Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/03276

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр Дугаар 101/ШШ2019/03276 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоотод оршин суух, А-н Л-н /РД: хххххххх3/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххххх тоот, Н.С ХХК-д /РД:хххххххх/ холбогдох

18.465.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Л би Н.С ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Амар амгалан 2 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын 402 тоотын 42.45 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирсон.

Уг байрны 1 м.кв талбайн үнийг 1.450.000 төгрөгөөр тооцон нийт 61.552.500 төгрөгийн урьдчилгаа 30 хувь болох 18.465.750 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь *******тоот дансанд тушаасан.

Гэрээнд зааснаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байрыг хүлээлгэн өгч түлхүүр гардуулна гэсэн боловч барилга нь баригдаагүй, баригдах эсэх нь тодорхойгүй байна. Иймд байрны урьдчилгаа төлбөрт өгсөн 18.465.750 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Н.С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явж байгаад гэнэтийн хүчин зүйлээс болоод барилгын ажил түр зогссон. 1 дүгээр блокын барилгын ажил 2017 оны 10 дугаар сард эхлэн 2019 оны 5 дугаар сард ашиглалтад орсон. 2-1 дүгээр байрны 7 давхар нь баригдаад зогссон.

Амар амгалан 2 төслийн 2-2, 2-3 байруудын суурийн нүх ухагдаад барилгын явц манайхаас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас түр зогссон. Өөрөөр хэлбэл төслийн ажил түр зогссон байгаа. Ирэх хавраас барилгын ажил зэрэг явагдана.

А.Л байрны урьдчилгаанд 18.465.750 төгрөг төлсөн. Гэхдээ мөнгийг нь гаргаж өгөх боломжгүй. Учир нь манайх санхүүгийн маш хүнд байдалд орсон. Захиалагч иргэдийн мөнгийг тоосго, цемент болгон барилгадаа хөрөнгө оруулалт хийсэн тул өгөх боломжгүй юм. Байр 2021 онд багтаж ашиглалтад орох учир байрыг нь өгнө гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч Н.С ХХК-д холбогдуулан 18.465.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч Н.С ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 67 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу худалдан авагч А.Л тус компанийн барьж буй Амар амгалан 2 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхрын 402 тоотын 42.45 м.кв талбай 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар,

хариуцагч буюу гүйцэтгэгч Н.С ХХК гэрээнд заасан орон сууцны түлхүүрийг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгөхөөр,

1 м.кв талбайн үнийг 1.450.000 төгрөгт тооцон, 42.45 м.кв талбайн үнэд нийт 61.552.500 төгрөг төлөхөөр, худалдан авагч А.Л гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 30 хувийг төлөн, үлдэх төлбөрийг компанийн орон сууцны жилийн 5 хувийн хүүтэй зээлэнд хамрагдан төлөхөөр тохирсон нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 3-12 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан байна.

 

Нэхэмжлэгч А.Л нь гэрээгээр тохирсоны дагуу байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувь 18.465.750 төгрөгийг Н.С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь *******тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн болох нь талуудын тайлбар болон мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 6 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд хариуцагч Н.С ХХК гэрээний дагуу орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч Н.С ХХК-иас 18.465.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Лд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч Н.С ХХК-иас 18.465.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Лд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Л улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С ХХК-иас 250.300 төгрөг гаргуулан А.Лд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН