Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/01608

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр Дугаар 101/ШШ2019/01608 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХХХХХХХХХХХХХХ тоот, Р бэйкери ХХК-ийн /РД: ХХХХХХ/ нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ХХХХХХХХХХХХХХХХ тоотод оршин суух, Тийн А /РД: ХХХХХХХ/ холбогдох

84.209.486 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.А-ийн 11.250.000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг нэхэмжлэгчид даалгах, ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг, үндэслэлгүй суутгал 2.500.000 төгрөг болон нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Итгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р бэйкери ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р бэйкери ХХК болон иргэн Т.А нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 01/02 дугаартай контрактын гэрээ 8 жилийн хугацаатай байгуулагдсан. Энэхүү гэрээний 2.7-д компани менежерт орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь зориулан 60.000.000 төгрөгийг урьдчилгаа байдлаар, энэ гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор олгох ба энэ гэрээний хугацаанд жил бүр ажлын үр дүнгээс хамааруулан олгох урамшууллаас хувь тэнцүүлэн суутган тооцох замаар барагдуулна гэж заасан.

Талууд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр энэхүү контрактад өөрчлөл оруулах тухай 01/02 тоот гэрээг байгуулж 1.1-т дээр дурьдсан 2.7 дахь заалтыг дараах байдлаар өөрчилсөн.

Үүнд: Контрактын 2.7 заалтыг Компани нь менежерт орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь зориулж 60.000.000 төгрөгийг 8 жилийн хугацааны цалингийн тодорхой хувийг нь урьдчилан олгох ба энэ гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор менежерт шилжүүлэн өгнө. Менежер нь гэрээний хугацаанд уг мөнгийг сар бүрийн цалингаасаа тэнцүү хувааж төлөх нөхцлөөр буюу сар бүр 625.000 төгрөгийг суутгуулан төлнө гэж өөрчлөв.

Контрактын 6.3-т заасан Хэрэв талууд аль нэг нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах эсхүл талууд харилцан тохиролцож дуусгавар болговол менежер нь энэ гэрээний 2.7-д заасан орон сууц авахад зориулан олгосон цалингийн урьдчилгааг менежерт шилжүүлсэн өдрөөс тухайн үед мөрдөгдөж байсан арилжааны банкуудын бизнесийн зээлийн дундаж хүү, гэрээ дуусгавар болох үеийн арилжааны банкуудын бизнесийн зээлийн дундаж хүү хоёрын аль өндрөөр тооцож, мөнгийг төлөх өдөр хүртэл хүүгийн хамтаар компанид эргүүлэн төлнө гэж харилцан тохиролцсон буюу контрактын гэрээгээр ажиллах 96 сарын хугацаандаа сар бүр 625.000 төгрөгөөр тооцон төлөх үүргийг Т.А хүлээсэн.

Р бэйкери ХХК нь Р китчен ХХК-иас авах авлага болох 60.000.000 төгрөгийг Т.Атай байгуулсан контракт гэрээний дагуу Т.Аийн Хаан банкны ХХХХХХХ тоот данс руу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлүүлсэн.

Р бэйкери ХХК нь Р китчен ХХК-иас авах 60.000.000 төгрөгийн авлагаа Т.А руу шууд шилжүүлэх талаар Өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан.

Ийнхүү Р бэйкери ХХК нь Т.Ат 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 60.000.000 төгрөгийг өгсөн. Гэтэл Т.А нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгч ажлаа орхин явсан юм.

Тэрээр 2018 оны 5, 6, 7, 8, 9 саруудад тус тус 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 57.500.000 төгрөгийг төлөөгүй байна. Р бэйкери ХХК-ийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 95 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг иргэн Т.Ат хүргүүлсэн ба тэрээр уг бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн биеэр ирж авч баримт хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зурсан болно.

Тэрхүү албан бичгээр бид Т.Аийг мөнгөө төлөхийг шаардсан ба төлөөгүй тохиолдолд шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн болно. Ийнхүү мэдэгдсэн ч тэрээр мөнгөө төлөөгүй.

Тиймээс контракт гэрээний 2.7, 6.3 болон 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн контрактад өөрчлөлт оруулах тухай 01/02 тоот гэрээний 1.1, 1.3-т заасны дагуу хариуцагчаас 57.500.000 төгрөг болон хүү 26.709.486 төгрөг, нийт 84.209.486 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.А шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбартаа:

Р бэйкери ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Ат холбогдох Т.Ааас 84.209.486 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг үүгээр гаргаж байна.

Хариуцагч би дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.А миний бие нэхэмжлэгч Р бэйкери ХХК-тай хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож хөдөлмөрийн болон контракт гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурьдсанаар ямар нэгэн урьдчилгаа төлбөр огт хүлээн аваагүй.

Гэтэл гэрээ байгуулаагүй, мөнгө төлөөгүй Р бэйкери ХХК шүүхэд хандаж гэрээний үүрэг, төлбөрийн үүрэг шаардсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй этгээд болох Р бэйкери ХХК-ийн шүүхэд гаргасан 57.500.000 төгрөгийг, 26.709.486 төгрөгийн хүүгийн хамт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Т.А миний бие 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ХХХ тоот контракт гэрээг Р китчен ХХК-тай байгуулж тус компанид ажиллахаар харилцан тохиролцсон.

Улмаар контракт гэрээний 2.7 дугаар зүйлд заасны дагуу 60.000.000 төгрөгийн урамшуулалт цалинг урьдчилгаа болгон ажил олгогч Р китчен ХХК-иас хүлээн авсан.

Р китчен ХХК-иас 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлэн авсан 60.000.000 төгрөг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан урамшуулал юм.

Контракт гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Компани нь менежерийг энэ гэрээгээр тохирсон цалин хөлс, шагнал урамшууллыг олгох ба ажлын үр дүнг харгалзан олгох шагнал урамшууллын асуудал нь энэхүү гэрээний тав-д заасны дагуу зохицуулагдана, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Менежер нь энэ гэрээний дагуу тохирсон цалин хөлс, ажлын үр дүнгээс хамаарах шагнал урамшууллыг компаниас авах эрхтэй, 5 дугаар зүйлийн 5.3-т Жилийн ажлын үр дүнг харгалзан олгох урамшууллаас менежерт орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд зориулан урьдчилж олгосон, гэрээний 2.5-д заасан урьдчилгаанаас суутган, хувь тэнцүүлэн суутган тооцно гэснээс дээрх төлбөр нь урамшуулал болох нь тодорхой харагддаг.

Харин урамшуулал цалинг тооцох аргачлал нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.7, 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу дараах байдлаар тодорхойлогдож байна.

Контракт гэрээний 1.3 дугаар зүйлийн дагуу гэрээ 8 жил буюу 96 сарын хугацаатай байгуулагдсан тул сар бүр урамшууллыг тэнцүү хуваарьлахад нэг сарын суутган тооцох урамшуулал 625.000 төгрөг болно.

Ажилтан 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 18 сарын хугацаанд ажилласан тул 11.250.000 төгрөгийн урамшууллыг суутгуулсан.

2018 онд 2.500.000 төгрөгийн урамшуулал буцаан төлсөн, ээлжийн амралтын мөнгө 3.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгийн урамшуулал суутгуулсан.

Р китчен ХХК-д зөрүү 42.000.000 төгрөгийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хариуцагч Т.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

11.250.000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг, үндэслэлгүй суутгал 2.500.000 төгрөг болон Т.Аийн нийгмийн даатгалын дэвтрийг хариуцагчаас гаргуулах тухай.

Т.А миний бие 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Р бэйкери ХХК-д ажилласан.

Нэхэмжлэгч 96 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал 60.000.000 төгрөгийг ажилд орохдоо Р китчен ХХК-иас урьдчилан авсан бөгөөд ажилласан 13 сарын хугацааны урамшуулал 11.250.000 төгрөг болсон.

Гэтэл ажил олгогч дээрхи урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж дэвтэрт бичилт хийх үүргээ гүйцэтгээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэсэн байна.

Иймд 11.250.000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Р бэйкери ХХК-ийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болж, тооцоо хийхэд Т.А миний 2019 оны ээлжийн амралтын тооцоог дуусгаж, олговор олгоогүй.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын хавсралт Ээлжийн амралтын олговор тооцох журам-ын дагуу ажил олгогч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж буй ажилтанд ээлжийн амралтын олговор олгох үүрэгтэй байна.

Иймд ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Ажил олгогч нь нэгэнт урамшуулал цалинг урьдчилан олгож, жил бүр суутгахаар тохирсон атлаа миний цалин хөлснөөс 2.500.000 төгрөг суутгасан байдаг. Иймд цалин хөлснөөс үндэслэлгүйгээр суутгасан 2.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

Хариуцагч өнөөдрийг хүртэл миний нийгмийн даатгалын дэвтрийг буцаан өгөхгүй, хууль бусаар барьцаалсан байгаа.

Удаа дараа нийгмийн даатгалын дэвтрээ эх хувиар нь авахаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд хариуцагчаас нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Р бэйкери ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Аийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Р бэйкери ХХК болон иргэн Т.А нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 01/02 гэрээний 2 дугаар зүйлийн 2.7, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01/02 тоот гэрээний 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд зааснаар Т.Ат орон сууц худалдан авахад нь зориулж 60.000.000 төгрөгийг 8 жилийг хугацаатай зээлүүлсэн бөгөөд энэ нь урамшуулал биш юм.

Сар бүр 625.000 төгрөгийг Т.А цалингаасаа суутгуулан төлөх хариу төлбөртэй гэрээ юм. Үүнийг урамшуулал гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Ээлжийн амралтын олговрын 2.000.000 төгрөгийн тухайд Т.А хэрхэн яаж тооцож 2.000.000 төгрөг нэхэмжилж буй нь тодорхойгүй буюу үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Р бэйкери ХХК нь амралтын олговрыг тооцож нийгмийн даатгалын тайланд тусгасан.

Т.А нь 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд үндсэн зээлийн хүүнд өөрөө зөвшөөрөн цалингаасаа суутгуулж байсан. Хэрэг үүнийг үндэслэлгүй гэж үзэж байсан бол 2018 оны 5 дугаар сараас хойш шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй өнөөг хүрсэн бэ гэдэг асуулт байна.

Нийгмийн даатгалын дэвтрийн тухайд тухайн ажилтан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа ажлаа хүлээлгэн өгч тойрох хуудсаа зуруулан тооцоогоо дуусгах ёстой бөгөөд манай зүгээс түүнд нийгмийн даатгалын дэвтрийг өгөхөөс татгалзаж байсан удаа байхгүй болно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р бэйкери ХХК нь хариуцагч Т.Ат холбогдуулан 57.500.000 төгрөг, хүү 26.709.486 төгрөг, нийт 84.209.486 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Т.А нь 11.250.000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг нэхэмжлэгчид даалгах, ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг, үндэслэлгүй суутгал 2.500.000 төгрөг болон нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Р бэйкери ХХК-ийн 57.500.000 төгрөг, хүү 26.709.486 төгрөг, нийт 84.209.486 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Р бэйкери ХХК нь хариуцагч Т.Атай 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 01/02 тоот контракт гэрээг 8 жилийн хугацаатай байгуулан, Т.А нь компанийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажиллахаар,

менежерийг орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь 60.000.000 төгрөгийг урьдчилгаа байдлаар гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор олгохоор,

гэрээний хугацаанд ажлын үр дүнгээс хамааран олгох урамшууллаас хувь тэнцүүлэн суутган уг мөнгийг барагдуулахаар,

менежерийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс албан ёсоор томилохоор,

гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах, дуусгавар болгох тохиолдолд мөнгийг олгосон өдрөөс арилжааны банкуудын олгож буй тухайн жилийн бизнесийн зээлийн дундаж хүүгээр, эргүүлэн төлөх өдөр хүртэлх тооцон төлөхөөр тохирсон гэжээ.

/ХХ-ийн ХХХХ дугаар тал/

 

Р бэйкери ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 04 тоот тушаалаар Т.Аийг мөн өдрөөс нь тус компанийн үйлчилгээний менежерийн албан тушаалд томилсон нь ажилд томилох тухай 04 тоот тушаал болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

/ХХ-ийн ХХ дугаар тал/

 

Р китчен ХХК нь Р бэйкери ХХК-д 60.000.000 төгрөгийн өглөгтэй байсан гэх ба тэд 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өр төлбөр барагдуулах гэрээ байгуулан Р китчен ХХК нь уг мөнгийг Р бэйкери ХХК-ийн ажилтан Т.Аийн Хаан банк дахь 5034267834 тоот данс руу шилжүүлэхээр тохирч, өр төлбөрийн асуудлыг дуусгавар болсонд тооцжээ.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

 

Р китчен ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 60.000.000 төгрөгийг Т.Аийн Хаан банк дахь 5034267834 тоот дансанд шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлэгийн баримт, Т.Аийн депозит дансны хуулгаар тогтоогдсон ба хариуцагч Т.А уг мөнгийг авсан талаараа маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн ХХХХ дугаар тал/

 

Р бэйкери ХХК болон Т.А нар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 01/02 тоот Контрактад өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/02 тоот гэрээний 60.000.000 төгрөгийг буцаан төлөхтэй холбоотой ... гэрээний хугацаанд уг мөнгийг сар бүрийн цалингаасаа тэнцүү хувааж төлөх буюу сар бүр 625.000 төгрөгийг суутгуулан төлнө. Компанийн олгож буй урамшууллыг орон сууцны төлбөрөөс суутгуулж болно. ...Хугацаанаас өмнө гэрээг цуцлах, дуусгавар болгоход мөнгийг шилжүүлсэн болон гэрээ дуусгавар болгох үеийн арилжааны банкуудын бизнесийн зээлийн дундаж хүүгийн аль өндрөөр тооцон мөнгийг төлөх өдөр хүртэлх хүүгийн хамт компанид төлнө гэсэн өөрчлөлт оруулан хэн аль нь гарын үсгээ зуран, байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Т.А нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Р бэйкери ХХК-д Миний бие Т.А Р бэйкери ХХК-д 2017 оны 4 дүгээр сараас одоог хүртэл ажиллаж байгаа ба өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтэй. Өргөдлийг минь хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж өгнө үү гэх өргөдлийг гаргажээ.

Р бэйкери ХХК-ийн захирал нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 166 тоот тушаалаараа үйлчилгээний хэсэгт менежер Т.А өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, холбогдох тооцоог хийн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь хүлээлгэн өгөхийг хүний нөөцийн менежерт үүрэг болгожээ.

/ХХ-ийн 11, 44, 50 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Р бэйкери ХХК нь Т.Ат 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 60.000.000 төгрөгийг хүүгийн хамт 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлнө үү гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд хариуцагч Т.А уг мэдэгдэлтэй холбоотой маргаагүй.

/ХХ-ийн 12 дугаар тал/

 

Хариуцагч тал 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/02 тоот гэрээг Р бэйкери ХХК-тай бус Р китчен ХХК-тай байгуулсан гэж маргах боловч тэрээр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулах үед уг асуудлаар маргаагүй, мөн тэрээр 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Р бэйкери ХХК-ийн үйлчилгээний хэсгийн менежерээр ажиллаж байсан болох нь түүний өөрийн нь тайлбар болон Т.Аийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдлоо.

Иймд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/02 тоот гэрээг Р китчен ХХК-тай байгуулсан гэж үзэхгүй болно.

/ХХ-ийн 11, 44, 50 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т.Аийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа өөрийнх нь хүсэлтээр буюу ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр удирдлагын баг хуралдан түүний гаргаж буй байдал ажиллагсдад буруу үлгэр дуурайлал үзүүлж байсан тул 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 166 тоот тушаалыг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон гэж өөрчлөн тушаалыг уг өдрийн он, сар, өдөртэйгээр дахин үйлдсэн гэж тайлбарлаж байна.

Хожим нөхөн үйлдсэн баримтыг үндэслэн хариуцагч Т.Аийг зөрчлийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэхгүй бөгөөд уг тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдлаа.

/ХХ-ийн 51, 64 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор хариуцагч Т.А нэхэмжлэгч Р бэйкери ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 96 сарын хугацаагаар ажиллахаар байгуулсан гэрээгээ өөрийн хүсэлтээр дуусгавар болгох хүсэлт гарган ажил олгогч нь 2018 оны 10 дугаар сарын 19-ий өдрийн тушаалаараа ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа ажилтаны санаачилгаар дуусгавар болж байх тул ажилтан Т.А нь ажил олгогчоос 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан 60.000.000 төгрөгийн төлөгдөөгүй хэсгийг буцаан төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01/02 тоот гэрээний 1.3-т Контрактын 6.3-т заасан Хэрэв талуудын аль нэг нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах эсхүл талууд харилцан тохиролцож дуусгавар болговол менежер нь энэ гэрээний 2.7-д заасан орон сууц худалдан авахад зориулан олгосон цалингийн урьдчилгааг менежерт шилжүүлсэн өдрөөс тухайн үед мөрдөгдөж байсан арилжааны банкуудын бизнесийн зээлийн дундаж хүү, гэрээ дуусгавар болгох үеийн арилжааны банкуудын бизнесийн зээлийн дундаж хүү хоёрын аль өндрөөр тооцож, мөнгийг төлөх өдөр хүртэл хүүгийн хамтаар компанид эргүүлэн төлнө гэж заажээ.

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Монгол банкны 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б-10/652 тоот лавлагаагаар Монгол банкны хувийн байгууллагад олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2017 оны 4 дүгээр сарын 25-нд төгрөг 18.8 хувь, валют 12 хувь, 2018 оны 10 дугаар сарын 19-нд төгрөг 16.2 хувь, валют 10.1 хувь байсан гэжээ.

/ХХ-ийн 98 дугаар тал/

 

Хариуцагч Т.А нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул уг мөнгийг анх хүлээн авсан 60.000.000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй.

/ХХ-ийн 13 дугаар тал/

 

Хариуцагч Т.А нь гэрээ ёсоор 60.000.000 төгрөгийн үлдэх хэсгийг зохих хүүгийн хамт төлөх үүрэгтэй байх бөгөөд хүүгийн хэмжээг тооцохдоо зээлийн хүүгийн өндөр хэмжээтэйгээр бус ажилтан болон ажил олгогчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон үеийн буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн төгрөгийн хүүгийн хэмжээгээр тооцлоо.

16.2 хувь/12=1.35 хувь

 

Хариуцагч Т.А нь гэрээ ёсоор 2017.04.25-2018.04.20-ны өдрийг хүртэл 9.720.000 төгрөгийн, 2018.05.20-2018.09.20-ны өдрийн хооронд 3.948.750 төгрөгийн, 2018.10.20-2019.02.25-ны өдрийн хооронд 3.881.250 төгрөгийн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Т.Ааас зээл 57.500.000 төгрөг, зээлийн хүү 17.550.000 төгрөг, нийт 75.050.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р бэйкери ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9.159.486 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Т.Аийн 11.250.000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг нэхэмжлэгчид даалгах, ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг болон үндэслэлгүй суутгал 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын хооронд байгуулсан дээр дурьдсан гэрээ ёсоор хариуцагч Т.А нэхэмжлэгч Р бэйкери ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллан өөрийн буюу ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан дээр дурьдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

Ажилтан Т.А нь нэхэмжлэгч Р бэйкери ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа ээлжийн амралтын олговорт 2.000.000 төгрөг, цалингаас үндэслэлгүйгээр 2.500.000 төгрөг суутгасан талаар гомдол гаргаж байгаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Т.А 11.250.000 төгрөгийн урамшуулал мөн ээлжийн амралтын олговорт 2.000.000 төгрөг авах байсан нь, мөн түүний цалингаас үндэслэлгүйгээр 2.500.000 төгрөгийг суутгасан гэх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.

 

Р бэйкери ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 166 тоот тушаалаар үйлчилгээний хэсэгт менежер албан тушаалтай Т.А өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, холбогдох тооцоог хийн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь хүлээлгэн өгөхийг хүний нөөцийн менежерт үүрэг болгосон байхад уг дэвтрийг Т.Ат хүлээлгэн өгөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдлоо.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан хариуцагч Т.Аийн 11.250.000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг нэхэмжлэгчид даалгах, ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг болон үндэслэлгүй суутгал 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Р бэйкери ХХК-иас Т.Аийн нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулж хариуцагч Т.Ат олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Т.Аийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Ааас 75.050.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р бэйкери ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9.159.486 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан хариуцагч Т.Аийн 11.250.000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг нэхэмжлэгчид даалгах, ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг болон үндэслэлгүй суутгал 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Р бэйкери ХХК-иас Т.Аийн нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулж хариуцагч Т.Ат олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р бэйкери ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578.997,43 төгрөгийг болон хариуцагч Т.Аийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 157.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас 533.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р бэйкери ХХК-д олгосугай.

 

4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4631 дугаартай захирамжаар хариуцагч Т.Аий эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд энэ захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН