Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 177

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Р-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03277 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Р-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н.С-” ХХК-д холбогдох

 

34 489 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Р-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Р- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Р- миний бие “Н.С-” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороонд байрлах, А- 2 хотхоны 2-1 дүгээр байрны 5 давхрын 000 тоотын 72.88 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг захиалсан. 1 метр квадрат талбайг 1 550 000 төгрөгөөр тооцон урьдчилгаа төлбөр 33 889 200 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 426010888 тоот дансанд төлсөн. 2019 оны 6 дугаар сарын 13-ны гэрээгээ шинэчлэн дээр дурьдсан орон сууцны 1 метр квадратын үнийг 1 350 000 төгрөгөөр нийт үнийг 98 388 000 төгрөг гэж тохирон сар бүрийн 25-ны өдөр тус компанийн дансанд 300 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар төлөхөөр, үлдэх төлбөрийг компанийн жилийн 5 хувийн хүүтэй зээлд хамрагдан төлөхөөр тохирсон. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 24, 8 дугаар сарын 25-ны өдөр тус бүр 300 000 төгрөг, нийт 600 000 төгрөгийг төлсөн. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүрээ гардан авахаар тохирсон ба гэтэл барилга 6 давхар баригдаад ажил нь зогссон. 2019 оны 6 дугаар сараас хойш зөвхөн 1 давхар л нэмж баригдсан. Цаашид барилга баригдах эсэх нь тодорхойгүй байх ба миний хувьд ээжээрээ тэтгэврийн зээл авахуулан байрны мөнгө өгсөн бөгөөд давхар хүү төлж хохирч байна. Иймд хариуцагч “Н.С-” ХХК-аас байрны урьдчилгаанд төлсөн 34 489 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н.С-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хэрэгжүүлж байгаа төсөл болох А- 2 хотхоны орон сууцны 2-1 дүгээр байр нь нийт 15 давхар баригдах ба суурьтайгаа нийлээд 7 давхар баригдсан. Гэрээ цуцлах боломжгүй барилга баригдана гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг баримтлан хариуцагч “Н.С-” ХХК-аас 34 489 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Р-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Р-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330 396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н.С-” ХХК-аас 330 396 төгрөг гаргуулан Н.Р-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Шүүх хариуцагч "Н.С-" ХХК болон нэхэмжлэгч Н.Р- нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрээ гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний урьдчилгаа төлбөр болох 34 489 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгасан боловч тухайн гэрээг цуцлах эсхүл хүчингүй болгох талаар нэхэмжлэлд дурьдаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх ёстой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээж авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Р-гийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 34 489 200 төгрөгийт буцаан авахаар нэхзмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх талуудын гэрээг цуцалсан эсэхийг тогтоохгүйгээр шийдвэрээ гаргасан. "...үүрэг гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна." гэж дүгнэсэн мөртлөө баригдаж байгаа барилгыг үр дүнгүй байна гэж үзэн гэрээг цуцлаагүй байхад урьдчилгаа төлбөрийг буцаан олгохыг даалгаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нотлох баримтыг үнэлэн авч үзээгүй талаар: Нэхэмжлэгч Н.Р- нь А- 2-р байр баригдаж байгаа талаар шүүхэд тайлбартаа дурьдсан байхад шүүх нотлох баримтыг авч хэлэлцэлгүйгээр үүрэг гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Н.Р- нь хариуцагч “Н.С-” ХХК-д холбогдуулан 34 489 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц захиалгын гэх нэртэй гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороонд баригдаж буй А--2 орон сууцны хотхоны 2-1 дүгээр байрны 5 давхрын 000 тоотын 72.88 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар, 1 метр квадрат талбайн үнийг 1 550 000 төгрөгөөр тооцон, мөн өдрөө тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 426010888 тоот дансанд 33 889 200 төгрөгийг төлсөн байна. Дээрх гэрээг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн, орон сууцны 1 метр квадратын үнийг 1 350 000 төгрөгөөр тооцож нийт үнийг 98 388 000 төгрөг гэж тохирон сар бүрийн 25-ны өдөр тус компанийн дансанд 300 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлөх, үлдэх төлбөрийг компанийн жилийн 5 хувийн хүүтэй зээлд хамрагдан төлөхөөр тохиролцсон нь тэдгээрийн тайлбар, болон гэрээ тус бүрээр тогтоогдож байна. /хэргийн 7-15 дугаар тал/

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрт 33 889 200 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 24, 8 дугаар сарын 25-ны өдөр тус бүр 300 000 төгрөг, нийт 34 489 200 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

            Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш барилгын ажил хийгдээгүйгээс ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон үйл баримт тогтоогдсон гэснийг үгүйсгэсэн буюу гэрээ цуцлах үндэслэлгүй, барилга баригдана гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хэдийд ч цуцлаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид ажлын хөлсөнд шилжүүлсэн хөлсийг буцаан шаардах эрхтэй байна.

 

            Иймд шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н.С-” ХХК-аас 34 489 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Р-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 396 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                                       ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

                   

                                                                                                       С.ЭНХТӨР