Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00443

 

 

2021 05 13 001/ХТ2021/00443

 

 

В.Одонгаравын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03384 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 689 дүгээр магадлалтай,

 

В.Одонгаравын нэхэмжлэлтэй,

йт тус тус холбогдох,

 

Үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч В.Одонгаравын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Одонгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие ШУАОО, ГХ-н Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал салбарт 2011.02.22-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажилд орсон. Миний бие үйлчлэгчийн хажуугаар галчаар ажилладаг байсан ба орой 18 цагаас гараад өглөө 9 цагт буудаг. 7 хоногийн 6 өдөр ингэж тасралтгүй 16 цаг ажиллаад, 1 өдөр амардаг байсан. 7 хоногт 96 цаг ажилладаг байсан. 2019.02.01-ний өглөө Хатгал салбарын эрхлэгч П.Даваадалай намайг дуудаж одоо амар, ирэх шаардлагагүй, ажил гарахаар чамайг дуудна, эндээс цагийн бүртгэл хийгээд явуулчихна, цалин чинь ороод явна гэж хэлсэн. Ингээд би эрхлэгч П.Даваадалайн хэлснээр 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал ажилдаа очоогүй бөгөөд сар бүрийн 372,000 төгрөгийн цалингаа авч байсан. Гэтэл намайг ШУАОО, ГХ-н захирлын 2019.06.03-ны өдрийн 57 тоот тушаалаар ажлаас маань чөлөөлсөн байсан. Тушаалын үндэслэлд тус хүрээлэнгийн Хатгал салбарын хамт олны 2019.06.05-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн гэж байгаа боловч намайг ажлаас халсан тушаалыг 6 дугаар сарын 3-ны өдөр гаргасан байгаа нь ойлгомжгүй байна. Би 2019.06.10-ны өдөр ажилдаа очсон бөгөөд очиход намайг ажлаас халсан тушаалыг өгсөн. Миний бие 2011 оноос эхлэн тасралтгүй үйлчлэгчээр ажиллаж байсан. Тус ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд надтай улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах ёсгүй байсныг өнөөдөр олж мэдлээ. Үйлчлэгч болон галч ажлыг зэрэг хийдэг байсны зэрэгцээ 2018.04.06-ны өдрөөс эхлэн станцын хянах самбарын ажиглагчаар давхар ажиллаж байсан. Тус байгууллагад миний бие үр бүтээлтэй ажилласан. Иймд В.Одонгарав миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул ШУАОО, ГХ-н Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал салбарын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бүрэнжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн судалгааны төв нь 12 аймаг дахь Газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг нэгтгэн ШУАОО, ГХ болж өөрчлөн зохион байгуулагдсан. Энэ үеэс орон нутгийн станцууд нь тус хүрээлэнгийн орон нутаг дахь салбарын статустай, хуулийн этгээдийн эрхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгийн станцууд хүрээлэнд нэгдэх үед В.Одонгаравыг Хатгал салбарын үйлчлэгчээр ажилд авсан бөгөөд 2018.09.03-ны өдрийг хүртэл уг ажил үүргийг гүйцэтгэсэн. Харин 2018.04.06-ны өдрөөс эхлэн орон нутаг дахь 12 салбар нь баруун, зүүн, төвийн гэсэн 3 бүсэд хуваагдан ажиллах болсонтой холбоотойгоор салбарууд нь өдөр бүр 24 цагийн боловсруулалт хийх шаардлагагүй болсон бөгөөд нэг салбар 7 хоногт 3 удаа 24 цагийн бүсийн хэмжээний мэдээлэл боловсруулалтыг хийж байхаар болсон. Хатгал салбарын хувьд 24 цагийн жижүүргүй үед шөнийн цагаар галлагаа хийх, обьектын харуул хамгаалалтыг хариуцах ажилтны асуудал гарч ирсэн бөгөөд батлагдсан орон тооны хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх үүргийг хүрээлэнгээс өгсөн. Хүрээлэнгийн орон нутаг дахь салбарууд нь 7-8 ажилтны орон тоотой байдаг бөгөөд үйлчилгээний ажилтнууд нь цэвэрлэгээ, галлагаа, харуул хамгаалалтыг хариуцан ажиллах зохицуулалт хийгдсэн байдаг. Хатгал салбарын хувьд конторын талбай бага цэвэрлэгээ шаардлагагүй тул ажлын ачааллыг харгалзан В.Одонгарав 2018 оны 4, 5, 6 дугаар саруудад 24 цагийн жижүүргүй үед шөнийн цагаар галлагаа хийлгэж эхэлсэн боловч ажилтан болон гэр бүл нь гомдол санал гаргах болсон тул галлагааг бусад ажилтнууд үргэлжлүүлэн хийж, хийх ажилгүй болсон тул В.Одонгаравыг амраасан байдаг. Хүрээлэнгээс 2018 оны 9 дүгээр сард шинээр байгуулагдсан газар хөдлөлтийг бүртгэх хээрийн станцын сахиулаар ажиллуулах санал тавьсан боловч В.Одонгарав нь ар гэрийн шалтгаанаар хээрийн станцын сахиул хийхгүй, харин галчаар ажиллая гэсний дагуу хүрээлэнгийн захирлын 2018.09.03-ны өдрийн 68 дугаартай тушаалаар үйлчлэгчийн ажлаас чөлөөлж 2018.09.03-ны өдөр улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулан галчаар ажиллуулахаар харилцан тохиролцсон. Гэвч гэрээт галч В.Одонгарав нь энэ хугацаанд олон удаа гомдол санал гаргаж энэ дагуу нь салбарын хамт олон тухай бүр хуралдаж асуудлыг эв зүйгээр зохицуулж хүрээлэн болон салбарын хамт олон түүнийг ажилтай байлгах гэж эрмэлзэж байсан. Хамгийн сүүлд буюу 2019.01.23-ны өдөр В.Одонгарав нь олон нийтийн цахим сүлжээнд тус байгууллагыг хүний эрхийг зөрчиж байгаа гэсэн мэдээлэл бичсэний дагуу Хатгал салбарын эрхлэгч энэ талаар хүрээлэнгийн захиргаанд мэдээлэл өгсөн. Гэрээт галч В.Одонгарав нь гэрээнд заасан ажил үүргийг тодорхой хугацаанд гүйцэтгэх, зөвхөн гэрээнд заасан хөлсийг авах гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж ажилласан. Гэвч В.Одонгарав нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчин шөнийн цагаар ажиллуулсан, илүү цагийн хөлс олгоогүй гэсэн гомдлыг байнга гаргаж байсан. В.Одонгарав нь 2019.02.01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарыг хүртэл галчийн ажил үүргийг гүйцэтгээгүй боловч ажлын хөлсийг гэрээний хугацаа дуустал авсан. В.Одонгарав нь өөрийн гарын үсэг зурж бичгээр өгсөн хүсэлтийн дагуу 2018.09.03-ны өдөр үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөж мөн өдөр гэрээт галчийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Иймд түүний энэ талаар мэдээгүй гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээт галчийн гүйцэтгэх ажил нь байнгын биш улирлын чанартай ажил бөгөөд Иргэний хуульд заасан гэрээг түүнтэй байгуулсан. В.Одонгаравтай байгуулсан гэрээг цуцлахдаа гэрээний хугацаа дууссан, гэрээгээр хүлээсэн үүргээ 2019.02.01-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй талаар тусгасан Хатгал салбарын хамт олны 2019.06.05-ны хурлын тэмдэглэл, мөн өдрийн тухайн салбарын хамт олны бичгээр ирүүлсэн санал хүсэлтийг тус тус үндэслэсэн болно. Орон нутгийн салбарууд хотоос алслагдсан зайд байрладаг, аливаа асуудал яригдаж эхэлснээс хойш, баримт бичгээр албажих хүртэл тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Түүнчлэн цалин хөлстэй холбоотой тушаал шийдвэр нь тухайн санхүүгийн сарын ажлын эхний өдөр гарах ёстой байдгаас гадна В.Одонгаравын хувьд гэрээний дагуу тухайн сард болон өмнөх саруудад ажил үүрэг гүйцэтгээгүй тул түүнтэй байгуулсан гэрээг цуцлах тушаал 2019.06.03-ны өдөр гарсан. В.Одонгарав өөрийнх нь хүсэлтээр түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг 2019.06.27-ны өдөр Хатгал салбарын ажилтан Э.Уранболороор дамжуулан гэрт нь хүргүүлсэн болно. Дээр дурдсан үндэслэлээр В.Одонгаравыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймаг дахь Хатгал салбарын төлөөлөгч П.Даваадалай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хатгал газар хөдлөлт бүртгэх станцын эрхлэгчийн 2011.02.22-ны өдрийн тушаалаар В.Одонгарав станцын гэрээт үйлчлэгчээр анх ажилд авч байсан. Тус станцын байр нь жижиг талбайтай, галлагаатай дүнзэн байшин учир НХХЯ-ны сайдын 2001.04.12-ны өдрийн 03 тоот тушаалаар батлагдсан нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээнд зааснаар албан конторын талбайн хэмжээ нь орон тооны үйлчлэгч ажиллах шаардлага хангахгүй байсан учир хээрийн станцын харуулын ажлын байрыг төсөвтөө нэмж оруулан батлуулж байсан. Хээрийн станцын байр хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй хүлээгдэж байсан учир В.Одонгаравыг станцын байрны гэрээт үйлчлэгчээр авч ажиллуулсан. 2015.02.26-нд бүтцийн өөрчлөлтөд орж тус станц нь ШУАОО, ГХ-гийн орон нутаг дахь салбар болж нэгдэн тус станц нь хуулийн этгээдийн эрхгүй болж, удирдлага санхүүжилт Одон орон, геофизикийн хүрээлэнд албан ёсоор шилжсэний дагуу Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын тушаалаар В.Одонгаравыг үйлчлэгчээр ажилд авсан. 2018.04.06-ны өдрөөс Одон орон, геофизикийн хүрээлэнгийн орон нутаг дахь 12 салбар нь үйл ажиллагааны шинэ системд шилжиж 3 бүсэд хуваагдаж /Төвийн бүс/ ажиллах болсонтой холбоотойгоор орон нутаг дахь салбарууд нь өдөр бүр 24 цагийн газар хөдлөлтийн дата боловсруулалт хийх шаардлагагүй болсон бөгөөд хуваарийн дагуу нэг салбар 7 хоногт 3 удаа 24 цагийн боловсруулалтыг бүсийн хэмжээнд хийж байхаар болсон. Үүнтэй холбоотойгоор 24 цагийн жижүүргүй үед галлагаа, обьектын харуул хамгаалалтын асуудал гарч ирсэн. Иймд дотооддоо ярилцаад ихэнх орон нутаг салбаруудын үйлчилгээний нэг ажилтан харуул хамгаалалт, галлагаагаа давхар хариуцаад явдаг жишгээр В.Одонгаравыг бүсийн жижүүргүй өдрүүдэд 2018 оны 4, 5, 6 дугаар саруудад харуул хамгаалалтын ажлыг хийлгэсэн. Гэтэл 2018.06.20-ны өдөр В.Одонгаравын нөхөр Л.Энх-Амгалан ирж ажлын ачаалал их байна, станц дээр өөр хүмүүс урьд нь жижүүрлэж байсан. Одоо яагаад ийм болсон юм, Хөдөлмөрийн хууль зөрчиж байна гэж гомдол мэдүүлсэн талаар холбогдох хүмүүс нь манайд мэдэгдсэн. В.Одонгарав нь 2018.09.03-ны өдөр ажилдаа ирсэн. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захиргаанд мэдэгдэж В.Одонгаравыг ямар ажил хийлгэх талаар асуухад Хээрийн станцын байр бэлэн болсон тул тэнд сахиулаар ажиллуулах санал тавьсан. Хурлын дараа В.Одонгарав нь хүрээлэнгийн станцын галчаар ажиллана гэсэн өргөдөл гаргасны дагуу хүрээлэнгээс улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж гэрээт галчаар ажиллуулж эхэлсэн. В.Одонгаравыг галчаар ажиллах өргөдөл гаргах үед хийсэн салбарын ажилтнуудын хурал дээр галчийн ажил нь бүсийн жижүүргүй үед 7 хоногт 3 орой станц дээр хонож ажиллаад өглөө бууна, 1 хоног амраад ажиллана, зүгээр үү гэж Б.Жамьянжав, Н.Ням-Очир нар В.Одонгаравт дахин дахин хэлж сануулж байсан ба В.Одонгарав нь ...миний хувьд шөнө хонох хамаагүй ажиллана, галлагаа хийе, манай нөхөр л уурлаад байдаг юм гээд уйлаад байсан. Гэвч 2019.01.23-ны өдөр Хатгал ньюс 6.000 гаруй гишүүнтэй фэйсбүүк олон нийтийн группэд энэ байгууллага хүний эрх зөрчиж байна гэсэн коммент оруулсныг ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд орж харсан. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захиргаанд мэдэгдсэн. В.Одонгаравыг уг ажлыг гүйцэтгэх боломжгүй бол дотооддоо асуудлаа зохицуулаад шийдвэрлэ гэсний дагуу салбарын бусад ажилтнууд галлагааг өөрсдөө хийхээр болж В.Одонгаравыг амраасан. Энэ хугацаанд В.Одонгарав гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй боловч амьдралын байдлыг нь харгалзан цалинг гэрээний хугацаанд олгож байсан. 2019.06.03-ны өдөр орон нутаг хариуцсан нягтлан бодогч Б.Болор сул зогсолтын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл асуудал шийдэхийн тулд гэрээт ажилтныг цаашид ажиллуулж чадах уу, салбарын ажилтнуудын хурлаар асуудлыг шийдвэрлэ гэсэн. Ажилтнууд хуралдаж В.Одонгарав нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул гэрээг дуусгавар болгох дүгнэлтэнд хүрч хурлын тэмдэглэл хөтөлж Одон орон, геофизикийн хүрээлэнд захиргаанд салбарын ажилтнуудын саналыг хүргүүлснээр В.Одонгаравтай байгуулсан гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан болно. Мөн тус салбар дээр хянах самбарын ажиглагч гэсэн ажил, албан тушаал байдаггүй. В.Одонгарав нь ийм ажил үүргийг давхар гүйцэтгэж байгаагүй болно. В.Одонгарав нь шүүхэд өргөдөл өгөхөд шаардлагатай гэсний дагуу 2019.06.27-ны өдөр тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Уранболорт В.Одонгаравын 0320857 дугаартай нийгмийн даатгалын, 0320857 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг 2019 оны 6 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөтлөлтийг хийснээр хүлээлгэн өгсөн. В.Одонгарав нь ажиллах хугацаандаа нэлээдгүй олон гомдлуудыг олон газарт хандан гаргаж байсан. В.Одонгаравыг цаашид тус салбарт ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03384 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ШУАОО, ГХ болон ШУАОО, ГХ-н Хөвсгөл аймгийн Хатгал салбар нарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай В.Одонгаравын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 689 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03384 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч В.Одонгарав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч В.Одонгарав миний бие БЗД-ийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2019.12.02-ны өдрийн 101/ШШ2019/03384 тоот Шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Шүүхийн 2020.03.25-ны өдрийн 689 тоот Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний хувьд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд миний гэрээг үнэн зөв дүгнээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан байдаг. Гэтэл надад гэрээ дуусч байгаа талаар хэн ч мэдэгдээгүй. Ингээд намайг ажилгүй болгоход тухайн үед энэ талаар би Шинжлэх ухаан Академи Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлд өргөдөл гаргаж байсан. Энэ талаарх нотлох баримтыг гомдолд /6 хуудас/ хавсаргаж байна. Хуулийн мэдлэггүй болон ажилгүй болсон тул мөнгө төгрөг байхгүйн улмаас анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч авч оролцож чадаагүй. Анхан шатны шүүх миний хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдэж чадаагүй. Намайг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй шийдэж байсан болон хариуцагч тал хэтэрхий нэг талыг барьж ажлаа сайн хийсээр байхад хийсэн ажлыг минь хийгээгүй болгож гүтгэж, өөрсдөө хуурамч хурлын тэмдэглэл үйлдсэн, тэр хуралд би байгаагүй, Түр ажиллах гэрээг 2 хувь үйлдсэн байх боловч нэг нь миний гарын үсэг биш байгаа зэрэг нотлох баримтууд хэрэгт байгаа. Мөн хариуцагч тал Хөдөлмөрийн гэрээний 3.2, 3.4-т заасан эрх үүргээ биелүүлээгүй. Ийм үйлдлүүд гаргасанд миний бие маш их гомдолтой байна. Миний бие маш их хохирч сэтгэл санаагаар унаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч В.Одонгарав нь Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймаг дахь Хатгал салбарын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...хариуцагч нь байнгын ажлын байранд улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах ёсгүй..., ажлаас халсан тушаалд гэрээний хугацаа дууссан, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэснийг зөвшөөрөхгүй гэж маргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэсэн тайлбар гаргажээ.  

 

Анхан болон давж шатны шүүх тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч В.Одонгаравыг, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын 2019.6.3-ны өдрийн 57 дугаар тушаалаар, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр галчийн үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд уг тушаалд Хатгал салбарын хамт олны хурлын шийдвэр болон санал, Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ-ний 2.7 дахь заалтыг үндэслэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: ...23.2.2. энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, 37 дугаар зүйлийн 37.1-д Хөдөлмөрийн гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно: ...37.1.3. хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж тус тус зааснаар талууд байнгын ажлын байранд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор, уг гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд гэрээг дуусгавар болгохоор хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, В.Одонгарав нь Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн газар хөдлөлт бүртгэх Хатгал станцад 2011.02.22-ны өдрөөс гэрээт үйлчлэгчээр ажилласан байх бөгөөд 2018 оны 4 дүгээр сард тус хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулж нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу захирлын 2018.9.3-ны өдрийн 68 дугаар тушаалаар үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн. Улмаар түүний галчаар ажиллах хүсэлтийг үндэслэн, тус захирлын 2018.9.03-ны өдрийн 71 дүгээр тушаалаар В.Одонгаравыг гэрээт галчаар ажиллуулж, түүнтэй Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ-г байгуулж, уг гэрээний 2.7-д хугацааг 2018.9.3-наас 2019.6.1-нийг хүртэл байхаар тогтоожээ. Нэхэмжлэгч энэхүү гэрээний дагуу галчаар ажиллаж байгаад 2019.02.01-ний өдрөөс хойш ажиллаагүй, 2019 оны 2, 3, 4, 5 дугаар саруудад түүний ажлыг Хатгал салбарын ажилчид өөрсдөө ээлжээр хийж гүйцэтгэсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй боловч хариуцагч гэрээнд заасан цалин хөлсийг түүнд олгосон үйл баримтууд тогтоогджээ.

 

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх галчийн ажил нь хүйтний улиралд хамаарч байснаас шалтгаалж, талуудын хооронд улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан, өөрөөр хэлбэл ажил олгогч нь В.Одонгаравтай тохирч, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байх бөгөөд уг гэрээний хугацаа дуусгавар болох үед нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй, гэрээний хугацаа 2019.6.1-ний өдөр дууссан тул ажил олгогчоос түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн ...хийсэн ажлыг минь хийгээгүй болгон гүтгэж, өөрсдөө хуурамч хурлын тэмдэглэл үйлдсэн, тэр хуралд би байгаагүй, түр ажиллах гэрээг 2 хувь үйлдсэн байх боловч нэг нь миний гарын үсэг биш байгаа нотлох баримт хэрэгт байна. Мөн хариуцагч тал Хөдөлмөрийн гэрээний 3.2, 3.4-т заасан эрх үүргээ биелүүлээгүй... гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 101-102 тал/-ээс үзэхэд нэхэмжлэгч В.Одонгарав нь шүүх хуралдаанд ...2018.9.6-ны өдрийн ажилчдын шуурхай хуралд биечлэн оролцсон, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан, мөн Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбар гаргасан, харин хариуцагч гэрээний 3.2, 3.4-т заасан үүргээ биелүүлээгүй талаар гомдол гаргаж, маргаагүй зэрэг нь тогтоогджээ.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03384 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 689 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Б.УНДРАХ

 

Д.ЦОЛМОН