Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/03248

 

 

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр Дугаар 101/ШШ2019/03248 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХХХХ тоот, ХХХХ-ийн /РД: ХХХХ/

Хариуцагч: ХХХХХХ тоотод Б.Урт /РД: ХХХХХХХХХХХХ/ холбогдох

ХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.У-н орон сууцны зөрүү 38.733.489 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Дүүрэнбилэг нь Капитал банктай 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ЗГ-93 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулан 66.500.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 30 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд мөн өдрийн БГ-93 тоот барьцааны гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг уг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан.

Дээрхи барьцаанд бүртгэгдсэн орон сууц нь иргэн Тайж овгийн Батбаярын Ганзоригийн өмч байсан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1807 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Хосцэцэгээс 56.047.418 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 219.093,5 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож шийдвэрлэсэн байдаг.

Төлбөр төлөгч Б.Хосцэцэг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул төлбөр авагч Капитал банк барьцаа хөрөнгө болох дээрхи орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу дээрхи барьцаа хөрөнгө болох орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн саналыг авсан байдаг.

Төлбөр төлөгч Б.Хосцэцэг нь барьцаа хөрөнгө болох орон сууцны үнийн саналыг 95.000.000 төгрөг гэж өгсөн ба үүнийг нь төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн.

Б.Хосцэцэгийн ах Б.Ганзориг, Б.Ганзоригийн ах гэх Б.Уламбаярын найз Б.Цог нар нь удаа дараа ажил дээр маань ирж гуйсаны үндсэн дээр би ххххххххххххх тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгч Б.Ганзоригтой худалдах, худалдан авах гэрээ байгуулан 95.000.000 төгрөгөөр худалдан авсан.

Ингэж авахдаа Б.Ганзориг, Б.Цог нартай дээрхи орон сууцны зээлийг миний бие төлж байх хугацаанд 2018 онд зээлийн үлдэгдэл болон нийт төлсөн төлбөрийг бүрэн төлж тухайн зээлийг бүрэн хааж төлөөгүй тохиолдолд уг орон сууцыг миний өмчлөлд бүрэн шилжүүлэхээр, мөн зээл гарснаас хойш төлбөрөө бүрэн төлж дуусгах хугацаанд тухайн байрыг зах зээлийн дундаж ханш болох сарын 600.000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр аман хэлбэрээр харилцан тохиролцсон.

Миний бие өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлөлтийг цаг тухайд нь төлж байгаа бөгөөд үндсэн зээл болон зээлийн хүүнд нийтдээ 20 гаруй сая төгрөгийн төлөлтийг хийсэн бөгөөд зээл маань хэвийн төлөлттэй байгаа.

Иймд миний өмчлөлийн хххххххххххххххтоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцанд амьдарч байгаа иргэн Б.Уламбаярыг өмчлөлийн маань орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Уламбаяр шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Уламбаяр нь өөрийн өмчлөлийн хххххххххххххххтоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө орон сууцыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дүү Б.Ганзоригийн өмчлөлд түр шилжүүлсэн байх үед найз Б.Цог гэгч нь хамтарч бизнес хийх, хөрөнгө босгох нэрийдлээр Капитал банкнаас Б.Хосцэцэгийн нэрээр зээл авахуулахдаа зээлийн барьцаанд дээрх орон сууцыг барьцаалсан.

Уг зээлийн мөнгийг Б.Цог авч ашигласан бөгөөд зээл авах үед тэрээр зээлийн төлбөрийг би төлнө, санаа зоволтгүй гэсэн хэдий ч зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1807 дугаар шийдвэрээр Б.Хосцэцэгээс 56.047.418 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар болсонтой холбоотойгоор орон сууцыг Э.Дүүрэнбилэгийн өмчлөлд шилжүүлж, зээлийн төлбөрийг Б.Цог төлөхөөр тохиролцсон.

Б.Уламбаяр нь Б.Цог түүнийг орон байргүй болгохгүй байх гэж итгэж байсан учир зээлийн төлбөрийг төлж байгаа гэхэд нь үнэмшиж өдий хүрсэн.

Б.Хосцэцэгийн нэрээр авсан зээлийн мөнгийг авч ашигласан Б.Цог нь нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгтэй найз нөхдийн холбоотой, тэрээр зээлийг авах үед Капитал банкинд албан тушаал хашиж байсан учир зээлийг авахтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцож, зээлийг бусдын нэрээр авах, эд хөрөнгийг барьцаалах үйл ажиллагааг зохион байгуулж Б.Хосцэцэгийн нэрээр авсан зээлийн гэрээг ашиглан мөн Капитал банкнаас 10.000.000 төгрөгийг нэмж зээлж аваад Б.Цогтой хуваан авч ашигласан байсан.

Э.Дүүрэнбилэг нь хуулийн мэдлэггүй байдлыг далимдуулан Б.Цогтой хуйвалдан шүүхийн шийдвэр гаргуулж орон сууцыг өмчлөлдөө шилжүүлсэн болох нь түүний нэхэмжлэлдээ Б.Ганзориг, Б.Цог нартай дээрхи орон сууцны зээлийг миний бие төлж байх хугацаанд 2018 онд зээлийн үлдэгдэл болон нийт төлсөн төлбөрийг бүрэн төлж тухайн зээлийг бүрэн хаах, төлөөгүй тохиолдолд орон сууцыг миний өмчлөлд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно гэснээр нотлогдоно.

Мөн Э.Дүүрэнбилэг нэхэмжлэлдээ зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгах хугацаанд тухайн байрыг сарын 600.000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр аман хэлбэрээр тохирсон гэдэг нь үндэслэлгүй зүй бөгөөд Б.Уламбаяртай ийм зүйлийн талаар яриагүй, тохироогүй.

Э.Дүүрэнбилэг орон сууцыг 95.000.000 төгрөгөөр худалдан авсан гэдгээ нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн тул шүүхийн шийдвэрээр төлөгдсөн мөнгийг хасаад зөрүүг Б.Уламбаярт өгсөн бол шударга болох байсан. Гэвч зөрүү мөнгө төгрөг өгөөгүй.

Э.Дүүрэнбилэг, Б.Цог нарын дээрхи үйл ажиллагаа, гэр оронгүй болох нь гэсэн байнгын айдсаас болж сэтгэл гутралд орж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг биш удаа хэвтэн эмчлүүлснийг далимдуулан сэтгэцийн өвчтэй болсон мэтээр үзэх болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг дээрхи үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Б.Уламбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Уламбаяр нь өөрийн өмчлөлийн хххххххххххххххтоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө орон сууцыг дүү Б.Ганзоригийн нэр дээр түр шилжүүлсэн үед түүний найз Б.Цог нь хамтарч бизнес хийх, хөрөнгө босгох нэрийдлээр Капитал банкнаас Б.Хосцэцэгийн нэрээр зээл авахдаа зээлийн барьцаанд уг орон сууцыг барьцаалсан.

Зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1807 дугаар шийдвэрээр Б.Хосцэцэгээс 56.047.418 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгож шийдвэрлэсэн.

Дээрхи шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад Э.Дүүрэнбилэг барьцаанд бариулсан орон сууцыг 95.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг Б.Ганзоригтой байгуулж шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 56.266.665 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Капитал банкинд төлж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч зөрүү мөнгийг төлөөгүй.

Иймд Э.Дүүрэнбилэгээс орон сууцны зөрүү мөнгө болох 38.733.489 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Дүүрэнбилэг миний бие иргэн Б.Ганзоригтой 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан хххххххххххххххтоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг худалдан авсан.

Гэтэл хариуцагч Б.Уламбаяр нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг дүү гэх Б.Ганзоригийн нэр дээр түр шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй болох нь миний шүүхэд гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдоно.

Мөн бизнес хийх зорилгоор зээлийн барьцаанд иргэн Б.Цогийн хамтаар Б.Хосцэцэгийн нэрээр зээл авсан, зээлээ төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гаргуулсан гэх бөгөөд энэ асуудал нь иргэд хоорондын хувийн асуудал болно.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1807 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Хосцэцэгээс 56.047.418 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 219.093 төгрөгийн хамт гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагч Б.Хосцэцэг үл биелүүлсэн тул төлбөр авагчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Иргэн Б.Уламбаяр, Б.Ганзориг, Б.Цог нар удаа дараа гуйсаны эцэст миний бие дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөгчийн өгсөн үнийн санал болох 95.000.000 төгрөгөөр худалдан авсан ба Капитал банкнаас 66.500.000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл авсан.

Капитал банк надтай байгуулсан гэрээний дагуу иргэн Б.Ганзоригийн эзэмшлийн Капитал банк дахь 00000000000 тоот төгрөгийн дансанд зөрүү мөнгө болох 10.500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн бөгөөд хэрэгт дансны хуулга нотлох баримтаар авагдсан байгаа.

Б.Уламбаяр нэхэмжлэлдээ зөрүү мөнгийг өгөөгүй, зөрүү мөнгийг гаргуулна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь нэхэмжлэгч Б.Уламбаяр тухайн байрны өмчлөгч биш, ерөөсөө уг байрны өмчлөгч байгаагүй бөгөөд миний бие тухай байрыг өмчлөгч Б.Ганзоригтой байгуулсан гэрээний дагуу худалдан авсан, Капитал банкны зүгээс зөрүү мөнгийг дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч талын дансанд шилжүүлсэн.

Худалдагч тал болох Б.Ганзориг тухайн үед санхүүгийн хүндрэлтэй байгаа тул дараа нь өгөх тохиролцоотойгоор миний бие үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны 2 хувийн татвар болох 1.800.000 төгрөгийг төлсөн. Төлсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан болно.

Мөн худалдагч тал болох Б.Ганзориг, Б.Цог нартай миний өмчлөлд шилжсэн орон сууцны үнийг 2018 оны 12 дугаар сард төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлж барагдуулах хугацаанд тухайн байрыг зах зээлийн хамгийн бага ханш болох 600.000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр, Өндөр Заяа ХХК-иас 80.015.000 төгрөг гаргуулан Ган Хаш трейд ХХК-д олгосон шийдвэр биелэгдэхэд уг шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд банкинд төлсөн мөнгөө би уг Ган Хаш трейд ХХК-д олгосон мөнгөнөөс аваад орон сууцны өмчлөх эрхийг БУламбаярт шилжүүлэхээр Б.Цогтой тохирсон байсан. Мөн түрээсийн төлбөрийг шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд би авахаар тохирсон байсан.

Б.Цог нь Ган хаш трейд ХХК-ийн захирал болно.

Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд миний өмчлөлийн орон сууц нь Б.Уламбаярын эзэмшил, ашиглалтанд байгаа бөгөөд харилцан тохиролцсоны дагуу өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг тооцоход сарын 600.000 төгрөг, 34 сарын 20.400.000 төгрөг болно. Энэ нь өнөөдрийн байдлаар зах зээлд байхгүй ханш бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 21-ний байдлаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 56 дугаар байр болон тэр орчмын түрээсийн төлбөр нь нөхцөлүүдээсээ төлбөрийг улирлаар, хагас жилээр, жилээр, тавилгатай, тавилгагүй зэргээс хамаараад 700.000-1.000.000 төгрөгийн ханштай байна.

Миний бие өнөөдрийг хүртэл Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу сар бүр 487.000 төгрөг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа.

Иймд хариуцагч Б.Уламбаярын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг нь хариуцагч Б.Уламбаярт холбогдуулан хххххххххххххххтоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Б.Уламбаяр нь уг орон сууцны зөрүү 38.733.489 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

хххххххххххххххтоотын 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгч гэх Б.Ганзориг нь уг орон сууцыг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэл хангуулах эрх олгосон итгэмжлэлийг Б.Хосцэцэгт 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 12 сарын хугацаатай олгосон гэжээ.

/ХХ-ийн 24-25, 184 дүгээр тал/

 

Капитал банк нь Б.Хосцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56.047.418,07 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1807 дугаар захирамжаар Б.Хосцэцэг нь 56.047.418,07 төгрөгийг барьцаа болон бусад орлогоос төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгон,

нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 438.187,09 төгрөгөөс 219.093,5 төгрөгийг буцаан гаргуулан, хариуцагч Б.Хосцэцэгээс 219.093,5 төгрөгийг гаргуулан Капитал банкинд тус тус олгон шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 22-23, 177-192 дугаар тал/

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1807 дугаар захирамжийн дагуу Б.Хосцэцэгээс 56.266.523 төгрөг гаргуулан Капитал банкинд олгох шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгө болох хххххххххххххххтоотын 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хураан авчээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Хосцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд барьцаа хөрөнгийг 95.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Капитал банк хүлээн зөвшөөрсөн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1023 тоот тогтоолоор төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хоорондоо тохиролцсон үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгожээ.

/ХХ-ийн 26-33, 177-192 дугаар тал/

 

Э.Дүүрэнбилэг нь хххххххххххххххтоотын 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгч гэх Б.Ганзоригтой 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан дээрхи орон сууцыг 95.000.000 төгрөгөөр худалдан авахаар, гэрээнд зааснаар төлбөрийн 30 хувийг банкны дансанд байршуулан,үлдэх 70 хувийг банкны зээлээр төлөхөөр тохирсон гэжээ.

/ХХ-ийн 84, 98-100, 137-138, 187-200 дугаар тал/

 

Э.Дүүрэнбилэг нь хххххххххххххххтоотын 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор Капитал банктай 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээг 30 жилийн хугацаатай, жилийн 8 хувь, сарын 0.67 хувийн хүүтэй гэрээ байгуулан 66.500.000 төгрөгийг зээлэн зээлийн барьцаанд худалдан авсан уг орон сууцаа барьцаалсан байна.

Тэрээр зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу төлж байгаа нь Капитал банкны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27/215 тоот тодорхойлолтоор тусгагджээ.

/ХХ-ийн 5-19, 34-36, 83-84, 198-224 дүгээр тал/

 

хххххххххххххххтоотын 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Э.Дүүрэнбилэгийн өмчлөлд бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 20, 198 дугаар тал/

 

Батбаярын Ганзориг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

хххххххххххххххтоотын 56.34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь миний авга ах Б.Уламбаярын худалдан авсан байр. Ах маань төмөр оролцуулаад барилгын компаниас авч байсан байр. Асар өргөө ХХК-иас авсан. Л.Зоригт гэж хүнээс уг байрыг над руу 2012 оны 6 сард шилжүүлж байсан. Тухайн үед ах бид 2 Гурвалжингийн зах дээр төмрийн бизнес эрхэлж байсан ба байрыг шилжүүлэн авах үед Б.Уламбаяр ахын бичиг баримт байгаагүй тул ах намайг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих гэсэн.

Би уг байрыг авахад мөнгө төлөөгүй. Уг байранд амьдарч ч байгаагүй.

2014 онд Б.Уламбаяр ахын найз Б.Цог гэх хүн залгаад байрыг барьцаалах гэсэн, чиний бичиг баримт хэрэг болоод байна гэсэн. Би Б.Уламбаяр ахтай ярьсаны үндсэн дээр итгэмжлэл хийж өгсөн. Уг байраа барьцаалаад Капитал банкнаас 56.000.000 төгрөгийн зээл авсан ба уг зээлийг авсан хүн нь Б.Цог, Б.Уламбаяр ах хоёр. Тэд Б.Цогийн дүү Б.Хосцэцэгийн нэрээр зээл авсан.

Үүнээс хойш 1 жил гарангийн дараа Капитал банкинд алдах гээд байна. Чи хүрээд ир гэж Б.Цог хэд хэдэн удаа ярьсан. Би Б.Цог, Э.Дүүрэнбилэг нартай Сансарт уулзсан ба Б.Цог энэ хүнээр зээл гаргуулаад өрөө төлүүлчихье гээд Сансарын тэнд байдаг нотариат дээр очин орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Надад мөнгө өгөөгүй. Байрны зөрүү мөнгө гэж орсоныг одоо л мэдэж байна.

Орон сууцны зээл 2, 3 хоногийн дараа гарсан ба уг мөнгийг шууд Б.Цогд хүлээлгэн өгсөн. Капитал банкинд байрны мөнгийг Б.Цог бид хоёрын хэн нь ч авч болно гэж данс нээлгэсэн байсан.

Тухайн үед Б.Цог 3 сар орчим болгоод байрыг чинь буцаагаад шилжүүлээд өгнө гэж Б.Уламбаяр ахад хэлэхэд ах зөвшөөрсөн гэжээ.

 

Баянзүрх дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилга нь 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56 гэсэн дугаартай болохыг Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлэл, технологийн хэлтсээс бүртгэлийн байгууллагад тодорхойлон хүргүүлсэн бөгөөд уг барилгын ерөнхий ба туслан гүйцэтгэгчээр Асар өргөө ХХК ажилласан нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 211/2011 тоот актаар тогтоогдсон байна.

/ХХ-ийн151-166 дугаар тал/

 

Л.Зоригт болон Б.Ганзориг нар нь 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Б.Ганзориг нь хххххххххххххххтоотын 56.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 5.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх ба мөн өдрөө уг орон сууц Б.Ганзоригийн өмчлөлд бүртгэгджээ.

/ХХ-ийн 171-176 дугаар тал/

 

хххххххххххххххтоотын 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Ганзориг урьд өмнө бүртгэгдсэн хэдий ч уг орон сууцны бодитоор Б.Уламбаярын өмчлөлийнх байсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх бөгөөд Б.Ганзоригийн гэрчийн мэдүүлэгтээ дурьдсан үйл баримтууд бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн орон сууцны хувийн хэргийн хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 150-224 дүгээр тал/

 

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 66.500.000 төгрөгийг Э.Дүүрэнбилэгээс хххххххххххххххтоот орон сууцны үнэ гэсэн агуулгатай шилжүүлсэн ба мөн өдөр нь Б.Цог, Б.Ганзориг нарын Капитал банк дахь 00000000000 тоот харилцах дансанд 10.500.000 төгрөгийг шүүхийн нэхэмжлэлийн зөрүү гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна.

Уг 10.500.000 төгрөгийг мөн өдөр нь буюу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5.500.000 төгрөг болон 5.000.000 төгрөгөөр Б.Цог хүлээн авсан нь 00000000000 тоот дансны хуулгаар тогтоогдсон ба орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Ганзориг болон Б.Уламбаяр нар мөнгө хүлээн аваагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 100 дугаар хуудасны ар тал, 101, 225, 226 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг нь худалдагч тал болох Б.Уламбаяр, Б.Ганзориг, Б.Цог нартай түүний өмчлөлд шилжсэн хххххххххххххххтоот орон сууцны үнийг 2018 оны 12 дугаар сард төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд тухайн байрыг 600.000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр,

Өндөр Заяа ХХК-иас 80.015.000 төгрөг гаргуулан Ган Хаш трейд ХХК-д олгосон шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд банкны зээлэнд төлсөн мөнгийг Ган Хаш трейд ХХК-д олгосон мөнгөнөөс авч орон сууцны өмчлөх эрхийг нь БУламбаярт буцаан шилжүүлэхээр Б.Цогтой тохирсон байсан. Түрээсийн төлбөрийг шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд би авахаар тохирсон байсан тул уг орон сууцны зөрүү гэх 38.733.489 төгрөгийг төлөхгүй гэх боловч түүний тайлбар баримтаар нотлогдоогүй болно.

/ХХ-ийн 130-135 дугаар тал/

 

Хариуцагч Б.Уламбаяр нь өөрийн өмчлөлийн хххххххххххххххтоот орон сууцыг Б.Цогийн хамт бизнес хийх зорилгоор Капитал банкинд барьцаалан иргэн Б.Хосцэцэгийн нэрээр зээл авсан тухайгаа хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан ба түүний тайлбар нь мөн Б.Ганзоригийн гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг нь худалдагч тал болох Б.Ганзориг, Б.Цог нартай түүний өмчлөлд шилжсэн хххххххххххххххтоот орон сууцны үнийг буюу түүний нэрээр банкнаас авсан зээлийг Б.Цог, Б.Уламбаяр нар 2018 оны 12 дугаар сард төлж дуусна гэж байсан боловч тохиролцоондоо хүрээгүй, биелэгдэхгүй болох нь тодорхой болсон гэх үндэслэлээр өөрийнхөө өмчлөлд бүртгэгдсэн орон сууцыг Б.Уламбаярын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардахад хариуцагч Б.Уламбаяр нь орон сууцны зөрүү үнэ 38.733.489 төгрөгийг шаарджээ.

 

Тухайн орон сууц нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгийн өмчлөлд бүртгэгдэн шилжсэнийг хариуцагч Б.Уламбаяр хүлээн зөвшөөрч түүнээс уг орон сууцныхаа үнийг зөрүүг шаардаж байх ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасныг баримтлан хххххххххххххххтоот орон сууцыг хариуцагч Б.Уламбаярын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1807 дугаар захирамжаар Б.Хосцэцэг нь Капитал банкинд зээлийн төлбөр 56.047.418,07 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 219.093,5 төгрөг, нийт 56.266.511,57 төгрөгийг төлөх болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд худалдан авагч Э.Дүүрэнбилэг нь орон сууцны үнийн зөрүүг хариуцагч буюу өмчлөгч байсан Б.Уламбаярт төлөх үүрэгтэй болно.

95.000.000 төгрөг-56.047.418 төгрөг -219.093 төгрөг=38.733.489 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгээс 38.733.489 төгрөг гаргуулан хариуцагч Б.Уламбаярт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгийн Ган хаш трейд ХХК-ийн захирал Б.Цог хийсэн гэх тохиролцоогоор түүний уг байрны өмчлөгч Б.Уламбаяр биш гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа бөгөөд тэрээр өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс буюу Б.Цогоос хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасныг баримтлан хххххххххххххххтоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Уламбаярын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгээс орон сууцны зөрүү 38.733.489 төгрөг гаргуулан хариуцагч Б.Уламбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг болон хариуцагч Б.Уламбаярын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351.618 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уламбаяраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгт, нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгээс 351.618 төгрөг гаргуулан хариуцагч Б.Уламбаярт тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН