Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2021/01229

 

 

,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03277 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 177 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

34,489,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,, миний бие “,,,,,,,,,,,,,,,,”ХХК-тай 2018.10.12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороонд байрлах, Амар амгалан 2 хотхоны 2-1 дүгээр байрны 5 давхрын 505 тоотын 72.88 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг захиалсан. 1 метр квадрат талбайг 1,550,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа төлбөр 33,889,200 төгрөгийг 2018.10.12-ны өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 426010888 тоот дансанд төлсөн. 2019.6.13-ны гэрээгээ шинэчлэн дээр дурдсан орон сууцны 1 метр квадратын үнийг 1.350.000 төгрөгөөр, нийт үнийг 98,388,000 төгрөг гэж тохирон сар бүрийн 25-ны өдөр тус компанийн дансанд 300,000 төгрөгийг 2020.5.25-ны өдөр хүртэл хугацаагаар төлөхөөр, үлдэх төлбөрийг компанийн жилийн 5 хувийн хүүтэй зээлд хамрагдан төлөхөөр тохирсон. Ингээд 2019.7.24, 8.25-ны өдөр тус бүр 300,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг төлсөн. 2020.3.25-ны өдөр байрны түлхүүрээ гардан авахаар тохирсон. Гэтэл барилга 6 давхар баригдаад ажил нь зогссон. 2019 оны 6 дугаар сараас хойш зөвхөн 1 давхар л нэмж баригдсан. Цаашид барилга баригдах эсэх нь тодорхойгүй байх ба миний хувьд ээжээрээ тэтгэврийн зээл авахуулан байрны мөнгө өгсөн бөгөөд давхар хүү төлж хохирч байна. Иймд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,”ХХК-аас байрны урьдчилгаанд төлсөн 34,489,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компанийн хэрэгжүүлж байгаа төсөл болох Амар амгалан 2 хотхоны орон сууцны 2-1 дүгээр байр нь нийт 15 давхар баригдах ба суурьтайгаа нийлээд 7 давхар баригдсан. Гэрээ цуцлах боломжгүй барилга баригдана гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03277 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 34,489,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,”ХХК-аас 330,396 төгрөг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,д олгохоор  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 177 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,396 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 177 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар энэхүү гомдлыг  гаргаж байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд  “шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авсан талаар дурдаж гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, захиалагчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээ өөрөө хүчин төгөлдөр төдийгүй, уг төсөл нь 7 давхраа хүртэл баригдсан, захиалагч өөрийн санаачлагаар цуцлах боломжгүй нь тодорхой байхад шүүх нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй гэж үзсэн нь хожим гэрээнээс үүсэх үр дагаврыг үнэлж үзээгүй байна.

Нэхэмжлэгчийн 34,489,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэл байх ба үүнийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэснийг зөвтгөж магадлал гаргасан нь хуульд нийцэхгүй байгаа тул гомдлыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,”ХХК-аас 34,489,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан 2019.06.13-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, гэрээнд заасан орон сууц баригдаагүй, иймд хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй, ажлын үр дүн гарахгүй болох нь илт болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.“Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 205 дугаар зүйлийн 205.1.“Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, нэхэмжлэлийг хүлээж авах, иргэний хэрэг үүсгэсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байх тул “... нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, анхнаасаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03277 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 177 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 330,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ    

                                                                                                     Х.СОНИНБАЯР

                                                                                                     Д.ЦОЛМОН 

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД