Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01511

 

  

Э.Дүүрэнбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03248 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 632 дугаар магадлалтай,

 

Э.Дүүрэнбилэгийн нэхэмжлэлтэй,

Б.Уламбаярт холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны зөрүү төлбөр 38,733,489 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Уламбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Капитал банктай 2016.12.09-ний өдөр ЗГ-93 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулан 66,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 30 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд мөн өдрийн БГ-93 тоот барьцааны гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038879 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг уг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан.

Дээрх барьцаанд бүртгэгдсэн орон сууц нь иргэн Тайж овгийн Батбаярын Ганзоригийн өмч байсан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.13-ны өдрийн 1807 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Хосцэцэгээс 56,047,418 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 219,093.5 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож шийдвэрлэсэн байдаг. Төлбөр төлөгч Б.Хосцэцэг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул төлбөр авагч Капитал банк барьцаа хөрөнгө болох дээрх орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу дээрх барьцаа хөрөнгө болох орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн саналыг авсан байдаг. Төлбөр төлөгч Б.Хосцэцэг нь барьцаа хөрөнгө болох орон сууцны үнийн саналыг 95,000,000 төгрөг гэж өгсөн ба үүнийг нь төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн. Б.Хосцэцэгийн ах Б.Ганзориг, Б.Ганзоригийн ах гэх Б.Уламбаярын найз Б.Цог нар нь удаа дараа ажил дээр маань ирж гуйсны үндсэн дээр би Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038879 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгч Б.Ганзоригтой худалдах, худалдан авах гэрээ байгуулан 95,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ингэж авахдаа Б.Ганзориг, Б.Цог нартай дээрх орон сууцны зээлийг миний бие төлж байх хугацаанд 2018 онд зээлийн үлдэгдэл болон нийт төлсөн төлбөрийг бүрэн төлж тухайн зээлийг бүрэн хааж төлөөгүй тохиолдолд уг орон сууцыг миний өмчлөлд бүрэн шилжүүлэхээр, мөн зээл гарснаас хойш төлбөрөө бүрэн төлж дуусгах хугацаанд тухайн байрыг зах зээлийн дундаж ханш болох сарын 600,000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр аман хэлбэрээр харилцан тохиролцсон. Миний бие өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлөлтийг цаг тухайд нь төлж байгаа бөгөөд үндсэн зээл болон зээлийн хүүнд нийтдээ 20 гаруй сая төгрөгийн төлөлтийг хийсэн бөгөөд зээл маань хэвийн төлөлттэй байгаа.

Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038879 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцанд амьдарч байгаа иргэн Б.Уламбаярыг өмчлөлийн маань орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Уламбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Уламбаяр би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө орон сууцыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дүү Б.Ганзоригийн өмчлөлд түр шилжүүлсэн байх үед найз Б.Цог гэгч нь хамтарч бизнес хийх, хөрөнгө босгох нэрийдлээр Капитал банкнаас Б.Хосцэцэгийн нэрээр зээл авахуулахдаа зээлийн барьцаанд дээрх орон сууцыг барьцаалсан. Уг зээлийн мөнгийг Б.Цог авч ашигласан бөгөөд зээл авах үед тэрээр зээлийн төлбөрийг би төлнө, санаа зоволтгүй гэсэн хэдий ч зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.13-ны өдрийн 1807 дугаар шийдвэрээр Б.Хосцэцэгээс 56,047,418 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар болсонтой холбоотойгоор орон сууцыг Э.Дүүрэнбилэгийн өмчлөлд шилжүүлж, зээлийн төлбөрийг Б.Цог төлөхөөр тохиролцсон. Би Б.Цогийг намайг орон байргүй болгохгүй байх гэж итгэж байсан учир зээлийн төлбөрийг төлж байгаа гэхэд нь үнэмшиж өдий хүрсэн. Б.Хосцэцэгийн нэрээр авсан зээлийн мөнгийг авч ашигласан Б.Цог нь нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгтэй найз нөхдийн холбоотой, тэрээр зээлийг авах үед Капитал банкинд албан тушаал хашиж байсан учир зээлийг авахтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцож, зээлийг бусдын нэрээр авах, эд хөрөнгийг барьцаалах үйл ажиллагааг зохион байгуулж Б.Хосцэцэгийн нэрээр авсан зээлийн гэрээг ашиглан мөн Капитал банкнаас 10,000,000 төгрөгийг нэмж зээлж аваад Б.Цогтой хуваан авч ашигласан байсан. Э.Дүүрэнбилэг бидний хуулийн мэдлэггүй байдлыг далимдуулан Б.Цогтой хуйвалдан шүүхийн шийдвэр гаргуулж орон сууцыг өмчлөлдөө шилжүүлсэн болох нь түүний нэхэмжлэлдээ Б.Ганзориг, Б.Цог нартай дээрх орон сууцны зээлийг миний бие төлж байх хугацаанд 2018 онд зээлийн үлдэгдэл болон нийт төлсөн төлбөрийг бүрэн төлж тухайн зээлийг бүрэн хаах, төлөөгүй тохиолдолд орон сууцыг миний өмчлөлд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно гэснээр нотлогдоно.

Мөн Э.Дүүрэнбилэг нэхэмжлэлдээ зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгах хугацаанд тухайн байрыг сарын 600,000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр аман хэлбэрээр тохирсон гэдэг нь үндэслэлгүй зүй бөгөөд надтай ийм зүйлийн талаар яриагүй, тохироогүй. Э.Дүүрэнбилэг орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдан авсан гэдгээ нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн тул шүүхийн шийдвэрээр төлөгдсөн мөнгийг хасаад зөрүүг надад өгсөн бол шударга болох байсан. Гэвч зөрүү мөнгө төгрөг өгөөгүй. Э.Дүүрэнбилэг, Б.Цог нарын дээрх үйл ажиллагаа, гэр оронгүй болох нь гэсэн байнгын айдсаас болж сэтгэл гутралд орж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг биш удаа хэвтэн эмчлүүлснийг далимдуулан сэтгэцийн өвчтэй болсон мэтээр үзэх болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Уламбаяр нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө орон сууцыг дүү Б.Ганзоригийн нэр дээр түр шилжүүлсэн үед түүний найз Б.Цог нь хамтарч бизнес хийх, хөрөнгө босгох нэрийдлээр Капитал банкнаас Б.Хосцэцэгийн нэрээр зээл авахдаа зээлийн барьцаанд уг орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.13-ны өдрийн 1807 дугаар шийдвэрээр Б.Хосцэцэгээс 56,047,418 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад Э.Дүүрэнбилэг барьцаанд бариулсан орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг Б.Ганзоригтой байгуулж шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 56,266,665 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Капитал банкинд төлж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч зөрүү мөнгийг төлөөгүй. Иймд Э.Дүүрэнбилэгээс орон сууцны зөрүү мөнгө болох 38,733,489 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Э.Дүүрэнбилэг миний бие иргэн Б.Ганзоригтой 2016.10.18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Гэтэл хариуцагч Б.Уламбаяр нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг дүү гэх Б.Ганзоригийн нэр дээр түр шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй болох нь миний шүүхэд гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдоно. Мөн бизнес хийх зорилгоор зээлийн барьцаанд иргэн Б.Цогийн хамтаар Б.Хосцэцэгийн нэрээр зээл авсан, зээлээ төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гаргуулсан гэх бөгөөд энэ асуудал нь иргэд хоорондын хувийн асуудал болно. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.13-ны өдрийн 1807 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Хосцэцэгээс 56,047,418 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 219,093 төгрөгийн хамт гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагч Б.Хосцэцэг үл биелүүлсэн тул төлбөр авагчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Иргэн Б.Уламбаяр, Б.Ганзориг, Б.Цог нар удаа дараа гуйсны эцэст миний бие дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөгчийн өгсөн үнийн санал болох 95,000,000 төгрөгөөр худалдан авсан ба Капитал банкнаас 66,500,000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл авсан. Капитал банк надтай байгуулсан гэрээний дагуу иргэн Б.Ганзоригийн эзэмшлийн Капитал банк дахь 2114004054 тоот төгрөгийн дансанд зөрүү мөнгө болох 10,500,000 төгрөгийг 2016.12.13-ны өдөр шилжүүлсэн бөгөөд хэрэгт дансны хуулга нотлох баримтаар авагдсан байгаа. Б.Уламбаяр нэхэмжлэлдээ зөрүү мөнгийг өгөөгүй, зөрүү мөнгийг гаргуулна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч Б.Уламбаяр тухайн байрны өмчлөгч биш, ерөөсөө уг байрны өмчлөгч байгаагүй бөгөөд миний бие тухай байрыг өмчлөгч Б.Ганзоригтой байгуулсан гэрээний дагуу худалдан авсан, Капитал банкны зүгээс зөрүү мөнгийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч талын дансанд шилжүүлсэн. Худалдагч тал болох Б.Ганзориг тухайн үед санхүүгийн хүндрэлтэй байгаа тул дараа нь өгөх тохиролцоотойгоор миний бие үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татвар болох 1,800,000 төгрөгийг төлсөн. Төлсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан болно. Мөн худалдагч тал болох Б.Ганзориг, Б.Цог нартай миний өмчлөлд шилжсэн орон сууцны үнийг 2018 оны 12-р сард төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлж барагдуулах хугацаанд тухайн байрыг зах зээлийн хамгийн бага ханш болох 600,000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр, Өндөр Заяа ХХК-иас 80,015,000 төгрөг гаргуулан Ган Хаш трейд ХХК-д олгосон шийдвэр биелэгдэхэд уг шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд банкинд төлсөн мөнгөө би уг Ган Хаш трейд ХХК-д олгосон мөнгөнөөс аваад орон сууцны өмчлөх эрхийг БУламбаярт шилжүүлэхээр Б.Цогтой тохирсон байсан. Мөн түрээсийн төлбөрийг шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд би авахаар тохирсон байсан. Б.Цог нь Ган хаш трейд ХХК-ийн захирал болно. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд миний өмчлөлийн орон сууц нь Б.Уламбаярын эзэмшил, ашиглалтанд байгаа бөгөөд харилцан тохиролцсоны дагуу өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг тооцоход сарын 600.000 төгрөг, 34 сарын 20,400,000 төгрөг болно. Энэ нь өнөөдрийн байдлаар зах зээлд байхгүй ханш бөгөөд 2019.10.21-ний байдлаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 56 дугаар байр болон тэр орчмын түрээсийн төлбөр нь нөхцөлүүдээсээ төлбөрийг улирлаар, хагас жилээр, жилээр, тавилгатай, тавилгагүй зэргээс хамаараад 700,000-1,000,000 төгрөгийн ханштай байна. Миний бие өнөөдрийг хүртэл Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу сар бүр 487,000 төгрөг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа. Иймд хариуцагч Б.Уламбаярын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03248 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038879 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Уламбаярын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгээс орон сууцны зөрүү 38,733,489 төгрөг гаргуулан хариуцагч Б.Уламбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг болон хариуцагч Б.Уламбаярын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351,618 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уламбаяраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгт, нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгээс 351,618 төгрөг гаргуулан хариуцагч Б.Уламбаярт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 632 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03248 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгээс 38,733,489 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Уламбаярын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгээс 351,618 төгрөг гаргуулан хариуцагч Б.Уламбаярт тус тус гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,618 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Уламбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 632 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн хяналтын гомдол гаргаж байна.

Би олон жил цаг наргүй ажиллан байж хуримтлуулсан мөнгөөрөө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 56 байрны 22 тоотын 56.34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2012 онд 61 сая төгрөгөөр Асралт-Өргөө ХХК-иас /Л.Зоригтоос/ худалдан авсан. Тухайн үед өөрийн нэрээр өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх гэтэл миний бичиг баримт зөрчилтэйн улмаас дүү Б.Ганзоригийн нэр дээр уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байхад 2014 онд найз Б.Цог Хятадаас арматурын төмөр оруулж ирсэн гаалийн татвар төлөх гэсэн юм мөнгө хэрэгтэй байна гээд миний үеэл дүү Б.Хосцэцэгийн нэрээр Капитал банкнаас зээл авахуулж зээлийн барьцаанд миний орон сууцыг барьцаалсан. Банкны зээлийг Б.Цог төлж орон сууцыг барьцаанаас чөлөөлөх аман тохироог бид хийсэн. Гэвч Б.Цог зээлийг төлөөгүйн улмаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 -р шүүхийн 2015.03.13-ны өдрийн 1807 дугаар шийдвэрээр дүү Б.Хосцэцэгээс 56,047,418 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангахаар шийдвэрлсэн байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Цог, Э.Дүүрэнбилэг бид нар ярилцаад Капитал банкнаас Э.Дүүрэнбилэгийн нэрээр зээл авахуулж тус банкинд төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалган орон сууцыг түүний өмчлөлд түр шилжүүлж Э.Дүүрэнбилэгийн авсан зээлийн төлбөрийг Б.Цог төлж орон сууцыг надад буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг дээрх үйл явдпыг маш сайн мэдэж байгаа бөгөөд үүнийгээ нотолж анхан шатны шүүх хуралдаан дээр ...Капитал банкнаас авсан зээлийг би төлж байгаа, зээлийн үлдэгдэл болон миний зээлийн төлбөрт төлсөн мөнгийг Уламбаяр, Цог нарыг төлчихвөл орон сууцыг нь буцаагаад шилжүүлэхээр тохиролцсон боловч зээлийг төлөөгүй... гэж хэлж тайлбарласан байдаг. Мөн гэрч Б.Ганзориг хэн орон сууцыг анх худалдан авсан, мөнгийг хэн төлсөн, ямар учир шалтгаанаар түүний нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн талаарх болсон бүх зүйлийг үнэн зөв ярьж гэрчилсэн байхад давж заалдах шатны шүүх түүний мэдүүлгийг давхар нотлох баримтаар нотлоогүй гэсэн дүгнэлтийг хийснийг үндэслэл муутай болсон гэж үзэж байгаа. Учир нь дээр дурдснаар орон сууцыг миний эд хөрөнгө гэдгийг нэхэмжлэгч дэндүү сайн мэдэж байсан, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газрын архиваас ирүүлсэн Альфа-Лимит ХХК-ийн 2011.10.25-ны өдрийн 11/194 дугаар албан бичгээр орон сууцыг анх миний бие худалдан авсан болохыг нотолсон байхад давж заалдах шатны шүүх уг нотлох баримтыг ч үнэлээгүй юм. Би өөрийн гэр, орон байраа алдах нь гэсэн байнгын айдас, түгшүүрээс болж сэтгэцийн гүн хямралд орж Сэтгэцийн эрүүл мэндийн төвд нэг биш удаа хэвтэн эмчлүүлж байсан ба энэ байдлыг нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг далимдуулан намайг сэтгэцийн өвчтэй, юмыг ойлгох чадваргүй болсон гэж үзэн, өөрийн хэлж ярьж байсан бүхнээс буцан Капитал банкинд ажиллаж байсан давуу байдлаа ашиглаж миний найз байсан Б.Цогтой хуйвалдан орон сууцны төлбөрийн зөрүү 10,000,000 төгрөгийг хүртэл энэ асуудалд огт хамаагүй Б.Цогийн дансанд хийлгэж намайг хохироосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг тухайн үйл баримтад хамааралтай талаас нь үнэлж, Э.Дүүрэнбилэгийн удаа дараагийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарт зөв дүгнэлт хийж хууль зүйн үндэслэлтэй хэрэг маргааныг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх ...хариуцагч орон сууцыг эзэмшилдээ хууль ёсоор эзэмшиж байгаа гэх тайлбараа нотлоогүй гэсэн өрөөсгөл ганцхан дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 632 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.20-ны өдрийн 03248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг Б.Уламбаярт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны зөрүү төлбөр 38,733,489 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1. Маргаж буй Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13 дугаар хороолол /13373/ Энхтайваны өргөн чөлөө 56 дугаар байрны 22 тоот, 56.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Уламбаяр 2012.06.14-нд худалдаж авч өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа боловч өөрийн дүү Б.Ганзоригийн өмчлөлд бүртгүүлсэн гэх ба Б.Ганзориг нь 2014.06.10-д тус орон сууцыг барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбарт бүртгүүлэх итгэмжлэлийг Б.Хосцэцэгт олгосноор Б.Хосцэцэгийн Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдэж, улмаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Хосцэцэгээс төлбөр авагч Капитал банкны 56,266,523 төгрөгийн төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан орон сууцыг нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг орон сууцны өмчлөгч Б.Ганзоригтой харилцан тохиролцсоны үндсэн дээр тус орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж, улмаар барьцаалан Капитал банкнаас зээл авч төлбөр төлөгчийн төлбөр 56,266,511 төгрөгийг төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.

 

2. Дээрх үйл ажиллагааг хариуцагч Б.Уламбаяр мэдэж байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан орон сууцны үнээс шүүхийн шийдвэрээр төлөгдсөн мөнгийг хасаад зөрүү төлбөрийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй агуулгатай гэж үзнэ.

 

3. Э.Дүүрэнбилэг, Б.Ганзориг нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны өмчлөгч болсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг тус орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу биш. Тус орон сууцыг Б.Уламбаяр эзэмшиж, ашиглаж байгаа тул өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Иймд Э.Дүүрэнбилэгийн нэхэмжлэлийг хангаж, орон сууцыг хариуцагч Б.Уламбаярын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөрчөөгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

4. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

5. Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо ...хариуцагчийг худалдах-худалдан авах гэрээний нэг тал биш, улмаар хөрөнгө шилжүүлсэн этгээдээс хариуцагчид шаардах эрхийг олгосон баримтгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд гэж үзэхгүй... гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт цугларсан баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй гэж үзэхээр байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүхээс тогтов.

 

Учир нь, худалдах-худалдан авах гэрээний нэг тал болох Б.Ганзориг шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ ...энэ байр бол Б.Уламбаяр ахын худалдан авсан байр, тухайн үед ахын бичиг баримт байгаагүй тул намайг өөрийнхөө нэр дээр шилжүүлчих гэсэн, ...энэ байрыг худалдаж авахад би мөнгө төлөөгүй... /1-хх-112, 113/ гэж мэдүүлж байсан нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, орон сууц хариуцагч Б.Уламбаярын өмч болох талаар Б.Ганзориг маргаагүй тул байрны зөрүү төлбөрийг Б.Уламбаярт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтын дагуу үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр ...давж заалдах шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, ...үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй... гэх хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Уламбаярын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 632 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Уламбаярын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Уламбаяраас 2020.04.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,618 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД