Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00248

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00248

 

 

А.К-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03274 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.К-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НХСО ХХК-д холбогдох,

Гэрээний гйүцэтгэл 22 367 400 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.К нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: А.К нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр НХСО ХХК-тай Амар амгалан-3 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6-р давхрын 601 тоотын 67,78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан. Орон сууцны 1 м.кв талбайг 1 450 000 төгрөгөөр тооцон, нийт 98 281 000 төгрөг төлөхөөр тохирон урьдчилгаа 22 367 400 төгрөгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд төлсөн. НХСО ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүрийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ба барилга баригдаагүй, баригдахгүй болох нь тодорхой болсон. Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 22 367 400 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч НХСО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт: Манай компанийн үйл ажиллагаа хэвийн байсан бөгөөд гэнэтийн хүчин зүйлээс үүдэн барилгын ажил түр зогссон. Амар амгалан-3 орон сууцны суурийг нь 700 000 000 төгрөгийн зардлаар цутгасан. Газрын маргаанаас болоод баригдах боломжгүй болсон. Захиалагчид мөнгийг нь өгөх боломжгүй, тухайн иргэн уг төслийн 2-2, 2-3 байруудад шилжиж болно гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч НХСО ХХК-аас 22 367 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.К-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.К-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 787 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч НХСО ХХК-аас 269 787 төгрөг гаргуулан А.К-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн давж заалдах гомдолд: Шүүх гэрээг цуцлах эсхүл хүчингүй болгосон эсэхийг тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч А.К-ын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 22 367 400 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.К нь хариуцагч НХСО ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 22 367 400 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1/

Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээгээр хариуцагч нь Амар амгалан 3 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 601 тоотын 67,78 м.кв талбай 3 өрөө орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өмчллд шилжүүлэн гардуулан өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч буюу худалдан авагч нь эд хөрөнгийн урьдчилгаа үнэд 22 367 400 төгрөг төлсөн, одоо болтол байрыг бэлэн болгоогүй, шилжүүлээгүй, зөвхөн суурь цутгасан үйл баримт тогтоогдсон. /хх 12-13/

Талууд гэрээг цуцлаж байгаа эсэх, гэрээний үүрэг хугацаандаа биелэгдээгүй нь хариуцагчийн гэм буруутай холбоотой эсэх асуудлаар маргажээ.

Хариуцагч байрыг хүлээлгэж өгөөгүй шалтгаан нь хариуцагчаас хамаараагүй. Нэхэмжлэгч зөвшөөрвөл Амгалан 2 төсөлд шилжүүлж болно гэж тайлбарлажээ. /хх 51-52/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн байна.

Зохигч тодорхой нэг бүрийн шинжээр тодорхойлж болохуйц хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч 6 дугаар давхрын 601 тоотын 67.78 м.кв талбай 3 өрөө орон сууцыг хэлэлцэн тохирсон үнийг төлж хүлээн авахаар тохиролцсоноос үзэхэд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдан авагч ажлын гүйцэтгэлд захиалагчийн хэмжээнд хяналт тавих боломжгүй, худалдагч эд хөрөнгийг өөрт байхгүй байсан ч гэрээнд заасан хугацаа болоход өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх нь худалдах, худалдан авах гэрээний шинж юм.

Худалдагч эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан талууд гэрээнээс татгалзаж болохгүй тохиолдлууд тогтоогдоогүй, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул нэхэмжлэгчийн татгалзалыг зөв гэж үзнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээний гүйцэтгэлд шилжүүлсэн 22 367 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03274 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 269 787 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД