Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/03384

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/03384

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххххх тоотод оршин суух, В-н Оын /РД: хххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххх 42, Ш /РД: хххххххххх/,

Хариуцагч: ШШУ /РД: хххххххххх/ нарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.О,

Хариуцагч Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бүрэнжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

В.О миний бие Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал салбарт 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажилд орсон. Сарын 362.000 төгрөгийн цалинтай бөгөөд нөхөр, 2 хүүхдийн хамт энэ цалингаараа амьдардаг. Бага хүү маань 4 настай, том хүү маань 13 настай.

Миний бие үйлчлэгчийн хажуугаар галчаар ажилладаг байсан ба орой 18 цагаас гараад өглөө 9 цагт буудаг. 7 хоногийн 6 өдөр ингэж тасралтгүй 16 цаг ажиллаад 1 өдөр амардаг байсан. 7 хоногт 96 цаг ажилладаг байсан.

2019 оны 2 дугаар сарын 1-ний өглөө Хатгал салбарын эрхлэгч П.Даваадалай намайг дуудаж одоо амар, ирэх шаардлагагүй, ажил гарахаар чамайг дуудна, эндээс цагийн бүртгэл хийгээд явуулчихна, цалин чинь ороод явна гэж хэлсэн.

Ингээд би эрхлэгч П.Даваадалайн хэлснээр 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал ажилдаа очоогүй бөгөөд сар бүрийн 372.000 төгрөгийн цалингаа авч байсан.

Гэтэл намайг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 57 тоот тушаалаар ажлаас маань чөлөөлсөн байсан.

Тус тушаалын үндэслэлд Хатгал салбарын хамт олны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хурлын шийдвэр, Хатгал салбараас ирүүлсэн санал, 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээний 2.7 дахь заалтыг үндэслэсэн гэжээ. Миний бие уг тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Тушаалын үндэслэлд тус хүрээлэнгийн Хатгал салбарын хамт олны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн гэж байгаа боловч намайг ажлаас халсан тушаалыг 6 дугаар сарын 3-ны өдөр гаргасан байгаа нь ойлгомжгүй байна. Би 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа очсон бөгөөд очиход намайг ажлаас халсан тушаалыг өгсөн.

Миний бие 2011 оноос эхлэн тасралтгүй үйлчлэгчээр ажиллаж байсан. Тус ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд надтай улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах ёсгүй байсныг өнөөдөр олж мэдлээ. Иймд намайг улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Намайг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэжээ. Гэтэл миний бие үргэлж шөнийн ээлжинд гарч ажилладаг байсан. Үйлчлэгч болон галч ажлыг зэрэг хийдэг байсны зэрэгцээ 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн станцын хянах самбарын ажиглагчаар давхар ажиллаж байсан. Тус байгууллагад миний бие үр бүтээлтэй ажилласан.

Намайг 2018 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл амар гэж П.Даваадалай эрхлэгч хэлсэний дагуу би амарсан бөгөөд хээрийн станцын сахиулаар ажиллах боломжгүй гэдгээ эрхлэгчид хэлсэн.

Надад гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж мэдэгдэх хуудас өгч байсан удаа байхгүй. В.О намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул намайг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал салбарын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийш хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бүрэнжаргал шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд В.Оын гаргасан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн судалгааны төв нь 12 аймаг дахь Газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг нэгтгэн Ш болж өөрчлөн зохион байгуулагдсан.

Энэ үеэс орон нутгийн станцууд нь тус хүрээлэнгийн орон нутаг дахь салбарын статустай, хуулийн этгээдийн эрхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгийн станцууд хүрээлэнд нэгдэх үед В.Оыг Хатгал салбарын үйлчлэгчээр ажилд авсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл уг ажил үүргийг гүйцэтгэсэн.

Харин 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн орон нутаг дахь 12 салбар нь баруун, зүүн, төвийн гэсэн 3 бүсэд хуваагдан ажиллах болсонтой холбоотойгоор салбарууд нь өдөр бүр 24 цагийн боловсруулалт хийх шаардлагагүй болсон бөгөөд нэг салбар 7 хоногт 3 удаа 24 цагийн бүсийн хэмжээний мэдээлэл боловсруулалтыг хийж байхаар болсон.

Хатгал салбарын хувьд 24 цагийн жижүүргүй үед шөнийн цагаар галлагаа хийх, обьектын харуул хамгаалалтыг хариуцах ажилтны асуудал гарч ирсэн бөгөөд батлагдсан орон тооны хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх үүргийг хүрээлэнгээс өгсөн.

Хүрээлэнгийн орон нутаг дахь салбарууд нь 7-8 ажилтны орон тоотой байдаг бөгөөд үйлчилгээний ажилтнууд нь цэвэрлэгээ, галлагаа, харуул хамгаалалтыг хариуцан ажиллах зохицуулалт хийгдсэн байдаг.

Хатгал салбарын хувьд конторын талбай бага цэвэрлэгээ шаардлагагүй тул ажлын ачааллыг харгалзан В.Оыг 2018 оны 4, 5, 6 дугаар саруудад 24 цагийн жижүүргүй үед шөнийн цагаар галлагаа хийлгэж эхэлсэн боловч ажилтан болон гэр бүл нь гомдол санал гаргах болсон тул галлагааг бусад ажилтнууд үргэлжлүүлэн хийж, хийх ажилгүй болсон тул В.Оыг амраасан байдаг.

Хүрээлэнгээс 2018 оны 9 дүгээр сард шинээр байгуулагдсан газар хөдлөлтийг бүртгэх хээрийн станцын сахиулаар ажиллуулах санал тавьсан боловч В.О нь ар гэрийн шалтгаанаар хээрийн станцын сахиул хийхгүй, харин галчаар ажиллая гэсний дагуу хүрээлэнгийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 68 дугаартай тушаалаар үйлчлэгчийн ажлаас чөлөөлж 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулан галчаар ажиллуулахаар харилцан тохиролцсон.

Гэвч гэрээт галч В.О нь энэ хугацаанд олон удаа гомдол санал гаргаж энэ дагуу нь салбарын хамт олон тухай бүр хуралдаж асуудлыг эв зүйгээр зохицуулж хүрээлэн болон салбарын хамт олон түүнийг ажилтай байлгах гэж эрмэлзэж байсан. В.Оын асуудлыг хэлэлцсэн Хатгал салбарын хамт олны хурлын тэмдэглэлүүдийг хавсаргасан болно.

Хамгийн сүүлд буюу 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр В.О нь олон нийтийн цахим сүлжээнд тус байгууллагыг хүний эрхийг зөрчиж байгаа гэсэн мэдээлэл бичсэний дагуу Хатгал салбарын эрхлэгч энэ талаар хүрээлэнгийн захиргаанд мэдээлэл өгсөн. Гэрээт галч В.О нь гэрээнд заасан ажил үүргийг тодорхой хугацаанд гүйцэтгэх, зөвхөн гэрээнд заасан хөлсийг авах гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж ажилласан.

Гэвч В.О нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчин шөнийн цагаар ажиллуулсан, илүү цагийн хөлс олгоогүй гэсэн гомдлыг байнга гаргаж байсан. Иймд салбарын ажилтнууд хэлэлцээд өөрсдөө галлагаагаа хийж хүйтний улирлыг дуусгасан байдаг.

В.О нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарыг хүртэл галчийн ажил үүргийг гүйцэтгээгүй боловч ажлын хөлсийг гэрээний хугацаа дуустал авсан байдаг.

Гэрээт галч В.Отай холбоотой дээрх нөхцөл байдлуудыг Хатгал салбараас ирүүлсэн тайлбарт тодорхой дурьдсан бөгөөд холбогдох хурлын тэмдэглэлүүд, бусад баримтуудыг тайлбартаа хавсаргасан.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

В.О нь өөрийн гарын үсэг зурж бичгээр өгсөн хүсэлтийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөж мөн өдөр гэрээт галчийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Иймд түүний энэ талаар мэдээгүй гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Гэрээт галчийн гүйцэтгэх ажил нь байнгын биш улирлын чанартай ажил бөгөөд Иргэний хуульд заасан гэрээг түүнтэй байгуулсан. Иймд энэхүү гэрээнээс үүдэн гарах аливаа маргаан нь эрх зүйн зохицуулалтын хувьд хөдөлмөрийн маргаанд хамаарахгүй ба харин Иргэний хуулийн гэрээний эрх зүйд хамаарах тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар гаргасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

В.Отай байгуулсан гэрээг цуцлахдаа 1-т гэрээний хугацаа дууссан үндэслэлээр, 2-т В.О гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй талаар тусгасан Хатгал салбарын хамт олны 2019 оны 6 дугаар сарын 5-ны хурлын тэмдэглэл, мөн өдрийн тухайн салбарын хамт олны бичгээр ирүүлсэн санал хүсэлтийг тус тус үндэслэсэн болно.

Орон нутгийн салбарууд хотоос алслагдсан зайд байрладаг, аливаа асуудал яригдаж эхэлснээс хойш, баримт бичгээр албажих хүртэл тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Түүнчлэн цалин хөлстэй холбоотой тушаал шийдвэр нь тухайн санхүүгийн сарын ажлын эхний өдөр гарах ёстой байдгаас гадна В.Оын хувьд гэрээний дагуу тухайн сард болон өмнөх саруудад ажил үүрэг гүйцэтгээгүй тул түүнтэй байгуулсан гэрээг цуцлах тушаал 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гарсан.

В.Оын өөрийнх нь хүсэлтээр түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хатгал салбарын ажилтан Э.Уранболороор дамжуулан гэрт нь хүргүүлсэн болно.

Дээр дурьдсан үндэслэл, шалтгаан нөхцлүүдийн улмаас нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул В.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Шгийн Хөвсгөл аймаг дахь Хатгал салбарын эрхлэгч П.Даваадалай шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хатгал газар хөдлөл бүртгэх станцын эрхлэгчийн 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар В.Оыг станцын гэрээт үйлчлэгчээр анх ажилд авч байсан. Тухайн үед энэ үйлчилгээний ажлын байранд ажлын туршлагатай, бакалаврын болон дипломын боловсролтой хүмүүс анкет материалаа ирүүлж байсан боловч орон нутгийн засаг захиргааны хүсэлтийн дагуу амьдрах ахуйг нь харгалзан үзэж В.Оыг гэрээгээр авч ажиллуулсан юм.

Тус станцын байр нь жижиг талбайтай, галлагаатай дүнзэн байшин учир НХХЯ-ны сайдын 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тушаалаар батлагдсан Нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээ-д зааснаар албан конторын талбайн хэмжээ нь орон тооны үйлчлэгч ажиллах шаардлага хангахгүй байсан учир хээрийн станцын харуулын ажлын байрыг төсөвтөө нэмж оруулан батлуулж байсан. Хээрийн станцын байр хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй хүлээгдэж байсан учир В.Оыг станцын байрны гэрээт үйлчлэгчээр авч ажиллуулсан.

2015 оны 2 дугаар сарын 26-нд бүтцийн өөрчлөлтөнд орж тус станц нь Шгийн орон нутаг дахь салбар болж нэгдэн тус станц нь хуулийн этгээдийн эрхгүй болж, удирдлага санхүүжилт Одон орон, геофизикийн хүрээлэнд албан ёсоор шилжсэний дагуу Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын тушаалаар В.Оыг үйлчлэгчээр ажилд авсан.

2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс Одон орон, геофизикийн хүрээлэнгийн орон нутаг дахь 12 салбар нь үйл ажиллагааны шинэ системд шилжиж 3 бүсэд хуваагдаж /Төвийн бүс/ ажиллах болсонтой холбоотойгоор орон нутаг дахь салбарууд нь өдөр бүр 24 цагийн газар хөдлөлийн дата боловсруулалт хийх шаардлагагүй болсон бөгөөд хуваарийн дагуу нэг салбар 7 хоногт 3 удаа 24 цагийн боловсруулалтыг бүсийн хэмжээнд хийж байхаар болсон. Үүнтэй холбоотойгоор 24 цагийн жижүүргүй үед галлагаа, обьектын харуул хамгаалалтын асуудал гарч ирсэн.

Иймд дотооддоо ярилцаад ихэнх орон нутаг салбаруудын үйлчилгээний нэг ажилтан харуул хамгаалалт, галлагаагаа давхар хариуцаад явдаг жишгээр В.Оыг бүсийн жижүүргүй өдрүүдэд 2018 оны 4, 5, 6 дугаар саруудад харуул хамгаалалтын ажлыг хийлгэсэн.

Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 10 цагт В.Оын нөхөр Л.Энх-Амгалан байгууллага дээр ирж ... ажлын ачаалал их байна, станц дээр өөр хүмүүс урьд нь жижүүрлэж байсан. Одоо яагаад ийм болсон юм, Хөдөлмөрийн хууль зөрчиж байна гэсний дагуу Одон орон, геофизикийн хүрээлэнгийн орон нутаг дахь салбаруудыг хариуцсан дарга Ч.Баярсайхантай утсаар яриулсан.

Ч.Баярсайхан дарга В.Оыг удахгүй ашиглалтанд орох хээрийн станцын сахиулаар ажиллуулах боломжтой, тэр болтол станцын хамгаалалт дээр ажиллуулж байгаа гэж хэлж тайлбарласан боловч нөхөр нь ойлгохгүй маргалдаад байсан. Утсаар ярьсаны дараа Ч.Баярсайхан дарга В.Оыг 2018 оны 9 дүгээр сараас хээрийн станцын сахиулаар ажиллуулья гэж хэлсэн.

Тухайн өдөр В.О нь тосгоны засаг даргын тамгын газрын байранд нөхрийн хамт очиж Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар, засаг даргын тамгын газрын дарга Ц.Баттөр нартай уулзаж гомдол мэдүүлсэн талаар холбогдох хүмүүс нь манайд мэдэгдсэн.

В.О нь 2048 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ажилдаа ирсэн. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захиргаанд мэдэгдэж В.Оыг ямар ажил хийлгэх талаар асуухад Хээрийн станцын байр бэлэн болсон тул тэнд сахиулаар ажиллуулах санал тавьсан. Салбарын нийт ажилтнуудын хурал хийж, уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд В.О нь сургуулийн хүүхэдтэй хээрийн станцын харуулаар ажиллах боломжгүй, өөр ажил хийе гэсэн хүсэлт гаргасан хурлын протоколыг хүрээлэнгийн захиргаанд илгээсэн.

Хурлын дараа В.О нь хүрээлэнгийн станцын галчаар ажиллая гэсэн өргөдөл гаргасны дагуу хүрээлэнгээс Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж гэрээт галчаар ажиллуулж эхэлсэн.

В.Оыг галчаар ажиллах өргөдөл гаргах үед хийсэн салбарын ажилтнуудын хурал дээр Галчийн ажил нь бүсийн жижүүргүй үед 7 хоногт 3 орой станц дээр хонож ажиллаад өглөө бууна, 1 хоног амраад ажиллана, зүгээр үү гэж Б.Жамьянжав, Н.Ням-Очир нар В.От дахин дахин хэлж сануулж байсан ба В.О нь Миний хувьд шөнө хонох хамаагүй ажиллая, галлагаа хийе, манай нөхөр л уурлаад байдаг юм гээд уйлаад байсан.

Гэвч 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хатгал ньюс 6.000 гаруй гишүүнтэй фэйсбүүк олон нийтийн группэд Энэ байгууллага хүний эрх зөрчиж байна гэсэн коммент оруулсныг ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд орж харсан. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захиргаанд мэдэгдсэн.

В.Оыг уг ажлыг гүйцэтгэх боломжгүй бол дотооддоо асуудлаа зохицуулаад шийдвэрлэ гэсний дагуу салбарын бусад ажилтнууд галлагааг өөрсдөө хийхээр болж В.Оыг амраасан. Энэ хугацаанд В.О гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй боловч амьдралын байдлыг нь харгалзан цалинг гэрээний хугацаанд олгож байсан.

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр орон нутаг хариуцсан нягтлан бодогч Б.Болор сул зогсолтын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл асуудал шийдэхийн тулд гэрээт ажилтныг цаашид ажиллуулж чадах уу, салбарын ажилтнуудын хурлаар асуудлыг шийдвэрлэ гэсэн. Ажилтнууд хуралдаж В.О нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул гэрээг дуусгавар болгох дүгнэлтэнд хүрч хурлын тэмдэглэл хөтөлж Одон орон, геофизикийн хүрээлэнд захиргаанд салбарын ажилтнуудын саналыг хүргүүлснээр В.Отай байгуулсан гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан болно.

Тэрээр нэхэмжлэлдээ 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн хянах самбарын ажиглагчийн ажил давхар хийж байсан гэсэн байна. Гэтэл тус салбар дээр хянах самбарын ажиглагч гэсэн ажил албан тушаал байдаггүй. В.О нь ийм ажил үүргийг давхар гүйцэтгэж байгаагүй болно.

В.О нь шүүхэд өргөдөл өгөхөд шаардлагатай гэсний дагуу 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Уранболорт В.Оын 0320857 дугаартай нийгмийн даатгалын, 0320857 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг 2019 оны 6 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөтлөлтийг хийснээр хүлээлгэн өгсөн.

В.О нь ажиллах хугацаандаа нилээдгүй олон гомдлуудыг олон газарт хандан гаргаж байсан. Гэр бүлийн харилцааны улмаас уур бухимдалтай байдаг, ялихгүй зүйлээр шалтаглан байнга хэл ам хийж эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, инженер техникийн ажилтнуудын ажлын шаардлагыг эмзэглэж хүлээн авч гэрээний 4.2 дахь хэсэгт заасан хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, удирдах удирдуулах ёсыг чанд сахих заалтыг зөрчин зөвхөн энэ хүний асуудлыг шийдвэрлэхийн тулд 2018 онд олон удаа хамт олны хурал хийж байсан.

Салбарын хамт олны хувьд В.Оын амьдрал ахуйг нь харгалзан аль болох дэмжиж ажилтай, орлоготой байлгах талаас хичээж ирсэн зэргийг тэмдэглэхийг хүсч байна. В.Оыг цаашид тус салбарт ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.О нь хариуцагч Ш болон Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймгийн Хатгал салбар нарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 57 тоот Гэрээ цуцлах тухай тушаалаар Хатгал салбарын хамт олны хурлын шийдвэр болон санал, 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээний 2.7 дахь заалтыг үндэслэн Хатгал салбарын гэрээт галч В.Отай байгуулсан гэрээний хугацаа дууссан, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн үндэслэлээр В.Оыг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

/ХХ-ийн 3, 39 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч В.О нь Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн судалгааны төв, Газар хөдлөлт бүртгэх Хатгал станцад 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс гэрээт үйлчлэгчээр ажилласан нь Газар хөдлөлт бүртгэх Хатгал станцын даргын 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03 тоот ажилд томилох тухай тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдлоо.

/ХХ-ийн 4-9, 32, 116-118 дугаар тал/

 

Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот тушаалаар Одон орон, геофизикийн судалгааны төвд орон нутаг дахь газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг нэгтгэн, Одон орон геофизикийн хүрээлэн болж өөрчлөн зохион байгуулагдсан тул мөн өдрөөс нь ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлан түүнд тавигдах шаардлагыг хангасан ажилтныг сонгох хүртэл тушаалын хавсралтанд заагдсан орон нутаг дахь салбаруудын ажилтан албан хаагчдыг түр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Уг тушаалын хавсралт 8-д Хатгал дахь салбарын ажилтнуудын эрхлэх ажил, албан тушаал, цалингийн ангилал шатлалыг тусгасан ба, эрхлэгч 1, инженер 1, эрдэм шинжилгээний туслах ажилтан 2, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 2, эрдэм шинжилгээний туслах ажилтан 1, үйлчлэгч 1, нягтлан бодогч 1, нийт 9 орон тоогоор ажиллахаар болсон ба үйлчлэгч В.Оын сарын цалин 371.016 төгрөг, унаа хоол 30.800 төгрөг байна тусгажээ.

/ХХ-ийн 33 дугаар тал/

 

Хатгал салбар нь ажлын ачааллаа харгалзан 2018 оны 4, 5, 6 саруудад 24 цагийн жижүүргүй үед В.Оаар шөнийн цагаар галлагаа хийлгэсэн бөгөөд ажилтаны ар гэрээс гомдол гаргасан тул галлагааг бусад ажилтнууд үргэлжлүүлэн гүйцэтгэн В.От 2018 оны 7,8 дугаар саруудад амралт олгон 7 дугаар сард 345.430 төгрөг, 8 дугаар сард 240.000 төгрөгийн цалинг тус тус олгосон нь нэхэмжлэгч В.Оын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон ба тэрээр энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 120-127 дугаар тал/

 

Хөдөлмөрийн гэрээнд зааснаар үйлчлэгч В.О нь байгууллагын гадна дотно орчныг цэвэр байлгах, цэвэрлэгээг хуваарийн дагуу хийх, таримал модыг 4 сараас 7 сар хүртэл услах, арчлах, шаардлагатай үед бичиг хүргэх, галын аюулаас урьдчилан сэргийлж үнс нурмыг бүрэн унтраах, зуух яндан хөөлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдээр тогтоогдож байх ба Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалттай холбоотой түүнийг 2018 оны 9 дүгээр сард шинээр байгуулагдсан Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцад сахиулаар ажиллах санал тавихад тэрээр үүнийг эс зөвшөөрч галчаар ажиллах санал хүсэлт гаргасан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба нэхэмжлэгч В.О нь үүнийг эсэргүүцээгүй болно.

 

В.О нь байгууллагын ажилчдын 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн хуралд Хээрийн станцын сахиулаар ажиллах боломжгүй талаараа тайлбарлан үүнийгээ хүрээлэнгийн удирдлагад уламжлахыг хүссэн ба 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр болсон хуралд тэрээр галчаар ажиллах хүсэлт гаргасныг хуралд оролцогсод дэмжин хүрээлэнгийн захиралд уг саналыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь уг хурлын тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.

/ХХ-ийн 34-35, 44-48 дугаар тал/

 

Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 71 тоот тушаалаар В.Оыг Хатгал салбарын гэрээт галчаар ажиллуулахаар шийдвэрлэн, сарын хөлсийг нь 372.000 төгрөг хэмээн тогтоон түүнтэй мөн өдөр нь улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулжээ.

Тэрээр гэрээний 2.3-т заасан ажил үүргийг гүйцэтгэхээр тохирсон ба гэрээний дуусгавар болох хугацааг 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гэж тохирчээ.

/ХХ-ийн 10, 36-38, 83, 89-92 дугаар тал/

 

Гэрээт галч В.Оын хүсэлтийн дагуу Хатгал салбарын ажилчид 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгууллагын ажилчдын шуурхай хурлыг хийсэн ба уг хурлаар В.Оын ар гэрийн байдлыг харгалзаад түүнээс бусад ажилтанууд галлагааг 24 цагаар ээлжлэн хийхээр шийдвэрлэсэн бөгөөд мөн түүний хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 13, 19-ний өдрүүдэд байгууллагын ажилчдын хурлыг хийн гэрээт галч В.Оын ар гэрийн байдал ажил үүрэгтэй нь холбоотой гомдлыг хэлэлцжээ.

/ХХ-ийн 52-57 дугаар тал/

 

Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймгийн Хатгал салбарын ажилчид 2019 онд салбарын галлагааг өөрсдөө хийхээр хүлээн зөвшөөрч баримт үйлдэн 2019 оны 2, 3, 4, 5 дугаар саруудад тухайн байгууллагын ажилтанууд ээлжээр галчийн үүргийг гүйцэтгэн уг хугацаанд В.О ажил үүргээ гүйцэтгээгүй хэдий ч түүнд 2 дугаар сард 499.514 төгрөг, 3 дугаар сард 435.757 төгрөг, 4 дүгээр сард 435.757 төгрөг, 5 дугаар сард 435.757 төгрөгийн цалинг олгосон нь талуудын тайлбар, В.Оын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 43, 84-88, 120-127 дугаар тал/

 

Нэхэмжлэгч В.О ажил олгогч нь байнгын ажлын байранд улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан нь үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байх ба хариуцагч тал В.Отай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан хэмээн маргаж байнаа

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-т заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж тус тус заажээ.

Байнгын ажлын байр гэдэгт ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно.

Мөн хуулийн 23.2.2-т заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдний тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарах ба талуудын тайлбар болон Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын В.Отай байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээний агуулгаас дүгнэхэд ажил олгогч нь ажилтантай байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

В.О түүнийг ажлаас нь чөлөөлсөн дээрх тушаалыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гардан авч 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

/ХХ-ийн 2 дугаар тал/

В.О нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өглөө Хатгал салбарын эрхлэгч П.Даваадалай намайг дуудаж амар, ирэх шаардлагагүй, ажил гарахаар дуудна, цалин чинь орно гэж хэлсэн тул ажил үүргээ үүнээс хойш гүйцэтгээгүй, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ очиход ажлаас халах тушаал гарсан байсан хэмээн тайлбарлаж байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгч В.Отай 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээнд гэрээний дуусгавар болох хугацааг 2019 оны 6 дугаар сарын 1 гэж тусган ажилтан, ажил олгогч хэн аль нь гарын үсэг зуран баталгаажуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан ба ажилтан В.О нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсоноос хойш 9 хоногийн дараачаар ажлын байранд очсон байх бөгөөд тэрээр хугацааг анзаараагүй гэж тайлбарласан ба хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болохгүй юм.

 

Нэхэмжлэгч В.Оын Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнтэй 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээний хугацаа нэгэнт дуусгавар болсон тул ажил олгогч гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.

Тэрээр 2019 оны 2, 3, 4, 5 дугаар саруудад ажил үүргээ гүйцэтгээгүй тул ажил олгогчийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг дуустал хүчинтэй байсан ба ажилтан нь гэрээг үргэлжлүүлэхтэй холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүй тул гэрээг дуусгавар болгосон тушаал хэлбэрийн шаардлага хангасан эсэх нь хамааралгүй болно.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш болон Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймгийн Хатгал салбар нарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай В.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагч Хатгал салбарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч В.О нь ажиллаж байх үедээ Хатгал салбарын ажилчдын ажлын цагийг бүртгэж байсан, мөн тэдгээрийг ажлаа хэрхэн гүйцэтгэж байсныг бүртгэсэн гэх дэвтрийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Шгийн Хатгал салбарын ажилчдын цагийн бүртгэл, тэдгээрийн хийж гүйцэтгэсэн ажлыг бүртгэн тэмдэглэх нь галчийн ажил үүрэгт хамааралгүй тул уг дэвтрүүдийг нотлох баримтаар үнэлээгүйг дурьдлаа.

 

Нэхэмжлэгч В.О нь Хөвсгөл аймгийн Хатгал салбарын эрхлэгч ажилтай иргэн П.Даваадалайгаас хохирол нэхэмжилнэ хэмээн тайлбарласан ба тэрээр энэ талаараа жичдээ нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш болон Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймгийн Хатгал салбар нарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай В.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН