Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/03274

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр Дугаар 101/ШШ2019/03274 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххх-д оршин суух, А-н Кын /РД: Жхххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоот, Н.С ХХК-д /РД: ххххххххххххх/ холбогдох

22.367.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Кын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.К нь 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Н.С ХХК-тай тус компанийн барьж ашиглалтанд оруулж буй Амар амгалан 3 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 601 тоотын 67.78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулсан.

Тухайн орон сууцны 1 метр квадрат талбайг 1.450.000 төгрөгөөр тооцон, нийт 98.281.000 төгрөг төлөхөөр тохирон урьдчилгаа 22.367.400 төгрөгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 000000000 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр төлсөн.

Н.С ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүрийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ба барилга баригдаагүй, баригдахгүй болох нь тодорхой болсон.

Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 22.367.400 төгрөгийг тус компаниас гаргуулж А.Кт олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн үйл ажиллагаа хэвийн байсан бөгөөд гэнэтийн хүчин зүйлээс үүдэн барилгын ажил түр зогссон. Амар амгалан 3 орон сууцны хотхон цагдаагийн академийн ар талд баригдах байсан ба суурийг нь 700.000.000 төгрөгийн зардлаар цутгасан.

Газрын маргаанаас болоод баригдах боломжгүй болсон. Захиалагчид мөнгийг нь өгөх боломжгүй, тухайн иргэн уг төслийн 2-2, 2-3 байруудад шилжиж болно гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.К нь хариуцагч Н.С ХХК-д холбогдуулан 22.367.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.К нь хариуцагч Н.С ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 107 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу захиалагч А.К нь тус компанийн барьж буй Амар амгалан 3 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 601 тоотын 67.78 м.кв талбай 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар,

хариуцагч буюу гүйцэтгэгч Н.С ХХК гэрээнд заасан орон сууцны түлхүүрийг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгөхөөр,

1 м.кв талбайн үнийг 1.450.000 төгрөгт тооцон, 67.78 м.кв талбайн үнэд нийт 98.281.000 төгрөг төлөхөөр, захиалагч А.К урьдчилгаа төлбөр 29.484.300 төгрөгийн 22.367.400 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр, үлдэгдэл 3.558.450 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл 3.558.450 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны дотор тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот дансанд тус тус төлөхөөр, үлдэх төлбөрийг компанийн орон сууцны жилийн 5 хувийн хүүтэй зээлэнд хамрагдан төлөхөөр тус тус тохирсон нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 4-13 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан байна.

 

Нэхэмжлэгч А.К нь гэрээгээр тохирсоны дагуу байрны урьдчилгаа төлбөрийн зохих хэсэг 22.367.400 төгрөгийг Н.С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон ба хариуцагч энэ талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд хариуцагч Н.С ХХК гэрээний дагуу орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж заасан бөгөөд хариуцагч Н.С ХХК гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж чадахгүй болсон талаараа тайлбарлаж байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч Н.С ХХК-иас 22.367.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Кт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч Н.С ХХК-иас 22.367.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Кт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Кын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269.787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С ХХК-иас 269.787 төгрөг гаргуулан А.Кт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН