Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00250

 

Б.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/00419 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 821 дүгээр магадлалтай,

Б.М ын нэхэмжлэлтэй,

“Т Б ” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ч.Рэгзэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн, 2000-2001 онд “ХААН банк” ХХК-д, 2011-2013 онд “Хадгаламж банк” ХХК, 2013-2018 он хүртэл “Т Б ” ХХК-д ажилласан банкны системд нийт 19 жил ажиллаж байгаа. Ажлын гараагаа банк санхүүгийн байгууллагаас эхэлсэн.

“Т Б ” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Бага тойруу тооцооны төвд 2017 оны 02 дугаар сарын 15-нд захирлаар томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа тус тооцооны төвд санхүүгийн үзүүлэлтүүдийг өсгөж ажилласан бөгөөд үүнд зээлийг 3,9 тэрбум төгрөгөөр, депозит буюу татан төвлөрүүлсэн төлөлтийг 6,8 тэрбумаар өсгөсөн, нэгжийн хугацаа хэтэрсэн зээл 0 хувьтай байсан.

Гэтэл “Т Б ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тушаалд ёс зүйн дүрмийн алдаа гаргасан, үүнд хэд хэдэн хүнээс зээл авч хувьдаа ашиглаж ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Б.Амгалантай би хамт ажиллаж байсан бөгөөд түүнээс 11 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлж аваад 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлж дууссан. Б.Тамираас 10 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр аваад 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эргүүлэн төлсөн. Ш.Оросоогоос 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалж 28 000 000 төгрөгийн зээл аваад одоо гэрээний хугацааг сунгасан, зээлийн төлөлтөө хийж байгаа. Мөн Б.Мандахаас 3 удаа буюу, 70 000 000 төгрөгөөр 2 удаа, 50 000 000 төгрөгөөр 1 удаа, нийт 190 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ бол манай нөхөр өөрийн орон сууцыг барьцаалж зээл авсан бөгөөд Б.Мандах нь манай нөхрийн найз юм. Энэ зээлийн хувьд гэрээний үүргийг биелүүлээд зээлийг төлж дуусгасан. Б.Амгалангийн хувьд ажилтан бөгөөд Б.Тамир, Ш.Оросоо, Б.Мандах нар нь “Т Б ” ХХК-ийн харилцагч болохоос манай тооцооны төвийн харилцагч биш. Зээл авч байсан шалтгаан нь манай нөхөр 2002 оноос бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн одоо бичиг хэргийн, тээврийн, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг 3 компанитай юм. Тухайн үед борлуулалтын орлого орж ирээгүй үед болон эсхүл их хэмжээний захиалга орж ирэх үед түр хугацаанд барьцаа тавьж мөнгө зээлж хэрэглэх асуудал байсан юм. Гэтэл үүнийг намайг харилцагчаас мөнгө авч ашигласан гэж байна. Хэрэв би намайг хуурамчаар харилцагчтай нийлж зээл аваад, тухайн зээлээс нь хувь хүртсэн ч юм уу ийм байдал үүссэн тохиолдолд хариуцлага тооцох ёстой гэж би ойлгож байсан.

Б.Чанцалдулам, Г.Өлзий нар нь намайг Арслантай гүүр салбарт ажиллаж байхад хамт ажиллаж байсан ба би Б.Чанцалдуламаас 2015 оны 04 дүгээр сард 5 500 000 төгрөг зээлсэн, Г.Өлзийгөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3 500 000 төгрөг сая төгрөг зээлж авч байсан. Н.Өлзийгийн зээлсэн мөнгийг бүгдийг нь би авч байгаагүй, тэрээр тодорхой хэмжээний мөнгийг нь өөрөө хэрэглэж байсан. Эдгээр мөнгийг бүгдийг нь төлөөд дууссан. Б.Загарзүсэм гэдэг нь өөр салбарын ажилтан ба бид бие биенээ мэддэг танилууд байсан. Мөн түүнээс 20 000 000 төгрөгийн зээлийг 2016 оны 08 дугаар сарын сүүлээр аваад 2016 оны 12 дугаар сарын 08-нд төлж дууссан. Би эдгээр хүмүүсийн данснаас мөнгийг нь авч ашиглаагүй, иргэд хоорондоо л харилцан тохиролцож, барьцаа хөрөнгө тавьж бусдын адил зээл авч байсан. Би ажлаас халах ноцтой зөрчлийг гаргаагүй, ёс зүйн дүрмийг зөрчсөн зүйлгүй.

Тиймээс урьд эрхэлж байсан ажилд томилуулах, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ч.Рэгзэн нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэгт бичгээр нотлох баримтуудыг өгсөн.

Б.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/2055 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Б.М  нь “Т Б ” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн харьяа, Бага тойруу тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаанд болон өмнөх албан тушаал болох Сүхбаатар салбарын Арслантай гүүр салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа зөрчлүүд гаргасан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө шууд удирдлагад байгаа ажилтнуудтай хувийн шугамаар санхүүгийн харилцаа үүсгэдэг, зээл авдаг, мөн харилцагч нараас хувийн шугамаар зээл авдаг.

Б.М  сая би 3 компанитай гэж хэлж байна, амин хувийн ажил болон албан тушаалын ажлын ялгааг гаргаагүй, нэгжийн захирлын өөрт ногдсон албан тушаалыг урвуулан ашиглаж, ашиг сонирхлын нөхцөл байдал үүсгэсэн. Ш.Оросоо, Б.Тамир, Б.Мандах гэсэн харилцагчийн асуудал болон өөрийн удирдлагад ажиллаж Б.Чанцалдулам, Г.Өлзий, Б.Загарзүсэм гээд нэр бүхий 7 хүнтэй санхүүгийн харилцаа үүсгээд мөнгө төгрөг өгч авч байсан. Энэ асуудлыг “Т Б ” ХХК-ийн Дотоод хяналт шалгалтын газар иж бүрэн шалгалт хийх үеэр тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуульд байгууллагын дотоод хяналт шалгалтаар зөрчил тогтоогдсон байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Тэгэхээр дотоод хяналт шалгалтаар Б.М ын гаргасан зөрчлийг тогтоож, “Т Б ” ХХК-ийн Хүний нөөцийн хорооны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл удирдах албан тушаалтантай холбоотой асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Хүний нөөцийн хороо хэлэлцсэн.

Б.М ын тус зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа тухай тус хороогоор хэлэлцээд Б.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гараад 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан юм. Банк холбогдох хууль, дүрэм журам, актуудад үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасныг барьж, хуулийн дагуу дотоод журмын хүрээнд ажилтанд хариуцлага хүлээлгэсэн юм. Дотоод хяналт шалгалтын газрын шалгалт явагдаж байх үед эдгээр 7 хүнтэй холбоотой асуудалд Б.М  өөрөө дэлгэрэнгүй тайлбарыг өгөөд эдгээр зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөө ч гэсэн сая тайлбар дээрээ авсан гэдгээ хэлсэн байна.

“Т Б ” ХХК нь өнөөдөр ажил олгогч бөгөөд тухайн үед буюу 2014 онд ч гэсэн Б.М  “Т Б ” ХХК-тай хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан, түүнээс хойш ч хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан. Ажил олгогч хэвээр, дараагийн ажил албан тушаалд шилжиж байгаагаас үл хамаарч хөдөлмөрийн гэрээний үүрэг хэвээр л үйлчилнэ. Зөвхөн Бага тойруу тооцооны төвийн захирлын албан тушаал дээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг л авч үзэх ёстой гэж ойлгохгүй, өмнөх гэрээний үеийн зөрчлийг ярих ёстой.

“Т Б ” ХХК ажилтнуудын санхүүгийн эрхийг хязгаарлаж байгаа зүйл байхгүй. Б.М  нь өөрийн хувийн санхүүгийн асуудлаар өөрийн удирдлага дор байгаа ажилтнаа захирлын ажил албан тушаалыг ашиглаад хадгаламж дахь мөнгийг нь барьцаалуулаад зээл авахуулж өөртөө ашиглах, Б.Чанцалдулам, Г.Өлзий зэрэг өөрийн удирдлагад ажилладаг теллерүүдээс цалингийн зээл авахуулж байгаад өөрөө мөнгө зээлсэн байна. Хэрэгт тодорхойлолт нь байдаг. Энэ нь өөрөө ноцтой зөрчил биш юм уу, яагаад үүнийг зөрчил биш гэж Б.М  тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилтан орон сууц авах, банкны харилцагч байгууллагаас зээл авах зэрэг нь байх асуудал. Гэтэл Б.М ын асуудал нь ноцтой зөрчилд тооцогдох өөр асуудал. Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага тооцно гэдэг заалтын дагуу тушаал гарсан. Зохих журмаар ажилтандаа шаардлага тавиад ажиллах ёстой байтал тухайлбал Б.Чанцалдуламын зээл гэхэд түүний материал нь дутуу байхад Б.М  нь өөрөө зээлийн хороог даргалж, зээл олгох шийдвэрийг гаргаж, зээлийн гүйлгээ хийх зөвшөөрөл өгсөн байдаг. Ёс зүйтэй байх ёстой. Энэ нь зөрчил биш юм уу, ёс зүйн зөрчил нь ноцтой зөрчил болно гээд дотоод журамд заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасан байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил үйлдсэн тул ажил олгогчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/2055 тоот тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/00419 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М ыг “Т Б ” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг салбарын харъяа Бага тойруу тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 5 107 925 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Б.М ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “Т Б ” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96 677 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 821 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/00419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Б ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 676.80 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ч.Рэгзэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/1ШШ2019/00419 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 821 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахтай холбоотой хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “Б.М  нь 2014 оны 07 дугаар сарын 17-ноос 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хувийн хэрэгцээнд зориулан бусдаас зээл авч, буцааж төлсөн, бусдад зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаа үйл баримтыг талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т заасан банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн, 7.4.15-д заасан өөрийн ажил, албан тушаалаа урвуулан хувийн зорилгодоо банкны эд хөрөнгө, эд зүйлсийг ашигласан, 7.4.16-д заасан шууд болон шууд бус харьяалах ажилтанд хууль бус үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн гэх ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна”, “Б.М  нь өөрийн удирдлагад ажиллаж байсан Г.Өлзий, Б.Чанцалдулам, харилцааны менежер Б.Амгалан нарыг цалингийн зээл авах, хадгаламжаа барьцаалан зээл авах хэлбэрээр өөртөө зээл олгохыг шаардан, ятгаж, дарамталсан, тус банкны харилцагч Б.Загарзүсэм, Б.Тамир, Ш.Оросоо нараас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тэднээс өөртөө зээл авч өгөхийг шаардаж ятгасны улмаас эдгээр иргэд зээл өгсөн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар хууль, хяналтын байгууллагаар шалгуулж тогтоосон баримтгүй байна” гэжээ.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна.

Т Б ны Ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Танд бусад ажилтнууд харилцагч нийлүүлэгч нараас мөнгө зээлдэх, эсхүл зээлдүүлэх. үүнтэй холбогдуулан батлан даалт гаргах, хамтран бичигт гарын үсэг зурах, зуруулах гэх мэт үйлдэл хийхийг хориглоно. Хамтран ажиллагсад харилцагч болон нийлүүлэгч нартай хувийн санхүүгийн асуудал үүсгэж болохгүй” гэж заасан.

Энэхүү журмын зохицуулалтаар ямар ч тохиолдолд банкны ажилтан хамтран ажиллагсад болон харилцагч нараас мөнгө зээлдэх, зээлдүүлэх зэргээр санхүүгийн харьцаанд орохыг хориглосон. Гэтэл шүүх журмын зохицуулалтыг өргөжүүлэн тайлбарлаж нэхэмжлэгч нь хамтран ажиллагсад болон харилцагчаас зээл авсан байх боловч харилцагч болон ажиллагсдыг зээл өгөхийг шаардаж, ятгах замаар санхүүгийн харьцаанд орсон гэж үзэх боломжгүй, хууль, хяналтын байгууллагаар шалгуулж тогтоосон баримтгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, журмын зохицуулалтыг буруугаар тайлбарласан байна.

Түүнчлэн Б.М  нь зөрчлийг хүлээн зөвшөөрч өөрийн шууд удирдлага дахь болон банкны ажилтнууд, харилцагч нараас зээл авсан гэж бичгээр болон шүүх хуралд гаргасан тайлбартаа тус тус хүлээн зөвшөөрсөн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтад заасны дагуу зохигчийн тайлбар нотлох баримт болно. Гэтэл шүүх нэхэмжлэгч зөрчлийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байхад ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

Б.М , Т Б  нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг заасан ба 7.4.2-т “Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зарчимыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт, шалгалтаар тогтоосон” гэж заасан. Б.М  нь Ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг удаа дараа зөрчиж хамт ажиллагсад болон харилцагч нараас мөнгө зээлдэж санхүүгийн харьцаанд орсон болохыг банкны дотоод хяналт, шалгалтын газраас тогтоосон ба хяналт, шалгалтын илтгэх хуудас хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.15-д “Үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан” гэж 7.4.16-д “энэхүү хууль тогтоомжийг зөрчиж шууд болон шууд бус харьяалах ажилтанд хууль бус үүрэг, даалгавар өгч гүйцэтгүүлсэн” тохиолдолд тус тус ноцтой зөрчилд хамаарахаар заасан.

Нэхэмжлэгч Б.М  нь тооцооны төвийн зээлийн хороог даргалж шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны хувьд материал дутуу, шаардлага хангахгүй байхад өөрийн удирдлага дахь харилцааны менежерт зээл судлах даалгавар өгч, ажиллагсдадаа зээл олгох шийдвэр гаргаж, улмаар өөрөө зээлэн авч, хувьдаа ашигласан ба энэ нь нэхэмжлэгчийн удирдлагад ажиллаж байсан теллер Б.Чанцалдуламын тайлбар, нэхэмжлэгч Б.М ын тайлбар мөн холбогдох дансны хуулгуудаар тус тус нотлогддог.

Дээрх байдлаар Б.М ын зөрчил нь түүний тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх “Ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна” гэж шийдвэрлэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэрт “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан ба нэхэмжлэгч Б.М ын 2014 оны 07 дугаар сарын 17-ноос 2018 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд бусдаас зээл авч ашигласнаас хойш хуульд заасан дээрх хугацаа дууссан байна ” гэж дүгнэсэн.

Б.М д 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 500 000 төгрөг зээлүүлсэн гэх М.Номингийн “Т Б ” ХХК-ийн дотоод хяналт, шалгалтын газарт бичгээр өгсөн тайлбарыг хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар өгсөн ба нэхэмжлэгч Б.М  нь М.Номингоос мөнгө зээлсэн болохоо анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж нотлох баримтыг үнэлэлгүйгээр Б.М ын гаргасан зөрчлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэрлэсэн.

Банк Б.М ын 2014 оноос хойш хийгдсэн үйлдлүүдийг дотоод хяналт, шалгалтаар тогтоон илрүүлснээс хойш хуулийн хугацаанд нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.М  нь “Т Б ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийг батлуулахаар хүсэлт гаргажээ.

Талуудын эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.М  нь “Т Б ” ХХК-ийн “Чингэлтэй дүүрэг” салбарын харьяа “Бага тойруу” тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, Улаанбаатар хот дахь өөр нэгж /тооцооны төв/-ийн захирлын албан тушаалд томилогдох, хариуцагч “Т Б ” ХХК нь “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” Б/055 тоот тушаал гарсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 5 107 925 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс “Эвлэрлийн гэрээ” байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9 003 696 төгрөг, нийт 14 111 621 төгрөгийг нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр харилцан тохиролцсон, улмаар гэрээ хэрэгжиж Т Б ны захирлын 2019 оны 09 сарын 26-ны өдрийн Б/1446 тоот тушаалаар Б.М ыг “Чингэлтэй дүүрэг” салбарын харьяа “Нарлаг дэнж” тооцооны төвийн захирлаар томилж, Б/1447 тоот тушаал гарч, 14 111 621 төгрөгийн нөхөн олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр бичилт хийхээр шийдвэрлэжээ.

Зохигчийн эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Зохигч эвлэрлийн гэрээнд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан огноог 2018 он гэж ташаа бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар Б.М ын нэхэмжлэлтэй “Т Б ” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/00419 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 821 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М  нь “Т Б ” ХХК-ийн “Чингэлтэй дүүрэг” салбарын харьяа “Бага тойруу” тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, Улаанбаатар хот дахь өөр нэгж /тооцооны төв/-ийн захирлын албан тушаалд томилогдох, хариуцагч “Т Б ” ХХК нь ажилтныг ажлаас чөлөөлсөн Б/2055 тушаал гарсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс “Эвлэрлийн гэрээ” байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 111 621 төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Б.М ын нэхэмжлэлтэй “Т Б ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Т Б ” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96 677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД