Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01234

 

 

,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03276 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 205 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

18,465,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2018.9.19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Амар амгалан 2 орон сууцны хотхоны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын 402 тоотын 42.45 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирсон. Уг байрны 1 м.кв талбайн үнийг 1,450,000 төгрөгөөр тооцон, нийт 61,552,500 төгрөгийн урьдчилгаа 30 хувь болох 18,465,750 төгрөгийг 2018.9.18-ны өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 426010888 тоот дансанд тушаасан. Гэрээнд зааснаар 2019.8.25-ны өдөр байрыг хүлээлгэн өгч түлхүүр гардуулна гэсэн боловч барилга нь баригдаагүй, баригдах эсэх нь тодорхойгүй байна. Иймд байрны урьдчилгаа төлбөрт өгсөн 18,465,750 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явж байгаад гэнэтийн хүчин зүйлээс болоод барилгын ажил түр зогссон. 1 дүгээр блокийн барилгын ажил 2017 оны 10 дугаар сард эхлэн 2019 оны 5 дугаар сард 2-1 дүгээр байрны 7 давхар нь баригдаад зогссон. Амар амгалан 2 төслийн 2-2, 2-3 байруудын суурийн нүх ухагдаад барилгын явц манайхаас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас түр зогссон. Ирэх хавраас барилгын ажил зэрэг явагдана. ,,,,,,,,,,,,,, байрны урьдчилгаанд 18,465,750 төгрөг төлсөн, гэхдээ мөнгийг буцаан гаргаж өгөх боломжгүй. Учир нь манайх санхүүгийн маш хүнд байдалд орсон. Захиалагч иргэдийн мөнгийг тоосго, цемент болгон барилгадаа хөрөнгө оруулалт хийсэн. Байр 2021 онд багтаж ашиглалтад орох учир байрыг нь өгнө гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03276 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 18,465,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,д  олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 250,300 төгрөг гаргуулан ,,,,,,,,,,,,,,д  олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 205 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03276 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн “343.2” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 205 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авсан талаар гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний хувьд зөрүүтэй шийдвэрлэснийг дурдсан боловч зөвтгөн өөрчлөлт оруулж, үлдсэн хэсгийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн 18,465,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэл байх ба үүнийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж магадлал гаргасан нь хуульд нийцэхгүй байгаа тул гомдлыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,”ХХК-аас 18,465,750 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан 2018.09.19-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, гэвч гэрээнд заасан орон сууц баригдаагүй, хариуцагч орон сууцыг 2019.08.25-ны өдөр хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн гарахгүй болох нь илт болсон тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2. дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэсний дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэсний дагуу шаардах эрхтэй, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, нэхэмжлэлийг хүлээж авах, иргэний хэрэг үүсгэсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байх тул “...шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байхад тус шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд зөвтгөн өөрчлөлт оруулж, үлдсэн хэсгийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй...” гэсэн утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 205 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 250,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                                                             ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ                                                                                                                                                                                                                                          Х.СОНИНБАЯР                                                                                                         

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД