Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01240

 

2021           10            14                                          001/ХТ2021/01240

 

 

 

.........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03274 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 248 дугаар магадлалтай,

 

.........ын нэхэмжлэлтэй

“.........” ХХК-д холбогдох

 

22,367,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ......... нь 2018.09.06-ны өдөр “.........” ХХК-тай Амар амгалан-3 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6-р давхрын 601 тоотын 67,78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан. Орон сууцны 1 м.кв талбайг 1,450,000 төгрөгөөр тооцон, нийт 98,281,000 төгрөг төлөхөөр тохирон урьдчилгаа 22,367,400 төгрөгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 426010888 тоот дансанд төлсөн. “.........” ХХК нь 2019.08.25-ны өдөр байрны түлхүүрийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ба барилга баригдаагүй, баригдахгүй болох нь тодорхой болсон. Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 22,367,400 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “.........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийн үйл ажиллагаа хэвийн байсан бөгөөд гэнэтийн хүчин зүйлээс үүдэн барилгын ажил түр зогссон. Амар амгалан-3 орон сууцны суурийг нь 700,000,000 төгрөгийн зардлаар цутгасан. Газрын маргаанаас болоод баригдах боломжгүй болсон. Захиалагчид мөнгийг нь өгөх боломжгүй, тухайн иргэн уг төслийн 2-2, 2-3 байруудад шилжиж болно гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03274 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч ......... ХХК-аас 22 367400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .........т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 787 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ......... ХХК-аас 269 787 төгрөг гаргуулан .........т олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 248 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03274 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 269 787 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. 1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авсан талаар гомдлоо гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн талаар дүгнэсэн боловч энэ нь анхан шатны энэхүү шийдвэр нь зөв гэж үзэн засварлаж магадлалаа гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ......... гаргасан 22,367,400 төгрөгийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэл байхад түүнийг хүлээн авч шийдвэрлэснийг зөвтгөж магадласан нь хуульд нийцэхгүй байгаа тул дээд шүүх гомдлыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Гомдолд дурдсан “нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхино.

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч “.........” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 22,367,400 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, зохигч талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан зохицуулалтыг баримталсан, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

 

Хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлсон бол давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буюу гэрээнээс татгалзах зохицуулалтыг хэрэглэж, зөвтгөсөн боловч гэрээний харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь оновчгүй болсон тул залруулах шаардлагатай байна.

 

Талууд 2018.09.06-ны өдөр гэрээ байгуулж, хариуцагч нь Амар амгалан 3 орон сууцны хотхоны 2-р байрны 601 тоот, 67,78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019.08.25 гэхэд барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь урьдчилгаа үнэд 22,367,400 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн, нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн боловч хариуцагч үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүхийн нотлох баримтын үнэлгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцжээ.

 

Гэрээний гол нөхцөл нь талууд ажлын үр дүнг тохирсон, хариуцагч нь орон сууцыг барьж өгөх үүрэг хүлээснээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байжээ. Гэрээний зүйл болох орон сууц баригдаагүй, ажлын үр дүн бий болоогүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж, 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж тус тус заасан ба хариуцагч ажлын үр дүнг бий болгоогүй, үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Гэрээнээс татгалзсан нөхцөлд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

 

Иймд шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 248 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03274 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 343.2...” гэснийг ”...225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 269,787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         

     

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Х.СОНИНБАЯР

 

                            ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

 

                                                                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                              Д.ЦОЛМОН

 

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД