Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 149/2020/00045/И |
Дугаар | 102/ШШ2022/02574 |
Огноо | 2022-07-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2022/02574
2022 оны 07 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2022/02574 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .... дугаар хороо, З...ийн ... гудамж, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогтой Р...ийн Б..
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ....-р хороолол, Хасбаатарын гудамж, ....-р байрны .... тоотод оршин суух, регистр ..., М... овогтой С...ийн О...,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 100 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М... /үнэмлэх 0943/, Ц.Б... /үнэмлэх 0826/, хариуцагч С.О.., хариуцагчийн өмгөөлөгч Н.Б... /үнэмлэх 2316/, гэрч Н.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р.Б... нь С.О...д холбогдуулан 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр С.О... над руу утсаар ярьж “ахдаа 100 000 000 төгрөг зээлүүлээч, Заамараас алт сайн гарсан газраас их хэмжээгээр чулуу худалдан авах гэсэн юм” гэсэн. Тухайн үед би С.О...ийг Заамараас 1 ховоо чулууг 15 000 000 төгрөгөөр худалдан авч тэрнээс нь их хэмжээний алт гарсан гэж дуулсан байсан. Энэ газар руу манай нөхөр Н.Н... бас явсан байсан. С.О...ийг мөнгө гуйхад нь “хүүхдийн сургалтын төлбөр төлнө” гэхэд “надад туслаач би шүүхээс ял авах гээд байна, чулуугаа янзлаад мөнгийг чинь удахгүй өгнө” гэсэн. Тэгээд тохиролцож 2017 оны 03-р сарын 02-нд С.О.ийн өгсөн данс руу 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Надад байсан мөнгө хүрэлцэхгүй байсан учраас хадгаламж барьцаалан зээл авч С.О. рүү ..мөнгө шилжүүлсэн. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 02-ын өдөр С.О...ийн өгсөн 5033314151 тоот данс руу 43 300 000 төгрөг, 56 700 000 төгрөг гэж 2 хувааж шилжүүлсэн. 56 700 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн утга дээр тодотгон бичиж зээлдүүлсэн. Тиймээс С.О...д зээлүүлсэн 100 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Р.Б... над руу 100 000 000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Нөхөр Н.Н... нь “Заамарт банк ажиллахгүй байна, Р.Б... чамд 100 000 000 төгрөг шилжүүлнэ, бэлэн болгоод надад аваад ирээрэй” гэсэн. Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод Н.Н...ын Land Gruiser маркийн машиныг засуулахаар байж байсан, тэгээд ажиллаж байсан банкнаас 40 000 000 төгрөгийг бэлнээр авч Н.Н...т хүргэж өгсөн. Үлдэгдэл мөнгөнөөс экскаваторын хөлсөнд 5526228585 дугаартай Одонтуяа гэх дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн. 2 209 000 төгрөгөөр Н.Н...ын 5012 дугаартай машиныг засуулсан. Н.Н... 5753.... дугаартай дансанд 2 100 000 төгрөгийг шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн. 50 000 000 төгрөгийг бэлнээр Баруун хараагаас авч Н.Н....т өгсөн. Үлдэгдэл мөнгөөр бензин хийсэн. Би ямар ч мөнгө аваагүй. 100 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс: ХААН банкны дансны хуулга /хх 4/, ХААН банкны тодорхойлолт /хх 63/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол 147-148, 165-166/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалах тухай прокурорын тогтоол /хх 167-168/, гэрээр асаргаа, сувилгаа хийх захиалга /2-р хавтас 28-30/, тээврийн хэрэгслийн лавлагаа, С.О...ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барьцааны гэрээ, шүүхийн гүйцэтгэх хуудас, Дээд шүүхийн тогтоол, /2-р хавтас 28-36/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /2-р хавтас 42-45/,
Хариуцагчаас: ХААН банкны дансны хуулга /хх 52-55/, Сэлэнгэ аймгийн мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 11-р сарн 20-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 1285 дугаар захирамж /хх 106-107/ зэрэг баримтуудыг гаргасан,
Шүүхээс: Б.Б. Н.Н., Н.Н., Ж.Г., С.З., Д.Б. нарыг гэрчээр асуусан /хх 67-71, 119-120, 137-138, 154-155, 188-190, 247/, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас 10-25/ зэрэг ажиллагааг хийжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч нь шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон.
2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр С.О.д 100 000 000 төгрөгийг түүний өгсөн 5033.... тоот дансанд 43 300 000 төгрөг, 56 700 000 төгрөг гэж 2 хувааж шилжүүлж, зээл гэж тодотгож бичсэн, зээлийг буцааж төлөөгүй тул 100 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ...2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Р.Б... над руу 100 000 000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Нөхөр Н.Н...т нь төлсөн, зөвшөөрөхгүй гэжээ.
4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ.
Р.Б... нь 2017 оны 03 дугаар сарын 02-ын өдөр С.О...д 5033314151 дугаар дансаар 43 300 000 төгрөг, 56 700 000 төгрөг нийт 100 000 000 төгрөгийг “зээл” гэсэн агуулгаар шилжүүлсэн нь ХААН банкны дансны хуулга /хх 4/, зохигчийн тайлбараар тогтоогджээ. Хариуцагч нь мөнгө шилжүүлж авсан талаар маргаагүй байна. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь “түүний нөхөр Н.Н...т 40 000 000 төгрөг, машин засуулсан засварын хөлс 2 100 000 төгрөг, эксковаторын хөлс 5 000 000 төгрөг, 50 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн” тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Гэрч Н.Н... нь 2020 оны 09-р сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд “...3 жилийн өмнө Заамар сум руу чулуунд явсан, О... хэрэгт холбогдсон мөнгө хэрэгтэй байсан, манай эхнэртэй ярьж 100 000 000 төгрөг данс руугаа шилжүүлж авсан, 45 сая төгрөгөөр чулуу худалдаж авсан, 30 сая төгрөг надад бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлгийг С.О...ийн зааснаар мэдүүлсэн өгсөн /хх 69-70/,
харин 2021 оны 11-р сарын 24-ний өдөр өгсөн “...намайг 2017 оны 1-р сард Дархан-Уул аймагт гэртээ байхад С.О... миний гар утас руу шөнө нэлээн олон удаа залгасан байсан, өглөө нь залгахад надад туслаач, Тулгаа гэдэг хүний нүдийг цохичихлоо, эмчилгээний зардал хэрэгтэй байна гэхээр нь би 5 сая төгрөг аваад УБ явсан, Тулгаа нүдний хагалгаанд орсон, эмч нь эмчлэх боломжгүй, мэс орсон учраас нүдийг нь авсан гэж хэлсэн, энэ асуудлаас болоод О... мөнгө зээлэх шалтгаан болсон, 2017 оны 4-р сард надаар Тулгаад эмчилгээний зардал 20 сая төгрөг өгүүлсэн, Тулгаа О... яагаад өөрөө ирэхгүй байгаа юм бэ гэж байна гэж асууж байсан, 2017 оны 5-р сард О... Тулгаад эмчилгээний зардал 40 сая төгрөг өгсөн, дараа нь 5 сард дахиад 20 сая төгрөг Тулгаад өгсөн, хамт явсан ингээд 80 сая төгрөг өгсөн” 100 сая төгрөгийг Б..ээс О.. авсан, энэ асуудлаас болоод эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа, 100 сая төгрөг нь манай хүүхдийн Америкт сурдаг хүүхдийн сургалтын төлбөр байсан, сургуулиа төгсөж чадаагүй, энэ асуудал миний амьдрал бараан зүйл дагуулж байна, О... нь энэ хэрэгт гэрчээр оролцож байгаа хүмүүсийг дарамталж айлгаж байгааг анхааралдаа авна уу, хуулийн дагуу шийдээсэй” /хх 188-190/ гэжээ.
Шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “...2017 оны 1 дүгээр сард С.О... над руу шөнө залгасан байсан, өглөө нь залгахад Д.Баттулгатай зодолдоод нүдийг нь гэмтээчихлээ, би 1 дүгээр нэгдсэн эмнэлэг дээр байна, чи эмчилгээний мөнгө аваад хүрээд ирээч гэсэн, би эхнэрээсээ 5 000 000 төгрөг аваад очсон, мэсний оромтой гээд нүдийг нь авсан, С.О... бид 2 Баттулгыг гэрт нь хүргэж өгөөд 15 000 000 төгрөгийг эмчилгээндээ хэрэглээрэй гэж өгсөн, дараа С.О... бид хоёроос мөнгө нэхсэн, шоронд орох гээд байна туслаарай гэхээр нь Орос улсаас орж ирсэн Зил 131 маркийн машиныг 30 000 000 төгрөгт тооцож Б...т өгсөн, С.О... надад туслаач гээд гуйгаад байхаар нь Р.Батцэцэгээс өөрөөс нь гуйгаад үзээрэй, хүүхдийн төлбөр 100 000 000 төгрөг байгаа гэж хэлсэн, эхнэрээс 100 000 000 төгрөг авчихлаа гээд араас ирсэн, С.О... 100 000 000 төгрөгийн 45 000 000 төгрөгөөр Заамараас 4 Хово чулуу худалдаж авсан, 2017 оны 4 дүгээр сард С.О... надаар 20 000 000 төгрөгийг Д.Б...д өгүүлсэн, Б...тэй хамт явж 20 000 000 төгрөгийг өгүүлсэн, дараа нь 5 дугаар сарын сүүлээр С.О... 40 000 000 төгрөгийг Д.Б...д өгчих гэхээр нь би С.О...ийг хамт явъя гээд дагуулж Д.Б...тай уулзуулж үлдэгдэл хэдэн төгрөг гэж тохирсон, дараа нь С.О... Д.Б... дахиад 20 000 000 төгрөг нийт 80 000 000 төгрөгийг Д.Б...д өгсөн, С.О...ээс дансаар дамжуулж 50 000 000, 40 000 000 төгрөг аваагүй, 30 000 000 төгрөгийг зардалд тарааж өгсөн, Б... гэдэг хүнд 2 100 000 төгрөг шилжүүлээгүй, С.О. рүү “Заамар дээр банк ажиллахгүй байна. Р.Б...ээс 100 000 000 төгрөг шилжүүлэхээр бэлнээр аваад ирээрэй гэж залгаагүй, би эхний мэдүүлгийг С.О...ийн зааснаар өгсөн, Зүүн хараад эрүүгийн хэрэг үүссэн, гэрчийн мэдүүлгүүдийг бүгдийг нь өөрчилсөн, Баттулга өөрөө юман дээрээс унасан болгож өөрчлөөд хэргийг хаасан” гэсэн мэдүүлэг нь түүний 2021 оны 11-р сарын 24-ний өдөр гаргасан мэдүүлгээс зөрүүгүй, өөрөөр хэлбэл, гэрч Н.Н... нь өөрийн мэдэх зүйлээ “үнэн зөвөөр” мэдүүлсэн гэх үндэслэлтэй.
Гэрч Д.Б. “...О. надад эмчилгээний зардалд Зил-131 машиныг 25 000 000 төгрөгт тухайн үеийн ханшаар тооцож өгсөн, мөн 10 000 000 төгрөг өгсөн, Н., Б. нараас мөнгө аваагүй” талаар мэдүүлсэн /хх 247/ байх ба хариуцагч С.О. нь бусдын биед гэмтэл учруулсан нөхцөл байдлын улмаас мөнгөний хэрэгцээ шаардлага байсан нь Р.Б.ээс мөнгө зээлэх үндэслэл болсон, 100 000 000 төгрөгийг түүнд буцааж төлснөө хариуцагч нотлоогүй гэж дүгнэлээ.
Гэрч В.Б.. 2020 оны 09-р сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...С.Одгэрэл хотоос мөнгө авчирч өгсөн, хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй...Заамараас чулуу худалдаж авахад С.О. ах Н.. ахад 40 000 000 төгрөг авчирч өгсөн...С.О... ах бид хоёр банкнаас хамт очиж 50 000 000 төгрөг аваад Н.. ахад Баруунхараад хөдөө аваачиж өгсөн... гэж мэдүүлсэн нь хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл, хэдэн төгрөг байсныг мэдэхгүй гэж мэдүүлсэн атлаа 40 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг өгсөн гэсэн нь үнэн зөв мэдүүлсэн гэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, өгсөн авсныг өөрөө биечлэн харсан, ийм хэмжээний мөнгө байсан эсэх, он, сар, өдрийг тодорхой заагаагүй зэргээс үзвэл өөрийн мэдэх зүйлээс өөрөөр мэдүүлсэн гэх үндэслэлтэй.
Нөгөө талаас, гэрч Н.Н... нь Р.Б.., С.О...ээс “мөнгө нэхсэн, мөнгөний маргаантай байсан” талаар мэдүүлсэн /хх119-120/, гэрч Ж.Г.. “...өөрөө Р.Б...гтэй мөнгөний маргаантай байсан” талаар мэдүүлсэн /хх 137-138/, гэрч С.З... нь” Н..., О... нарыг мөнгөний маргаантай байсан, хоорондоо мөнгөнөөс болж муудалцсан... талаар мэдүүлсэн /хх 154-155/ байх ба эдгээрээс дүгнэвэл, хариуцагч С.О... нь нэхэмжлэгч болон гэрч Н.Н... нарын хооронд мөнгөний төлбөр тооцоо байсан нь тогтоогдсон байна.
Хэргийн 52-55 дахь талд авагдсан С.О...ийн ХААН банкны дансны зарлагын хөдөлгөөнөөс Н.Н...т 40 000 000, 50 000 000 төгрөг өгснийг нотлоогүй, машины засвар үйлчилгээний зардлыг Р.Б...ийн зээлээс хасч тооцох боломжгүй.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 1285 дугаар захирамжаар шийдвэрлэсэн /хх 106-107/ 50 сая төгрөгийн эвлэрэл нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, өөр нэхэмжлэлийн шаардлага бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 3 ширхэг CD бичлэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийсэн /2-р хавтас хх 10-23/ хийсэн боловч нэхэмжлэгч бичлэг хийхдээ бичлэг хийх талаар зөвшөөрөл аваагүй, хууль бус аргаар цуглуулсан байх тул нотлох баримтаас хасч шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан Р.Б...ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх 147-148, 165-166, 167-168/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /2-р хавтас 42-45/ баримтууд нь С.О...ийн холбогдон шатгагдаж байсан хэрэгтэй нь холбоотой, асаргаа, сувилгаа хийх захиалга /2-р хавтас 28-30/, тээврийн хэрэгслийн лавлагаа, С.О...ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барьцааны гэрээ, шүүхийн гүйцэтгэх хуудас, Дээд шүүхийн тогтоол, /2-р хавтас 28-36/ зэрэг баримтууд нь энэ хэрэгтэй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоогүй байна.
5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 815 000 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.О...ээс 815 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С...ийн О...ээс 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулж Р...гийн Б....т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар гаргасан 3 ширхэг CD бичлэгийг нотлох баримтаас хассугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 815 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.О...ээс 815 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Б...т олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА