Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01220

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01220

 

 

 

                                     Ш.Д-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01765 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Дгийн хариуцагч Ц.Б, Н.Д нараас гэм хорын хохиролд 12,258,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хариуцагч Ц.Б, хариуцагч Н.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамхорол, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед гал гарч Ш.Дгийн ....... орших гэр нь шатсан. Тухайн үед ....... нэхэмжлэгчийг дуудаж Ц.Бийн гэрт засвар хийж байсан гурван залуу хаалгаа онгойлгоход гал тургин гарсан. Хаалгыг онгойлгоход гал гарч нойл, нэхэмжлэгчийн хашаа маш хурдан шатсан. Ц.Б нь Н.Дын утаснаас болж гал гарсан гэдэг.  Шинжээч Ц.Дын утаснаас гал гарсан гэж дүгнэлт гараагүй. Ц.Б шүүх хурал бүрт мэдүүлгээ өөрчилж байна. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Ч.Нын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 тоот шинжээчийн дүгнэлтээр гал гарах болсон шалтгаан нь цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсч улмаар дамжуулах утаснууд болон төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачааллах үед халалт бий болсноос тоног төхөөрөмж халж гал гарсан гэдгийг тогтоосон. Ц.Бийн гараашаас гал гарсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Гэрч Ш.Б “гарашаас утаа гарахыг хараад хүн дуудахад эдний гэрээс 5 залуу гарч ирээд гараашийн хаалгыг онгойлгож гал асахаар нь Ш.Дгийнд орж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дүгнэлтээр гал түймэр гараашийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчилтөрөгч хангалтгүй орчинд асаж байгаад гараашийн хаалга нээгдэхэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан болохыг тогтоосон. Эдгээрээс үзэхэд Ц.Бийн гараашид анх гал гарсан, гараашийн хаалгыг онгойлгосноос болоод гал эрчимтэй явагдсан болох нь тогтоогдсон. Гэтэл Ц.Б 4 айлын цаана байдаг Н.Дын кабел утаснаас болж гал гарсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Н.Д өдөр нь гэртээ байхгүй байсан, орой ирэхэд цахилгаан тасарсан байсан, кабел утас шатсан байсан гэж мэдүүлсэн болохоос өөрийн эзэмшлийн кабел утаснаас болж гал гарсан гэж хэлээгүй. Ц.Б гараашдаа тоног төхөөрөмж ажиллуулдаг гэж тайлбарласнаас үзэхэд цахилгааны утсанд хэт ачаалал өгснөөс гал гарсан. Бүх шатны шинжээчийн дүгнэлтэд Н.Дын утас эсхүл өөр хэн нэгний утаснаас болж гал гарсан гэж тогтоосон зүйл байхгүй. Гал гарсан амбаар нь Ц.Бийн эзэмшлийнх байсан тул аюулгүй байдлыг хариуцах ёстой гэж үзэж байна. Шатсан гэртээ үнэлгээ хийлгэхэд 12,258,000 төгрөгийн үнэлсэн. Гэвч элэгдэл хорогдлыг хасаад 10,032,860 төгрөгөөр үнэлгээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч Ц.Бийн татгалзал, тайлбарын агуулга: 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд гадуур ажил хөөцөлдөөд явж байсан. 16 цаг 02 минутад гэрт ажил хийж байсан туслах н.Н яаралтай ир, гараашид гал гараад байна, машиныг холдуулах хэрэгтэй байна гэсэн. Ингээд гэртээ очиход гал команд ирчихсэн, дүрэлзсэн галыг унтраасан, нурмыг нь ухаад далд байгаа галыг нь унтраагаад явж байсан. Ингээд амбаар, гарааш, жорлон, хашаа, гарааш амбаар дотор байсан эд зүйлүүд бүгд шатсан. Мөн Ш.Дгийн гэр бүхэлдээ шатсан байсан. Гал хаанаас гарсан болохыг асуухад жорлон гарааш хоёрын дунд хавиас гал гарсан гэж хэлсэн. Тухайн үед манайхаас гал алдаад айлын гэрийг шатаачихлаа гэж бодож байсан учраас Ш.Дгийн нөхөр н.Жтай уулзаж “машинаа гаргаж авсан нь сайн болж, би танай хохирлыг барагдуулж таарах байх, танайх хэдэн төгрөг байвал болох вэ гэж асуухад 2,000,000 төгрөг өгчих, манайх гэрээ 700,000-800,000 төгрөгт авах байх, доторх зүйлсийг нь 1,000,000 төгрөгөөр авчих байх” гэж хэлсэн. Гал командын хүн урьдчилсан байдлаар кабелаас болж гал гарсан байх магадлалтай гэж, кабелаас дээж авсан, тодорхой хариу шинжээчийн дүгнэлтээр гарна гэж хэлээд явсан. Манай баруун талд 128 тоот, түүний цаана 129 тоот байдаг. Тухайн кабелыг дагуулаад харахад 128 тоот буюу манай баруун талын айлынх биш байсан. Нэвт цаашаа 129 тоотын айлын хашаа руу орж байгааг нь харсан. Энэ талаар н.Жад хэлж галын шинжээчийн дүгнэлт гартал хүлээе гэж хэлсэн. 3 хоногийн хугацаанд цэвэрлэхэд галын эх үүсвэр болсон кабелын нэг талын үзүүр хашаан дээр тохоотой үлдсэн, нөгөө талынх нь үзүүр галын нурам доороос гарч ирсэн. Гал гарсан өдрөөс хойш хогоо цэвэрлээд кабелын нөгөө үзүүрийг гаргаж ирэх хүртэл н.Сийн гэр цахилгаангүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр н.С хашаанд орж ирээд надтай ярилцсан бичлэг дээр энэ кабелыг залгасан нь үнэн гэдгээ хэлсэн байгаа. Н.Дын гэрчийн мэдүүлэгтээ “гал гардаг өдөр буюу 2015 оны 05 сарын 21-ний өдөр манайх эзэнгүй байсан, өглөөнөөс эхлээд хүн байгаагүй” гэж хэлсэн. Н.Мийн хуурамч дүгнэлтийг “УЦТС” ТӨХК-ийн хяналт шалгалтын албаны дарга байсан н.М шалгах явцад хийсэн бичлэгт Д, С нар байж байгаад С гуай манай кабел эндээ залгаатай байдаг юм гээд кабелаа барьж байгаад зураг даруулж байсан. 2016 онд Онцгой байдлын газрын харьяа Гамшиг судлалын үндэсний төвөөс шинжээчийн дүгнэлт гаргасан.

2016 онд н.Баян-Эрдэнэ гарааш, амбаарын байрлалыг зуруулж авсан. 2016 оны намар шүүхээс шинжээчийн дүгнэлтийн хариугаа явуулна уу гэсэн бичиг явуулсны дараа н.Баян-Эрдэнэ дахин дуудсан. Ингээд н.Баян-Эрдэнэ та дахиад мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Өмнө өгсөн мэдүүлэг яасан бэ гэхэд алга болчихсон гэж хэлсэн. Дахин мэдүүлэг өгөхөд товчхон ярихад болно гэхээр нь товчхон ярьсан, зурж өгөх шаардлагагүй гэсэн. Гэтэл тэрээр галын эзнийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. н.Баян-Эрдэнэ газар дээр нь очиж үзээгүй. Дүгнэлтдээ Ш.Бын гэрчийн мэдүүлгийг ишилж татсан байдаг. Ш.Быг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй байхад 2016 оны 09 сарын 28-ны өдөр Ш.Быг өөрөө дуудаж гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Ш.Б 2015 оны 12 сарын 14-ний өдрийн мэдүүлэгтээ “Батцэнгэлийнд ажиллаж байсан 5 залуу дандаа архи ууж согтуурдаг байсан, мөн гал нь гадагшаа гараагүй дотроо уугиж байхад хаалгыг онгойлгоход гадагшаа пур хийгээд ассан” гэж худал мэдүүлэг өгсөн. н.Баяр-Эрдэнийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэрэгт Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. “УЦТС” ТӨХК-ийн харьяа Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр кабелын эзнийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг гаргасан хүн ашиг сонирхлын зөрчилтэй, 2018 онд шүүхийн шинжилгээ хийхээр ирэхдээ хариуцагч Н.Дтай хамт ирсэн. Тухайн үед Н.Д хэргийн оролцогч биш, хамааралгүй байсан тул шинжээч томилсон талаар мэдэх боломжгүй байсан. Гэтэл шинжээч томилсон талаар мэдээд шинжээчтэй хамт нэг машинд суугаад ирсэн. Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн шинжээч Мөнгөнцэцэгийг ирэхэд нь одоо газар ухах хүн хэрэгтэй болно, шинжээч ирэхээс өмнө газрыг ухаж болохгүй харуулж байгаад ухах хэрэгтэй гээд 3 хүн бэлдчихсэн, багажтай байж байгаад тэд нараар ухуулаад кабелыг гаргаж ирж харсан. Н.Дын кабел залгаастай байгаагүй, кабелын тоо зургийг нь бүгдийг аваад явсан. Ингээд кабелын эзнийг тогтоох боломжгүй гэх 3 удаагийн албан бичиг явуулсан байдаг. Онцгой байдлын газрын харьяа Гамшиг судлалын үндэсний төвийн 1 дүгнэлт, Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 3 албан бичгээр кабелын эзнийг хэн болохыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр газар дээр нь үзлэг хийсэн баримтаа хавтаст хэрэгт хийхгүй байсан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 20-ны өглөө нь хэрэгт хийчихсэн байсан. Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд шатсан кабел Ц.Бийнх гэж ойлгогдохоор зүйл бичсэн байсан, бүх хуудасны доор нь засаж бичсэн. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давах, хяналтын шатны шүүхээс буцаасан. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд кабелын эзнийг тогтоогоогүй байхад шүүх хуралдааныг хийх боломжгүй, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ирсэн бичиг худал тул шалгуулахаар холбогдох газарт гомдол өгсөн, гомдлуудын хариу иртэл хурлыг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч харгалзалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, гаргасан хүсэлтийг хурлын тэмдэглэлд тусгаагүй байсан. 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт кабелын эзнийг тогтоолгох хүсэлт гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Н.Дынх мөн гэсэн дүгнэлт гаргасан. 2021 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын н.Наранбаатар шинжээч газар дээр нь үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад кабел Н.Дынх болох нь тогтоогдсон. 2021 онд Н.Дынх кабелаа сольчихсон байсан. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч н.Энхжаргалыг дүгнэлт хийхэд кабелаа солиогүй, галын байцаагчийн зураг дээр сум заагаад тэмдэглэгдсэн нь хэвээрээ байсан. Харин н.Наранбаатар шинжээчийг дүгнэлт гаргахад кабелаа сольчихсон байсан.  Өмнө нь 2 удаа гэрчийн мэдүүлэг өгч байсан Ш.Б дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө урьд өгсөн хуурамч мэдүүлгүүдээ мартсан. Өмнө нь гадна талд гал гараагүй, гараашийн дотроос утаа гарч байхад нь хаалгыг онгойлгоход гал гадагшаа гарсан гэж мэдүүлэг өгч байсан, харин одоо гадна талд нь гал гарч байсан, өмнө нь би тэгж яриагүй гэж хэлсэн. Хавтас хэрэгт авагдсан баримт, бүх нотолгоог харахад тухайн өдрийн галын эх үүсвэр нь цахилгааны кабелаас болж гарсан, уг кабел нь Ц.Бийнх биш иргэн Н.Дынх байсан нь нотлогддог. Тухайн үед Н.Дынд хүнгүй байсан, цахилгаан хэрэгслээ залгаад орхисон гэдэгт хяналт тавих боломжгүй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.  Энэ кабелаас болж гарсан галын улмаас хохирсон хохирогч нь би байтал өнөөдөр гэмтэй хүнээс хохирлоо нэхэмжилж чадахгүйгээр энэ шуналтай авгайгийн хариуцагч болоод явж байна. Тухайн үед Ц.Б рэйнж ровер /range rover/ маркийн автомашинаа гарааш дотор нь багтахгүй байсан учраас гадаа тавьсан байсан. Гэртээ засвар хийж байгаа учир бүх тавилга, замаск, цемент зэргийг гарааш болон амбаартаа оруулаад хураасан. Мөн барилгын ажил хийдэг учраас цахилгаан багаж төхөөрөмжүүд байсан. Ц.Бд галын улмаас маш их хэмжээний хохирол учирсан. Миний бүх багаж шатаад дахин ажил хийх багажаа шинээр худалдаж авч байсан. Тэнд миний ажил хийдэг цахилгааны кабел хуйлаастай хэвээр байдаг байсан, би тэр бүгдийг шинээр худалдаж авсан. Байшиндаа засвар хийж байсан материалуудыг бүгдийг нь шинээр авсан. Ц.Б энэ хэрэгт хамааралгүй, хэргийн хариуцагч биш хохирогч учраас буруутай этгээдээс нь Ц.Бд учирсан  хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.Дын татгалзал, тайлбарын агуулга: Тухайн үед Н.Дынд хүнгүй байсан. Ц.Б байшингаа засаж хүмүүс ажиллуулж байсан ба хашаанд нь 220 вольтоор ажилладаг хөрөө рамтай модон амбаар байсан. Тухайн амбаараас анх гал гарсан гэж хохирогч хэлсэн. Хөрөө рамаа дамартай уртасгагч гаргаж ажиллуулдаг байсан. Н.Дын гэрлийн утас хашаан дээгүүр явдаг байсан. Айлуудын тоолуурыг нэг хашаанд хийж самбар цоожтой болгон, цахилгааны утас гаргаж, айл бүрийн тоолуурыг холбосон. Н.Дынх хүрээгүйн улмаас нэмж утас залгаж тог оруулсан. Гал түймрийн улмаас хашаан дээгүүрх утас хамт шатсан. Шатсан утас нэг ч залгаа байхгүй. Эрчим хүчний газраас залгаж өгсөн утас шатсан. Хэрэгт Н.Дынхаас гал гарсан гэдгийг нотолсон баримтгүй. Гэрч гарааш дотроос гадагш дээвэр тал руугаа гал гарч байсан гэж мэдүүлдэг. н.Наранбаатар шинжээч цахилгаан дамжуулах шугамын утсанд хэт ачаалал эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан, 5-127 тоот гараашид өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж ашигласнаас болж цахилгааны хэт ачаалал үүсч гал түймэр гарсан, салхины зүг зүүн тийшээ байсан учир зүүн талд байсан айлуудын эд хогшилд гал авалцсан гэж мэдүүлсэн. Гэрч н.Отгонбатын үе, үе цахилгаан дрилл ажиллуулдаг байсан гэх мэдүүлэг, Гамшиг судлалын төвийн шинжээчийн дүгнэлтээр гал түймэр гараашийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчил төрөгч хангалтгүй орчинд асаж байгаад гараашийн хаалга нээгдэх үед хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан гэх дүгнэлт, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд цахилгааны утаснуудад үүссэн бөмбөлгүүд нь цахилгааны гэмтлээс үүдэн гал түймэр гарсан гэх дүгнэлт, мэдүүлгүүдээр гал түймэр гарахад Н.Д холбоогүй гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгийн дүгнэлтэд: Гал түймрийн эх үүсвэр болох цахилгааны утасны аюулгүй байдлыг хангаж чадаагүй хариуцагч Н.Даас хохирлыг гаргуулах зүйтэй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бээс 6,129,000 /зургаан сая нэг зуун хорин есөн мянга/ төгрөг, хариуцагч Н.Даас 6,129,000 /зургаан сая нэг зуун хорин есөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож, нэхэмжлэгч Ш.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,000 төгрөгийг улсын орлогод үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Бээс 105,539 төгрөг, хариуцагч Н.Даас 105,539 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож шийдвэрлэжээ.  

6. Хариуцагч Ц.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, гал түймэр Ц.Бийн гараашаас гараагүй, 7-129 тоот айлын цахилгааны кабелиас гал гарсан. Шүүгч гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт худал бичсэн. Гэрч Ш.Б нийт 3 удаа мэдүүлэг өгсөн ба өмнөх 2 удаагийн мэдүүлгийг Ц.Бд мэдэгдэхгүйгээр нууцаар мэдүүлэг авсан байдаг. Ш.Б худал гэрчийн мэдүүлэг өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүх хурал дээр жинхнээсээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө “гэрт нь байсан хүмүүс гарч ирж гараашийн хаалгыг нээхэд гал хүчтэй дүрэлзэн ассан” гэж хэлээгүй. Ш.Б гэгч танхай этгээд нь манай гэрт урьд өмнө нь хоёр ч удаа дайрч орж ирэн танхайрч байсан ба тухай бүрт нь цагдаа дуудан өгч арга хэмжээ авахуулж байсан. Энэ талаар хавтаст хэрэгт зурагтай нь оруулж, гэрч худал мэдүүлэг өгсөн тул хэргээс хасуулах, мэдүүлгийг үнэлэхгүй байх хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргасан. Өмнөх 2 удаагийн гэрчийн мэдүүлэгт Ш.Б өөрийг нь цагдаад өгч байсанд өсөрхөн шууд гүтгэж мэдүүлэг өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийг уншихад ойлгогдоно. Мөн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд Ш.Б нь өмнө гүтгэж өгсөн мэдүүлгээ мартчихсан байсан. Ингээд жинхэнээсээ харсан зүйлээ үнэн мөнөөр нь ярьж эхлэхэд шүүгч Д.Батцэцэг ихэд сандарч хавтаст хэрэгт өмнө өгсөн мэдүүлгийг гэрчид уншуулснаас хойш өмнөх гүтгэлэгийн мэдүүлэгтэйгээ адилхан ярихыг хичээж, “би өмнөх мэдүүлгээсээ буцаагүй. Өмнө өгсөн үг нь буруу байна гэвэл би засаад хэлье” гэхчилэн буцаж эхэлсэн. Энэ тухай шүүгч Д.Батцэцэгт хэлж шаардлага тавихад өмнөх мэдүүлгийг нь уншуулсан гэдгээ мэдүүлэг дээр нь бичнэ гэж байсан боловч бичээгүй. Мөн сүүлд өгсөн мэдүүлэгтээ “гараашны урд нойл хоёрын завсраас гарч байсан ... би гараашийн хаалга онгойлгосон гэж яриагүй ... гараашны доороос бадамлаад байсан учраас та нар хаалгыг нь унтраах гэж байснаас гаднаас нь унтраа гэж хэлсэн. Түүнээс галыг унтраахад оролцоогүй... би галын шинжээч биш. Ханыг нь дагаад гал гараад дээвэр доороос маналзаж байгаа... би согтуу байсан гэж мэдүүлэг өгөөгүй... гал нойлын дайны өндөр ассан байсан... зөвхөн утаа гарч байсан бол би өөрөө орж унтраах байсан...” гэх мэтээр өмнө гүтгэж өгсөн 2 удаагийн мэдүүлгээ худал гэдгийг өөрөө баталж ярьсан. Гэтэл шүүгч Ш.Бөхтбатын өмнөх гүтгэлгийн чанартай мэдүүлгээс “гэрт нь байсан хүмүүс гарч ирж гараашийн хаалгыг нээхэд гал хүчтэй дүрэлзэн ассан” гэдэг хэсгийг таслан авсан нь гэм буруугүй хүнийг гэм буруутай болгох гэсэн санаа байна. Ш.Быг санаатайгаар худал мэдүүлэг өгч бусдад хохирол учруулсан үндэслэлээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаар шүүхэд тайлбарлаж, уг хэрэг шийдвэрлэгдсэний дараа энэ хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахгүйгээр гэрчийн худал мэдүүлгийг үндэслэн гэм буруугүй хүнийг гүтгэж шийдвэр гаргасан.

Шүүх “хариуцагч Ц.Б нь цахилгааны инженер мэргэжилтай, цахилгааны талаар сайн мэднэ гэж тайлбарлаж байх боловч 2011 оноос хойш 2015 оны 05 дугаар сарын 21 ний өдрийг хүртэлх хугацаанд Р.С, Н.Д нарыг өөрийн эзэмшлийн хашаан дээгүүр, гарааш дотуур ил явж байгаа цахилгааны утсыг газар доогуур явуулах талаар Р.С, Н.Д нараас шаардсан, хангагч байгууллагад хандан шалгалт хийлгэх талаар шаардаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг бусдын цахилгааны утсыг модон гараашийн ханаар дамжуулж, хашаагаар илээр 4-5 жил дамжуулж байрлуулсан буруутай гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Үүнээс харахад Р.С, Н.Д нарын цахилгааны утсыг Ц.Б тэнд байрлуулсан мэт ойлгогдохоор бичсэн гүтгэлэг юм. 2022 оны 04 сарын 18-ны өдрийн шүүх хурал дээр тодорхой ярьсан ба 2011 оны 11 сард УЦТС ТӨХК-нд төсөл хэрэгжин цаанаас нь кабель тавьж өгөхөд 128 тоотын хүнтэй хөлдүү газрыг 2 хоног шахуу ухаж кабелиа хийж булахад Р.С бидний ухсан шуудуунд өөрийн кабелиа оруулан хашааны тэндээс ил гарган гэрлүүгээ татсан. Тухайн үед нь “та кабелиа манай хашаанаас ав. газар ухаж хий” гэхэд “хөлдүү газар ухахад хэцүү байна. Ирэх хавар газар гэсэхээр ухаад хийчихэе” гэсэн. Ирэх хавар нь ухаж хийгээгүй ба тэр зун нь тааралдан шаардлага тавихад “ухаад хийчихнээ” гэсэн боловч ном ёсоор нь болголгүй таг чиг алга болсон. Энэ талаар Р.С маргаагүй, үгүйсгээгүй байдаг. Гэтэл шүүгч хөршийнхөө хүнд бичгээр шаардлага өгөөд хувийг нь канондаж авч үлдэх ёстой байсан мэтээр “шаардлагаа нотолж чадаагүй” гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4 дэх хэсэгийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хариуцагч Ц.Бийн цахилгааны утас гараашийн доогуур явж байсан нөхцөл байдал, тэрээр гарааш дотор цахилгааны утсыг оруулж, эрчим хүч ашиглаж байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан зэргээс дүгнэвэл хариуцагч Ц.Бийн гарааш дотор цахилгаан эрчим хүч хэрэглэж байсан нь гал гарсантай шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн. Д.Батцэнгэл цахилгааны утсаа замаас нь тасдан залгаас хийж гараашд эрчим хүч хэрэглэж байсан мэт ойлгогдохоор бичсэн нь шүүгчийн заль мэх юм. Хажуу айл болох 128 тоот айлын утаснууд нь гараажаас доор хөрсөн доогуур явдаг бөгөөд уг галд өртөж огт шатаагүй, бүрэн бүтнээрээ байгаа гэдгийг 2019 онд ухаж ил гарган шүүгч нар болон шинжээчидэд үзүүлж байсан. Гал гарах үеэр Ц.Б гэртээ засвар хийж байсан ба гараашд гэрийн тавилга, хувцас хунар болон бүх эд хөрөнгөө оруулаад дүүрчихсэн байсан тул тухайн гарааш дотор эрчим хүч ашиглан ажил хийх нь байтугай хүн орох зайгүй дүүрчихсэн байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Рэнж ровер машин гарашд багтахгүй, гарашийн гадна үүдэнд зогсож байгаад шатсан зургаас харахад тодорхой байгаа. Мөн Ц.Б гэртээ ямар нэгэн байдлаар эрчим хүч хэрэглэн ажиллуулахад Р.Сийн цахилгааны кабельд нөлөөлөхгүй, тухайн хэсгээр утас нь тусдаа явж тоолуурын 32-р шитэнд байрлах өөр өөрсдийн тоолуур дээр тус тусдаа холбогддог байсан болох нь “Цэнхэр Төхөм” ХХК-ийн албан ёсны зураг, гал түймэр гарахаас өмнө гүүглээс авсан зураг дээр зурсан кабелийн зураг, айлуудын байршил, шүүгч Баярмаагийн авсан фото зураг зэргээс маш тодорхой ойлгомжтой харагддаг.

“Хариуцагч Ц.Бийн Н.Д, Р.С нарын эзэмшлийн цахилгааны утас манай хашаан дээгүүр явсан, уг цахилгааны утаснаас гал гарсан ... гэх хариуцагч Р.Сийн ... Ц.Б хөрөө арам ажиллуулдаг байсан, засвар хийхэд ажиллуулсан тоног төхөөрөмж зэргээс өөрийнх нь цахилгаан утаснаас шалтгаалж гал гарсан гэх тайлбарууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, эдгээр нь өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй.” гэж дүгнэсэн. Хөрөө зам ажиллуулдаг гэх асуудал нь 1999-2003 оны хооронд оюутан байх үедээ хашаандаа тавилга хийж зардаг байсныг 2015 оны үйл явдалд хамруулан хүн гүтгэж, энэ талаар тайлбарласаар байхад шийдвэр гаргахдаа хэрэглэсэн.

Гал түймэр кабелиас болж гарсныг, уг кабель нь 129 тоотынх гэдгийг хавтаст хэрэгт авагдсан бүх баримтууд нотолж байгаа. Гэтэл “хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн. 2016 оны 10 дугаар сарын 17-ны 9/201 тоот дүгнэлтэнд бичигдсэн “гал гарсан гэх кабелийн эзнийг тодорхойлох боломжгүй байна.” гэх дүгнэлтийг санаатайгаар хуурамч гаргасан гэж үзэж байгаагаа хурал дээр хангалттай олон удаа хэлж, мөн бичгээр тайлбар өгсөн. Ш.Бын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Б.Батсуурь, Отгонбат нарын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн Гамшиг судлалын төвийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны дүгнэлтийн Ш.Баас авсан байцаалтад “тэгээд анх гал гарахыг манай эхнэр муу ус асгахаар гарахдаа иргэн Ц.Бийн гарашд гал гарч байгааг харсан”, “Ц.Бийн гэрт засвар хийж байсан залуучууд гараашийн хаалга онгойлгоход л гал дүрэлзэж ассан” гэх тайлбараас харахад гал түймэр гарашийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчилтөрөгч хангалтгүй орчинд асч байгаад гараашийн хаалга нээгдэхэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж эрчимтэй шаталт явагдсан байна” гэсэн хэсэгт гомдол гаргасан тухай шүүх хуралдаанд тодорхой хэлсэн. Уг дүгнэлтийг гаргасан шинжээч эрүүгийн хэргээр хариуцлага хүлээх эсэх нь энэ хэрэгт хамаагүй боловч дээрх дүгнэлт үнэн, худал байсан гэдгийг шүүх хурлаар нотлох байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг хийж, шинжээчийн санаатайгаар гаргасан, хуурамч дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан.

Гарааш дотор Ц.Бийн кабель байгаагүй. Гараашийн газар доогуур булаатай норм дүрмийн дагуу явдаг байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүгч З.Баярмаа өөрийн биеэр хэргийн газар үзлэг хийхээр очих үед газар доороос ухаж ил гарган Ц.Бийнх болон 128 тоот айлын утас норм дүрмийн дагуу явж байгаа, галын үеэр шатаагүй, ямар нэгэн залгаа хийгээгүй, галд хайрагдаж, түлэгдээгүй болохыг харуулсан.  Хэрэгт Ц.Бийн гараашаас гал гарсан гэх ямар ч баримт байхгүй. Гэтэл шүүгч Ц.Бийн гараашаас гал гарсны улмаас Ш.Дгийн гэр шатсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь гэм буруугүй хүнийг хилс хэрэгт тулгасан үйлдэл юм.

Гал гарсан шалтгааныг цахилгааны утаснаас үүссэн талаар шинжээчийн дүгнэлт гарсан нь үнэн. Галын эх үүсвэр болсон кабель нь Монел 7-129 тоот айлынх болох нь Мэргэжлийн хяналтын газрын хоёр удаагийн дүгнэлтээр нотлогддог. Ц.Бийн гэрт хэрэглэсэн цахилгаан тоног төхөөрөмжийн ачаалал Н.Дын кабельд нөлөөлөхгүй буюу цахилгааны тоолуур нь 32 тоот шит дотор байгаад уг тоолууруудаас өрхүүдийн цахилгааны утас тусдаа явдаг талаар Эрчим хүчний яамны тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий “Цэнхэр төхөм” ХХК-ийн мэргэжлийн зурагт тодорхой, ойлгомжтой байгаа гэжээ.

6.2. Мэргэжлийн хяналтын газрын 2 удаагийн дүгнэлтээр кабелийн эзнийг Монел-129 тоот айл мөн гэж тогтоосон байхад үүнд огт хамааралгүй, гал түймрийн хохирогч Ц.Бийг гэм буруутай мэтээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Ц.Бд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Н.Дын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч Н.Дд холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна.

7.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад хохирол учруулсан этгээдийг хариуцагч байхаар заасан. Гэтэл Н.Дын буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй харин ч хохирсон байхад энэхүү хэрэгт хариуцагчаар татах үндэслэлгүй. 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Бийн гараашаас гал гарч ойр орчмын зүйлс бүгд шатсан байхад Н.Дын цахилгааны утас ганцаараа шатахгүй үлдэх боломжгүй. Тиймээс энэ хэргийн нэг хохирогч нь Н.Д мөн. Тухайн үед Ц.Бийн гараш дотроос гарсан гал түймэрт хохирогч Ш.Дгийн гэр, хохирогч Н.Дын цахилгааны утас, айлын жорлон, айлын тал хашаа шатсан. Н.Д нь цахилгааны утас шатсан талаар маргаагаагүй, нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Хохирогч Н.Д цахилгааны утсаа өөрөө залгуулсан. Ц.Бийн гараашт гал гарсаны улмаас хохирогч Н.Даарийжавын цахилгааны утас шатаж үүний дараа тогоо татахын тулд шатсан утсаа холбож залгаа үүсгэсэн болохыг Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/1614 дугаар шинжээчийн дүгнэлтэд тусгасан нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Н.Дын цахилгааны утас илээр залгаастай байсан гэсэн дүгнэлт биш. Уг шинжээчийн дүгнэлтээр тухайн үед гал гарах шалтгаан Н.Дын цахилгааны утаснаас болсон гэж дүгнэх боломжгүй байтал шүүх уг дүгнэлтийг үндэслэн Н.Дыг буруутгасан нь үндэслэлгүй.

7.2. Н.Д нь дур мэдэж цахилгааны утсаар тог татаагүй. Харин 2011 оны үед “УЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс тухайн хэсгийн айлуудад төсөл хэрэгжүүлж кабелийн утас тавьж тог татаж өгсөн бөгөөд тухайн үед мэргэжлийн хүмүүс Ц.Бийн хашаан дээгүүр татахаас өөр аргагүй гэсний улмаас тогны утсыг 3 айлын цаана 4 дэх айлаас газар доогуур бус хашаан дээгүүр татсан нь Н.Дд хамааралгүй. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг зөв дүгнэсэн атлаа Н.Дыг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй.

7.3. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ш.Дгийн нэхэмжлэл, тайлбар болон гэрч Ш.Б, Отгонбат, Нарангэрэл нарын мэдүүлэг, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч Ч.Нын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 389/2122 дугаартай дүгнэлт, Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9/201 тоот шинжээчийн дүгнэлт, Геологийн төв лабораторын 2016 оны 0103 дугаартай дүгнэлтээр 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарсан гал нь Ц.Бийн гарааш дотроос эхлэн гарсан болох нь тогтоогдож байна. Гэтэл шүүх уг нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнээгүй. Шинжээчийн дүгнэлтээр галын шалтгааныг цахилгаан дамжуулагчид хэт ачаалалын эсэргүүцэл үүсгэж улмаар дамжуулах утаснуудын болон төхөөрөмжнүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачааллах үед халалт бий болсоноор тоног төхөөрөмж хальж гал гарсан” гэж дүгнэсэнээс үзвэл тухайн үед тог хэрэглэж байсан айлаас энэхүү гал гарах үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн үед Н.Дын гэрт хүн байгаагүй, ямар нэг тогны хэрэглээ үүсээгүй байсныг хариуцагч Ц.Б, нэхэмжлэгч Дөлгөөнтуяа нарын мэдүүлэг тайлбараар тогтоогдсон. Харин хариуцагч Ц.Б гал гарах өдөр гэртээ засвар хийлгэж байсан, мөн гарааш дотроо гагнуур ажиллуулдаг, хувиараа модон эдлэл хийдэг байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч Ц.Бийн цахилгааны утас гараашийн доогуур явж байсан нөхцөл байдал, тэрээр гарааш дотор цахилгааны утсыг оруулж эрчим хүч ашиглаж байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан зэргээс дүгнэвэл хариуцагч Ц.Бийн гараш дотор цахилгаан эрчим хүч хэрэглэж байсан нь гал гарсантай шалтгаант холбоотой байна” гэж үндэслэсэн, тухайн гараашид цахилгаан тоног төхөөрөмж байсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зэрэг нь шинжээчийн дүгнэлтэнд тогтоосон “Хэт ачааллын улмаас гал гарсан” гэж дүгнэсэн дүгнэлттэй таарч байна. Мөн хариуцагч Н.Дын цахилгааны утас хариуцагч Ц.Бийн гарааш дотор байгаагүй, харин гараашийн гадна талаар явж байсан талаар хариуцагч, нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон энэ талаар хэн ч маргаагүй зэргээс дүгнэхэд хариуцагчийн Н.Дын цахилгааны утаснаас гал гарах ямар ч үндэслэлгүй гэдэг нь тогтоогдсон. Н.Д нь гал гарсан үед гэртээ байгаагүй, өндөр хүчин чадалтай цахилгаан төхөөрөмж ажиллуулаагүй харин гараш дотор зөвхөн Ц.Бийн цахилгааны утас болон цахилгаан тоног төхөөрөмж ажиллагаатай байсан нь хариуцагч Ц.Бийн хэрэглээ болон цахилгааны утаснаас болж гал гарсан болох нь тогтоогдож байна. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн. Н.Д нь дээрхи үүргээ биелүүлээгүйгээс болж хариуцагч Ц.Бийн гараш дотор Н.Дын цахилгааны утас яваагүй хэсэгт гал гарсантай холбох боломжгүй, мөн гал гарсан шалгаан нөхцөлийг Н.Дын үүргээ биелүүлээгүйгээс болсоныг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй байтал шүүх огт хамааралгүй зүйлийг холбож буруутай гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгч Ш.Дг гэртээ байхад уг гал гарч гэрч нарын хамтаар хариуцагч Ц.Бийн гараашийн хаалгыг онгойлгох үед гал хүчтэй асч хэдхэн хормын дотор гэр орон нь үнс нурам болохыг харсан ба шинжээчийн дүгнэлтэнд хүчилтөрөгч хангалттай болсоноор гал дүрэлзэж шаталт эрчимтэй явагдсан” гэсэн дүгнэлт зэргээр хариуцагчийн Н.Дын цахилгааны утаснаас гал гараагүй болох нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэхүү бодит нөхцөл байдлыг харсан нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хугацаанд Н.Дынхаас болж манайх шатсан гэж ганц ч удаа хэлж, маргаж байгаагүй, харин хариуцагч Ц.Бийн удаа дараагийн хүсэлт, гомдлыг харгалзан хэргийн үнэн зөвийг тогтоолгохын тул хариуцагчаар татсан гэх мэдүүлдэг зэргээс хариуцагч Ц.Б нь хэрэгт ямар ч хамааралгүй Н.Дыг уг хэрэгт хариуцагчаар татан оролцуулж цаг хугацаа болон хариуцлагаас зугтах арга хэрэглэж Н.Дыг хохироож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: .... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Кабелийн утас хариуцагч Н.Дынх болох нь тогтоогдсон учраас хариуцагчаар татсан. Хариуцагч Ц.Бийн гараашаас гал гарсан болох нь хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Шүүхэд худал тайлбар өгдөг, бүх шүүгч нарыг авилгачид гэж доромжилж хэргээ хүлээдэггүй. Ц.Бийн хашаанаас гал гарсны улмаас би хохирсон. Гэтэл хэргээ хүлээхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Өөрсдийн хариуцлагагүйн үйлдлээс болон надад хохирол учруулсан атлаа буруугаа хүлээхгүй байгаад гомдолтой байна. Хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
 

2. Нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Ц.Б, Н.Д нарт холбогдуулан гэм хор учруулсны хохирол 12,258,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна.

3.а. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Ц.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монелийн 7-р гудамж, 127 тоот хашаан дахь гараашаас гал гарч, Ц.Бийн өмчлөлийн модон гарааш, модон амбаар, жорлон, 14-61 улсын дугаартай автомашин, 127а тоот хашаанд амьдардаг Ш.Дгийн 5 ханатай гэр, гэрийн доторх эд зүйлс шатсан байна. Зохигчид гал түймэр гарсан, гал түймрийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтын талаар маргаагүй. Харин галын эх үүсвэр, гал гарахад буруутай этгээд хэн болох талаар маргаантай байна. /1хх1, 5, 7-15/

Хариуцагч Ц.Б “ ... гал цахилгааны кабелиас болж гарсан, уг кабел нь Н.Дынх байсан, галын улмаас би маш их хэмжээгээр хохирсон, би энэ хэргийн хариуцагч биш хохирогч ...” гэж, хариуцагч Н.Д “... эрчим хүчний газраас цахилгааны утас гаргаж, айл бүрийн тоолуурыг холбосон, манайх хүрээгүйн улмаас нэмж утас залгаж гэртээ тог оруулсан, гал түймрийн улмаас хашаан дээгүүр явсан манай утас шатсан, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүдээр Ц.Бийн гараашид өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж ашигласнаас болж цахилгааны хэт ачаалал үүсч гал түймэр гарсан, хэрэгт Н.Дынхаас гал гарсан гэсэн баримт байдаггүй” гэж маргадаг. /4хх 54-55, 81/

  4. Иргэдийн төлөөлөгч “... гал түймрийн эх үүсвэр болох цахилгааны утасны аюулгүй байдлыг хангаж чадаагүй хариуцагч Даас нэхэмжлэгчийн хохирлыг гаргах нь зүйтэй” гэж дүгнэлт гаргасан байна. /4хх44/

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч Ц.Бийн татгалзал дараахь үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд;

5.а. Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Ч.Н 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “... цахилгаан дамжуулагчид хэт ачааллын эсэргүүцэл үүсч улмаар дамжуулах утаснуудыг болон тоног төхөөрөмжүүдийг тооцоолж тохируулсан ачааллаас хэтрүүлж ачааллах үед тэнд хор уршиг үүсэж болохуйц халалт бий болсноос төхөөрөмж халж гал түймэр гарсан” гэж дүгнэсэн. Мөн Ч.Н 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст “цахилгаан дамжуулах шугам утсанд хэт ачаалал эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан, хэт ачаалал үүсэх болсон шалтгаан нь Монел 5-127 тоотын гараажид автоматаар ажилладаг өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж ашигласнаас болоод цахилгааны хэт ачаалал үүсэх  болж гал түймэр гарсан ...” гэж тайлбар гаргажээ. /1хх5, 3хх57/

6. Геологийн төв лабораторын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр “... хэргийн газраас хурааж авсан бөмбөлөг үүссэн цахилгааны утаснуудад рентген бүтцийн чанарын шинжилгээ хийхэд 1 дугаартай цахилгааны утсанд цэвэр зэс, цайр, цайрын исэл, 2 дугаартай цахилгааны утсанд цэвэр цэс, цайр, цайрын исэл, рентген бүтцийн чанарын шинжилгээний үр дүнгээс харахад хүчилтөрөгч илэрсэн учир тухайн 2 дээжинд химийн шинжилгээ давхар хийлгэж хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлуулахад 1 дугаартай дээжинд -0,96 хувь, 2 дугаартай дээжинд -0,97 хувь гарсан ...” гэж, /1хх84-89/

Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт шинжилгээний төв 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг гаргахдаа гэрч Ш.Бын мэдүүлэг болон Геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэсэн байх бөгөөд “ ... гал түймэр гараашийн дотор талд гарч улмаар дөлгүй шаталт буюу хүчилтөрөгч хангалтгүй орчинд асч байгаад гараашийн хаалга нээгдэхэд хүчилтөрөгч хангалттай хэмжээгээр орж шаталт эрчимтэй явагдсан байна, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнд лаб 3851-д хүчилтөрөгчийн агууламж 0,96 хувь, лаб 3852-т хүчилтөрөгчийн агууламж 0,97 хувь байгаа нь тухайн цахилгааны утаснуудад үүссэн бөмбөлөгүүд цахилгааны гэмтлээс /богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл/ болж үүссэн байна. Өөрөөр хэлбэл цахилгааны гэмтлээс үүдэж гал түймэр гарсан байгаа нь лабораторийн шинжилгээний дүнгээр нотлогдож байна ...” гэж тус тус дүгнэжээ. /1хх102-103/

7. Гэрч Ш.Б 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэгтээ “... анх гал гарахыг манай эхнэр муу ус асгахаар гарахдаа иргэн Ц.Бийн гараашд гал гарч байгааг харсан, тэгээд би хашаан дээр гараад харахад Ш.Д болон Ц.Б нарын хашаанд хүн байхгүй байсан. Би гал гарч байна гэж хашхирахад хүн гарч ирээгүй, намайг хашхирахад гал гарсан хашааны эзэн Ц.Бийн гэрт засвар хийж байсан 5 залуу гарч ирсэн ..., Ц.Бийн гэрт засвар хийж байсан залуучууд гараашийн хаалга онгойлгоход л гал дүрэлзэж ассан, салхи баруун талаас салхилж байсан учраас Ш.Дгийн гэрлүү гал авалцаад ассан” гэж, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “ ... тухайн үед гал гарч байгаа байдал нь гарааш дотроос гадагш дээвэр тааз руугаа дээшээ гал гарч байсан, тэнд байсан залуучууд галыг унтраах гэж очоод гараашийн хаалгыг онгойлгоход гал бүр хүчтэй ассан” гэж, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “... гараашны хаалгыг онгойлгосон, гараашны доороос бадамлаад байсан учраас галыг гаднаас нь унтраа гэж хэлсэн, гарааш, нойл хоёрын заагаас гал гарч байсан ...” гэж тус тус мэдүүлж байжээ. /1хх46-47, 96, 3хх223-227/

Хариуцагч Ц.Б нь Ш.Бын мэдүүлгийг, мөн Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дүгнэлтийг Ш.Бын мэдүүлэгт үндэслэсэн гэж үгүйсгэдэг боловч гал гарч байсан нөхцөл байдлын талаар бусад гэрчүүд мэдүүлсэн.   

Тухайлбал, гэрч Г.Отгонбат 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “... Ц.Бийн байшингийн жижиг өрөөнд замаскаар засвар хийж байх үедээ үе үе дириль ажиллуулж байсан ..,” гэж, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “... гал гарч байгаа байшингийн хаалгыг Нямхүү онгойлгосон, байшингийн тавилгууд байсан, тэндээс бичиг баримт авах гээд ороход гал нь дээшээ ассан байсан учир авах боломж байгаагүй, үе үе миний дрилл ажилладаг байсан ...,” гэж /1хх54-55, 4хх10-12/

Гэрч Б.Батсуурь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “... гал гарч байх үед би байсан, ”, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “... гал түймэр болсон өдөр гаднаас хүн дуудсан .., хүн дуудаад байсан учир гарсан, гараад гараашийн хаалга онгойлгоод гал гарсан гэдгийг мэдсэн ..., гараашийн хаалга онгойлгоход гал дүрэлзэж байсан ...,” гэж тус тус мэдүүлжээ. /1хх56, 4хх10-12/ Түүнчлэн, нэхэмжлэгч “Ц.Бийн гэрт засвар хийж байсан гурван залуу гараашийн хаалгаа онгойлгоход гал тургин гарсан, хаалгыг онгойлгоход гал гарч нойл, хашаа маш хурдан шатсан” гэж тайлбарласан зэргээс үзэхэд хариуцагч Ц.Бийн татгалзал үгүйсгэгдэж байна.

8. Хариуцагч Ц.Бийн “тухайн үед гэртээ засвар хийж байсан учраас бүх тавилга, замаск цементыг гарааш болон амбаартаа оруулаад хураачихсан, би барилгын ажил хийдэг учраас цахилгаан багаж төхөөрөмжүүд амбаар болон гараашид байдаг байсан” гэх тайлбар /хх  /, мөн галын улмаас хариуцагч Ц.Бд учирсан гэх хохирлын хүснэгтэд “... аккумлятор холбогч, домкрат, багаж ком,  төмрийн токарийн машин, өрмийн машин, ирмэг татагч, гагнуурын аппарат, суурин хөрөө, цахилгаан молдок, усан өрөм, аккумлятор цэнэглэгч, цахилгаан точиль, өргөлтийн вакум насос, цахилгаан мотор, халуун үлээгч цахилгаан багаж, гагнуурын баг, батерейтэй дрилль, дрильний өрөм, цахилгаан түрдэг хөрөө ...,” зэргийг дурьдсан байгаагаас үзэхэд тэрээр цахилгаан тоног төхөөрөмж ашигладаг байсан нь харагдаж байна. /1хх172-176, 4хх55/

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үзлэг зэрэг нь нотолгооны хэрэгсэл болно.

Дээрх шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд хариуцагч Ц.Бийн Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монелийн 7-р гудамж, 127 тоот хашаанд байрлах гараашаас гал түймэр гарсны улмаас нэхэмжлэгч Ш.Дгийн 5 ханатай гэр, доторх эд зүйлсийн хамт шатсантай шалтгаант холбоо тогтоогдож байна.

10. Хариуцагч Ц.Бийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д зааснаар хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар гэм хор учруулсан этгээдийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ тогтоогдсон, уг үйлдэл, учирсан гэм хор хоёр хоорондоо шалтгаант холбоотой тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ.

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

12. Иймд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгч Ш.Дд учирсан хохирлыг хэмжээг 10,035,500 төгрөг гэж тодорхойлон хариуцагч Ц.Бээс гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. /1хх11, 114-117/

13. Харин хариуцагч Н.Дт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүхийн “129 тоотын Н.Д, Р.С нар өөрийн цахилгааны утсыг 2011 оны үеэс хойш 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд газар доогуур явуулаагүй, уг утасны зарим хэсгийг Ц.Бийн модон гараашийн ханыг дагаж дай модоор дамжиж, илээр явуулсан байгааг шалгаж, зохих журмын дагуу газар доогуур явуулаагүй, ил явж байгаа цахилгааны утасны бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээг хариуцах үүргээ биелүүлээгүй, уг үйлдэл нь гал гарсантай шалтгаант холбоотой” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.   

14. 2010-2011 онд “УЦТС” ТӨХК-ийн Баязүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс шит 32-ыг Баянзүрх дүүрэг 5-р хороо, Монелийн 7-р гудамж, 114 тоотод байрлуулан хариуцагч Ц.Б, Н.Д болон бусад 4 айл цахилгааны утсаа өөрсдийн хашаа руу татаж авсан, АТП-2591 трансформатороос тэжээгддэг шит-32 нь 6 айлыг цахилгаанаар хангадаг, 127б, 129 тоотын Ц.Б, Н.Д нарын цахилгааны утас газар доогуур яваад Ц.Бийн модон гараашийн доор ирдэг, Н.Дын цахилгааны утас Ц.Бийн модон гараашийн доороос дээш гарч Ц.Бийн хашаагаар дамжиж Н.Дын гэр рүү холбогддог, гал түймэр гарсан газарт шатсан байдалтай байсан цахилгааны утас Н.Дынх болох нь талуудын тайлбар, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/1614 дугаар албан бичгээр тогтоогдсон.

15. Гэвч уг кабелийн утаснаас болж гал гарсан гэдэг нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Н.Дын цахилгааны утасны ачаалал хэтэрснээс халалт үүсч гал гарсан, улмаар нэхэмжлэгчид хохирол учирсан гэх шалтгаант холбоог тогтоосон эргэлзээгүй  нотлох баримтгүй байна.

16. Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.Бийн хууль хэрэглээ болон нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Н.Дт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01765 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бээс 10,035,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,222,500 төгрөгт болон хариуцагч Н.Дд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... 56.1 ...” гэснийг “... 56.2 ...” гэж, “... хариуцагч Ц.Бээс 105,539 төгрөг, хариуцагч Н.Даас 105,539 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгосугай.” гэснийг “... хариуцагч Ц.Бээс 175,518 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Н.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,703 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

                                                   А.МӨНХЗУЛ