Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/01172

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/01172

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Н.Сарангүн, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Монелийн 0 дугаар гудамж, 0/а тоот хаягт оршин суух, Ш. Д /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Монелийн 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух,  Ц. Б /РД:000/-д холбогдох,

Гэм хор учруулсны хохиролд 10.032.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.С /ШТ№00/,

Хариуцагч Ц.Б,

Иргэдийн төлөөлөгч Ц.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Х.С-ын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт хажуу айл Ц.Б хашаан дотор байсан гражаас гал гарч манай хашаа руу дамжин манай 5 ханатай том монгол гэр, эд хогшил, хувцас эдлэл юу ч үгүй шатаж гэр бүлийн гишүүд маань өмссөн хувцастайгаа үлдсэн. Бид ам бүл дөрвүүлээ амьдардаг бөгөөд гал гарсныг тэр хавийн бүх хүн харсан. Гал гарснаас хойш Ц.Б юу болж байгаа талаар санаа тавьж байгаагүйд гомдолтой байна.

Түүнчлэн нэхэмжлэл өгснөөс хойш ч Ц.Б өөрийн болгоомжгүй үйлдлээс болж гал гарсан гэдгийг зөвшөөрөхгүй, гал гарсан утсыг өөр айлын кабель утас байсан, түүнийг тогтоолгоно гэж олон удаа хүсэлт гаргасан, түүний хүсэлт болгоныг шүүх хүлээн авч шинжээч томилж, холбогдох арга хэмжээг авч байсан.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Ч.Н 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 тоот шинжээчийн дүгнэлтээр гал гарах болсон шалтгаан нь цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсэж улмаар дамжуулах утаснуудын болон төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачааллах үед халалт бий болсноос тоног төхөөрөмж халж гал гарсан гэдгийг тогтоосон.

Ц.Б-ийн гражаас гал гарсан гэдгийг гэрчүүд мэдүүлдэг, энэ нь бас лабораторийн шинжилгээгээр тогтоогддог. Гэрчээр асуугдсан Ш.Б мэдүүлэхдээ гражаас утаа гарахыг хараад хүн дуудахад эдний гэрээс 5 залуу гарч ирээд гражийн хаалгыг онгойлгож гал асахаар нь Ш.Д-ийнд орж хэлсэн гэж мэдүүлсэн байдаг.

Түүнээс гадна Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дүгнэлтээр гал түймэр гражийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчилтөрөгч хангалтгүй орчинд асч байгаад гражийн хаалга нээгдэхэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан болохыг дүгнэсэн.

Эдгээр байдлуудаас үзэхэд Ц.Б гражид анх гал гарсан, гражийн хаалгыг онгойлгосноос болоод гал эрчимтэй явагдсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Гэтэл Ц.Б эднийхээс 4 айлын цаана байдаг Н.Д кабель утаснаас болж гал гарсан гээд байгааг зөвшөөрөхгүй.

Н.Д өдөр нь гэртээ байхгүй байсан, орой ирэхэд цахилгаан тасарсан байсан, өөрийнх нь кабель утас шатсан байсан гэдгийг мэдүүлсэн болохоос өөрийн эзэмшлийн кабель утаснаас болоод гал гарсан гэж хэлээгүй.

Манайх цахилгаанаа урд талын гудамжнаас авдаг, Ц.Б-ээс цахилгаан авдаггүй.

Ц.Б өөрөө граждаа тоног төхөөрөмж ажиллуулдаг гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд цахилгааны утсанд хэт ачаалал өгснөөс гал гарсан гэж үзэх үндэслэлтэй.

Ц.Б-д холбогдуулан таван ханатай иж бүрэн гэр, тавилгын хамт, гэрийн доторх эд зүйлсийн хамт 12.258.000 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх эд зүйлсийг 10.032.500 төгрөгөөр шинжээч үнэлсэн тул энэ үнэлгээгээр тооцож учруулсан хохирлыг Ц.Б-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Монел 0/а, 0б, урд эгнээний 2 айлыг хамарсан гал түймрийн гамшиг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарч нийт 4 айлын үнэ бүхий зүйлс шатсан.

Энэхүү хэрэгт Ц.Б миний бие хариуцагч биш харин хохирогч болох нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон.

2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 дугаарт шинжээчийн дүгнэлтэд Хэргийн газар хийсэн үзлэг зэргээс үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсэж, улмаар дамжуулах утаснуудыг болон тоног төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед тэнд хор уршиг үүсэж болохуйц халалт бий болсоноос төхөөрөмж халж гал түймэр гарсан байна. хэмээн дурьдсан ба арын зурган тайлбаруудад яг аль утсанд хэт ачаалал үүсч гал түймэр гарсаныг сумаар зааж үзүүлсэн байгаа.

Тэрхүү зурганд заагдсан утас нь манай утас биш ба Монелийн 7-129 тоот айл буюу Д-ын утас юм. 2005 оны үед 6 айлын дунд тоолуур тавиад кабелийг өөрсдөө газар ухаад цахилгаанаа татаж ав гэсэн. Тэгээд 0 тоот, 0 тоот буюу Д манай 3-ынх кабелиа нийлж татсан. Тэр хавийн цахилгааны шит манай урд айлын хашаанд байрладаг 0- тоот айл нь манай баруун талд байрладаг.

Уг айлын шитнээс цахилгаан авч буй кабель манай хашаан дээгүүр ил явдаг ба граж маань хашаатай залган барьсан модон граж байсан. Манай хашаан дээгүүр ил байрлаж байдаг ба уг утсанд хэт ачаалал өгч халалт үүссэний улмаас түймэр гарсан гэж дүгнэлтэд дурьдсан байна.

Тухайн өдөр манай байшинд 3 залуу гал тогооны өрөөнд замаск хийж байсан бөгөөд над руу гражаас гал гараад байна гэж утсаар яриад машины түлхүүр хаана байгааг асуусан. Машиныг холдуулж чадалгүй гражийн хамт шатсан. Намайг гэртээ ирэхэд галынхан ирээд галыг унтраагаад дуусчихсан, галын дүгнэлт хэд хоногийн дараа гарна гэсэн. Гражийн баруун урд талаас гал гарсан, гал эхэлсэн кабелийг дээж болгон авсан гэж байсан.

Ш.Д санаа тавиагүй гэж байгаад гайхаж байна. Тухайн үед би өөрийнхөө гражаас гал гарсан гэсэн ойлголттой байсан тул Ш.Д-гийн нөхөртэй уулзаад хохиролгүй болгож өгнө гэдгээ хэлсэн. Тэгээд эдний гэр нь юу ч үгүй шатчихсан, граждаа хоноод хэцүү байхаар нь би хоосон гэр оллоо, дүгнэлт гартал энэ гэрийг хэд хоног барих уу гэхэд үгүй гэсэн.

Ингээд 2015.05.29-ний өдөр дүгнэлт гартал Ш.Д танайхаас гал гарсан, хохирлоо төл гэсэн. Тэгэхээр нь дүгнэлтэд гал гарсан кабелийг заасан байна, энэ кабель хэнийх болохыг мэдэх тул түүнд холбогдуулж нэхэмжлэлээ хамтдаа гаргая гэхэд Ш.Д зөвшөөрөхгүй, бид хоорондоо маргалдсан.

Н.Д ч гал гарсны дараа цахилгаангүй болсон гэдгээ мэдүүлсэн.

Уг гал түймэр миний буруугаас буюу манай эд зүйлсийн буруугаас болж гараагүй гэдэг тодорхой болж байна. Гал түймэр нь Монелийн 0-0 тоот айлын буруутай үйлдлийн улмаас, тус айлын кабельд гарсан гал нь манай хашаа болон гражийг эхлэн шатааж гал цаашид салхины чиглэлийн дагуу баруунаас зүүн тийш шатсан болох нь тогтоогдож байна.

Гэтэл Ш.Д нь танай гражаас эхлэн гал гарсан тул танайх хохирлыг барагдуулах ёстой гэсэн ташаа бодлын улмаас уг хэрэгт өөртэй нь адил эд хөрөнгөөрөө хохирсон надаас хохирлоо нэхэмжилж байгаа нь болсон процесс болон ямар шалтгааны улмаас, хэний буруугаас гал гарсан талаар түүний буруу ойлголтоос болоод байгаа гэж үзэж байна.

Манай граж модоор 5-6 жилийн өмнө барьсан, банз нь хоорондоо 1-2 см-ийн зайтай болчихсон тул тэнд хангалттай хэмжээний хүчилтөрөгч байсан, түүнээс биш гражид хүчилтөрөгч хангалтгүй байгаад хаалга онгойлгосноор гал эрчимтэй гарсан гэдгийг зөвшөөрөхгүй.

Манай гэрт 3 хүн замаск хийж байсан болохоос гражид ямар нэгэн цахилгаан тоног төхөөрөмж ажиллуулаагүй байсан. Энэ талаар манай гэрт засвар хийж байсан Г.О, Б.Б нар мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч өөрөө намайг граждаа тоног төхөөрөмж ажиллуулсан, үүний улмаас гал түймэр гарсан гэж байгаагаа нотлохыг хүсч байна.

Гал гарсан өдрөөс өмнөх 14 хоногт гражид цахилгаан тоног төхөөрөмж огт ажиллуулаагүй, гэртээ засвар хийхээр гэрийнхээ эд хогшлыг бүгдийг хураачихсан, тэнд ажил хийх ямар ч боломжгүй байсан.

Галын дүгнэлтэд 127 тоотын кабелиас болж гал гарсан гэж байсан бол хохирлыг төлнө гэж бодож байсан боловч энэ талаар тогтоосон зүйл байхгүй. Гал хаанаас гарсныг мэдэх боломжгүй байсан.

Иймд Ш.Д-гийн 10.032.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 12.258.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 10.032.500 төгрөг болгон бууруулж, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.

 

Хариуцагч Ц.Б нь өөрийн эзэмшлийн цахилгааны утаснаас гал гараагүй, 129 тоотод оршин суух Н.Д нь цахилгааны утсаа хашаан дээгүүр ил татсанаас гал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Монелийн 0 дугаар гудамж, 0 тоот хаягт хашаанд байрлах Ц.Б-ийн эзэмшлийн 8х6 хэмжээтэй граж, 6х6 хэмжээтэй амбаар, жорлон, 000  улсын дугаартай автомашин, иргэн Ш.Д-гийн 5 ханатай иж бүрэн гэр, гэрийн доторх эд зүйлсийн хамт шатсан үйл баримт болсон байна.

 

Энэ үйл баримттай холбоотой гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгасан байх бөгөөд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №1468 тоот тогтоолоор бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаасан, нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн болох нь тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн, тогтоолд гомдол гаргаагүй байх тул тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

/хх-ийн 177 дугаар тал/

 

Гал гарсан талаарх галын шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 тоот дүгнэлтэд: Хэргийн газар хийсэн үзлэг зэргээс үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагчид, хэт ачааллын эсэргүүцэл үүсэж улмаар дамжуулах утаснуудыг болон тоног төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед тэнд хор уршиг үүсэж болохуйц халалт бий болсноос төхөөрөмж халж гал түймэр гарсан байна.

Гадны ямар нэгэн эх үүсвэрээс болж гарсан гэх шинж тэмдэг илрээгүй болно.

Өөрөө шатах бодисын нөлөөнөөс болж гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй болно.

Гэрч нарын мэдүүлгээс үзэхэд гражийн баруун урд булангийн дээврийн хөндийн дотор талаас эхлэн гал түймэр гарсан байна гэжээ.

/хх-ийн 163 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ш.Д-гийн өмгөөлөгч нь уг галын шалтгааныг тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2016/08385 тоот захирамжаар Онцгой Байдлын Ерөнхий газрын харъяа Гамшиг Судлалын Хүрээлэнг,

гал түймрийн хэргийн газраас хурааж авсан бөмбөлөг үүссэн цахилгаан дамжуулагчийн бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлуулахаар мөн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2016/14357 тоот захирамжаар Геологийн Төв Лабораторийг шинжээчээр тус тус томилсон байна.

 

/хх-ийн 70-71, 77-79 дүгээр тал/

 

Геологийн төв лабораторийн 2016/0103 дүгнэлтэд: 1. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 7-127 а тоотод гал гарсан гэх хэргийн газраас хурааж авсан бөмбөлөг үүссэн цахилгааны утаснуудад рентген бүтцийн чанарын шинжилгээ/XRD/ хийхэд:

-1 дугаартай цахилгааны утсанд цэвэр зэс /Cu/, цайр /Zn/, цайрын исэл /ZnO/

-2 дугаартай цахилгааны утсанд цэвэр зэс /Cu/, цайр /Zn/, цайрын исэл /ZnO/

2. Рентген бүтцийн чанарын шинжилгээ /XRD/-ний үр дүнгээс харахад хүчилтөрөгч илэрсэн учир тухайн 2 дээжинд химийн шинжилгээ давхар хийлгэж, хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлуулахад:

-1 дугаартай дээжинд 0.96 %

-2 дугаартай дээжинд 0.97% гэжээ.

/хх-ийн 83-89 дүгээр тал/

 

Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9/201 тоот шинжээчийн дүгнэлтэд:

- Х.Х-ийн 46 дугаар хуудас иргэн Ш.Б-аас авсан байцаалтад: Тэгээд анх гал гарахыг манай эхнэр муу ус асгахаар гарахдаа иргэн Ц.Б-ийн грашд гал гарч байгааг харсан, мөн хуудсанд Ц.Б-ийн гэрт засвар хийж байсан залуучууд грашийн хаалга онгойлгоход л гал дүрэлзэж ассан гэх тайлбараас харахад гал түймэр гражийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчилтөрөгч хангалтгүй орчинд асч байгаад грашийн хаалга нээгдэхэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан байна.

-Х.х-ийн 89 дүгээр хуудас ХФ2016/000 захиалгын дугаартай Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнд лаб 3851-д хүчилтөрөгчийн агууламж 0.96 хувь, лаб 3852-т хүчилтөрөгчийн агууламж 0.97 хувь байгаа нь тухайн цахилгааны утаснуудад үүссэн бөмбөлөгүүд нь цахилгааны гэмтлээс /богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ болж үүссэн байна. Өөрөөр хэлбэл цахилгааны гэмтлээс үүдэж гал түймэр гарсан байгаа нь лабораторийн шинжилгээний дүнгээр нотлогдож байна.

Дээрх хүчилтөрөгчийн агууламж 0.39 хувиас бага тохиолдолд гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн тусгаарлагч хайлж богино холбоо үүсгэж улмаар дамжуулагчид бөмбөлөг үүсгэнэ гэсэн байна.

/хх-ийн 102-103 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ш.Д нь нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, дээрх галын улмаас түүний өмчлөлийн 5 ханатай иж бүрэн гэр шатсан зэргээс үзэхэд тэрээр өмчлөгчийн хувьд өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байх бөгөөд түүний энэхүү шаардах эрхийн талаар хариуцагч Ц.Б маргаагүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Д-гийн эд зүйлийг Хөрөнгийн Үнэлгээний төв ХХК нь 10.032.500 төгрөг гэж үнэлжээ.

 

/хх-ийн 114-117 дугаар тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан галын шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 тоот дүгнэлт, Геологийн төв лабораторийн ХФ2016/0852 захиалгын дугаартай дүгнэлт, Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9/201 тоот шинжээчийн дүгнэлт, гэрч Ш.Б, Г.О, Б.Б нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч Ц.Б-ийн өмчлөлийн гражийн баруун урд булангийн дээврийн хөндийн дотор талд гал гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчилтөрөгч хангалтгүй орчинд асч байгаад грашийн хаалга нээгдэхэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан, үүний улмаас Ш.Дгийн гэр шатсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д: Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Ш.Д-гийн эд хөрөнгөнд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Ц.Б 129 тоотод оршин суух Н.Д нь хашаан дээгүүр цахилгааны утсаа ил татсанаас болж гал гарсан гэх байдлаа нотлох баримтаар нотолсонгүй, үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Шүүх хариуцагч Ц.Б-ийн хэний эзэмшлийн, ямар цахилгааны утасны гэмтлээс болж гарсныг, АТП-2591 трансформатораас тэжээгдэж буй шит 32-т холбогдсон шатсан цахилгааны утас хэний цахилгааны утас болохыг тогтоолгох хүсэлтийг хүлээн авч, тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 8506 тоот тогтоолоор Онцгой Байдлын Ерөнхий газрын харъяа Гамшиг Судлалын Хүрээлэнг, шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/16667 тоот захирамжаар УБЦТС ХК-ийн Баянзүрх Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг тус тус шинжээчээр томилсон байна.

/хх-ийн 141-143,193-194 дугаар тал/

 

Онцгой Байдлын Ерөнхий газрын харъяа Гамшиг Судлалын Хүрээлэн нь цахилгааны утасны дээжийг тухайн үед ЦЕГ-ын харъяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч Ч.Наранбаатар шатсан хэргийн газраас авч ирүүлсэн байх ба эдгээр утсыг шатсан гражийн хаанаас авсан талаар тодруулахыг хүссэн 9/83 тоот албан бичгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирүүлжээ.

 

/хх-ийн 146 дугаар тал/

 

Шинжээч Ч.Н-ыг шүүхэд дуудсан боловч тэрээр цэргийн тэтгэвэр тогтоолгосон, ажлаас чөлөөлөгдсөн байх тул түүний иргэний үнэмлэхэд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тэрээр уг хаягт оршин суудаггүй болохыг Баянгол дүүргийн 0, 0 дугаар хорооны Засаг дарга тус тус тодорхойлсон байна.

/хх-ийн 205-207, 217-225 дүгээр тал/

 

Түүнээс гадна шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь АТП-2591 дэд станцын 32 дугаар шитэнд үзлэг хийхэд 3 жилийн хугацаа өнгөрсөн байсан тул шатсан кабель утас аль айл өрхийн оруулгын кабелийг тодруулах боломжгүй хариуг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 25/814 тоот албан бичгээр ирүүлсэн байна.

/хх-ийн 146 дугаар тал/

 

Мөн Н.Д-ын шүүхэд өгсөн мэдүүлгээс үзэхэд түүний эзэмшлийн цахилгааны утаснаас болж гал гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

/хх-хийн 215-216 дугаар тал/

 

Дээр дурдсан байдлуудаас үзэхэд хариуцагч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Ц.Б-ээс хохиролд 10.032.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Б-ээс 10.032.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 922 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 000тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 175.470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212.000 төгрөгөөс үлдэх 211.078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Н.САРАНГҮН

 

Т.ЭНХЖАРГАЛ