Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 689

 

В.О-ын нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03384 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч В.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ШУАОО, ГХ, ШУАОО, ГХ-н Хөвсгөл аймаг дахь Хатгал салбарт тус тус холбогдох

Үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бүрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч В.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.О- миний бие ШУАОО, ГХ-н Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал салбарт 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажилд орсон. Миний бие үйлчлэгчийн хажуугаар галчаар ажилладаг байсан ба орой 18 цагаас гараад өглөө 9 цагт буудаг. 7 хоногийн 6 өдөр ингэж тасралтгүй 16 цаг ажиллаад 1 өдөр амардаг байсан. 7 хоногт 96 цаг ажилладаг байсан. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өглөө Хатгал салбарын эрхлэгч П.Даваадалай намайг дуудаж одоо амар, ирэх шаардлагагүй, ажил гарахаар чамайг дуудна, эндээс цагийн бүртгэл хийгээд явуулчихна, цалин чинь ороод явна гэж хэлсэн. Ингээд би эрхлэгч П.Даваадалайн хэлснээр 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал ажилдаа очоогүй бөгөөд сар бүрийн 372.000 төгрөгийн цалингаа авч байсан. Гэтэл намайг ШУАОО, ГХ-н захирлын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 57 тоот тушаалаар ажлаас маань чөлөөлсөн байсан. Тушаалын үндэслэлд тус хүрээлэнгийн Хатгал салбарын хамт олны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн гэж байгаа боловч намайг ажлаас халсан тушаалыг 6 дугаар сарын  03-ны өдөр гаргасан байгаа нь ойлгомжгүй байна. Би 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа очсон бөгөөд очиход намайг ажлаас халсан тушаалыг өгсөн. Миний бие 2011 оноос эхлэн тасралтгүй үйлчлэгчээр ажиллаж байсан. Тус ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд надтай улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах ёсгүй байсныг өнөөдөр олж мэдлээ. Үйлчлэгч болон галч ажлыг зэрэг хийдэг байсны зэрэгцээ 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн станцын хянах самбарын ажиглагчаар давхар ажиллаж байсан. Тус байгууллагад миний бие үр бүтээлтэй ажилласан. Иймд В.О- миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул ШУАОО, ГХ-н Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал салбарын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ШУАОО, ГХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бүрэнжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн судалгааны төв нь 12 аймаг дахь Газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг нэгтгэн ШУАОО, ГХ болж өөрчлөн зохион байгуулагдсан. Энэ үеэс орон нутгийн станцууд нь тус хүрээлэнгийн орон нутаг дахь салбарын статустай, хуулийн этгээдийн эрхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгийн станцууд хүрээлэнд нэгдэх үед В.О-ыг Хатгал салбарын үйлчлэгчээр ажилд авсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл уг ажил үүргийг гүйцэтгэсэн. Харин 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн орон нутаг дахь 12 салбар нь баруун, зүүн, төвийн гэсэн 3 бүсэд хуваагдан ажиллах болсонтой холбоотойгоор салбарууд нь өдөр бүр 24 цагийн боловсруулалт хийх шаардлагагүй болсон бөгөөд нэг салбар 7 хоногт 3 удаа 24 цагийн бүсийн хэмжээний мэдээлэл боловсруулалтыг хийж байхаар болсон. Хатгал салбарын хувьд 24 цагийн жижүүргүй үед шөнийн цагаар галлагаа хийх, обьектын харуул хамгаалалтыг хариуцах ажилтны асуудал гарч ирсэн бөгөөд батлагдсан орон тооны хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх үүргийг хүрээлэнгээс өгсөн. Хүрээлэнгийн орон нутаг дахь салбарууд нь 7-8 ажилтны орон тоотой байдаг бөгөөд үйлчилгээний ажилтнууд нь цэвэрлэгээ, галлагаа, харуул хамгаалалтыг хариуцан ажиллах зохицуулалт хийгдсэн байдаг. Хатгал салбарын хувьд конторын талбай бага цэвэрлэгээ шаардлагагүй тул ажлын ачааллыг харгалзан В.О-ыг 2018 оны 4, 5, 6 дугаар саруудад 24 цагийн жижүүргүй үед шөнийн цагаар галлагаа хийлгэж эхэлсэн боловч ажилтан болон гэр бүл нь гомдол санал гаргах болсон тул галлагааг бусад ажилтнууд үргэлжлүүлэн хийж, хийх ажилгүй болсон тул В.О-ыг амраасан байдаг. Хүрээлэнгээс 2018 оны 9 дүгээр сард шинээр байгуулагдсан газар хөдлөлтийг бүртгэх хээрийн станцын сахиулаар ажиллуулах санал тавьсан боловч В.О- нь ар гэрийн шалтгаанаар хээрийн станцын сахиул хийхгүй, харин галчаар ажиллая гэсний дагуу хүрээлэнгийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 68 дугаартай тушаалаар үйлчлэгчийн ажлаас чөлөөлж 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулан галчаар ажиллуулахаар харилцан тохиролцсон. Гэвч гэрээт галч В.О- нь энэ хугацаанд олон удаа гомдол санал гаргаж энэ дагуу нь салбарын хамт олон тухай бүр хуралдаж асуудлыг эв зүйгээр зохицуулж хүрээлэн болон салбарын хамт олон түүнийг ажилтай байлгах гэж эрмэлзэж байсан. Хамгийн сүүлд буюу 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр В.О- нь олон нийтийн цахим сүлжээнд тус байгууллагыг хүний эрхийг зөрчиж байгаа гэсэн мэдээлэл бичсэний дагуу Хатгал салбарын эрхлэгч энэ талаар хүрээлэнгийн захиргаанд мэдээлэл өгсөн. Гэрээт галч В.О- нь гэрээнд заасан ажил үүргийг тодорхой хугацаанд гүйцэтгэх, зөвхөн гэрээнд заасан хөлсийг авах гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж ажилласан. Гэвч В.О- нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчин шөнийн цагаар ажиллуулсан, илүү цагийн хөлс олгоогүй гэсэн гомдлыг байнга гаргаж байсан. В.О- нь 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарыг хүртэл галчийн ажил үүргийг гүйцэтгээгүй боловч ажлын хөлсийг гэрээний хугацаа дуустал авсан. В.О- нь өөрийн гарын үсэг зурж бичгээр өгсөн хүсэлтийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөж мөн өдөр гэрээт галчийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Иймд түүний энэ талаар мэдээгүй гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээт галчийн гүйцэтгэх ажил нь байнгын биш улирлын чанартай ажил бөгөөд Иргэний хуульд заасан гэрээг түүнтэй байгуулсан. В.О-тай байгуулсан гэрээг цуцлахдаа гэрээний хугацаа дууссан, гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй талаар тусгасан Хатгал салбарын хамт олны 2019 оны 6 дугаар сарын 05-ны хурлын тэмдэглэл, мөн өдрийн тухайн салбарын хамт олны бичгээр ирүүлсэн санал хүсэлтийг тус тус үндэслэсэн болно. Орон нутгийн салбарууд хотоос алслагдсан зайд байрладаг, аливаа асуудал яригдаж эхэлснээс хойш, баримт бичгээр албажих хүртэл тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Түүнчлэн цалин хөлстэй холбоотой тушаал шийдвэр нь тухайн санхүүгийн сарын ажлын эхний өдөр гарах ёстой байдгаас гадна В.О-ын хувьд гэрээний дагуу тухайн сард болон өмнөх саруудад ажил үүрэг гүйцэтгээгүй тул түүнтэй байгуулсан гэрээг цуцлах тушаал 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гарсан. В.О-ын өөрийнх нь хүсэлтээр түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хатгал салбарын ажилтан Э.Уранболороор дамжуулан гэрт нь хүргүүлсэн болно. Дээр дурдсан үндэслэлээр В.О-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ШУАОО, ГХгийн Хөвсгөл аймаг дахь Хатгал салбарын төлөөлөгч П.Даваадалай шүүхэд гаргасан тайлбартаа: Хатгал газар хөдлөл бүртгэх станцын эрхлэгчийн 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар В.О-ыг станцын гэрээт үйлчлэгчээр анх ажилд авч байсан. Тус станцын байр нь жижиг талбайтай, галлагаатай дүнзэн байшин учир НХХЯ-ны сайдын 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тушаалаар батлагдсан нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээнд зааснаар албан конторын талбайн хэмжээ нь орон тооны үйлчлэгч ажиллах шаардлага хангахгүй байсан учир хээрийн станцын харуулын ажлын байрыг төсөвтөө нэмж оруулан батлуулж байсан. Хээрийн станцын байр хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй хүлээгдэж байсан учир В.О-ыг станцын байрны гэрээт үйлчлэгчээр авч ажиллуулсан. 2015 оны 2 дугаар сарын 26-нд бүтцийн өөрчлөлтөд орж тус станц нь ШУАОО, ГХгийн орон нутаг дахь салбар болж нэгдэн тус станц нь хуулийн этгээдийн эрхгүй болж, удирдлага санхүүжилт Одон орон, геофизикийн хүрээлэнд албан ёсоор шилжсэний дагуу Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын тушаалаар В.О-ыг үйлчлэгчээр ажилд авсан. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс Одон орон, геофизикийн хүрээлэнгийн орон нутаг дахь 12 салбар нь үйл ажиллагааны шинэ системд шилжиж 3 бүсэд хуваагдаж /Төвийн бүс/ ажиллах болсонтой холбоотойгоор орон нутаг дахь салбарууд нь өдөр бүр 24 цагийн газар хөдлөлийн дата боловсруулалт хийх шаардлагагүй болсон бөгөөд хуваарийн дагуу нэг салбар 7 хоногт 3 удаа 24 цагийн боловсруулалтыг бүсийн хэмжээнд хийж байхаар болсон. Үүнтэй холбоотойгоор 24 цагийн жижүүргүй үед галлагаа, обьектын харуул хамгаалалтын асуудал гарч ирсэн. Иймд дотооддоо ярилцаад ихэнх орон нутаг салбаруудын үйлчилгээний нэг ажилтан харуул хамгаалалт, галлагаагаа давхар хариуцаад явдаг жишгээр В.О-ыг бүсийн жижүүргүй өдрүүдэд 2018 оны 4, 5, 6 дугаар саруудад харуул хамгаалалтын ажлыг хийлгэсэн. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр В.О-ын нөхөр Л.Энх-Амгалан ирж ажлын ачаалал их байна, станц дээр өөр хүмүүс урьд нь жижүүрлэж байсан. Одоо яагаад ийм болсон юм, Хөдөлмөрийн хууль зөрчиж байна гомдол мэдүүлсэн талаар холбогдох хүмүүс нь манайд мэдэгдсэн. В.О- нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа ирсэн. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захиргаанд мэдэгдэж В.О-ыг ямар ажил хийлгэх талаар асуухад Хээрийн станцын байр бэлэн болсон тул тэнд сахиулаар ажиллуулах санал тавьсан. Хурлын дараа В.О- нь хүрээлэнгийн станцын галчаар ажиллана гэсэн өргөдөл гаргасны дагуу хүрээлэнгээс улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж гэрээт галчаар ажиллуулж эхэлсэн. В.О-ыг галчаар ажиллах өргөдөл гаргах үед хийсэн салбарын ажилтнуудын хурал дээр галчийн ажил нь бүсийн жижүүргүй үед 7 хоногт 3 орой станц дээр хонож ажиллаад өглөө бууна, 1 хоног амраад ажиллана, зүгээр үү гэж Б.Жамьянжав, Н.Ням-Очир нар В.О-т дахин дахин хэлж сануулж байсан ба В.О- нь “...миний хувьд шөнө хонох хамаагүй ажиллана, галлагаа хийе, манай нөхөр л уурлаад байдаг юм гээд уйлаад байсан”. Гэвч 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хатгал ньюс 6.000 гаруй гишүүнтэй фэйсбүүк олон нийтийн группэд энэ байгууллага хүний эрх зөрчиж байна гэсэн коммент оруулсныг ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд орж харсан. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захиргаанд мэдэгдсэн. В.О-ыг уг ажлыг гүйцэтгэх боломжгүй бол дотооддоо асуудлаа зохицуулаад шийдвэрлэ гэсний дагуу салбарын бусад ажилтнууд галлагааг өөрсдөө хийхээр болж В.О-ыг амраасан. Энэ хугацаанд В.О- гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй боловч амьдралын байдлыг нь харгалзан цалинг гэрээний хугацаанд олгож байсан. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр орон нутаг хариуцсан нягтлан бодогч Б.Болор сул зогсолтын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл асуудал шийдэхийн тулд гэрээт ажилтныг цаашид ажиллуулж чадах уу, салбарын ажилтнуудын хурлаар асуудлыг шийдвэрлэ гэсэн. Ажилтнууд хуралдаж В.О- нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул гэрээг дуусгавар болгох дүгнэлтэнд хүрч хурлын тэмдэглэл хөтөлж Одон орон, геофизикийн хүрээлэнд захиргаанд салбарын ажилтнуудын саналыг хүргүүлснээр В.О-тай байгуулсан гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан болно. Мөн тус салбар дээр хянах самбарын ажиглагч гэсэн ажил албан тушаал байдаггүй. В.О- нь ийм ажил үүргийг давхар гүйцэтгэж байгаагүй болно. В.О- нь шүүхэд өргөдөл өгөхөд шаардлагатай гэсний дагуу 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Уранболорт В.О-ын 0320857 дугаартай нийгмийн даатгалын, 0320857 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг 2019 оны 6 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөтлөлтийг хийснээр хүлээлгэн өгсөн. В.О- нь ажиллах хугацаандаа нэлээдгүй олон гомдлуудыг олон газарт хандан гаргаж байсан. В.О-ыг цаашид тус салбарт ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ШУАОО, ГХ болон ШУАОО, ГХ-н Хөвсгөл аймгийн Хатгал салбар нарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай В.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус шүүх нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан миний гэрээг зөв үнэлж дүгнээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт заасан байдаг. Гэтэл надад гэрээ дуусч байгаа талаар хэн ч мэдэгдээгүй энэ талаар хэрэгт нотлох баримт байдаггүй. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицууллалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч В.О- нь хариуцагч ШУАОО, ГХд болон уг хүрээлэнгийн Хөвсгөл аймаг дахь Хатгал салбарт  холбогдуулан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч В.О- нь Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн судалгааны төвийн газар хөдлөл бүртгэх Хатгал станцад 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үйлчлэгчээр ажиллаж байсан, ШУАОО, ГХ-н бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон, тэрээр байгууллагын ажилчдын 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн болон 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр болсон хуралд галчаар ажиллах хүсэлт гаргаж байсан, хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 68 тоот тушаалаар В.О-ыг Хатгал салбарын үйлчлэгчийн ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, мөн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 71 тоот тушаалаар гэрээт галчаар ажиллуулж, улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулан ажиллуулж байсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 4-9, 32, 33, 116-118, 120-127/

Мөн хариуцагч байгууллагын Хатгал салбарын ажилчид В.О-ын хийж гүйцэтгэж байсан галчийн ажлыг 2019 оны 2, 3, 4, 5 дугаар саруудад өөрсдөө гүйцэтгэн энэ хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй хэдий ч гэрээнд заасан цалин хөлсийг авч байсан үйл баримтыг  шүүх зөв тогтоожээ. /хх-ийн  43, 84-88, 127/

Хариуцагч ШУАОО, ГХ-н захирлын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 57 тоот  тушаалаар Хатгал салбарын хамт олны хурлын шийдвэр болон санал, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээний 2.7-д тус тус заасныг тус тус үндэслэн, тус салбарын гэрээт галч В.О-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцалжээ. /хх-ийн 3, 39/

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд түүнийг Хатгал салбарын үйлчлэгчийн ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн хариуцагчийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 68 тоот тушаалын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар гомдлоо гаргаагүй тул үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж тайлбарласан боловч анхан шатны шүүх уг гэрээг хөдөлмөрийн гэрээг дүгнэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ба зохигчид хэн аль нь энэ талаар гомдол гаргаагүй.

“Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай” гэрээ гэж нэрлэсэн, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх галчийн ажил нь хүйтний улиралд хамаарч байгаа зэргээс үзэхэд  ажил олгогч нь ажилтантай байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож  байгуулсан гэсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т нийцсэн байна.

Талууд 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 71 тоот улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх гэрээг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох үед ажилтан В.О- нь  ажлаа гүйцэтгэж байгаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцох үндэслэлгүй.

Нэхэмжлэгч В.О-ын Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнтэй 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Улирлын чанартай ажил гүйцэтгүүлэх тухай гэрээний хугацаа нэгэнт дуусгавар болсон тул ажил олгогч гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн байна.

Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц нэхэмжлэгч үргэлжлүүлэх эсэх талаар санал тавиагүй, гэрээний хугацаа дуусгавар болж байгаа талаар мэдэгдэх үүрэг ажил олгогчид байхгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул В.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03384 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Н.БАТЗОРИГ