Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00261

 

Ш.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00840 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 898 дугаар магадлалтай,

Ш.Дгийн нэхэмжлэлтэй,

Ц.Бд холбогдох,

Гэм хорын хохиролд 10 032 860 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед хажуу айл болох Ц.Бийн гэрээс гал гарсны улмаас манай гэр бүхлээрээ шатсан. Хажуугийн айлын хүн болох н.Бөхбат ... танай хажуу айлаас гал гарч байна, гараад ир гэж дуудсан. Тухайн үед гэртээ ганцаараа унтаж байсан, гэрээсээ хөл нүцгэн гарч харахад Ц.Бийн гаражнаас утаа уугиад гал авалцахад бэлэн байдалтай болсон байсан. Тэр үед Ц.Бийнд 3 хүн засвар хийж байхад нь танай гаражид гал гараад байна гэж хашгирахад тэр 3 гаражийн хаалгыг онгойлгоход өөдөөс нь гал хүчтэй тургин авалзсан. Гал жорлон руу авалцаж манай хашаа руу орсон.

Үнэлж болох тавилга зэргээ үнэлээд, гэрт байсан хувцас хунар, мөнгө төгрөг гээд үнэлж болохооргүй зүйлсээ хасч үнэлүүлэхэд 12 258 000 төгрөг гэсэн боловч 10 032 860 төгрөгөөр үнэлгээний байгууллага үнэлсэн. Ц.Б өөрийн гэм бурууг ухамсарлахгүй байна. Хүнийг гэр орон, өмсөх хувцасгүй болгож хохироочихоод 3-4 хашааны цаана байгаа н.Дайрийжав гэх айлд бүх бурууг тохож, цаг хугацаа хожиж, хэргийг замхруулах санаа агуулж байгаад нь гомдолтой байна. Олон хүн тэр гаражнаас нь гарсан галыг харсан. Мөн энэ хүн гараждаа цахилгаан хөрөө гэх мэт зүйл хийж үйлдвэрлэл явуулдаг байсан. Иймд Ц.Бээс гэм хорын хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Бөмбөгөрийн ойролцоо ажилтай явж байхад манайд засвар хийж байсан залуу над руу утсаар ярьж ...гал гараад байна, яаралтай ир гэсний дагуу 16 цаг 20 минутын орчимд очиход гал команд аль хэдийнээ ирчихсэн, галыг унтраагаад дуусч байсан. Гараж, гаражийн зүүн талын жорлон, амбаар шатсан. Гэртээ засвар хийж байсан болохоор бүх хувцас хунараа гаражид хийчихсэн байсан. Ренж ровер маркийн автомашин маань гаражид багтахгүй байсан болохоор үүдэнд нь тавьчихсан байсан. Зүүн талд Ш.Дгийн гэр байдаг ба дунд талын хашаа шатсан байдалтай байсан.

Энэ хашаа байшин, гараж зэрэг эд хөрөнгөө 2000 оноос хойш эзэмшиж, амьдарсан. Хавтаст хэргийн 5 дугаар хуудаст авагдсан галын байцаагчийн дүгнэлтээр гаражийн баруун урд булангийн дээврийн хөндийн дотор талаас гал эхлэн гал түймэр гарсан байна гэсэн. Мөн фото зураг хавсарган өгсөн 2 дахь зураг дээр 129, 128, 127а, 127б гэдэг айлуудыг тэмдэглээд эдгээр айлын кабелийн явсан байдлыг тэмдэглэн харуулсан. Зурагт улаанаар тэмдэглэсэн нь галын эхэлж гарсан газар юм. Улаанаас эхлээд шар талруугаа салхины чиглэлийг зааж өгсөн. Шар нь Ш.Дгийн гэр шатаад дууссан байдлыг харуулж байгаа юм.

Шүүх бүрэлдэхүүн газар дээр нь очиж үзлэг хийгээд 129 тоот н.Дайрийжавын кабелийн утас 2 залгаатай байгааг харсан. Тэр нь манай гараашийн доод хэсэг буюу 7-ын 114 тоот айлын шийднээс хойшоо яваад манай хашааруу явдаг хэсэг дээр залгаас нь ирж байгаа, түүнээс баруун тийш салаалаад манай хашааны булан дээр нөгөө нэг залгаас нь ирдэг. Энэ гал гарахад өөр кабелийн утас шатаагүй, 128 тоот болон манай 2 яг галын голомт дээр нь байсан. Тэгсэн хирнээ гал гарахад тог тасраагүй, яагаад гэхлээр энэ 2 айлын кабел норм дүрмийн дагуу газар доогуур булаастай байдаг болохоор шатаагүй. Харин н.Дайрийжавынх кабелийн утсаа булахаас залхууран манай хашаан дээгүүр дэрлүүлээд татаад явчихсан байдаг байсан. Дараа нь би гаражаа барихдаа ар талд нь хана хийхгүйгээр шууд хашаандаа тулгаад хашаагаа гаражны ар талын хана болгоод дээвэр хийж, гаражаа барьсан болохоор н.Дайрийжавын утас манай гараж дотор явж байсан, тухайн үед авсан зураг дээр дэлгэрэнгүй байдаг. Манай хашааны дотор талаар дай модон дээгүүр утас нь явж байгаад шатсан зураг хэрэгт байгаа. Тэр нь манай урдаас ороод баруун тийшээ буюу баруун урд булангаараа харагддаг. Баруун урд талын дээврийн хөндийн булангаас гал гарсан байна гэдгээс өөр тайлбар байхгүй. Манай кабел болон өөр тэр хавийн ямар ч кабел тэнд байхгүй.

Гал гарсан өдөр болон маргааш нь ч манайд тог тасраагүй, ажиллаж байсан талаар н.Отгонбат гэрчилдэг. Мөн 217 дугаар хуудсанд байгаа 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болсон шүүх хуралдааны үеэр гэрч н.Дайрийжаваас гал гарсан кабелийн утас хэнийх вэ гэж асуухад гэрч н.Дайрийжав манайх гэж хариулсан, мөн цахилгаанчин ирэхгүй байсан тул манай нөхөр очиж кабелийн утсыг залгасан гэж хэлсэн. Үзлэг хийлгэсэн сиди /хуурцаг/ дээр сүүлийн хэсэгт н.Сайнбилэг манай хашаанд орж ирээд тэр кабелийн утас чинь тасарчихсан байсныг би өөрөө залгасан гэж хэлж байгаа нь харагдсан. Үүгээрээ Н.Дайрийжавын хэлсэн мэдүүлгийг нотлоод байна.

Гамшиг судлалын төвийн дүгнэлтэд тухайн цахилгааны утас дээр үзлэг хийхэд богино холбоо, хэт ачаалал зэргээс болж үүссэн. Өөрөөр хэлбэл, цахилгааны гэмтлээс болж гал түймэр гарсан нь лабораторийн шинжилгээний дүгнэлтээр нотлогдож байна гэсэн. Богино холбоо, эсхүл хэт ачаалал үүссэн учраас тэдний кабел утаснаас гал гарч манай гараж болон энэ айл шатсан. Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд үзлэгээр хашааны баруун урд талын хүчдэлээс баруун талаас орсон цахилгааны утаснаас дээж авч эд мөрийн баримтаар хураан, тэмдэглэлд тусгав гэсэн байна. Энэ нь тухайн үед шатсан зургаар нь нотлогдож байгаа. Мөн шүүгч үзлэгээр очих үедээ ч зургийг нь авсан тэр хэвээрээ байгаа.

Одоо бол хашааны ёроолоор явж байгаа болохоос биш гал гарах үед хашааны дээгүүр явж байсан. Хавтаст хэрэгт авагдсан зургаас харахад шатсаны дараа хогоо цэвэрлэхэд н.Дайрийжавын кабелийн утас тасарсан байдалтай ил гараад ирчихсэн байсан. Гал гарсан утасны эзэн н.Дайрийжавд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00840 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бээс 10 032 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Дд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 922 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 211 078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бээс 175 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Дд олгож шийдвэрлэжээ.      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 898 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00840 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 175 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 898 тоот магадлалыг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

2 талыг сайн мэтгэлцүүлээгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн ч гал гарснаас хойш 4 жил өнгөрсөн. Энэ хугацаанд хариуцагчийн гол маргадаг асуудал нь шинжээч томилуулах эсэх асуудал бөгөөд өөр маргах зүйлгүй.

Анхан шатны шүүхээр 4 жилийн хугацаанд байж болох бүх л байгууллагуудаар дүгнэлтүүдийг хангалттай гаргуулсан. Гэтэл дунд шатны шүүх шинжээч томилох асуудлаар өмнө нь буцаасан хэргийг хангалттай нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн байхад үгүйсгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Ц.Б нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө хүсэлт гаргах асуудлаар шинжээч дахин томилуулах, шинжээчид гомдолтой эсэх талаар асуухад Ц.Б болон түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нар шинжээч томилох асуудлаас бүрэн татгалзан, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхийг хүссэн. Үнэхээр Ц.Б хуулийн мэдлэг дутуу байж болно. Харин өмгөөлөгч Д.Дарханбаатар яагаад хуулийн зөвлөгөө өгч, шүүхээс хүсэлтээ хангуулаагүй гэж үзсэн бол арга хэмжээ аваагүй нь зориудаар хэргийг замхруулахаар санаархаж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх тэдний хүсэлтийн дагуу хурлыг цааш үргэлжлүүлсэн.

Хариуцагч хурал болгон дээр мэдүүлгээ өөрчилж байсан. Анхан шатны шүүхийн эхний хуралд би хөрөө рам ажиллуулдаг, модон эдлэл хийдэг гэсэн бол дараагийн хуралд огт хийдэггүй гэж байсныг шүүгчид сануулга болгож байсан.

Иргэн Н.Даарийжавын цахилгааны утас гражийн гадуур явж байсан, гал гражийн дотор талаас гарсныг бүх шатанд тогтоосон. Хариуцагчийн тогны утас ч нь байдаг. Иргэн хүн өөрийн эзэмшиж буй объектын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Ц.Б нь өөрийн объектын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас уг гал түймэр гарсан гэж үзэж байна.

Иймд өөрийн эзэмшилд гарсан талыг Ц.Б хариуцах нь зүйн хэрэг. Давж заалдах шатны шүүх хурал хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэргийг сайн хянаж үзээгүй гэж үзэж байна. Миний бие өөрийн орон гэрээ шатаалгаж хохирсондоо маш их гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 898 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Учир нь хариуцагч Ц.Бийн эзэмшлийн гражнаас гал гарсан гэдэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Үүнд:

   Гэрч Ш.Бөхбат: “Граж дотроос гадагш дээвэр тал руугаа дээшээ гал гарч байсан. Гражийн хаалгыг онгойлгоход гал маш хүчтэй ассан. Галыг гаднаас нь цохиж унтраасан бол тэгж хурдан шатахгүй байсан байх. 3 залуу гражийн хаалгыг онгойлгосон чинь гал дүрэлзээд явчихсан” гэх мэдүүлэг, шинжээч н.Наранбаатар: “Цахилгаан дамжуулах шугамын утсанд хэт ачаалал эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан. 5-127 гражид өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж ашигласнаас болоод цахилгааны хэт ачаалал үүсч гал түймэр гарсан. Салхины зүг зүүн тийшээ байсан учраас зүүн талд байсан айлуудын эд хогшил галд авалцсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Отгонбат: “Үе үе цахилгаан дрил ажиллуулдаг байсан” гэх мэдүүлэг, Гамшгийн туршилт төвийн шинжээчийн дүгнэлтээр “гал түймэр гражийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчилтөрөгч хангалтгүй орчинд асаж байгаад гражийн хаалга нээхэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан” гэх дүгнэлт, Геологийн төв лабраторийн шинжилгээний дүгнэлтээр “цахилгааны утаснуудад үүссэн бөмбөлгүүд нь цахилгааны гэмтлээс үүдэн гал түймэр гарсан байна” гэх мэдүүлэг, БЗД-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн техник үйлчлэх хэсгийн инженер н.Мөнхцэцэгийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “тоолуурын нэгдсэн щитийн монтаж хэвийн айлуудын оруулгын утас газар булагдсан байна. Кабелийн ашиглалтыг тодруулах боломжгүйгээс галын байцаагчийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь зүйтэй гэх баримтуудаар гражаас гал гарсан нь тодорхой бөгөөд ямар ч кабел утаснаас гал гарсан гэдэг нь нотлогдоогүй байхад Н.Дарийжав гэх хүний кабел утаснаас гал гарсан гээд маргалдаад байгаа нь ямар ч хууль зүйн үндэсгүй юм.

Магадлалд “хариуцагч шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан, эсхүл тухайн шинжээчээр дүгнэлт гаргуулахаас татгалзаж буй аль нь болох нь тодорхойгүй, шүүх энэ талаар лавтай сайн тодруулаагүй атлаа дахин шинжээч томилох хүсэлтээсээ таггалзсан гэж дүгнэсэн буруу болжээ” гэжээ. Тэгвэл анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө шүүгч дахин шинжээч томилох захирамж гарсан байгаа энэ тал дээр ямар бодолтой байна гэхэд хариуцагч үүнээсээ татгалзаж байна гэдэг хариултыг өгч байсан. Шүүгч энэ тал дээр маш олон удаа асууж тайлбарлаж байсан. Нэгэнт хариуцагч өөрөө хүсэлтээсээ татгалзсан учраас шүүх хурлыг цааш үргэлжлүүлсэн нь хууль зүйн үндэстэй юм.

Мөн магадлалд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлтэд цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсч улмаар дамжуулах утаснуудыг болон тоног төхөөрөмжүүдийг тооцоолон тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалсан, халалт бий болсноос гал гарсан гэж дүгнэсэн. Энэ нь ямар шалтгаан нөхцөлийн улмаас болдог, үүнд хэрэглэгч хангагч нар эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэнтэй холбоотой эсэх талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл кабель утас шатсан нь хэрэглэгчийн буруутай үйлдэл байгаа эсэх, эсхүл хангагчийн нэг үүсвэрээс авсан холболтуудаас хамааралтай эсэхийг тодруулах нь ач холбогдолтой гэжээ. Тэгвэл кабель утаснаас болж гал гарсан гэдэг ямар ч нотлох баримт байхгүй. Тухайн шатсан гэх кабель утсыг Ц.Б нь өөрийнхөө гражийн хашаанд оруулан гражаа барьсан, мэдээж граж дотор нь хашаан дээгүүр явсан кабель утас шатаж таарна. Түүнээс биш шитэн доторх Н.Дарийжавын цахилгааны утас шатсан гэх баримт байхгүй. Хариуцагч хүний эзэмшлийн кабель утсыг граж дотроо оруулж гражаа барьсан учраас Н.Дарийжав гэх хүний кабелийн утас шатсан хэмээн үзэж байна. Н.Дарийжав тухайн үед манайд хүн байхгүй байсан гэж мэдүүлдэг. Тэгээд ч Ц.Б нь граж дотроо цахилгаан тоног төхөөрөмж ажиллуулдаг гэдэг нь тогтоогдсон.

Иймээс магадлалыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Ш.Д нь Ц.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 10 032 860 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...хэргийн нөхцөл байдал тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн...” гэх үндэслэл заажээ.

2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 7 дугаар гудамжны 127-д оршин суух Ц.Бийн гаражид гал гарч, хажуу айл 127б-д оршин суух нэхэмжлэгч Ш.Дгийн 5 ханатай гэр, эд хогшил, хувцас, эдлэл шатаж 10 032 860 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Бийн гаражид гал эхэлж гарсан гэх үндэслэлээр өөрт учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан, хариуцагч гал гарахад буруугүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг гал гарсан гаражийн өмчлөгч, эзэмшигчийн хувьд хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзсэнийг  буруутгах боломжгүй боловч гал гарсан шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад дан ганц энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлт, Гамшиг судлалын хүрээлэн, гамшигийн туршилт шинжилгээний төвийн дүгнэлтүүдээр “...цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсч, улмаар дамжуулах утаснуудыг тохируулсан ачааллаас хэтрүүлж ачаалах үед халалт бий болсноос, ...цахилгааны гэмтлээс /богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ үүдэж гал түймэр гарсан...” болох нь тогтоогджээ.

Хариуцагч Ц.Б нь манай кабелийн утас газар доогуур явдаг, ил утас байхгүй тул гал гарах боломжгүй, иргэн Н.Дарийжавын цахилгааны /кабелийн/ утас гаражийн дээгүүр татагдсан байдаг учир галын эх үүсвэр болсон цахилгааны утасны эзэмшигчийг тогтоох шаардлагатай гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдээгүй тул дээрх нөхцөл байдлыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд магадлалд заасан үндэслэлээс гадна хэрэв Н.Дарийжавын гэрээс гарсан цахилгааны утасны ачаалал хэтэрснээс халалт үүсч гал гарсан гэж үзвэл Н.Дарийжавын гэрээс гарсан цахилгааны шугам шулуун татагдсан хэсэгт буюу щит хүрэх замд халалт үүсч гал гарч болох эсэх, эсхүл щитэнд очиж шатах, эсхүл гаднаас холбогдсон зангилаанд /богино холболт/, эсхүл дарагдах, шахагдах, нугаларсан хэсэгт халалт үүсэх боломжтой эсэх талаар тодруулах шаардлагатай юм.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.4. дэх заалтад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 898 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ш.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД