Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 205

 

 

 

А.Л-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын          21-ний өдрийн 101/ШШ2019/03276 дугаар шийдвэртэй А.Л-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “НХСО” ХХК-д холбогдох

Урьдчилгаанд төлсөн 18 465 750 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Л-а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Л-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Л-а би “НХСО” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Амар амгалан 2 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын 402 тоотын 42.45 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирсон. Уг байрны 1 м.кв талбайн үнийг 1.450.000 төгрөгөөр тооцон, нийт 61.552.500 төгрөгийн урьдчилгаа 30 хувь болох 18.465.750 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 426010888 тоот дансанд тушаасан. Гэрээнд зааснаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байрыг хүлээлгэн өгч түлхүүр гардуулна гэсэн боловч барилга нь баригдаагүй, баригдах эсэх нь тодорхойгүй байна. Иймд байрны урьдчилгаа төлбөрт өгсөн 18.465.750 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “НХСО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явж байгаад гэнэтийн хүчин зүйлээс болоод барилгын ажил түр зогссон. 1 дүгээр блокийн барилгын ажил 2017 оны 10 дугаар сард эхлэн 2019 оны 5 дугаар сард 2-1 дүгээр байрны 7 давхар нь баригдаад зогссон. Амар амгалан 2 төслийн 2-2, 2-3 байруудын суурийн нүх ухагдаад барилгын явц манайхаас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас түр зогссон. Ирэх хавраас барилгын ажил зэрэг явагдана. А.Л-а байрны урьдчилгаанд 18.465.750 төгрөг төлсөн. Гэхдээ мөнгийг нь гаргаж өгөх боломжгүй. Учир нь манайх санхүүгийн маш хүнд байдалд орсон. Захиалагч иргэдийн мөнгийг тоосго, цемент болгон барилгадаа хөрөнгө оруулалт хийсэн тул өгөх боломжгүй юм. Байр 2021 онд багтаж ашиглалтад орох учир байрыг нь өгнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч “НХСО” ХХК-иас 18.465.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Л-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “НХСО” ХХК-иас 250.300 төгрөг гаргуулан А.Л-ад олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж завж заалдах гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хариуцагч “НХСО” ХХК болон нэхэмжлэгч А.Л-а нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрээ гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний урьдчилгаа төлбөр болох 18.465.750 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгасан боловч тухайн гэрээг цуцлах, эсвэл хүчингүй болгох талаар нэхэмжлэлд дурдаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээн авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Л-ын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 18.465.750 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх талуудыг гэрээг цуцалсан эсэхийг тогтоохгүйгээр шийдвэрээ гаргасан. Үүрэг гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж дүгнэсэн атлаа баригдаж байгаа барилгыг үр дүнгүй байна гэж үзэн гэрээг цуцлаагүй байхад урьдчилгаа төлбөрийг буцаан олгохыг даалгаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.Л-а нь хариуцагч “НХСО” ХХК-д холбогдуулан байрны урьдчилгаанд төлсөн 18.465.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 67 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж буй Амар амгалан 2 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхрын 402 тоотын 42.45 м.кв талбай 2 өрөө орон сууцыг захиалан бариулах, 1 м.кв талбайн үнийг 1.450.000 төгрөгт тооцон, 42.45 м.кв талбайн үнэд нийт 61.552.500 төгрөг, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 30 хувийг төлөхөөр, хариуцагч нь  гэрээнд заасан орон сууцны түлхүүрийг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгөхөөр тус тус тохиролцжээ.

 

          Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн ба нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувь 18.465.750 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримтын  талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч “НХСО” ХХК нь гэрээнд заасны  дагуу орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн хугацаандаа бий болох боломжгүй нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон тул  Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.

 

          Дээрх байдлаар талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгчийн  шаардах эрхийн үндэслэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарч байхад анхан шатны шүүх  хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй байна.

 

Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах ёстой тул нэхэмжлэгч Иргэний хуулийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03276 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн “343.2“ гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                        ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                               Н.БАТЗОРИГ