Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 156/ШШ2019/00178

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 156/ШШ2019/00178

 

 

Хэнтий аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2019/00046/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

................................. байрлах, Т-ын нэхэмжлэлтэй,

 

 З.Т холбогдох,

 

хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний санхүүжилтийн 1 932 818 540 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Д.У (онлайнаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...хариуцагчтай 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг-г байгуулсан юм.

Энэ гэрээнд хариуцагч Хэнтий аймгийн төвд баригдаж байгаа .......... орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээг барьж ашиглалтад оруулахад нэхэмжлэгч Т нь тус гэрээний 3.1-д үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэх орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний ажлыг 1 670 167 536 төгрөгөөр гүйцэтгүүлэх бөгөөд төлбөрийг баталсан хуваарийн дагуу гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж заасны дагуу баталсан хуваарийн дагуу 1 670 167 536 төгрөгийн санхүүжилтийг бүрэн хийсэн.

Дээрх санхүүжилтийн эх үүсвэр нь Засгийн газрын үнэт цаасыг арилжаалан бүрдүүлсэн хөрөнгө буюу Хөгжлийн банкаар дамжуулан жилийн 7 хувийн хүүтэй авсан зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр шийдвэрлэсэн бөгөөд өөрөөр хэлбэл улсын төсвийн зардалд тусгагддаг, эргэн төлөгдөх нөхцөлтэй төсвийн хөрөнгө юм.

Тухайн ......... тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 3.2-т үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн санхүүжүүлсэн дүнг 2016 оны улсын төсөвт суулгах, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна, 4.3-т Үүрэг гүйцэтгэгч нь санхүүжүүлсэн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах замаар эргэн төвлөрүүлэх байдлаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор буцаан төвлөрүүлнэ гэж заасны дагуу гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг 2 жил гаруй хугацаанд удаа дараа шаардсан боловч хариуцагч З.Т нь өнөөдрийг хүртэл тус санхүүжилтийн эргэн төлөлтийг огт барагдуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан ... үүргээ зөрчсөний улмаас үүссэн төлбөр болох талуудын байгуулсан ...... тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний санхүүжилтийн төлбөр болох 1 670 167 536 төгрөг, байгууллагад учирсан хохирол болох Хөгжлийн банкны зээлийн хүүгийн төлбөр 262 651 000 төгрөг, нийт 1 932 818 540 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү... гэжээ. (хх-ийн 1-2 тал)

 

Хариуцагч З.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын ............ хорооллын амины орон сууцны гадна дулаан бохир усны инженерийн дэд бүтэц, шугам сүлжээнд шаардлагатай 1670,2 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Т-тай төрийн өмчит үйлдвэрийн газраас түр санхүүжүүлж тус хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгахаар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ..... дугаартай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулсан.

Гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан үүргийн дагуу санхүүжилт хийсэн эх үүсвэрийг улсын төсөвт суулгахаар Ж.О, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн............дугаартай албан бичгээр,  Н.Г 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ........, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ............ дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа хүсэлтүүдийг хүргүүлсэн юм.

Санхүүжилтийг улсын төсөвт сууж батлаагүйн улмаас Т-д олгох санхүүжилтийг төлөлт удаашралтай нөхцөл байдалд хүрээд байна.

Цаашид дээрх санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган батлуулах хүсэлтийг Монгол улсын ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монгол улсын сайд Л.О болон холбогдох яамдын сайдуудад хүргүүлж ажиллах болно.

Дээрх 1670,2 сая төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломж аймгийн орон нутгийн төсөвт байхгүй, мөн гэрээний 4.5, 5.3-т заасны дагуу шугам сүлжээг санхүүжүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг төлсний дараа шугам сүлжээг ашиглах эрх үүсэхээр зохицуулсан, гэрээнд хүү алданги тооцох талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн хүүгийн төлбөр 262.651.004 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй.... (хх-ийн 39-40 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т нь хариуцагч З.Т-с хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний санхүүжилтийн 1 932 818 540 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гэрээнд заасан үүргийн дагуу санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгахаар холбогдох яаманд удаа дараалан хандсан боловч санхүүжилт ороогүй, зээлийн хүүгийн 262 651 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т нь З.Т-тай, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг бичгээр байгуулж... тус аймгийн төвд баригдаж байгаа .......... орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний ажилд шаардлагатай 1.670.167.536 төгрөгийг нэхэмжлэгч талаас санхүүжүүлэх, хариуцагч нь ... гадна инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрөл ... бусад шаардлагатай туслалцаа ... үзүүлэх, нэхэмжлэгчээс шийдвэрлэсэн эх үүсвэрийг улсын төсөвт суулгуулахаар харилцан тохиролцсон байна.

Гэрээний 3.2-т зааснаар ... үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн санхүүжүүлсэн дүнг 2016 оны улсын төсөвт суулгах, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж хугацаа заажээ. (хх-ийн 5-6 тал)

Энэхүү хамтран ажиллах гэрээ болон үйл баримтын талаар талууд маргаагүй юм.

Талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлцгээж гарын үсэг зурцгаасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д бичгээр хийх хэлцлийг... талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол хийсэн гэж үзнэ, 476 дугаар зүйлийн 476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасантай нийцэж байна.

Тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан: ашиг олох болон бусад тодорхой зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний талуудын хэн нэг үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний 2.1, 3.1-д зааснаар нэхэмжлэгч тал нь: инженерийн шугам сүлжээнд шаардлагатай 1.670.167.536 төгрөгийн санхүүжилтийг хариуцагч талд шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. (хх-ийн 1-3 тал)

Энэ талаар талууд маргалдаагүй болно.

Хариуцагч тал нь гэрээний 4.3-т заасан үүрэг гүйцэтгэгч нь санхүүжүүлсэн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах замаар эргэн төвлөрүүлэх байдлаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор буцааж төвлөрүүлнэ гэснийг зөрчиж үүргээ биелүүлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 39 тал) зэрэг ... хэрэгт авагдсан буюу бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Э.М, Л.Б нарт 2019 оны 04 дүгээр сарын 08, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хэргийн материалыг танилцуулж, хурлын товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. (хх-ийн 63, 72 тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь тэднийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгүүлэх хүсэлтийг бичгээр шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан зохигчдын тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг шийдэв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч З.Т-т 1.932.818.540 төгрөгийг гаргуулж Т-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч З.Т-аас 4.911.02135 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЦЭРЭНДУЛАМ