Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/03277

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр Дугаар 101/ШШ2019/03277 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоотод оршин суух, Н-н Ргийн /РД: ххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоот, Н.С ХХК-д /РД: ххххххххххх/ холбогдох

34.489.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Р,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Р миний бие Н.С ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан *******,*******,******* тоотын 72.88 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг захиалсан.

1 метр квадрат талбайг 1.550.000 төгрөгөөр тооцон урьдчилгаа төлбөр 33.889.200 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь хххххххххх тоот дансанд төлсөн.

2019 оны 6 дугаар сарын 13-ны гэрээгээ шинэчлэн дээр дурьдсан орон сууцны 1 метр квадратын үнийг 1.350.000 төгрөгөөр нийт үнийг 98.388.000 төгрөг гэж тохирон сар бүрийн 25-ны өдөр тус компанийн дансанд 300.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар төлөхөөр, үлдэх төлбөрийг компанийн жилийн 5 хувийн хүүтэй зээлд хамрагдан төлөхөөр тохирсон.

Ингээд 2019 оны 7 дугаар сарын 24, 8 дугаар сарын 25-ны өдөр тус бүр 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг төлсөн. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүрээ гардан авахаар тохирсон ба гэтэл барилга 6 давхар баригдаад ажил нь зогссон. 2019 оны 6 дугаар сараас хойш зөвхөн 1 давхар л нэмж баригдсан.

Цаашид барилга баригдах эсэх нь тодорхойгүй байх ба миний хувьд ээжээрээ тэтгэврийн зээл авахуулан байрны мөнгө өгсөн бөгөөд давхар хүү төлж хохирч байна. Иймд хариуцагч Н.С ХХК-иас байрны урьдчилгаанд төлсөн 34.489.200 төгрөгийг гаргуулж өгнө үүгэв.

 

Хариуцагч Н.С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн хэрэгжүүлж байгаа төсөл болох Амар амгалан 2 хотхоны орон сууцны 2-1 дүгээр байр нь нийт 15 давхар баригдах ба суурьтайгаа нийлээд 7 давхар баригдсан. Гэрээ цуцлах боломжгүй барилга баригдана гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч Н.С ХХК-д холбогдуулан 34.489.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч Н.С ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан *******, 22 дугаар хороонд баригдаж буй Амар амгалан 2 орон сууцны хотхоны 2-1 дүгээр байрны 5 давхрын 505 тоотын 72.88 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар, 1 метр квадрат талбайн үнийг 1.550.000 төгрөгөөр тооцон уг өдрөө тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь хххххххххх тоот дансанд 33.889.200 төгрөгийг төлсөн гэжээ.

Тэрээр уг 33.889.200 төгрөгийг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Н.С ХХК уг гэрээ байгуулагдсан талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 6, 32 дугаар тал/

 

Захиалагч Н.Р болон гүйцэтгэгч Н.С ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 319 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулан *******, 22 дугаар хороонд баригдаж буй Амар амгалан 2 орон сууцны хотхоны 2-1 дүгээр байрны 5 давхрын 505 тоотын 72.88 м.кв талбай 3 өрөө орон сууцны 1 метр квадрат талбайн үнийг 1.350.000 төгрөг болгон тохирч,

захиалагч урьдчилгаа 33.889.200 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн болохыг баталгаажуулан, гэрээ байгуулсанаас хойш 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 300.000 төгрөгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь хххххххххх тоот дансанд төлөхөөр,

үлдэх төлбөрийг компанийн орон сууцны жилийн 5 хувийн хүүтэй зээлэнд хамрагдан төлөхөөр тус тус тохирсон нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 7-15 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Н.Р нь дээрхи гэрээг байгуулсаны дараагаар буюу 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 8 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг хариуцагч Н.С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь хххххххххх тоот дансанд төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон ба хариуцагч энэ талаар мөн маргаагүй болно.

/ХХ-ийн 4-5 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд хариуцагч Н.С ХХК орон сууцыг тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй болсон талаараа тайлбарлаж байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч Н.С ХХК-иас 34.489.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Рд олгох нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч Н.С ХХК-иас 34.489.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Рд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330.396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С ХХК-иас 330.396 төгрөг гаргуулан Н.Рд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН