07 дугаар сарын 17-ноос 2018 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд бусдаас зээл авч ашигласнаас хойш хуульд заасан дээрх хугацаа дууссан байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад ажилтан Б.М-ыгдээрх албан тушаалаас чөлөөлж ажил олгогчоос 2018 оны 12  дугаар сарын 07-ны өдөр  Б/2055  тоот тушаал гаргасан нь үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэгч Б.М нь ажил олгогчийн дээрх тушаал хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэн урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн  нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 1 861 357 төгрөгөөр тооцож  ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 2019 оны 03 дугаар сарын 06-ныг хүртэл ажлын 59  хоногийн цалинтай тэнцэх олговорт 5 107 925  төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргаж олгох нь зүйтэй.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн ажил олгогч “ТБ” ХХК нь нэхэмжлэгч М.Мөнхтулгыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан “ТБ” ХХК-ийн “Чингэлтэй дүүрэг” салбарын харъяа “Бага тойруу” тооцооны төвийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 107 925 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож шийдвэрлэлээ.

 

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид олгогдсон дээрх цалинтай тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96 677 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ыг “ТБ” ХХК-ийн “Чингэлтэй дүүрэг” салбарын харъяа “Бага тойруу” тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 5 107 925 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Б.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “ТБ” ХХК-д даалгасугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96 677 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

               

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                          Ж.БАЙГАЛМАА