Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00207

 

 Ривер бэйкери ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/01608 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1676 дугаар магадлалтай,

Ривер бэйкери ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т.Алтанхуягт холбогдох

84,209,486 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Т.Алтанхуягийн 11,250,000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг нэхэмжлэгчид даалгах, ээлжийн амралтын олговор 2,000,000 төгрөг, үндэслэлгүй суутгал 2,500,000 төгрөг болон нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхзул, хариуцагч Т.Алтанхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ривер бэйкери ХХК, иргэн Т.Алтанхуяг нарын хооронд 2017 оны 04 сарын 20-ны өдөр 01/02 дугаартай контрактын гэрээ 8 жилийн хугацаатай байгуулагдсан. Энэхүү гэрээний 2.7-д компани менежерт орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь зориулан 60,000,000 төгрөгийг урьдчилгаа байдлаар, энэ гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор олгох ба энэ гэрээний хугацаанд жил бүр ажлын үр дүнгээс хамааруулан олгох урамшууллаас хувь тэнцүүлэн суутган тооцох замаар барагдуулна гэж заасан. Талууд 2018 оны 04 сарын 25-ны өдөр энэхүү контрактад өөрчлөлт оруулах тухай 01/02 тоот гэрээг байгуулж 1.1-т дээр дурдсан 2.7 дахь заалтыг дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: Контрактын 2.7 заалтыг Компани нь менежерт орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь зориулж 60,000,000 төгрөгийг 8 жилийн хугацааны цалингийн тодорхой хувийг нь урьдчилан олгох ба энэ гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор менежерт шилжүүлэн өгнө. Менежер нь гэрээний хугацаанд уг мөнгийг сар бүрийн цалингаасаа тэнцүү хувааж төлөх нөхцөлөөр буюу сар бүр 625,000 төгрөгийг суутгуулан төлнө гэж өөрчлөв. Контрактын 6.3-т заасан Хэрэв талууд аль нэг нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах эсхүл талууд харилцан тохиролцож дуусгавар болговол менежер нь энэ гэрээний 2.7-д заасан орон сууц авахад зориулан олгосон цалингийн урьдчилгааг менежерт шилжүүлсэн өдрөөс тухайн үед мөрдөгдөж байсан арилжааны банкнуудын бизнесийн зээлийн дундаж хүү, гэрээ дуусгавар болох үеийн арилжааны банкнуудын бизнесийн зээлийн дундаж хүү хоёрын аль өндрөөр тооцож, мөнгийг төлөх өдөр хүртэл хүүгийн хамтаар компанид эргүүлэн төлнө гэж харилцан тохиролцсон буюу контрактын гэрээгээр ажиллах 96 сарын хугацаандаа сар бүр 625,000 төгрөгөөр тооцон төлөх үүргийг Т.Алтанхуяг хүлээсэн. Ривер бэйкери ХХК нь Ривер китчен ХХК-аас авах авлага болох 60,000,000 төгрөгийг Т.Алтанхуягтай байгуулсан контракт гэрээний дагуу Т.Алтанхуягийн Хаан банкны 5034267834 тоот данс руу 2017 оны 04 сарын 25-ны өдөр шилжүүлүүлсэн. Ривер бэйкери ХХК нь Ривер китчен ХХК-аас авах 60,000,000 төгрөгийн авлагаа Т.Алтанхуяг руу шууд шилжүүлэх талаар Өр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Ийнхүү Ривер бэйкери ХХК нь Т.Алтанхуягт 2017 оны 04 сарын 25-ны өдөр 60,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл Т.Алтанхуяг нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгч ажлаа орхин явсан юм. Тэрээр 2018 оны 5, 6, 7, 8, 9 саруудад тус тус 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 57,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Ривер бэйкери ХХК-ийн зүгээс 2018 оны 11 сарын 20-ны өдөр 95 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг иргэн Т.Алтанхуягт хүргүүлсэн ба тэрээр уг бичгийг 2018 оны 11 сарын 21-ний өдөр өөрийн биеэр ирж авч баримт хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зурсан болно. Тэрхүү албан бичгээр бид Т.Алтанхуягийг мөнгөө төлөхийг шаардсан ба төлөөгүй тохиолдолд шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн болно. Ийнхүү мэдэгдсэн ч тэрээр мөнгөө төлөөгүй. Тиймээс контракт гэрээний 2.7, 6.3 болон 2018 оны 04 сарын 25-ны өдрийн контрактад өөрчлөлт оруулах тухай 01/02 тоот гэрээний 1.1, 1.3-т заасны дагуу хариуцагчаас 57,500,000 төгрөг болон хүү 26,709,486 төгрөг, нийт 84,209,486 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Би дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Ривер бэйкери ХХК-тай хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож хөдөлмөрийн болон контракт гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсанаар ямар нэгэн урьдчилгаа төлбөр огт хүлээн аваагүй. Гэтэл гэрээ байгуулаагүй, мөнгө төлөөгүй Ривер бэйкери ХХК шүүхэд хандаж гэрээний үүрэг, төлбөрийн үүрэг шаардсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй этгээд болох Ривер бэйкери ХХК-ийн шүүхэд гаргасан 57,500,000 төгрөгийг, 26,709,486 төгрөгийн хүүгийн хамт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Миний бие 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 01/02 тоот контракт гэрээг Ривер китчен ХХК-тай байгуулж тус компанид ажиллахаар харилцан тохиролцсон. Улмаар контракт гэрээний 2.7 дугаар зүйлд заасны дагуу 60,000,000 төгрөгийн урамшуулалт цалинг урьдчилгаа болгон ажил олгогч Ривер китчен ХХК-иас хүлээн авсан. Ривер китчен ХХК-иас 2017 оны 04 сарын 25-ны өдөр шилжүүлэн авсан 60,000,000 төгрөг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан урамшуулал юм. Контракт гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Компани нь менежерийг энэ гэрээгээр тохирсон цалин хөлс, шагнал урамшууллыг олгох ба ажлын үр дүнг харгалзан олгох шагнал урамшууллын асуудал нь энэхүү гэрээний тав-д заасны дагуу зохицуулагдана, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Менежер нь энэ гэрээний дагуу тохирсон цалин хөлс, ажлын үр дүнгээс хамаарах шагнал урамшууллыг компаниас авах эрхтэй, 5 дугаар зүйлийн 5.3-т Жилийн ажлын үр дүнг харгалзан олгох урамшууллаас менежерт орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд зориулан урьдчилж олгосон, гэрээний 2.5-д заасан урьдчилгаанаас суутган, хувь тэнцүүлэн суутган тооцно гэснээс дээрх төлбөр нь урамшуулал болох нь тодорхой харагддаг. Харин урамшуулал цалинг тооцох аргачлал нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.7, 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу дараах байдлаар тодорхойлогдож байна. Контракт гэрээний 1.3 дугаар зүйлийн дагуу гэрээ 8 жил буюу 96 сарын хугацаатай байгуулагдсан тул сар бүр урамшууллыг тэнцүү хуваарилахад нэг сарын суутган тооцох урамшуулал 625,000 төгрөг болно. Ажилтан 2017 оны 04 сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл 18 сарын хугацаанд ажилласан тул 11,250,000 төгрөгийн урамшууллыг суутгуулсан. 2018 онд 2,500,000 төгрөгийн урамшуулал буцаан төлсөн, ээлжийн амралтын мөнгө 3,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийн урамшуулал суутгуулсан. Ривер китчен ХХК-д зөрүү 42,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч Т.Алтанхуягийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: 11,250,000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, ээлжийн амралтын олговор 2,000,000 төгрөг, үндэслэлгүй суутгал 2,500,000 төгрөг болон Т.Алтанхуягийн нийгмийн даатгалын дэвтрийг хариуцагчаас гаргуулах тухай. Миний бие 2017 оны 04 сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ривер бэйкери ХХК-д ажилласан. Нэхэмжлэгч 96 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал 60,000,000 төгрөгийг ажилд орохдоо Ривер китчен ХХК-аас урьдчилан авсан бөгөөд ажилласан 13 сарын хугацааны урамшуулал 11,250,000 төгрөг болсон. Гэтэл ажил олгогч дээрх урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж дэвтэрт бичилт хийх үүргээ гүйцэтгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэсэн байна. Иймд 11,250,000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Ривер бэйкери ХХК-ийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болж, тооцоо хийхэд Т.Алтанхуяг миний 2019 оны ээлжийн амралтын тооцоог дуусгаж, олговор олгоогүй.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын хавсралт Ээлжийн амралтын олговор тооцох журмын дагуу ажил олгогч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж буй ажилтанд ээлжийн амралтын олговор олгох үүрэгтэй байна. Иймд ээлжийн амралтын олговор 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ажил олгогч нь нэгэнт урамшуулал цалинг урьдчилан олгож, жил бүр суутгахаар тохирсон атлаа миний цалин хөлснөөс 2,500,000 төгрөг суутгасан байдаг. Иймд цалин хөлснөөс үндэслэлгүйгээр суутгасан 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Хариуцагч өнөөдрийг хүртэл миний нийгмийн даатгалын дэвтрийг буцаан өгөхгүй, хууль бусаар барьцаалсан байгаа. Удаа дараа нийгмийн даатгалын дэвтрээ эх хувиар нь авахаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд хариуцагчаас нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Т.Алтанхуягийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ривер бэйкери ХХК, Т.Алтанхуяг нарын хооронд 2017 оны 04 сарын 20-ны өдөр байгуулсан 01/02 гэрээний 2 дугаар зүйлийн 2.7, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 01/02 тоот гэрээний 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд зааснаар Т.Алтанхуягт орон сууц худалдан авахад нь зориулж 60,000,000 төгрөгийг 8 жилийг хугацаатай зээлүүлсэн бөгөөд энэ нь урамшуулал биш юм. Сар бүр 625,000 төгрөгийг Т.Алтанхуяг цалингаасаа суутгуулан төлөх хариу төлбөртэй гэрээ юм. Үүнийг урамшуулал гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Ээлжийн амралтын олговрын 2,000,000 төгрөгийн тухайд Т.Алтанхуяг хэрхэн яаж тооцож 2,000,000 төгрөг нэхэмжилж буй нь тодорхойгүй буюу үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Ривер бэйкери ХХК нь амралтын олговрыг тооцож нийгмийн даатгалын тайланд тусгасан. Т.Алтанхуяг нь 2018 оны 5 сараас 2018 оны 10 сарын хооронд үндсэн зээлийн хүүнд өөрөө зөвшөөрөн цалингаасаа суутгуулж байсан. Хэрэв үүнийг үндэслэлгүй гэж үзэж байсан бол 2018 оны 5 сараас хойш шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй өнөөг хүрсэн бэ гэдэг асуулт байна. Нийгмийн даатгалын дэвтрийн тухайд тухайн ажилтан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа ажлаа хүлээлгэн өгч тойрох хуудсаа зуруулан тооцоогоо дуусгах ёстой бөгөөд манай зүгээс түүнд нийгмийн даатгалын дэвтрийг өгөхөөс татгалзаж байсан удаа байхгүй болно гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/01608 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Алтанхуягаас 75,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ривер бэйкери ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,159,486 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан хариуцагч Т.Алтанхуягийн 11,250,000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг нэхэмжлэгчид даалгах, ээлжийн амралтын олговор 2,000,000 төгрөг болон үндэслэлгүй суутгал 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ривер бэйкери ХХК-иас Т.Алтанхуягийн нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулж хариуцагч Т.Алтанхуягт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ривер бэйкери ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578,997.43 төгрөгийг болон хариуцагч Т.Алтанхуягийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Алтанхуягаас 533,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ривер бэйкери ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1676 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/01608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.29-ний өдрийн 101/ШШ/2019/01608 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.13-ны өдрийн 1676 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдсээр байтал баримт нотолгоогүйгээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэнд дараах үндэслэлүүдээр гомдолтой байна. Үүнд:

1. Бичгээр байгуулагдаагүй зээлийн гэрээнд хүү тооцсон. Иргэний хуулийн 282 зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хүү тооцох эрхийг маш тодорхой зохицуулсан. Шүүхээс хавтаст хэргийн 6-7 талд авагдсан 2017 оны 04 сарын 20-ны өдрийн Контракт гэх гэрээг хэргийн оролцогчдын хооронд байгуулагдаагүй гэрээ болохыг аль аль шатанд тогтоосон. Өөрөөр хэлбэл, дээрх бичгэн гэрээ нь хариуцагч Т.Алтанхуяг, гуравдагч этгээд Ривер китчен ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ болохыг тогтоосон атлаа, энэ гэрээг үндэслэн нэхэмжлэгч Ривер бэйкери ХХК-д хүү олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Шүүхээс хэдийгээр дээрх гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч шилжүүлэн авсан гэж дүгнэсэн боловч хавтаст хэргийн 8-р хуудас дахь Контрактад өөрчлөлт оруулах гэрээ, 9-р хуудас дахь Өр төлбөр барагдуулах гэрээ-ний алинд ч дээрх 2017 оны 04 сарын 20-ны өдрийн Контракт гэрээ-ний гуравдагч этгээдийн шаардах эрхийг, нэхэмжлэгчид шилжүүлсэн тухай үг, өгүүлбэр байхгүй. Нэгэнт бичгээр Зээлийн гэрээ байгуулаагүй байхад шүүхээс хүү тогтоосон дээрх үйлдэл нь хуулийг ноцтой зөрчсөн, хэрэглэвэл зохих хууль буюу Иргэний хуулийн 282.3-р зүйлийг хэрэглээгүй үйлдэл болжээ.

2. Хүүгийн хэмжээг шүүхээс дур мэдэн тогтоосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын дагуу 57,500,000 төгрөгийг 2017 оны 04 сарын 20-ны өдрийн арилжааны банкнуудын бизнесийн зээлийн дундаж хүүгээр тооцон, хариуцагчаас шаардсан. Гэтэл шүүхээс хавтаст хэргийн 98-р талд авагдсан 2019 оны 05 сарын 28-ны өдрийн Б-10/652 тоот албан бичигт дурдсан жилийн 16,2 хувийн хүүгээр тооцож, нийт 17,550,000 төгрөгийн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Монгол банкны дээрх албан бичигт дурдсан зээлийн хүү нь Монгол банкнаас арилжааны банкнуудад олгосон зээлийн хүү болохоос, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан арилжааны банкнуудын бизнесийн зээлийн дундаж хүү огт биш юм. Иймээс, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй, зээлийн хүүгийн хэмжээг дур мэдэн тогтоож, хариуцагчийг хохироосонд туйлын гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс дээрх тогтоосон хүүгийн талаар хариуцагч анхан шатны шүүхэд маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Гэтэл хариуцагч хүүг огт хүлээн зөвшөөрөлгүй, хүүгийн талаар маргаж байсан бөгөөд, нэхэмжлэгчийн зүгээс ч нэхэмжлэлийн шаардлагадаа тохирсон хүүг баримтаар тогтоолгох тухай хүсэлтээ удаа дараа тавьж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагддаг.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдааны өдөр буюу 2019 оны 05 сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 38-р зүйлийн 38.9-д заасан хүсэлтийг тус тус гаргасан. Гэтэл шүүхээс тухайн хүсэлтүүдийг хангалгүй орхисон бөгөөд, хариуцагчийн ИХШХШТХ-ийн 170-р зүйлд заасан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргах хүсэлтэй болохоо шүүх захирамж танилцуулмагц илэрхийлсэн боловч шүүхээс захирамжид гомдол гаргах зохигчийн эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэнд туйлын гомдолтой байна. Шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1, 38.9-д заасан хүсэлтүүдийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 123-р зүйлийг удирдлага болгосон захирамж /хх-124 тал/ гаргаснаараа хариуцагчийн 170-р зүйлд заасан гомдол гаргах эрхийг хөндөх үндэслэл болохгүй. Шүүхээс Зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн гуравдагч этгээд болох Ривер китчен ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа нь тус хэргийг шийдвэрлэх, гуравдагч этгээд оролцуулах эсэхийг тогтооход голчлох нотлох баримт байсан боловч шүүхээс баримт гаргуулах хүсэлтийг хангалгүй орхиод зогсохгүй, баримтын талаар гомдол гаргах эрхэд ноцтой халдсанд, давж заалдах шатны шүүхээс энэ хууль бус шийдвэрийг хэвээр үлдээсэнд туйлын гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.29-ний өдрийн 101/ШШ/2019/01608 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.13-ны өдрийн 1676 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Ривер бэйкери ХХК нь хариуцагч Т.Алтанхуягт холбогдуулан  2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01/02 дугаар Контракт гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд нь зориулж олгосон 60,000,000 төгрөгийн үлдэгдэл 57,500,000 төгрөг, хүү 26,709,486 төгрөг, нийт 84,209,486 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тус компанитай хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ороогүй, харин Ривер китчен ХХК-д 42,000,000 төгрөг төлөхөд татгалзахгүй гээд, ээлжийн амралтын олговор 2,000,000 төгрөг, үндэслэлгүй суутгасан 2,500,000 төгрөг гаргуулах, ажилласан 18 сарын хугацааны 11,250,000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэх, нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар нь гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /хх-21,48/

Анхан шатны шүүх хариуцагч Т.Алтанхуягаас 75,050,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ривер бэйкери ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 11,250,000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг нэхэмжлэгчид даалгах, ээлжийн амралтын олговор 2,000,000 төгрөг болон үндэслэлгүй суутгал 2,500,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ривер бэйкери ХХК-аас Т.Алтанхуягийн нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгээс хангах үндэслэлтэй байна.

1. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан Ривер бэйкери ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай №04, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Контрактын гэрээг цуцлах тухай №166 тушаал, хариуцагчийн Ривер бэйкери ХХК-д гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өргөдөл, Т.Алтанхуягийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, зохигчийн тайлбарыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д нийцжээ. /хх-62,51,11/

2. Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.

Хэргийн баримтаар хариуцагч Т.Алтанхуяг нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдөлдөө 10 дугаар сарын 19-ний өдрөөр чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн, Ривер бэйкери ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 166 тоот тушаалаар хариуцагчийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-11,44,50/

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа ажилтны санаачилгаар дуусгавар болсон байх тул ажилтан Т.Алтанхуяг нь ажил олгогчоос 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан 60,000,000 төгрөгийн төлөгдөөгүй хэсгийг буцаан төлөх үүрэгтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01/02 тоот контракт гэрээгээр ажил олгогч нь хариуцагчийг орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь зориулж 60,000,000 төгрөгийг олгох, 8 жилийн хугацаанд ажлын үр дүнгээс хамааран олгох урамшууллаас хувь тэнцүүлэн суутган уг мөнгийг барагдуулахаар тохиролцсоны дагуу хариуцагч 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 60,000,000 төгрөгийг авсан байна. /хх-6-10,22-23,32/

Хариуцагч дээрх 60,000,000 төгрөгийг ажлын үр дүнгээс хамаарч олгох урамшуулал байсан гэж тайлбарлах боловч талуудын хооронд байгуулагдсан контрактад ...ажлын үр дүнгээс хамааран олгох урамшууллаас хувь тэнцүүлэн суутган уг мөнгийг барагдуулахаар тохиролцсон, түүнчлэн өөрчлөлт оруулахдаа ажилтан цалингаасаа сар бүр 625,000 төгрөгийг суутгуулан төлөхөөр зөвшөөрсний дагуу 2,500,000 төгрөгийг буцаан төлсөн байх тул энэ мөнгийг ажил олгогчоос ажилтанд олгосон урамшуулал гэж үзэхгүй.

Зохигчдын хооронд хийгдсэн контрактын гэрээ, түүнд оруулсан өөрчлөлт, өр төлбөр барагдуулах гэрээ гэсэн хэлцлүүдийг мөнгө шилжүүлсэн болон буцаан төлөлт зэрэг үйл баримттай харьцуулсны үндсэн дээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасныг зөрчөөгүй байна.

Дээрх 60,000,000 төгрөгийг Т.Алтанхуяг сар бүр 625,000 төгрөгөөр тооцон 8 жилийн хугацаанд төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн, тэрээр ажиллах хугацаандаа 2018 оны 5-9 сард нийт 2,500,000 төгрөгийг ажил олгогчид буцаан төлсөн, ажлаас гарсан боловч 57,500,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байна. Ривер бэйкери ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 95 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг Т.Алтанхуяг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр авч, баримт хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зурсан тухай баримт хэрэгт авагджээ.

Хариуцагчаас үлдэгдэл 57,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг зөрчөөгүй, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан контракт гэрээний 2.7, 6.3 болон 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өөрчлөлт оруулах тухай 01/02 тоот гэрээний 1.1, 1.3-т заасны дагуу хариуцагчаас хүү 26,709,486 төгрөг гаргуулахаар шаардсан ба хүү тооцсон үндэслэлээ ...хэрэв гэрээг хугацаанаас өмнө цуцлах, дуусгавар болгох тохиолдолд мөнгө шилжүүлэх үед мөрдөгдөж байсан арилжааны банкнуудын бизнесийн зээлийн дундаж хүү, гэрээ дуусгавар болох үеийн дундаж хүү хоёрын аль өндрөөр тооцож, мөнгийг хүүгийн хамтаар компанид эргүүлэн төлөхөөр тохирсон гэж тайлбарласан байна.

Хоёр шатны шүүх ...талууд гэрээгээр өөрсдийн хүлээх үүрэг, эдлэх эрх, бусад нөхцөлийн талаар харилцан хүсэл зоригийг илэрхийлсэн, гэрээний харилцаа дуусгавар болсон тул хариуцагч Т.Алтанхуягийг зээлийн хүүг төлөх үүрэгтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Харин төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл 57,500,000 төгрөгт хүү тооцохдоо хариуцагчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон 2018.10.19-ний өдрийн арилжааны банкны төгрөгийн хүү болох 1.35 хувиар тооцсон нь үндэслэлтэй боловч мөнгийг анх хүлээн авсан 2017.04.25-ны өдрөөс тооцсон нь учир дутагдалтай байна.

Хариуцагч ажил олгогчоос авах цалингаасаа төлбөрийг сар бүр тогтсон хэмжээгээр, хүүгүй төлөхөөр тохирсон байх тул ажилтны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон өдрөөс зээлийн хүүг тооцох нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т нийцэх тул 2018.10.20-ны өдрөөс тооцоход 3,881,250 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэн, хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хоёр шатны шүүх ажилтан эрх зөрчигдсөн талаарх гомдлоо хуульд заасан журмын дагуу гаргаагүй тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийж, 11,250,000 төгрөгийн урамшуулалд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах, ээлжийн амралтын олговор 2,000,000 төгрөг, үндэслэлгүй суутгасан гэх 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин нийгмийн даатгалын дэвтрийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байна.

6. Хэргийн баримтаас үзэхэд Ривер бэйкери ХХК нь Ривер китчен ХХК-аас авах 60,000,000 төгрөгийн авлагыг Т.Алтанхуягтай байгуулсан контракт гэрээний дагуу түүний Хаан банкны 5034267834 тоот данс руу 2017.04.25-ны өдөр шилжүүлүүлсэн, нэхэмжлэгч нь дээрх 60,000,000 төгрөгийн авлагаа Т.Алтанхуяг руу шууд шилжүүлэх талаар Өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан байх тул ...хариуцагч Т.Алтанхуяг, гуравдагч этгээд Ривер китчен ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ болохыг тогтоосон атлаа, энэ гэрээг үндэслэн нэхэмжлэгч Ривер бэйкери ХХК-д хүү олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. /хх-6-10/

Түүнчлэн ...нэхэмжлэгч 57,500,000 төгрөгийг 2017.04.20-ны өдрийн арилжааны банкнуудын бизнесийн зээлийн дундаж хүүгээр тооцон, хариуцагчаас шаардсан. Гэтэл шүүхээс 2019.05.28-ны өдрийн Б-10/652 тоот албан бичигт дурдсан жилийн 16,2 хувийн хүүгээр тооцож, ...зээлийн хүүгийн хэмжээг дур мэдэн тогтоож, хариуцагчийг хохироосон гэсэн гомдлыг хангахгүй. Дээрх албан бичгээс үзэхэд 2017.04.25-ны байдлаар жилийн хүү 18,8%, харин 2018.10.19-ний байдлаар 16,2% гэж арилжааны банкуудын хүүгийн дундаж хэмжээний талаар лавлагаа ирүүлсэн ба шүүх хүүг тооцохдоо бага хэмжээг сонгосныг хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

7. Энэ тогтоолын 4-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, төлөгдөөгүй үлдсэн 57,500,000 төгрөг, хүү 3,881,250 төгрөг, нийт 61,381,250 төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, гомдлоос зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1676 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/01608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2-т заасныг баримтлан хариуцагч Т.Алтанхуягаас 61,381,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ривер бэйкери ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,828,236 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтын 533,200 төгрөг гэснийг 464,856 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 324,450.00 /гурван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН