Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 632

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03248 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Д-ийн хариуцагч Б.У-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны зөрүү 38 733 489 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Д- нь Капитал банктай 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-93 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулан 66 500 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 30 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд мөн өдрийн БГ-93 тоот барьцааны гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038879 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг уг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан. Дээрх барьцаанд бүртгэгдсэн орон сууц нь иргэн Б.Г-ийн өмч байсан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1807 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Х-ээс 56 047 418 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 219 093,5 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож шийдвэрлэсэн байдаг. Төлбөр төлөгч Б.Х- шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул төлбөр авагч Капитал банк барьцаа хөрөнгө болох дээрхи орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу дээрхи барьцаа хөрөнгө болох орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн саналыг авсан байдаг. Төлбөр төлөгч Б.Х- нь барьцаа хөрөнгө болох орон сууцны үнийн саналыг 95 000 000 төгрөг гэж өгсөн ба үүнийг нь төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн. Б.Х-ийн ах Б.Г-, Б.Г-ийн ах гэх Б.У-ын найз Б.Цог нар нь удаа дараа ажил дээр маань ирж гуйсаны үндсэн дээр би Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038879 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгч Б.Г-той худалдах, худалдан авах гэрээ байгуулан 95 000 000 төгрөгөөр худалдан авсан. Ингэж авахдаа Б.Г-, Б.Цог нартай дээрхи орон сууцны зээлийг миний бие төлж байх хугацаанд 2018 онд зээлийн үлдэгдэл болон нийт төлсөн төлбөрийг бүрэн төлж тухайн зээлийг бүрэн хааж төлөөгүй тохиолдолд уг орон сууцыг миний өмчлөлд бүрэн шилжүүлэхээр, мөн зээл гарснаас хойш төлбөрөө бүрэн төлж дуусгах хугацаанд тухайн байрыг зах зээлийн дундаж ханш болох сарын 600 000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр аман хэлбэрээр харилцан тохиролцсон. Миний бие өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлөлтийг цаг тухайд нь төлж байгаа бөгөөд үндсэн зээл болон зээлийн хүүнд нийтдээ 20 гаруй сая төгрөгийн төлөлтийг хийсэн бөгөөд зээл маань хэвийн төлөлттэй байгаа. Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038879 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцанд амьдарч байгаа иргэн Б.У-ыг өмчлөлийн маань орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.У- шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө орон сууцыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дүү Б.Г-ийн өмчлөлд түр шилжүүлсэн байх үед найз Б.Цог гэгч нь хамтарч бизнес хийх, хөрөнгө босгох нэрийдлээр Капитал банкнаас Б.Х-ийн нэрээр зээл авахуулахдаа зээлийн барьцаанд дээрх орон сууцыг барьцаалсан. Уг зээлийн мөнгийг Б.Цог авч ашигласан бөгөөд зээл авах үед тэрээр зээлийн төлбөрийг би төлнө, санаа зоволтгүй гэсэн хэдий ч зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1807 дугаар шийдвэрээр Б.Х-ээс 56 047 418 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар болсонтой холбоотойгоор орон сууцыг Э.Д-ийн өмчлөлд шилжүүлж, зээлийн төлбөрийг Б.Цог төлөхөөр тохиролцсон. Б.У- нь Б.Цог түүнийг орон байргүй болгохгүй байх гэж итгэж байсан учир зээлийн төлбөрийг төлж байгаа гэхэд нь үнэмшиж өдий хүрсэн. 0Б.Х-ийн нэрээр авсан зээлийн мөнгийг авч ашигласан Б.Цог нь нэхэмжлэгч Э.Д-тэй найз нөхдийн холбоотой, тэрээр зээлийг авах үед Капитал банкинд албан тушаал хашиж байсан учир зээлийг авахтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцож, зээлийг бусдын нэрээр авах, эд хөрөнгийг барьцаалах үйл ажиллагааг зохион байгуулж Б.Х-ийн нэрээр авсан зээлийн гэрээг ашиглан мөн Капитал банкнаас 10 000 000 төгрөгийг нэмж зээлж аваад Б.Цогтой хуваан авч ашигласан байсан. Э.Д- нь хуулийн мэдлэггүй байдлыг далимдуулан Б.Цогтой хуйвалдан шүүхийн шийдвэр гаргуулж орон сууцыг өмчлөлдөө шилжүүлсэн болох нь түүний нэхэмжлэлдээ Б.Г-, Б.Цог нартай дээрхи орон сууцны зээлийг миний бие төлж байх хугацаанд 2018 онд зээлийн үлдэгдэл болон нийт төлсөн төлбөрийг бүрэн төлж тухайн зээлийг бүрэн хаах, төлөөгүй тохиолдолд орон сууцыг миний өмчлөлд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно гэснээр нотлогдоно. Мөн Э.Д- нэхэмжлэлдээ зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгах хугацаанд тухайн байрыг сарын 600 000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр аман хэлбэрээр тохирсон гэдэг нь үндэслэлгүй зүй бөгөөд Б.У-тай ийм зүйлийн талаар яриагүй, тохироогүй. Э.Д- орон сууцыг 95 000 000 төгрөгөөр худалдан авсан гэдгээ нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн тул шүүхийн шийдвэрээр төлөгдсөн мөнгийг хасаад зөрүүг Б.У-т өгсөн бол шударга болох байсан. Гэвч зөрүү мөнгө төгрөг өгөөгүй. Э.Д-, Б.Цог нарын дээрхи үйл ажиллагаа, гэр оронгүй болох нь гэсэн байнгын айдсаас болж сэтгэл гутралд орж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг биш удаа хэвтэн эмчлүүлснийг далимдуулан сэтгэцийн өвчтэй болсон мэтээр үзэх болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг дээрхи үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.У- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрхи шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад Э.Д- барьцаанд бариулсан орон сууцыг 95 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг Б.Г-той байгуулж шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 56 266 665 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Капитал банкинд төлж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч зөрүү мөнгийг төлөөгүй. Иймд Э.Д-ээс орон сууцны зөрүү мөнгө болох 38 733 489 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Д- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Д- миний бие иргэн Б.Г-той 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Гэтэл хариуцагч Б.У- нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг дүү гэх Б.Г-ийн нэр дээр түр шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй болох нь миний шүүхэд гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдоно. Мөн бизнес хийх зорилгоор зээлийн барьцаанд иргэн Б.Цогийн хамтаар Б.Х-ийн нэрээр зээл авсан, зээлээ төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гаргуулсан гэх бөгөөд энэ асуудал нь иргэд хоорондын хувийн асуудал болно. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1807 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Х-ээс 56 047 418 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 219 093 төгрөгийн хамт гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагч Б.Х- үл биелүүлсэн тул төлбөр авагчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Иргэн Б.У-, Б.Г-, Б.Цог нар удаа дараа гуйсаны эцэст миний бие дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөгчийн өгсөн үнийн санал болох 95 000 000 төгрөгөөр худалдан авсан ба Капитал банкнаас 66 500 000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл авсан. Капитал банк надтай байгуулсан гэрээний дагуу иргэн Б.Г-ийн эзэмшлийн Капитал банк дахь 2114004054 тоот төгрөгийн дансанд зөрүү мөнгө болох 10 500 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн бөгөөд хэрэгт дансны хуулга нотлох баримтаар авагдсан байгаа. Б.У- нэхэмжлэлдээ зөрүү мөнгийг өгөөгүй, зөрүү мөнгийг гаргуулна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч Б.У- тухайн байрны өмчлөгч биш, ерөөсөө уг байрны өмчлөгч байгаагүй бөгөөд миний бие тухай байрыг өмчлөгч Б.Г-той байгуулсан гэрээний дагуу худалдан авсан, Капитал банкны зүгээс зөрүү мөнгийг дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч талын дансанд шилжүүлсэн. Худалдагч тал болох Б.Г- тухайн үед санхүүгийн хүндрэлтэй байгаа тул дараа нь өгөх тохиролцоотойгоор миний бие үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны 2 хувийн татвар болох 1 800 000 төгрөгийг төлсөн. Төлсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан болно. Мөн худалдагч тал болох Б.Г-, Б.Цог нартай миний өмчлөлд шилжсэн орон сууцны үнийг 2018 оны 12 дугаар сард төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлж барагдуулах хугацаанд тухайн байрыг зах зээлийн хамгийн бага ханш болох 600 000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр, “Өндөр Заяа” ХХК-аас 80 015 000 төгрөг гаргуулан “Ган Хаш трейд” ХХК-д олгосон шийдвэр биелэгдэхэд уг шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд банкинд төлсөн мөнгөө би уг “Ган хаш трейд” ХХК-д олгосон мөнгөнөөс аваад орон сууцны өмчлөх эрхийг Б.У-т шилжүүлэхээр Б.Цогтой тохирсон байсан. Мөн түрээсийн төлбөрийг шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд би авахаар тохирсон байсан. Б.Цог нь “Ган хаш трейд” ХХК-ийн захирал болно. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд миний өмчлөлийн орон сууц нь Б.У-ын эзэмшил, ашиглалтанд байгаа бөгөөд харилцан тохиролцсоны дагуу өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг тооцоход сарын 600 000 төгрөг, 34 сарын 20 400 000 төгрөг болно. Энэ нь өнөөдрийн байдлаар зах зээлд байхгүй ханш бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 21-ний байдлаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 56 дугаар байр болон тэр орчмын түрээсийн төлбөр нь нөхцөлүүдээсээ төлбөрийг улирлаар, хагас жилээр, жилээр, тавилгатай, тавилгагүй зэргээс хамаараад 700 000-1 000 000 төгрөгийн ханштай байна. Миний бие өнөөдрийг хүртэл Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу сар бүр 487 000 төгрөг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа. Иймд хариуцагч Б.У-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038879 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.У-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Д-ээс орон сууцны зөрүү 38 733 489 төгрөг гаргуулан хариуцагч Б.У-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг болон хариуцагч Б.У-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351 618 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Д-т, нэхэмжлэгч Э.Д-ээс 351 618 төгрөг гаргуулан хариуцагч Б.У-т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлэээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Э.Д- миний бие иргэн Б.У-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байрны 22 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч талаас дээрх орон сууцны зөрүү гэх 38 733 489 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхээс хариуцагч Б.У-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай бөгөөд Б.У- нь дээрх орон сууцны өмчлөгч биш бөгөөд өмчлөгч гэх ямар ч бичгийн нотлох баримт байхгүй, уг орон сууц нь анхнаасаа Б.У-ын өмчлөлийнх байсан гэх үйл баримт тогтоогүй байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 38 733 489 төгрөгийг шаардах эрхгүй этгээд гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Л.Зоригт нь "Альфалимит" ХХК-тай 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10/22 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулж 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан, 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр "Худалдах, худалдан авах гэрээ"-р өмчлөх эрхийг иргэн Б.Г-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч Э.Д- миний бие 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дээрх орон сууцны өмчлөгч Б.Г-той "үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулан тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Гэвч Б.У- нь орон сууцны өмчлөгч гэж үзэж үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэмжилснийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэхийн сацуу Б.У- нь уг орон сууцны зөрүү гэж нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Баянзүрх дүүргийн 6 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байрны 22 тоотыг 56,34мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Г- урьд өмнө бүртгэгдсэн хэдий ч уг орон сууц бодитоор Б.У-ын өмчлөлийнх байсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх бөгөөд Б.Г-ийн гэрчийн мэдүүлэгтээ дурьдсан үйл баримтууд бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн орон сууцны хувийн хэргийн хуулбараар тогтоогдлоо" гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбартаа Б.У-ын өмчлөлийнх байсан талаар огт дурдаагүйн сацуу гэрч Б.Г-ийн мэдүүлэг бичгийн аливаа баримтаар тогтоогдоогүй, орон сууцны хувийн хэргийн хуулбараар Б.У-ын өмчлөлд өнгөрсөн болон одоогийн цаг хугацаанд байгаагүй талаарх хангалттай баримт авагдсан байхад шүүхээс дээрх байдлаар дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Б.У- нь нь дээрх орон сууцны өмчлөгч биш бөгөөд орон сууцны үнийн зөрүү гэх мөнгөн дүнг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03248 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Э.Д- нь хариуцагч Б.У-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай, 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038879 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны зөрүү 38 733 489 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Анх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Л.Зоригт бүртгэгдэж, тэрээр Б.Г-т 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр түүний нэр дээр шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 02, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ТҮЦ машины үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн маргаан бүхий орон сууцны хувийн хэргийн материалаар тогтоогдож байна./1хх 35-36, 84-85, 167, 171-173 дугаар тал/

 

            Улмаар Б.Г- нь уг орон сууцыг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэл хангуулах эрх олгосон итгэмжлэлийг Б.Х-т 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 12 сарын хугацаатай олгосон /1хх 184 дүгээр тал/ байх бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1807 дугаартай захирамжаар Капитал банкинд зээлийн төлбөрт  нийт 56 266 511,57 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Б.Х-ийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./1хх 22-23, 184 дүгээр тал/

 

            Дээрх шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох маргаан бүхий орон сууцыг 95 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Капитал банк хүлээн зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх ба уг орон сууцыг нэхэмжлэгч Э.Д- 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Г-оос 95 000 000 төгрөгөөр худалдан авч, тухайн орон сууцны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1хх 195, 198 дугаар тал/

 

            Мөн нэхэмжлэгч Э.Д- нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоотын 56.34 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038879 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор Капитал банктай 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээг 30 жилийн хугацаатай, жилийн 8 хувь, сарын 0.67 хувийн хүүтэй гэрээ байгуулан 66 500 000 төгрөгийг зээлэн зээлийн барьцаанд худалдан авсан уг орон сууцаа барьцаалсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, Капитал банкны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27/215 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна./1хх 5-19, 34-36, 83-84, 198-224 дүгээр тал/

 

            Иймд нэхэмжлэгч Э.Д- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Г- нь “...Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоотын 56.34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь миний авга ах Б.У-ын худалдан авсан байр. Тухайн үед байрыг шилжүүлэн авахад Б.У- ахын бичиг баримт байгаагүй тул намайг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих гэсэн. Би уг байрыг авахад мөнгө төлөөгүй. Уг байранд амьдарч ч байгаагүй” гэж мэдүүлснийг давхар нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч орон сууцыг эзэмшилдээ хууль ёсоор эзэмшиж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ. Түүнчлэн, Б.Г-оос нэхэмжлэгч Э.Д- нь худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгч болсон гэж үзэж үндсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангасан атлаа, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хариуцагчийн 38 733 489 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангасан нь зөрчилтэй болжээ.

 

            Харин шүүхээс худалдан авагч Э.Д- нь орон сууцны үнийн зөрүүг хариуцагч буюу өмчлөгч байсан Б.У-т төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

            Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасан үндэслэл буюу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болон шилжүүлсэн нь хууль бус байсан гэх нөхцөл байдал тогтоогдох ёстой. Гэтэл хэрэгт Б.У-аас Э.Д- рүү мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх нөхцөл байдлыг нотлох баримт авагдаагүй байх бөгөөд Б.У- нь худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш. Мөн бусад этгээдээр дамжуулан мөнгийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Э.Д-ийн бусдаас үндэслэлгүй авсан гэж үзэх мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг Б.У-т олгосон тухай баримт хэрэгт байхгүй.  

 

            Иймд хариуцагч Б.У-ын нэхэмжлэгч Э.Д-ээс орон сууцны зөрүү үнэ 38 733 489 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Харин Э.Д-ээс бусад этгээдүүд холбогдох шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03248 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э.Д-ээс 38 733 489 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.У-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “нэхэмжлэгч Э.Д-ээс 351 618 төгрөг гаргуулан хариуцагч Б.У-т тус тус” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 618 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                                  

                                                      С.ЭНХТӨР