Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/03558

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 11өдөр

Дугаар 101/ШШ2019/0*******58

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххх тоотод оршин суух, Ж-н Мийн /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоот, Ф констракшн ХХК-ийн /РД: хххххххххх/ нэхэмжлэлтэй

Ф констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, үндсэн цалингийн үлдэгдэл 1.898.626 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацааны 1.088.370 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 4.2-т зааснаар нэмэгдэл хөлсний үлдэгдэл 16.633.720 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 4.3-т зааснаар тоёота кроун 200 маркийн авто машины зах зээлийн өртөг 28.000.000 төгрөг, нийт 47.620.176 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ф констракшн ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, 6.689.640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж,

Хариуцагч Ф констракшн ХХК-ийн захирал Т.А*******,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Даваабилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.М намайг 2019 оны 1 дүгээр сард барилгын төсөл хэрэгжүүлэгч, захиалагч компани болох Марч Констракшн ХХК-д хуулийн зөвлөх, хуулийн албаны даргаар ажиллаж байх үед хариуцагч Ф констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.А******* надтай ирж уулзан Би Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу ******* ******* айлын 7 давхар барилга барихаар төлөвлөөд сууриа тавиад ажил зогссон. Борлуулалт болон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Чи манай компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хийгээд компанийн үйл ажиллагааг жигдрүүлээд, борлуулалт хариуц. Чамд байр, авто машин, орон сууцны борлуулалт тус бүрийн үнийн дүнгээс 5 хувийг өгье гэж удаа дараа гуйсныг миний зүгээс бодолцон өөрийн эрхэлж байсан ажлаасаа 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гарсан.

Анх хариуцагч компанид гүйцэтгэх захирлаар орсноос хойш офиссийн байр одоогийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* байрлах, ******* *******ийн 5 дугаар давхар, ******* тоот, мөн офиссийн хэрэглээний тоног төхөөрөмж, ажилтан, ажиллагсад гээд компани анх байгуулагдахаас эхлээд одоогийн хэвийн үйл ажиллагаатай болох хүртэл бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн.

Ингээд компанийн үйл ажиллагаа эхлэхэд дор дурьдсан үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг албан ёсоор тохиролцон 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг дараах байдлаар тохиролцсон. Үүнд:

-Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Ажилтны үндсэн цалин 1.300.000 төгрөг байна,

-Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Нэмэгдэл хөлс: Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Амгалан апартмент-12 төслийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ тус бүрийн үнийн дүнгийн 5 хувь байна,

-Шагнал, урамшуулал: Компанийн зүгээс дор дурьдсан урамшуулал олгогдоно. Үүнд:

А. А буюу эхний ******* айлын орон сууцны барилгын ажлын явцад /200.000.000 төгрөг компанид оруулаад өгнө гэж амаар тохиролцсон/ тоёота кроун 200 маркийн авто машин 1 ширхэг,

Б. В блок ашиглалтанд ороход 100 м.кв байр,

С. С блок ашиглалтанд ороход 80 м.кв байр,

D. D блок ашиглалтанд ороход тоёота ланд круйзер 200 маркийн авто машин 1 ширхэг,

Е. Е блок ашиглалтанд ороход 100 м.кв байр гэж тус тус тохиролцсон.

Анх хариуцагч Ф констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.А******* нь тухайн үед зөвхөн өөрийн өмчлөлийн 0.7 га газарт ******* айлын 7 давхар ганц блок барилга төлөвлөж энэ барилгыг барихад болно гэж байсныг миний бие компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулах, өсөн дэвжих боломжийг олж харан ойр орчмын айлуудтай харилцан тохиролцож газрыг нь авах санал гаргахад Т.А******* уг саналыг 100 хувь дэмжиж айлуудтай тохиролцсоны үндсэн дээр бүх гэрээ, хэлцлийг хийж нийт 3.792 м.кв талбайд 5 блок барилга барихаар болсон.

Ингээд тус компанийн албан бланк, логоноос эхлүүлээд компанид шаардлагатай бүх зүйлийг хийж гүйцэтгэн барилга барих хамгийн чухал зүйл болох хөрөнгө оруулалтад түлхүү анхаарч маркетинг менежментийн оновчтой зөв арга хэрэглэж 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 13 байрны захиалгын гэрээг байгуулж нийтдээ 596.126.000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж барилгын ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлж 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар каркас угсралтын 5 давхрыг дуусгасан. Эхний А блок барилгыг нийт 7 давхраар төлөвлөсөн.

Ажиллаж байхдаа хуулийн зөвлөх, хүний нөөц, борлуулалтын менежер зэргийг давхар гүйцэтгэж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэж байсан.

Т.А******* нь ерөнхий захирал болж компани өргөжихийн хэрээр ааш зан нь хувирч цалингаа асуусан ажилчдыг цалин асуулаа, би хэдэн төгрөгийн цалин өгөхөө өөрөө мэднэ, энийг шууд хал гэж ажилчидтай ёс зүйгүй харьцаж эхэлсэн бөгөөд түүнд алдаа дутагдлыг нь сануулан, ажилтнуудыг тогтвортой ажиллуулах талаар хэлэхэд Би хөрөнгийн эзэн, яахаа би өөрөө мэднэ. Би хүүхдүүд болон ажилчидаа үхтэл загнадаг байсан. Энэ бол миий арга барил гэж надтай мөн хэрэлдэж байсан.

Компанийн үйл ажиллагаа тогтворжиж барилга ахицтай сайн яваад ирэхэд 2019 оны 4 дүгээр сард ерөнхий захирал Т.А******* нь Чи өөрийн авсан урамшуулал 5 хувиасаа ажилчдын цалин хөлс, өдрийн хоолны мөнгийг өг. Мөн чиний цалин, урамшуулал хэтэрхий өндөр байна. Чи борлуулалтын компани байгуулаад хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан нэмэгдэл хөлс болох 5 хувийг компанийхаа дансаар авчих гэж удаа дараа шахалт үзүүлэн байнга хэл амаар доромжилж байсан учраас аргагүйн эрхэнд 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын О Монголиа ХХК-ийг байгуулсан.

Үүний дараагаас ерөнхий захирал Т.А******* нь Чиний хөдөлмөрийн гэрээг шинэчилмээр байна. Тэр үед арай өндөр юм амалсан байна гэх мэтээр дахин шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд та ямар саналтай байна гэхэд Т.А******* ... чи өөрийн унаж яваа машинаа компанид өгөөд кроун 200 маркийн авто машинаа А блок ашиглалтанд орсны дараа ав. Тэгээд бүх блок ашиглалтанд ороход ганц л байр өгнө. Өгөхдөө манай компанид 5 жил ажиллаж байж байрны гэрчилгээг чиний нэр дээр гаргаж өгнө гэсэн саналтай байна гэхэд би уг санал миний хөдөлмөрийн гэрээг эрс дордуулсан санал байна гэж хэлсэн.

Би ийм олон ажил давхар хийж байж сарын 1.300.000 төгрөгийн цалин авч байгаа нь уг байруудыг авахын тулд ийм бага үндсэн цалингаар тохирсон шүү дээ гэхэд уурлаж хэл амаар доромжлон түр зуурын маргаан үүссэн ба маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ирээд Чи компаниа аваад борлуулалтын менежерүүдээ аваад тусдаа гар. Би чамд олон байр өгч чадахгүй гэсэн санал тавихад би надад бодох хугацаа өгөөч гэхэд эндээс зайл гэж огцом уурлаж дур зоргоороо авирлан орилж хашгиран нийт ажилтнуудын дэргэд намайг эндээс зайл, энийг ажлаас хал гэж намайг ажлаас хөөсөн. Гэвч би маргааш өдөр нь ажилдаа ирэхэд дахин ажлаас хөөж ажлаа хүлээлгэж өг гэж орилж хашгичин ямар ч тушаал шийдвэр гаргаагүй миний ажлыг хүчээр авсан.

Ийм авир гаргахад би хийсэн гэрээ болон бусад бичиг баримтууд зэрэг өөрт хамааралтай бүхий л бичиг баримтыг бүртгэл хөтлөн өгсөн. Үүний дараа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр миний ажлаас халах тушаалыг шууд гаргаж тушаалаа ав гэж дуудсаны дагуу тушаалаа авсан.

Ажиллаж байх хугацаанд 2019 оны 3, 4, 5 дугаар сарын цалинд нийт 2.950.742 төгрөг өгөхөөс 1.052.116 төгрөг өгч 1.898.626 төгрөг дутуу, нэмэгдэл хөлс буюу борлуулалтын урамшуулалд 13 ширхэг орон сууц захиалгын гэрээнээс нийт 29.806.300 төгрөг өгөхөөс 19.023.600 төгрөгийг өгч 10.782.700 төгрөг дутуу өгсөн.

Ерөнхий захирал Т.А******* нь борлуулалтын менежерүүд болон хуулийн зөвлөхийн цалин өгөхгүй байсан болохоор борлуулалтын урамшууллаас ажилчдын цалинд бэлнээр 960.000 төгрөг, дансаар 4.890.720 төгрөг, нийт 5.850.720 төгрөг өгсөн.

Ажиллаж байх хугацаанд ажлын цаг нэг ч минут хоцроогүй, байнга илүү цагаар сууж ажилладаг, компанид ямар нэгэн хохирол учруулаагүй, алдаа дутагдал гаргаагүй, Хөдөлмөрийн хуулинд заасан сахилгын шийтгэл гаргаагүй байхад намайг компанийн ажлын байрыг ашиглаж хуулийн этгээдийн гэрчилгээ гаргуулж, ажилчдыг өөрийн хувийн компанид урвуулахыг оролдсон гэсэн үйлдлийг гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн заалтыг үндэслэн бидний хоорондох хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь ямар ч үндэслэлгүй, харин миний Ф констракшн ХХК-ийг улам хөгжүүлэх, тогтвортой ажилтан ажиллагсадтай болгохоор бүхий аргаар ажилласан учраас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэхээр байна.

Иймд Ф констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, үндсэн цалингийн үлдэгдэл 1.898.626 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 1.088.370 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 4.2-т зааснаар нэмэгдэл хөлсний үлдэгдэл 16.633.720 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 4.3-т зааснаар тоёота кроун 200 маркийн авто машины зах зээлийн өртөг 28.000.000 төгрөг, нийт 47.620.176 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгасан. Ф констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, үлдэгдэл цалин 1.398.626 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 9.130.215 төгрөг, нэмэгдэл хөлс 7.434.120 төгрөг, тоёота кроун авто машины үнэ 28.000.000 төгрөг, нийт 45.962.961 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ф констракшн ХХК-ийн захирал Т.А******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.М нь 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж манай Ф констракшн ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Ж.М нь гэрээ байгуулан ажиллах явцдаа компанийн ажлын байрыг ашиглаж хуулийн этгээдийн гэрчилгээ гаргуулж, ажилчдыг өөрийн хувийн компанид урвуулахыг оролдсон үйлдэл гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр аргагүйд хүрсэн гэж үзэн Хөд-19/01 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Мөн нэхэмжлэлдээ тусгасан хамтран ажиллах хүсэлт удаа дараа гаргасан гэдэг нь үндэслэлгүй худал зүйл бөгөөд 2019 оны 2 дугаар сарын дундуур ******* байрлах ******* зоогийн газарт Ж.М болон түүний найз Э.Ж, Б.Б нарын хамт дөрвүүлээ уулзан хамтран ажиллах хүсэлт тавьсан. Энэ нь бидний ажил хэргийн анхны уулзалт байсан.

Тус уулзалтын үед хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрч эхний уулзалтаар хамтран ажиллах болсон ба харин тэрээр одоо ажиллаж байгаа ажлаасаа гарах хүсэлтээ өгөөд ажлаа хүлээлгэн өгөх хүртэл хугацаа хэрэгтэй хэмээн хугацаа хүссэн ба үүнийг нь миний бие хүлээн зөвшөөрсөн.

Иймд Ж.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түүнийг ажилд эргүүлэн томилохгүй, ажилгүй байсан хугацааны цалин олгох боломжгүй болно. У нь:

Ж.М нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр О Монголиа гэх хуулийн этгээдийн гэрчилгээ гаргуулж ажилчдыг өөрийн хувьцаат компанид урвуулахыг оролдсон буюу 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажил хүлээлгэн өгсөн баримтын тушаал хэсгийн дугаар 09 Г.Б, дугаар 18 Б.А, дугаар 19 Н.Г, дугаар 20 Р.Ц нарыг хуурамчаар ажлаас халсан тушаал гарган өөрийн компанид ажиллуулахыг оролдсон.

Тус үйлдлээ надад тайлбарлахдаа өөрсдийн санаачилгаар ажлаас гарах хүсэлт өгсөн хэмээн итгүүлсэн. Харин ажилчдад хэлэхдээ захирлын тушаалаар та нарыг халсан, харин би захиралд хэлж та нартай хамтран ажиллах талаар ярилцсан, манай буюу миний компанид ажил хэмээн хоёр талд худал хэлэн төөрөгдөлд оруулсан.

Хөдөлмөрийн гэрээний 4.1-т заасан борлуулалтын хувь болох 5 хувьтай холбоотойгоор борлуулалтын ажилтан Б.Б 2 хувь, мөн Ж.М 2 хувь, бусад борлуулагч нарт 1 хувь байхаар тохиролцон гэрээ хийсэн.

Тус гэрээг хийх үед би бусад борлуулагч нарын хувийг өөр дээрээ нэмээд авчихья, миний хувьтай нэгтгээд надтай гэрээ хийчих, би цааш нь дамжуулж борлуулагч нарт өгөх болно, та ерөнхий захирал юм чинь бусад ажилтануудтай харьцаад хэрэггүй, би өөрөө мэдээд хөдөлмөрийн гэрээнүүдийг ажилтануудтай хийх болно гэж хэлж итгүүлэн гэрээг байгуулсан.

Ийнхүү ажиллаж байх хугацаандаа нийт борлуулалтын урамшуулал хэмээн 19.023.600 төгрөгийг надаас авсан.

Мөн Ж.М энэ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажил, албан тушаалаа урвуулан ашиглаж ажилтныг дур мэдэн халж сольж өөрийн үгээр байлган дарамталж, борлуулалтын хувь өгөхгүй, шууд ажлаас халж байсан ба тус үйлдлийг нь хэлж анхааруулахад өөдөөс уурлан зандрангуй харьцаж байсан удаатай.

Ж.М эрх зүйч мэргэжилтэй хэдий ч албан тушаалтнуудтай харилцахдаа мөн ажил үүргээ гүйцэлдүүлэхдээ хууль зүйн болон ёс зүйн алдаа удаа дараа гаргаж байсан. Тиймээс цаашид гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Ф констракшн ХХК-ийн захирал Т.А******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ф констракшн ХХК дараахь сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Ж.М найз нарын хамт иргэн Т.А*******ийн бариулж буй орон сууцны борлуулалтыг хийлцэж өгөөд байр борлуулсаны зуучлалын хөлс авахаар тохиролцсон. Барилгын борлуулалтыг хариуцаад борлуулсан барилгаасаа Ж.М 2 хувь, найз н.Б 2 хувь, бусад борлуулагч нар 1 хувь, нийтдээ 5 хувийг авахаар тохиролцсон.

Ажил эхлээд явахад Ж.М нь компанийн гүйцэтгэх захирал байвал шууд төлөөлж харилцаанд оролцоод явах юм байна, би танай ажилтан болоод явсан нь амар байна гээд өөрөө хөдөлмөрийн гэрээнийхээ төслийг боловсруулаад ирсэн.

Хөдөлмөрийн гэрээ хийхдээ гэрээн дээр борлуулалтын зуучлалд зарцуулах 5 хувь огт байхгүй, баригдсан барилга бүрийн блок тутмаас байр авна, машин тэрэг авна гэх мэтээр оруулж ирж байснаа бүх борлуулагч нарын хөлсийг би гэрээнд оруулаад бусдадаа тараана гэхээр нь зуучлалын 5 хувийг бүгдийг Ж.Мд шилжүүлдэг байсан.

Ингээд ажиллаж байхдаа борлуулагч нарын хувийг өгөхгүй, компанийн хаяг байршилд өөрөө компани байгуулаад ажилчдыг халж борлуулагч нарын 5 хувь задаргааг өгөхгүй, ажилчдад болохоор компани охин компани байгуулсан, охин компани борлуулалтыг хариуцан ажиллана, чи борлуулалт руу шилжиж байгаа гэж тайлбарласан байдаг.

Борлуулагч нарын 5 хувийн задаргааг өгөхгүй зэргээр маш олон итгэл эвдсэн үйлдэл хийснээр гэрээ цуцлах, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Ж.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаад ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилчиддаа цалингаа тавьж чадахгүй, би өмнөөс нь цалин өгч байсан, нэмэгдэл хөлсний 5 хувийг өгөөгүй гэх мэт үндэслэлгүй, огт худал үйл баримт гарган нэхэмжлэл гарган явж байна.

Бодит байдал дээрээ бидний хооронд байгуулсан гэрээ хөдөлмөрийн харилцаа бус байсан, гэрээ байгуулах хүсэл зориг өөр, хамтран ажиллах гэрээ байгуулж барьж буй байрны борлуулалт хийх хүсэл зоригтой байсан ч зальтай, эрх зүйч мэргэжилтэй, хууль тогтоомижнй цоорхойг ашиглаж луйвар хийгээд сурсан, ийм хүнтэй өнөөдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан, ажил олгогч болчихсон байна.

Т.А******* миний хувьд анхны гэрээ байгуулах хүсэл зориг барьж буй байраа борлуулах байсан бол ажилтан авсан, халсан болж хувираад зогсож байна. Тэр тусмаа борлуулалтанд төсөвлөгдсөн борлуулалтын орлогын 5 хувь бүгдээрээ Ж.Мийн нэмэгдэл хөлс болсонд гэрээ байгуулж буй хүсэл зориг огт өөрөөр илэрхийлэгдсэн, үнэнээс хэт гажсан зүйл болоод байна.

Өөрөөр хэлбэл Ж.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд борлуулалтын зардлыг 5 хувь огт хамаагүй байх ёстой, түүнийг дүр үзүүлэн бусдын өмнөөс өөрийн гэрээнд тусгасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар түүнтэй байгуулсан Хөд-19/01 тоот хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, борлуулалтын орлогын 5 хувийг борлуулагч нарт өгөхгүй, өөртөө авч ашигласан 6.689.640 төгрөгийг Ж.Мэс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ж.М нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Ж.М миний нэхэмжлэлтэй Ф констракшн ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан ... талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 19/01 тоот хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараахь тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Барилгын борлуулалт хариуцаад борлуулсан барилгаасаа Ж.М 2 хувь, найз н.Б 2 хувь, бусад борлуулагч нар 1 хувь, нийтдээ 5 хувийг авахаар тохирсон. Бодит байдал дээрээ бидний хооронд байгуулсан гэрээ нь хөдөлмөрийн харилцаа бус байсан, гэрээ байгуулах хүсэл зориг өөр, хамтран ажиллах гэрээ байгуулж барьж буй байрны борлуулалт хийх хүсэл зоригтой байсан ч зальтай, эрх зүйч мэргэжилтэй, хууль тогтоомжийн цоорхойг луйвар хийгээд сурсан ийм хүнтэй өнөөдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан, ажил олгогч болчихсон байна гэжээ.

Миний бие өмнө нь өөр барилгын компанид 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хуульчаар орж ажиллан 2019 оны эхээр хуулийн албаны дарга болон дэвшиж ажиллаж байх үед буюу 2019 оны 1 дүгээр сарын 10-ны үед Т.А******* ирж санал тавьсан. Энэхүү санал нь би Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 0.5 га газарт орон сууцны барилга эхлүүлээд ажил зогссон.

Цаашид менежмент хийх, борлуулалт хийх, бичиг цаасны гээд чиний хийх олон ажил байна, чи манайд ирж ажиллаач, чамд цалин хөлс, шан харамжийг харамгүй олгоно, хийж чадаж байвал хийснээр нь өгнө гэж бид хоорондоо тохиролцсон.

Ингээд хэд хэдэн удаа уулзсаны үндсэн дээр миний бие 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ажлаасаа гарч тухайн компанид очиход өөрийн гэсэн офисс байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, цүнхний компани байсан бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл офиссын өрөө хайж, олон засвар болон тохижилтийн ажил хийж 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Миний зүгээс харин ч ганцхан суурь цутгасан байдалтай байсан, царцсан барилга, үйл ажиллагаа явуулдаггүй цүнхний компанийг барилгын үйл ажиллагааны хувьд хэвийн үйл ажиллагаатай болгож өөрийн гэсэн офисстой, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, дансанд нь 500.000.000-600.000.000 төгрөгтэй, 1 блок 7 давхар ******* айлын орон сууц бариад зогсох байсан төслийг 5 блок барилга барих газартай, ойрын 5-10 жил хэрэгжүүлэх төсөлтэй компанийг бий болгосон.

Үүнийхээ үр шимд хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс, нэмэгдэлээ авсан байхад анхнааснаа хөдөлмөрийн гэрээ биш мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. У нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ... Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. гэж заасан бөгөөд миний ажлын чиг үүрэг нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангадаг учраас хөдөлмөрийн гэрээ байгуулах нь зөв юм.

Хэрэв зөвхөн хамтран ажиллах гэрээ байгуулж борлуулалтын ажил хийх байсан бол миний бие хуучин компаниасаа хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгох, тухайн компани дээр ирж ажиллах шаардлагагүй давхар ажиллах бүрэн боломжтой юм.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчөөгүй, миний бие Ф констракшн ХХК-иас 6.689.640 төгрөгийг завшаагүй, харин ч энэхүү заалтын дагуу өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлж байсан нь тодорхой байхад хариуцагч талаас гэрээгээр тохиролцсон цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал зэргийг хэрхэн өгөхгүй байх талаар бүхий л арга хэрэгслийг хэрэглэж, үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан нэмэгдэл хөлсөөр тохирсон 5 хувийг анх тохиролцохдоо Т.А******* нь ... гүйцэтгэх захирлын цалин өндөр байдаг, би чамд одоохондоо тийм өндөр цалин өгч чадахгүй, тиймээс зарсан байр болгоноосоо тодорхой хувийг нэмэгдэл хөлс болгон тогтмол өгч байя. Тэр нь чамд ч ашигтай, чи хэрэв сайн ажиллавал сард хэдэн ч төгрөгийн цалин авах боломжтой ... хэмээн хэлж уг саналыг би хүлээн зөвшөөрч нэг сар гаруй ярилцсаны үндсэн дээр тухайн гэрээг хийж байсан.

Иймд хариуцагч талын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргасан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ж.Мийн завшсан 6.689.640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Ф констракшн ХХК-д холбогдуулан Ф констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, үндсэн цалингийн үлдэгдэл 1.898.626 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацааны 1.088.370 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 4.2-т зааснаар нэмэгдэл хөлсний үлдэгдэл 16.633.720 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 4.3-т зааснаар тоёота кроун 200 маркийн авто машины зах зээлийн өртөг 28.000.000 төгрөг, нийт 47.620.176 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч Ф констракшн ХХК нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, 6.689.640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.М нь шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа Ф констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, үлдэгдэл цалин 1.398.626 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 9.130.215 төгрөг, нэмэгдэл хөлс 7.434.120 төгрөг, тоёота кроун авто машины үнэ 28.000.000 төгрөг, нийт 45.962.961 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Ж.М нь 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс Ф констракшн ХХК-ийн ерөнхий захирал Т.А*******тэй хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулан тус компанийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэж эхэлсэн талаар талууд тайлбарласан ба зохигч хэн аль нь энэ талаар маргаагүй бөгөөд дээрхээс үзэхэд талуудын хооронод хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 7-11, 2 дугаар хавтасны 20 дугаар тал/

 

Ф констракшн ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 24 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 9.6 дугаар зүйлийн 9.6.1.9, 19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.1.3 дахь хэсгийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар Ж.Мийг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөн түүнтэй байгуулсан 19/01 дугаартай хөдөлмөрийг гэрээг мөн өдрөөс нь цуцлажээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 12 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

Ж.М түүнийг ажлаас нь чөлөөлсөн дээрх тушаалыг гардан авч 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4 дүгээр хуудасны ар тал, 12 дугаар тал/

 

Ф констракшн ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлд сахилгын зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээний талаар заасан ба 9.6.1.9-д Компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй хувьдаа болон бусад ашиглуулсан, завшсан, завшихаар завдсан,

19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд ажилтны эрх, үүргийг тодорхойлсон ба 6.1 дүгээр зүйлийн 6.1.3-т Ажил олгогчийн бизнестэй ижил төстэй, эсвэл түүнтэй өрсөлдөхүйц үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцох, өөрийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргийг өөр аж ахуйн нэгжид давхардуулан гүйцэтгэх, түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулах зэрэг үйлдэл хийхгүй байх гэж тус тус заасан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 9, 45-57 дугаар тал/

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан ба 40.1.5-д Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана гэжээ.

Уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгоно.

 

Ф констракшн ХХК нь гадаад худалдаа, барилгын засвар, чимэглэл, ... чиглэлээр 2013 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаа явуулсан гэх ба ******* ХХК-тай 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан тус компанийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* плаза, офиссын байрны 5 дугаар давхрын *******-2 тоот 41.5 м.кв, *******-3 тоот 26 м.кв, нийт 67.5 м.кв талбайтай өрөөг албан тасалгааны зориулалтаар түрээслэхээр харилцан тохирч үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 39-42, 81-86 дугаар тал/

 

Ф констракшн ХХК нь нэхэмжлэгч Ж.Мийг ажил олгогчийн бизнестэй ижил төстэй хуулийн этгээдийг байгуулсан гэж маргаж байх ба О ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучлал, зөвлөгөө үйлчилгээ, гадаад худалдаа, барилгын засвар хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн ба үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ньийн М хэмээн улсын бүртгэлд бүртгэгджээ.

О ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХХК-тай түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулан тус компанийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* плаза, офиссын байрны 5 дугаар давхрын *******-2 тоот 41.5 м.кв талбайтай өрөөг албан тасалгааны зориулалтаар түрээслэхээр тохирсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 137-140, 148-180 дугаар тал/

 

Мөн хариуцагч тал Ж.М нь Г.Б, Б.А, Н.Г, Р.Ц нарыг хуурамчаар ажлаас халсан тушаал үйлдэн өөрийн компанид ажиллуулахыг оролдсон, уг үйлдлээ ажилчдыг өөрсдийн санаачилгаар ажлаас гарах хүсэлт өгсөн надад итгүүлсэн, ажилчдад захирлын тушаалаар та нарыг халсан, би захиралд хэлж та бүгдтэй ажиллах талаар ярилцсан, манай компанид ажилла гэсэн хэмээн маргажээ.

Ф констракшн ХХК-ийн хуулийн зөвлөх Р.Ц нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гарган талууд харилцан тохиролцсон тул түүнтэй байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 19/06 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлан ерөнхий захирлын 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 20 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 72, 2 дугаар хавтасны 21-29 дүгээр тал/

 

Р.Ц 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

2019 оны сард Ф констракшн ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд ороод 5 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа гарсан. Намайг ажилласан 2 дахь сараас Ж.М захирал ерөнхий захирлын хэлснээр борлуулалтаа салгаад компани байгуулахаар боллоо гэсэн. 2 захирлын хооронд маргаан үүсээд ерөнхий захирал би тэгж хэлээгүй гээд, гүйцэтгэх захирал таны хэлснээр салгасан гээд маргасан. Тэр маргаанаас болоод би гарахаар шийдсэн.... гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 39-41 дүгээр тал/

 

Н.Г 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Би Ф констракшн ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан. 2019 оны 3 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл ажилласан. ... Т.А******* захирал Ремаксаар байраа заруулна гэсэн талаар Ж.М захирал бид нарт хэлсэн. Бид хэд хэрэггүй ээ. ... Бүгдээрээ борлуулалтын компани болоод захирлаас тусдаа гарья гэсэн. Борлуулалтын компани байгуулах зөвшөөрөл хэн өгсөн талаар мэдэхгүй. ... гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 42-45 дугаар тал/

Б.А 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Би Ф констракшн ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 8-наас борлуулалтын менежерээр 1 сар ажилласан. ... Ж.М захирал борлуулалт, удирдлага 2 тусдаа байвал илүү амжилттай байдаг гэсэн тайлбар хэлсэн. Тухайн үедээ борлуулалтын компаниа нээсэн үгүйг мэдэхгүй байна. Намайг байх үед нээгдээгүй байх. ... гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 46-49 дүгээр тал/

Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч буюу Ф констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М нь түүнтэй 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан 19/01 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-т Ажил олгогчийн бизнестэй ижил төстэй, эсвэл түүнтэй өрсөлдөхүйц үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцох, өөрийн ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргийг өөр аж ахуйн нэгжид давхардуулан гүйцэтгэх, түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулах зэрэг үйлдэл хийхгүй байх үүргээ зөрчсөн нь тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд Ж.Мийг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөн түүнтэй байгуулсан 19/01 дугаартай хөдөлмөрийг гэрээг мөн өдрөөс нь цуцласан Ф констракшн ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 24 тоот тушаал үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ж.М нь 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үндсэн цалингийн үлдэгдэл 1.898.626 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 1.088.370 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 4.2-т зааснаар нэмэгдэл хөлсний үлдэгдэл 16.633.720 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 4.3-т зааснаар тоёота кроун 200 маркийн авто машины зах зээлийн өртөг 28.000.000 төгрөг, нийт 47.620.176 төгрөг гаргуулах тухай шаардлагаа шүүх хуралдааны явцад үлдэгдэл цалин 1.398.626 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 9.130.215 төгрөг, нэмэгдэл хөлс 7.434.120 төгрөг, тоёота кроун авто машины үнэ 28.000.000 төгрөг, нийт 45.962.961 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 13-26 дугаар тал/

 

Хариуцагч Ф констракшн ХХК 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үндсэн цалингийн үлдэгдэлд 1.398.626 төгрөгийг өгөх талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тул уг мөнгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд олгох үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Нэмэгдэл хөлс: Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Амгалан апартмент-12 төслийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ тус бүрийн нийт үнийн дүнгийн 5 хувь байна. Тухайн нэмэгдэл хөлснөөс ХАОАТ суутгагдана гэж заажээ.

Ж.М нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нэмэгдэл хөлс 29.806.300 төгрөг, олгосон нэмэгдэл хөлс 18.974.000 төгрөг, олгоогүй нэмэгдэл хөлс 10.782.767 төгрөг, цалинд өгсөн нэмэгдэл хөлс 5.850.720 төгрөг, нэхэмжлэх нэмэгдэл хөлс 16.633.487 төгрөг хэмээн шаардан нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэмэгдэл хөлс 7.434.120 төгрөгийг нэхэмжилж байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 13-23, 25 дугаар тал/

 

Харин хариуцагч Ф констракшн ХХК гэрээний уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, борлуулагч нарт өгөөгүй хөлс 6.689.640 төгрөгийг Ж.Мэс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зуучлалын хөлсөнд 18.974.100 төгрөг авсан, борлуулагч нарт 12.284.460 төгрөг өгсөн, Б.Бт борлуулалтын 2 хувь 04-12 хүртэл 2.570.000 төгрөг, 04-12-ноос хойш авах ёсгүй хувь 4.118.840 төгрөг, нийт 6.689.640 төгрөг нь борлуулагч нарт өгөөгүй хөлс хэмээн хариуцагч тал тодорхойлсон байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 92 дугаар тал/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан бөгөөд мөн хуулийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцэл болно.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл, зориг эрмэлзэлгүй байдаг бөгөөд дээрх гэрээний талууд Ф констракшн ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах гэж буй байрыг худалдан борлуулахтай холбоотойгоор уг заалт хэрэгжсэн бөгөөд үүний үндсэн дээр борлуулагч нарт буюу Н.Г, Б.А, Б.Б нарт тодорхой хэмжээний хувийг өгч байсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний уг заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Б.Б 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ... Борлуулалтын хувь авах талаар Ж.Мтэй аман байдлаар тохирсон. Бичгээр тохироогүй. Ж.Мэс борлуулалтын эхний хувь 500.000 төгрөг авсан. ... 3.470.800 төгрөг авахаас 900.000 төгрөг авсан. ... Ж.М мөнгөө дутуу өгөөд байсан тул ажиллахаа больсон гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 63-66 дугаар тал/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан буюу Ж.Мийг борлуулагч нарт олгох 6.689.640 төгрөгийг өөртөө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүйгээс гадна Б.Бын дутуу авсан гэх борлуулалтын хувийг хариуцагч Ф констракшн ХХК нэхэх эрхгүй, мөн нэхэмжлэгч Ж.М нь нэмэгдэл хөлсийг дутуу авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлдэг болно.

Нэхэмжлэгч Ж.М нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.1-т Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Амгалан апартмент-12 төслийн А блокын барилгын явцад тоёота кроун 200 маркийн авто машин 1 ширхэг-ийг урамшуулалд олгох байсан хэмээн авто машины үнэ 28.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр цуцласан тул уг урамшуулал олгогдох угүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мийн Ф констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9.130.215 төгрөг, нэмэгдэл хөлс 7.434.120 төгрөг, тоёота кроун 200 маркийн авто машины үнэ 28.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ф констракшн ХХК-иас үлдэгдэл цалин 1.398.626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Ф констракшн ХХК нь нэхэмжлэгч Ж.Мд үлдэгдэл цалин 1.398.626 төгрөгийг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Мийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ф констракшн ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид үүрэг болгох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ф констракшн ХХК-ийн талуудын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, 6.689.640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно.

Хэргийн 2 дугаар хавтасны 30-32 дугаар талд 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн огноотой Ф констракшн ХХК болон Ж.М нарын хооронд байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний эцсийн хувилбар биш талаар талууд тайлбарласан болохыг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мийн Ф констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9.130.215 төгрөг, нэмэгдэл хөлс 7.434.120 төгрөг, тоёота кроун маркийн авто машины үнэ 28.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ф констракшн ХХК-иас үлдэгдэл цалин 1.398.626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.

 

2. Хариуцагч Ф констракшн ХХК үлдэгдэл цалин 1.398.626 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Мд олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Мийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ф констракшн ХХК-ийн захирал болон нягтлан бодогчид үүрэг болгосугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ф констракшн ХХК-ийн талуудын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Хөд-19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, 6.689.640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396.055 төгрөгийг болон хариуцагч Ф констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192.184 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф констракшн ХХК-иас 37.328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.

 

5. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10554 дугаартай захирамжаар хариуцагч Ф констракшн ХХК-ийн Голомт банк дахь төгрөгийн 1410012902 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 47.620.716 төгрөгийн хэмжээгээр зогсоосон ба уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН