Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1676

 

 

 

 

 

 

 

 

 

 “РБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/01608 дугаар шийдвэртэй, “РБ” ХХК нь хариуцагч Т.Ааас 84 209 486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.А нь 11 250 000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг нэхэмжлэгчид даалгах, ээлжийн амралтын олговор 2 000 000 төгрөг, үндэслэлгүй суутгал 2 500 000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэр тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

-

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “РБ” ХХК болон Т.А нар 01/02 дугаар “Контракт”-ын гэрээг 8 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний 2.7-д компани нь менежерт орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь зориулан 60 000 000 төгрөгийг урьдчилгаа байдлаар гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор олгох ба гэрээний хугацаанд жил бүр ажлын үр дүнгээс хамааруулан олгох урамшууллаас хувь тэнцүүлэн суутган тооцох замаар барагдуулна гэж заасан. Талууд энэхүү контрактад 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өөрчлөлт оруулж, гэрээний 1.1-т дээрх 2.7 дах заалтыг компани нь менежерт орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь зориулж 60 000 000 төгрөгийг 8 жилийн хугацааны цалингийн тодорхой хувийг нь урьдчилан олгох ба энэ гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор менежерт шилжүүлэн өгнө. Менежер нь гэрээний хугацаанд уг мөнгийг сар бүрийн цалингаасаа тэнцүү хувааж төлөх нөхцлөөр буюу сар бүр 625 000 төгрөгийг суутгуулан төлнө гэж өөрчилсөн.

Контрактын 6.3-т хэрэв талууд аль нэг нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах эсхүл харилцан тохиролцож дуусгавар болговол менежер нь гэрээний 2.7-д заасан орон сууц авахад зориулан олгосон цалингийн урьдчилгааг менежерт шилжүүлсэн өдрөөс тухайн үед мөрдөгдөж байсан арилжааны банкуудын бизнесийн зээлийн дундаж хүү, гэрээ дуусгавар болох үеийн арилжааны банкуудын бизнесийн зээлийн дундаж хүү хоёрын аль өндрөөр тооцож мөнгийг төлөх өдөр хүртэл хүүгийн хамтаар компанид буцаан төлнө гэж харилцан тохиролцсон ба гэрээгээр ажиллах 96 сарын хугацаанд сар бүр 625 000 төгрөгөөр тооцон төлөх үүргийг хариуцагч хүлээсэн.

“РБ” ХХК нь “РК” ХХК-иас авах авлага болох 60 000 000 төгрөгийг Т.А-тай байгуулсан контракт гэрээний дагуу Т.Аийн “Хаан банк” ХХК-ийн 5034267834 тоот дансанд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлүүлсэн. “РБ” ХХК нь “РК” ХХК-иас авах 60 000 000 төгрөгийн авлагаа Т.А руу шууд шилжүүлэх талаар “Өр төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан ба “РБ” ХХК мөн өдөр түүнд шилжүүлсэн байдаг. Гэтэл Т.А 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгч ажлаа орхин явсан. 2018 оны 5-9 дүгээр саруудад тус тус 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг төлж, үлдэгдэл 57 500 000 төгрөгийг төлөөгүй байна. “РБ” ХХК-ийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 95 тоот шаардлага бүхий албан бичиг Т.А-т хүргүүлснийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тэрээр өөрийн биеэр ирж авч баримт хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зурсан болно.

Уг албан бичгээр Т.А-ийг мөнгөө төлөх, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандана гэдгийг мэдэгдсэн ч төлбөр төлөөгүй учир контракт гэрээний 2.7, 6.3, уг гэрээнд өөрчлөлт оруулах 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01/02 тоот гэрээний 1.1, 1.3-т заасны дагуу 57 500 000 төгрөг, хүү 26 709 486 төгрөг, нийт 84 209 486 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Т.А миний бие нэхэмжлэгч “РБ “ХХК-тай хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож, хөдөлмөрийн болон контрактын гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсан урьдчилгаа төлбөр огт хүлээн аваагүй. Гэтэл гэрээ байгуулаагүй, мөнгө төлөөгүй “РБ” ХХК шүүхэд хандаж гэрээний үүрэг, төлбөрийн үүрэг шаардсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/02 тоот “Контракт” гэрээг миний бие “РК” ХХК-тай байгуулж тус компанид ажиллахаар харилцан тохиролцсон. Улмаар контракт гэрээний 2.7-д заасны дагуу 60 000 000 төгрөгийн урамшуулалт цалинг урьдчилгаа болгон ажил олгогч “РК” ХХК-иас хүлээн авсан. “РК” ХХК-иас 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлэн авсан 60 000 000 төгрөг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан урамшуулал юм. Контракт гэрээний 2.1-т компани нь менежерийг энэ гэрээгээр тохирсон цалин хөлс, шагнал урамшуулал олгох ба ажлын үр дүнг харгалзан олгох шагнал урамшууллын асуудал нь энэхүү гэрээний тав-д заасны дагуу зохицуулагдана, гэрээний 3.1-т менежер нь энэ гэрээний дагуу тохирсон цалин хөлс, ажлын үр дүнгээс хамаарах шагнал урамшууллыг компаниас авах эрхтэй, 5.3-т жилийн ажлын үр дүнг харгалзан олгох урамшууллаас менежерт орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд зориулан урьдчилж олгосон, гэрээний 2.5-д заасан урьдчилгаанаас суутган, хувь тэнцүүлэн суутган тооцно гэснээс дээрх төлбөр нь урамшуулал болох нь тодорхой харагддаг.

Харин урамшуулал цалинг тооцох аргачлал нь гэрээний 2.7, 5.2-т заасны дагуу дараах байдлаар тодорхойлогдож байна. Контракт гэрээний 1.3-т заасны дагуу 8 жил буюу 96 сарын хугацаатай байгуулагдсан тул сар бүр урамшууллыг тэнцүү хуваарилахад нэг сарын суутган тооцох урамшуулал 625 000 төгрөг болно. Ажилтан 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 18 сарын хугацаанд ажилласан тул 11 250 000 төгрөгийн урамшууллыг суутгуулсан. 2018 онд 2 500 000 төгрөгийн урамшуулал буцаан төлсөн, ээлжийн амралтын мөнгө 3 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийн урамшуулал суутгуулсан. Иймд “РК” ХХК-д зөрүү 42 000 000 төгрөгийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин нэхэмжлэл гаргах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй этгээд болох “РБ” ХХК-ийн 57 500 000 төгрөгийг, 26 709 486 төгрөгийг хүүгийн хамт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.А сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл “РБ” ХХК-д ажилласан. 96 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал 60 000 000 төгрөгийг ажилд орохдоо “РК” ХХК-иас урьдчилан авсан бөгөөд ажилласан 13 сарын хугацааны урамшуулал 11 250 000 төгрөг болсон. Гэтэл ажил олгогч дээрх урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт бичилт хийх үүргээ гүйцэтгээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэсэн байна. Иймд 11 250 000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

“РБ” ХХК-ийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болж, тооцоо хийхэд миний 2019 оны ээлжийн амралтын тооцоог дуусгаж, олговор олгоогүй. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын хавсралт Ээлжийн амралтын олговор тооцох журмын дагуу ажил олгогч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж буй ажилтанд ээлжийн амралтын олговор олгох үүрэгтэй тул 2 000 000 төгрөг гаргуулах, урамшуулалт цалинг урьдчилан олгож жил бүр суутгахаар тохирсон атлаа цалин хөлснөөс үндэслэлгүй суутгасан 2 500 000 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын дэвтрийг хууль бусаар барьцаалж өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа учир нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар нь гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа: “РБ” ХХК болон иргэн Т.А нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 01/02 гэрээний 2.7, нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01/02 тоот гэрээний 1.1, 1.2, 1.3-т зааснаар орон сууц худалдан авахад нь зориулж 60 000 000 төгрөгийг 8 жилийн хугацаатай зээлүүлсэн бөгөөд энэ нь урамшуулал биш. Харин сар бүр 625 000 төгрөгийг Т.А цалингаасаа суутгуулан төлөх хариу төлбөртэй гэрээ юм. Ээлжийн амралтын олговор 2 000 000 төгрөгийн тухайд Т.А хэрхэн яаж тооцон нэхэмжилж буй нь тодорхойгүй буюу үндэслэлгүй байна. “РБ” ХХК нь амралтын олговрыг тооцож нийгмийн даатгалын тайланд тусгасан.

Т.А нь 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд үндсэн зээлийн хүүд өөрөө зөвшөөрч цалингаасаа суутгуулж байсан. Хэрэв үүнийг үндэслэлгүй гэж үзэж байсан бол 2018 оны 5 дугаар сараас хойш шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй өнөөг хүрсэн нь ойлгомжгүй. Нийгмийн даатгалын дэвтрийн тухайд ажилтан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа ажлаа хүлээлгэн өгч тойрох хуудсаа зуруулан тооцоогоо дуусгах ёстой бөгөөд түүнд нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөхөөс татгалзаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Ааас нийт 75 050 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “РБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 159 486 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан хариуцагч Т.Аийн 11 250 000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг нэхэмжлэгчид даалгах, ээлжийн амралтын олговор 2 000 000 төгрөг болон үндэслэлгүй суутгал гэх 2 500 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, “РБ” ХХК-иас Т.Аийн нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулж хариуцагч Т.Ат олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “РБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578 997.43 төгрөгийг болон хариуцагч Т.А-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 157 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А-аас 533 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “РБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Бичгээр байгуулагдаагүй зээлийн гэрээнд үндэслэлгүй хүү тооцсон. Шүүх дүгнэлтдээ: нэхэмжлэгч “РБ” ХХК нь хариуцагч Т.Атай 2017 оны 4 дүгээр сарын сарын 20-ны өдөр 01/02 тоот контракт гэрээг 8 жилийн хугацаатай байгуулж, Т.А компанийн менежерийн албан тушаалд ажиллахаар, ... иймд Т.Ааас зээл 57 500 000 төгрөг, зээлийн хүү 17 550 000 төгрөг, нийт 75 050 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “РБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 159 486 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь бус, зарим хэсгүүдийг түүвэрлэн хэргийн бодит нөхцөл байдлыг зориуд гуйвуулж, нэхэмжлэгч талд үйлчилж хэргийг буруу шийдвэрлэсэн.

Т.А, “РБ” ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ бичгээр байгуулагдаагүй, харин Т.А, “РК” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Контракт гэрээ байгуулагдсан. Энэ гэрээнд хэдийгээр “РБ” ХХК-ийн тэмдэг дарагдсан ч гэрээний эхний, сүүлийн хуудаст ажил олгогч талыг “РК” ХХК гэж бичсэн байхад шүүх зохих ёсоор үнэлээгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу гэрээнд ямар компанийн тэмдэг дарсан нь бус түүнд аль хуулийн этгээдийн нэр бичигдсэн байгаа нь тухайн гэрээг аль компани байгуулсан болохыг тодорхойлохоор байна.

Шүүх “РБ” ХХК, Т.А нарын хооронд байгуулагдсан гэж үндэслэлгүй дүгнэсэн гэрээ нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан. Гэтэл Т.А тус компанид 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 04 тоот тушаалаар ажилд томилогдсон нь хэргийн 62 дах талд авагдсан баримтаар тогтоогдоно. Ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулахдаа түүнийг ажилд авсан тушаалд үндэслэж байгуулдаг. Гэтэл ажилд томилох тушаалаас 2 сарын өмнө байгуулагдсан гэрээг “РБ” ХХК, Т.А нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “РК” ХХК, Т.А нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шилжүүлсэн 60 000 000 төгрөгийн төлбөрийг ажил олгогч “РК” ХХК шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд “РБ” ХХК, Т.А нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, харин тухайн үед гэрээг “РК” ХХК байгуулж, 60 000 000 төгрөг төлсөн нь хангалттай нотлогддог. Т.А нь “РБ” ХХК-д ажиллаж, тухайн компаниас цалин авч байсан талаар маргаагүй боловч, тухайн компанитай бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй байна.

Зохигчдын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх “Контрактад өөрчлөлт оруулах тухай” хэлцэл нь бие даасан гэрээ бус, зөвхөн тухайн асуудлаар талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн баримт гэж шүүх үнэлэх боломжтой байсан. Нэгэнт бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 282 зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсний дагуу зээлдэгч хүү авах эрхээ алдсан гэдгийг шүүх анхаарахгүй, 17 550 000 төгрөгийн хүү тогтоож, хэт нэг талыг барьж шийдсэнд туйлын гомдолтой. Шийдвэрийн үндэслэх хэсэгт, хариуцагч Т.А гэрээ ёсоор 60 000 000 төгрөгийн үлдэх хэсгийг зохих хүүгийн хамт төлөх үүрэгтэй байх бөгөөд хүүгийн хэмжээг тооцохдоо зээлийн хүүгийн өндөр хэмжээтэйг бус ажилтан, ажил олгогчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн төгрөгийн хүүгийн хэмжээгээр тооцлоо гээд, нэг жилийн 16.2 хувийн хүү тооцжээ.

Гэтэл хэргийн 98 дугаар талд авагдсан баримт нь Монгол банкнаас бусад арилжааны банкуудад олгосон бизнесийн зээлийн дундаж жигнэсэн хүү болохоос, арилжааны банкуудын иргэдэд олгосон дундаж бизнесийн зээлийн хүү биш юм. Шүүх нийт 17 550 000 төгрөгийн хүү тооцохдоо үндэслэлгүй, буруу ташаа баримтад тулгуурлан тогтоосон нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дур мэдэн оролцож, өөрийн үзэмжээр хүү тогтоосон шийдвэр тул үндэслэлгүй.

Хариуцагч Т.А 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “РК” ХХК-тай гэрээ байгуулахдаа 60 000 000 төгрөгийг урамшуулал цалингийн урьдчилгаа болгон аваад, урамшууллыг жил бүр хувь тэнцүүлэн суутгуулах замаар тооцон төлөхөөр тохирсон. Хариуцагч “РБ” ХХК-д ажиллах хугацаандаа 11 250 000 төгрөгийг суутгуулсан байтал нэхэмжлэгч тухайн цалинд ногдох нийгмийн даатгалыг нөхөн төлөөгүй, дэвтэрт бичилт хийгээгүй явсаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоход төлбөрийг буцаан шаардсан. Иймд үндсэн төлбөр 57 500 000 төгрөг гаргуулсан шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.           

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус хүсэлт гаргасныг хангахгүй орхисон ба нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргах талаар илэрхийлсэн боловч, шүүхээс захирамжид гомдол гаргах зохигчийн эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд туйлын гомдолтой. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах хангалттай үндэслэл байхад хангаагүй орхисон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн “Т.А-аас 70 050 000 төгрөг гаргуулан” гэснийг Т.Ааас 42 000 000 төгрөг гаргуулан” гэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөн, хэрэв өөрчлөх боломжгүй бол хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “РБ” ХХК нь хариуцагч Т.А-т холбогдуулан 84 209 486 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/02 дугаар Контракт гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд нь зориулж олгосон 60 000 000 төгрөгийн үлдэгдэл болон хүүд нийт  84 209 486 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ороогүй тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин “РК” ХХК-д 42 000 000 төгрөг төлөхөд татгалзахгүй /хх21/ гээд, ээлжийн амралтын олговор 2 000 000 төгрөг, үндэслэлгүй суутгасан 2 500 000 төгрөгийг гаргуулах, ажилласан 18 сарын хугацааны 11 250 000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэх, нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар нь гаргуулах сөрөг нэхэмжлэл /хх48/ гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, талууд харилцан маргажээ.

 

Хэрэгт авагдсан “РБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Ажилд томилох тухай” 04 дугаар тушаал /хх62/, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Контрактын гэрээг цуцлах тухай” 166 дугаар тушаал /хх51/, Т.А “РБ” ХХК-д гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өргөдөл /хх11/, зохигчдын тайлбараас үзвэл, хариуцагч Т.А нэхэмжлэгч “РБ” ХХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Тодруулбал, хариуцагч Т.А-т 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/02 дугаар “Контракт” гэрээгээр шилжүүлсэн 60 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн шаардах эрх цаашид “РБ” ХХК-д шилжих талаар “РК” ХХК нь нэхэмжлэгчтэй 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. /хх9/ Улмаар 01/02 дугаар “Контракт”-д өөрчлөлт оруулах тухай гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “РБ” ХХК нь хариуцагч Т.А-тай байгуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх8/ Хариуцагч уг гэрээний өөрчлөлтийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож хийсэн байх бөгөөд тухайн үед контракт байгуулж байгаа хуулийн этгээдийн талаар маргаагүй, мөн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ, “Ривэр Бэйкери” ХХК-д ажилласан тухай тайлбарласан байдлаар нэхэмжлэгч талтай бичгээр гэрээ байгуулаагүй, аливаа эрх зүйн харилцаанд оролцоогүй гэх түүний татгалзал болон давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 60 000 000 төгрөгийг Т.А-ийн 5034267834 тоот дансанд “РК” ХХК-иас шилжүүлсэн нь хэргийн 10 дах талд авагдсан “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож, нэхэмжлэгч энэхүү мөнгөн хөрөнгийн шаардах эрхийг дээрх Өр төлбөр барагдуулах гэрээний дагуу шилжүүлэн авсныг хариуцагч үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Контрактад өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.3-т заасны дагуу 60 000 000 төгрөгийн үлдэгдэл болон хүүг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Контрактад өөрчлөлт оруулах тухай дээрх гэрээгээр хариуцагч орон сууцны асуудал шийдвэрлэх зорилгоор урьдчилан олгосон 60 000 000 төгрөгийг 8 жилийн хугацаанд, сар бүрийн цалингаас 625 000 төгрөг суутгах, мөн гэрээг цуцлах, дуусгавар болгосон тохиолдолд мөнгө олгосон өдөр эсхүл гэрээг дуусгавар болох үеийн арилжааны банкуудын бизнесийн зээлийн сарын хүүгийн аль өндөр хэмжээгээр хүү тооцох талаар тохиролцжээ. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал, эргэн төлөлтийн хэмжээ, хүү тооцох тохиролцооны талаар талууд маргаагүй атал хариуцагч давж заалдах гомдолдоо “шүүх уг гэрээг тооцоо нийлсэн баримт гэж үнэлэх боломжтой байсан” гэснийг хангах үндэслэлгүй. Учир нь, талууд дээрх гэрээгээр өөрсдийн хүлээх үүрэг, эдлэх эрх, бусад нөхцлийн талаар харилцан хүсэл зоригийг илэрхийлсэн байдлаас үзвэл хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Т.А-аас нэхэмжлэгч байгууллагад гаргасан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх талаар бичсэн өргөдөл /хх11/, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх50/, “РБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Контрактын гэрээг цуцлах тухай” 166 дугаар тушаал /хх51/ зэргээс үзвэл, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна. Нэгэнт талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон тул хариуцагч Т.А 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан 60 000 000 төгрөгийн төлөгдөөгүй хэсгийг, гэрээний 1.3-т заасны дагуу тооцогдох хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж үзнэ. Хариуцагч дээрх            60 000 000 төгрөгийг ажлын үр дүнгээс хамаарч олгох урамшуулал байсан гэж тайлбарлах боловч энэ нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажил олгогчоос ажилтанд олгосон “урамшуулал” гэж үзэхгүй.

 

Т.А нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч хэрэгт авагдсан дээрх 60 000 000 төгрөгийг тодорхой нөхцөл зааж байгуулсан контрактын гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан гэрээ, өр төлбөр барагдуулах гэрээ зэргээс үзвэл, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх талуудын гэрээнд заасан хүүгийн хэмжээг тодорхойлох ажиллагаа явуулж, улмаар сарын хүүг 1.35 хувь гэж тогтоосон байгаа нь хариуцагчийн эрх ашгийг хөндөөгүй, тэрээр хүүгийн хэмжээг тодорхойлсон үйл баримтын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй, нэхэмжлэгч хүүг бага хэмжээгээр тооцсон талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын тайлбараар тогтоогдсон үлдэгдэл дүн 57 500 000 төгрөг, хүүгийн төлбөрт 17 550 000 төгрөг, нийт 75 050 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

 

Мөн хариуцагч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан шүүгчийн захирамжид гомдол гаргах хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэжээ. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах, “РК” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа авах талаар хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэж, тухайн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон дээрх захирамжийг гаргасан тохиолдолд мөн хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхгүй тул шүүх хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй. Түүнчлэн, тухайн хүсэлт нь нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой бөгөөд уг баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой биш байгааг дурдах нь зүйтэй.   

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй талаар давж заалдах гомдолд дурдсан боловч түүний хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Шүүхээс сөрөг шаардлагатай холбоотой талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, эрх зөрчигдсөн талаарх гомдлоо хуульд заасан журмын дагуу гаргаагүйд үндэслэл бүхий дүгнэлт хийж,                 11 250 000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах, ээлжийн амралтын олговор 2 000 000 төгрөг, үндэслэлгүй суутгасан гэх 2 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын дэвтрийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн              167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/01608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.А давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА