Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00327

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/03493 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.О, Б.Г нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103 815 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 321 563 806 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Х.О, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э, өмгөөлөгч К.Б, хариуцагч Х.О, Б.Г, хариуцагч нарын өмгөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч К ХХК-ийн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт зоорийн хамт 8 давхар 2 870 м.кв талбайтай барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр 2012.05.14-ний өдөр иргэн Х.Отэй гэрээ байгуулж, 2014.04.02-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн. Х.О, нөхөр Т ХХК-ийн захирал Б.Г нар ил далд ажлуудыг хянаж актад гарын үсэг зурж баталгаажуулж коммист хүлээлгэн өгөхөд захиалагчийн зүгээс татгалзах зүйлгүй, ажлын зураг техникийн шаардлагын дагуу сайн чанартай болсон гэж дүгнэлт үйлдсэн. Гэрээгээр барилга угсралтын ажлын 1 м.кв үнийг 600 000 төгрөг, 2 870 м.кв талбай 1 722 000 000 төгрөгөөр тохиролцсон. Захиалагч дулаан, цахилгааны техникийн нөхцлөө шийдвэрлүүлж чадахгүй санхүүжилт  саатуулсан зэргээс болж валютын ханшын зөрүү гарч зардлууд нэмэгдэж гэрээний анхны үнээр уг барилга угсралтын ажлыг дуусгахад хүндрэлтэй болсон тул 2013 оны 08 сард гэрээний нийт үнэ дээр 60 000 000 төгрөгийг барилгын комисс хүлээн авснаас 3 сарын дараа нэмж төлөх, барилгын 5 давхарт 53 м.кв оффисын өрөөг 1 м.кв -ын үнийг 1 сая төгрөгөөр тооцон гүйцэтгэгчид худалдан, өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон ч биелэгдээгүй. Ингээд 2013 оны 10 сард хавсралт 5-ыг үйлдэж харилцан тохиролцон ажил үргэлжилсэн. Дахин зөрчил маргаан гарсан тул ажил саатаж 2014 оны 1-р сард зөвшилцөлд хүрч барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн тооцоо (эцэслэсэн байдлаар) хавсралт 6-г үйлдэн ашиглалтад оруулах комисс ажиллуулан барилгыг хүлээлгэн өгсөн.

 

Захиалагч X.О болон Б.Г нар нь төлбөрөөсөө 3 815 000 төгрөгийг дутуу төлж, барилгыг ашиглалтад оруулах коммисын акт гарсанаас хойш 3 сарын дараа төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн 100 000 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний хавсралт 6-ийн 5 дугаарт заасан төлөгдөөгүй үлдэгдэл болох 3 815 000 төгрөг, хавсралт 6-ийн 6 дугаарт заасан Улсын комиссын акт зурагдсанаас  хойш 3 сарын дараа төлж барагдуулах үүрэгтэй байсан  100 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 677 025 төгрөг, нийт 104 492 025 төгрөгийг X.О, Б.Г нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2012 ондоо багтаан ашиглалтад оруулж, зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд барилга барина гэсэн. Төлбөрийг Т ХХК-иас төлсөн, хугацаа хожимдуулсан асуудал гэрээний хугацаанд гараагүй. К ХХК-иас барилгын ажлыг түлхүүр хүлээлцэх нөхцлөөр 100 хувийн гүйцэтгэлээр хийхээр гэрээ хийгдсэн ч талбайн инженер байгаагүй, өдөр тутмын акт үйлдэж хяналт тавиагүй. Бид хяналт тавиулахаар барилгын инженер н.Батсүхийг ажиллуулсан ч түүний шаардлагыг нь үл ойшоосон. Барилгын зургийг дур мэдэн өөрчлөх, ажлыг дутуу хийх, мартериалыг орлуулах зэрэг маш олон дутагдал доголдол гаргасан. Ингээд 2012 онд ашиглалтад орох ёстой барилгын ажил  2012 оны 10 сард зогссон. Ажил 2013 оны 05 сард дахин эхэлсэн ч нэхэмжлэгч нь долларын ханш өссөн учраас үнээ нэмэхээр шаардаж ажлыг гацаасан. Хоёр дахь удаагаа энэ хүний шахалт дарамтад орж байж гэрээнд үнийн өөрчлөлт оруулсан. Нэхмэжлэгч нь ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгээгүй, захиалагчид их хэмжээний хохирол учруулсан. Акт гаргаж өгөөгүй, тооцоо хийгээгүй гэжээ.

 

Хариуцагч Х.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК нь Б.Гтой биш надтай гэрээ байгуулсан. Гэрээгээ дүгнээгүй. Улсын комиссын хурлаар 22 төрлийн ажил биелүүлэх албан шаардлагыг өгснийг нэхэмжлэгч биелүүлээгүй. Барилгыг зургын дагуу гүйцэтгээгүй тухайгаа албан бичиг дээрээ дурдсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд мөн зургийн дагуу хийгдээгүй байна гэж дурдагдсан байгаа. Иймд 103 000 000 төгрөгийг төлөхгүй. Анх 1 722 000 000 төгрөгөөр гэрээ хийгдсэн ч 50 000 000 гаран төгрөгийг илүү өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Х.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: К ХХК нь барилгыг батлагдсан зураг төслийн дагуу бариагүй, гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Агааржуулалтын системийг зургийн дагуу хийж гүйцэтгэхэд гарах төсөв 128 902 452 төгрөг байснаас одоогийн хийсэн агааржуулалтын системийн үнэлгээ нь 20 072 762 төгрөг буюу 108 829 690 төгрөгийн зөрүүтэй байна.

 

Барилгын 2, 3, 4 давхрын шалны байгуулалтын дэлгүүрийн хэсгийг плитагаар хийсэн. Мөн 3, 4 дүгээр давхрын шалны байгуулалтын хэсэгт чулуун хавтан байхаар төлөвлөсөн байхад плита болон паркет шал хийсэн. Шалны байгуулалтыг зураг төслийн дагуу гүйцэтгэх төсвийг 62 783 075 төгрөг гэж гаргасан ба гүйцэтгэгчийн  зураг төсөл зорчиж гүйцэтгэсэн шалны байгуулалтын зардал нь 37 934 353 төгрөг байгаа ба зөрүү 24 848 722 төгрөг болно.

 

Дээврийн хучилт болон хашлаганы /фронтон/ үндсэн хийцийн одоогийн байгаа байдал нь фронтоны төмөр бетон цутгамал хана /1,1 метр өндөртэй/ чих огт хийгдээгүй, 50 см өндөртэй тоосгон хана зарим хэсэгт өрсөн байсан ба захиалагч өөрийн зардлаар тоосгон ханыг гүйцээж зарим хэсэгт нь төмөр хашлага, хайс хийсэн. Гүйцэтгэгч нь архивт байх ил далд ажлын актад энэ тухай баримтыг тусгаагүй байсан ба барилгын техникийн хяналтын өрөөнд дээврээс ус гоожсон барилгын дээврийн налуу, жил ирэх тусам хотойж байгаагаас үзэхэд бусад давхарга ч зургийн дагуу хийгдээгүй гэж үзэхээр байна. И" ХХК-ийн үнэлгээгээр батлагдсан зураг төслийн дагуу дээврийн хучилт, фронтоны ажил гүйцэтгэхэд 59 873 942 төгрөгийн зардал гарахаар тооцсон ба гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн одоо байгаа дээврийн хучилт, фронтоны ажлыг хийхэд 16 163 063 төгрөгийн зардал гарсан гэж тооцоолсон. Үүнээс зөрүү нь 43 710 879 төгрөг байна.

 

Захиалагч гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж нийт 1 774 200 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн ба энэ нь зураг төслийн дагуу барилгыг барих материал, ажлын хөлсний зардал бүрэн багтсан юм. Гүйцэтгэгчид төлсөн 1 774 200 000 төгрөгөөс зураг төслийн дагуу гүйцэтгээгүй ажлын төсөвт өртгийн зөрүү 177 389 291 төгрөгийг буцаан гаргуулна.

 

Гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу агаар сэлгэлтийн системийг барьж байгуулаагүй нь шинжээчийн дүгнэлт,нотлох баримтаар нотлогдоно. Агаар сэлгэлтийн системийг зураг төслийн дагуу болгож гүйцэтгэхээр "И ХХК-иар тооцоо гаргуулахад буулгаж, зураг төслийн дагуу гүйцэтгэж хэвийн болгоход 173 957 392 төгрөг зарцуулагдахаар тооцжээ. Иймд 173 957 392 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагын 1.1-д тусгасан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй ажлын зөрүү 108 829 690 төгрөгийг хасч 65 127 702 төгрөгийг нэмж гаргуулна.

 

Захиалагч нь барилгын гадна фасадад зориулалтын дагуу дулаалга хийхийг шаардсан боловч ямар ч дулаалгагүй хийсэн. Дулаалгын дахин хийх зайлшгүй шаардлагатай ба 11 405 565 төгрөг зарцуулагдахаар байна. Дээрх 2 шаардлагаар нийт 76 578 267 төгрөг гаргуулна. Эргэн тойрны хаяавчийг зураг төслийн дагуу гүйцэтгэгч хийгээгүй тул захиалагч Н ХХК-иас бетон зуурмаг авч өөрсдөө хийсэн. Бетон зуурмагны 3 675 000 төгрөг, дотор заслын ажлыг С ХХК-иар хийлгүүлж барилгын материал болон ажлын хөлсний зардалд 7 000 000 төгрөг зарцуулсан. 3 давхрын ариун цэврийн өрөөний тохижилт, суултуур болон дагалдах хэрэгслийн зардалд нийт 2 685 460 төгрөг зарцуулсан. Суултуур болон дагалдах тоноглолыг 2013 оны 06 сарын 16-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос авсан ба 5 500 юань буюу 1 285 460 төгрөг, тухайн үеийн Монгол банкны юаны ханш 233.72 төгрөг, ажлын хөлсөнд иргэн Мөнхбатад 1 400 000 төгрөг төлсөн. Гүйцэтгэгч нь дотор гэрэлтүүлгийг огт хийж гүйцэтгээгүй ба захиалагч өөрийн хөрөнгөөр гэрэл авч угсарч суурилуулсан. Гэрлүүдийг 2013 оны 06 сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авсан ба нийт 20 794 юань буюу 4 859 953 төгрөг. Тухайн үеийн Монгол банкны юаны ханш 233.72 төгрөг. Монголоос гэрэл худалдан авсан 200 000 төгрөг нийт 5 059 953 төгрөг байна.

 

Барилгын 1 давхрын шилэн фасад буюу цонхыг бусад цонхнуудын хамт зураг төслийн дагуу захиалж хийлгүүлсэн. Гүйцэтгэгчийн инженерийн буруу тооцооллын улмаас цутгалт буруу хийгдэж цонхнууд таарахгүй болсон. 1 давхрын фасад, цонх зайлшгүй хийх шаардлагатай тул К ХХК-иар захиалагч өөрийн хөрөнгөөр багасгасан хэмжээгээр дахин захиалга өгч хийлгүүлэн угсарсан. Шилэн фасад буюу цонх захиалж хийлгэхэд 17 220 666 төгрөгийн зардал гарсан. Барилгад суурилуулсан цахилгаан шатыг Хандок ХХК-иас авсан ба гүйцэтгэгч, захиалагч нар нэг нэгээр нь хувааж авч хөрөнгийг гаргахаар шийдвэрлэсэн. Гэвч барилга ашиглалтад оруулж лифтны актыг авахад гүйцэтгэгч К ХХК төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул актыг өгөх боломжгүй, 1 500 000 төгрөгийн төлбөрийг төлөхийг Хандок ХХК-иас шаардсан. Захиалагч гүйцэтгэгчид төлсөн төлбөрт цахилгаан шатны үнэ багтсан байсан 1 500 000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн. Гүйцэтгэгчийн инженер, ажилтнууд барилгын ажлыг эхлүүлэхдээ цэвэр усны шугамын лацыг хөндөж, зөвшөөрөлгүй ус ашигласан тул орон сууц нийтийн аж ахуйн конторын зүгээс 414 200 төгрөгөөр торгосон ба гүйцэтгэгч төлөх ёстой. Барилгын гадна, дотор цахилгаан холболтын зардалд материал болон ажлын хөлсөнд нийт 48 145 178 төгрөг зарцуулсан ба гүйцэтгэгч барилгын эргэн тойрны 20 метр доторх цахилгаан, сантехникийн шугам сүлжээний холболтыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч цахилгааны гадна холболтод тухайн үед гүйцэтгэгчээс ямар ч зардал гаргаагүй ба нийт гарсан зардлын 20 хувь болох 9 629 035 төгрөгийг гүйцэтгэгчээс нэхэмжилж байна. Барилгын ажлын дараах цэвэрлэгээ , хог ачихад 5 508 654 төгрөг төлсөн. Захиалагч 1 774 200 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн гэрээний 7.1 гэрээний 4 дэх хавсралтын 7-д зааснаар 14 903 280 төгрөгийн анз нэхэмжилж байна. Нийт 321 563 806 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч К ХХК-ийн төлөөлөгч Н.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээгээр агааржуулалт, /салхивчны/ материалыг БНХАУ-аас гэж нэр зааж тохиролцсон ба захиалагч талын давхрын өндөр дүүжин тааз хийхэд намсах тул, нимгэн төмрөөр хийвэл зай их эзлэх учраас орон зай бага эзлэх РVС хоолойгоор агааржуулалт салхивчийг хийж гүйцэтгүүлнэ гэж хүсэлт гаргасны дагуу БНХАУ-аас агааржуулалт, салхивчны сэнс, РVС хоолой оруулж ирж угсарч 2013.10.8-ны өдөр барилгын салхивчны систем угсарсан сорилтоор шалгасан акт үйлдэж баталгаажуулснаас гадна зургийн автор зохиогч Г ХХК-ны агааржуулалт-салхивчны инженер Р.Маар зургаа батлуулж,баталгаажуулсан. Мөн 2014.02.07-ны өдөр зохиогчийн нэгдсэн дүгнэлт гаргуулж, дахин барилга угсралтын бүх ажлаа дүгнүүлсэн. 2018.07.27-ны өдрийн 01/2018 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шаардлагыг хангасан, батлагдсан зураг төслөөр баригдсан гэж үзэж дүгнэлт гаргасан.

 

Дээрх агааржуулалт, салхивчны ажлыг болон барилга угсралтын ажлуудыг 2014.02.12-нд Улсын комисс шалган 2014.04.02-ны өдөр бүрэн баталгаажсан. Барилгын 2, 3, 4 дүгээр давхрын шалны байгуулалтыг 2012.05.14-ний өдөр харилцан тохиролцож баталгаажуулсан. Улмаар 2013.10.05-ны өдөр шалны ажил гүйцэтгэсэн акт үйлдэж баталгаажуулсан. Мөн гэрээний хавсралт 4-д оффисийн өрөөнүүдийн шалыг паркетаар хийж гүйцэтгэнэ гэж заасан. Дээврийн хучлага болон хашлага /фронтон/ 2012.05.14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний, 2013.02.21-ний өдрийн хавсралт 3-т дээврийн чулуутай, чулуугүй хар цаас БНХАУ-аас гэж хоёр тал харилцан тохиролцож сонгож авсан бөгөөд улмаар 2013.09.10-ны өдөр дээврийн ажил гүйцэтгэсэн акт үйлдэж зургийг нь авч захиалагчаар баталгаажуулсан. Мөн УМХГ, НМХГ-ын шинжээч нарын дүгнэлтэд орчин үеийн материал халааж наадаг технологиор дээврийн ажил гүйцэтгэснийг баталсан. Мөн акт үйлдэж фото зургаар баталгаажуулж гарын үсэг зурж хүлээн авсан. Дээрх 177 389 291 төгрөг нэхэмжилсэн нь ажлын үр дүнг хүлээн авахдаа бүх хийгдсэн ажлыг мэдэж байсан нь нотлогдоно.

 

Барилгын агаар сэлгэлт дөрвөн жилийн туршид хэвийн үйл ажиллагаатай тасралтгүй явуулж байгаа. УМХГ-ын шинжээчийн дүгнэлтээр зохиогчтой зөвшилцөлгүй зориулалтыг өөрчлөн барилгын норм дүрэм зөрчсөн нь нотлогддог ба дахин томилогдсон шинжээч нарын дүгнэлтэд батлагдсан зураг төслөөр баригдсан гэж дүгнэгдсэн. 2013.10.08-ны өдрийн салхивчны систем угсарсан актад Б.Г гэж гарын үсэг зурсныг үгүйсгэн шинжээч Ц.Ж нь худал дүгнэсэн.  Захиалагчийн төлөөлөгч Х.О-ийн гэр бүлийн хүн болох Б.Г нь ил далд ажлын актуудад гарын үсгээ зурж баталгаажуулж, өөрийн Т ХХК-иас ажлын хөлсийг төлж барилгыг Улсын комиссыг ажиллуулахаар барилга угсралтын ажил чанартай сайн болсон талаар тодорхойлолт хийсэн.

 

Барилгын эргэн тойрны хаяавчийг манай компани хийж гүйцэтгэсэн бөгөөд Н ХХК-иас бетон зуурмаг авч байгаагүй, Р ХХК-иас худалдан авч гүйцэтгэсэн. 3 675 000 төгрөгийн төлбөрийн актад гарын үсэг зураагүй. Манай компани нь барилга угсралт, дотор заслын ажлуудыг хийж гүйцэтгээд ил далд ажлын актуудаа баталгаажуулаад Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Гуравдугаар давхрын ариун цэврийн өрөөний тохижилтыг захиалагч нар нь өөрсдөө хийнэ гэж хүн хөлсөлсөн. 2012.05.14-ний гэрээний хавсралт 6-ийн 4-д үнийн дүнгээс тоноглолын үнэ 5 315 000 төгрөг, угаалтуур, холигч, сифон/-ийг хасуулж төлсөн болно.   Гэрэлтүүлгийн материалуудыг худалдан авсан баримтуудад нь манай компаний хэн нэгэн төлөөлөл гарын үсэг зураагүй. 1 дүгээр давхрын шилэн фасад буюу цонхнуудыг захиалан К ХХК-иар гүйцэтгүүлсэн гэх 17 220 666 төгрөг гэдэг нь барилгын зураг төсөвт байхгүй үүдний тамбур захиалж хийлгэснээ бичсэн.

К ХХК нь барилгын бүх цонхыг БНХАУ-ын Бээжин хотод захиалагчдаар сонгуулж металл вакумаар хийлгэн, худалдан авч угсарч гүйцэтгэсэн. Цэвэр усны лацыг хөндөж зөвшөөрөлгүй ус ашиглааагүй. Гэрээний 4,4-д захиалагч тал барилгын ажилд шаардлагатай ус, цахилгаан, эрчим хүчээр хангаж зардлыг бүрэн хариуцна гэж 2 тал тохиролцсон.

Хавсралт 6-ийн 10-д заасан гадна хог ачих, цэвэрлэгээ хийх ажлуудыг манайх гүйцэтгэсэн. Хавсралт 6-д 2014.1.29-нд барилгад хийгдэх ажлын хугацааг тусган 2014.02.12-нд ажил дууссан тул хугацаа тооцон алданги тооцох нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Оээс 103 815 000 /нэг зуун гурван сая найман зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч К ХХК-иас 34 038 146 /гучин дөрвөн сая гучин найман мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж хариуцагч Х.Од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 287 498 660 /хоёр зуун наян долоон сая дөрвөн зуун ерэн найман мянга зургаан зуун жар/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677 025 төгрөг, хариуцагч Х.Оээс төлсөн 1 803 313 төгрөгөөс 1 765 769 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 37 544 /гучин долоон мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөг, хариуцагч Х.Оюунгэрээс 677 025 /зургаан зуун далан долоон мянга хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэгч К ХХК-иас 328 140 /гурван зуун хорин найман мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулж хариуцагч Х.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-иас 260 400 төгрөгийг Ю ХХК-д, 157 500 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн орон тооны бус эксперт Ц.Жт, хариуцагч Х.Оээс 2 219 600 төгрөгийг Ю ХХК-д, 1 342 500 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн орон тооны бус эксперт Ц.Жт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Оийн өмгөөлөгч О.Билгүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажлыг хүлээн авахдаа ямар доголдлыг мэдэж байсан, мэдэх боломжтой байсныг шүүх бодитой тогтоогоогүй. Б.Гийг хариуцагч биш гэж дүгнэсэн атал баримтыг үнэлэхдээ Б.Гийн гарын үсэг зурсан актыг барилга хүлээн авсанд тооцон, хүчинтэй гэж үзэж эсрэг агуулга бүхий үнэлж үзсэн. Актуудад хариуцагч Б.Гийг дарамталж гарын үсэг зуруулсан, Х.О гарын үсэг зураагүй. Шүүх хэрэгт ач холбогдолтой байдлыг дүгнээгүй. Улсын комиссын хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар огт үнэлээгүй, барилгын ил далд ажлын актыг тал бүрээс нь бодитойгоор үнэлсэнгүй.Шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ч ижил агуулгатай 30 872 642 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Барилгын доголдлыг захиалагч мэдсээр байж хүлээн зөвшөөрсөн мэтээр 287 498 660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой гэжээ.

 

 

                                                                 ХЯНАВАЛ:        

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч К ХХК  нь хариуцагч Х.О, Б.Г  нарт холбогдуулан  2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн  барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6-ийн 5-д заасны дагуу ажлын хөлсний үлдэгдэл 3 815 000 төгрөг, гэрээний 6 дугаар хавсралтын 6 дахь хэсэгт заасны дагуу Улсын комисын акт зурагдсанаас хойш 3 сарын дараа төлж барагдуулах ёстой байсан гэх ажлын хөлс 100 000 000 төгрөг нийт 103 815 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан. /1хх-ийн 1-3, 5-11/

 

Нэхэмжлэгч “К” ХХК хариуцагч Х.О нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт зоорийн давхарын хамт 8 давхар 2 870 м.кв талбайтай барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулагдсан, гүйцэтгэгч барилгыг барьж Улсын комист 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

 

  • рээгээр барилга угсралтын ажлын 1 м.кв үнийг 600 000 төгрөгөөр, 2 870 м.кв талбайн ажлыг 1 722 000 000 төгрөгөөр тохиролцсон ч 2013 оны 10 дугаар сард хавсралт 5, 2014 оны 1 дүгээр сард хавсралт 6-г үйлдсэн, гэрээний хавсралт 6-ийн 5-д заасны дагуу ажлын хөлсний төлөгдөөгүй үлдэгдэл 3 815 000 төгрөг, хавсралт 6-ийн 6-д заасны дагуу төлөгдөөгүй 100 000 000 төгрөг үлдсэн, ажлын хөлсөнд нийт 1 774 200 000 төгрөг төлөгдсөн зэрэг үйл баримтыг талууд үгүйсгээгүй./ 1хх-ийн 49, 46-52/

 

Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс алдангид 14 903 280 төгрөг, зардалд 17 220 666 төгрөг , лифтний төлбөр гэх 1 500 000, цэвэр усны торгууль гэх 414 200 төгрөг нийт 34 038 146 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. /4хх-ийн 906/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх юм. Хэргийн баримтаар ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг гүйцэтгэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул захиалагч буюу хариуцагч Х.Од хөлс төлөх үүрэг үүсэх юм. Энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэж ажлын хөлсний төлөгдөөгүй үлдэгдэл 103 815 000 төгрөг гаргуулсан нь зөв байх бөгөөд хариуцагч ч дээрх 103 815 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Хариуцагч Х.О нь сөрөг нэхэмжлэлээс 287 498 660 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй байх тул төлсөн төлбөрөөс 177 389 291 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн агуулгатай байх бөгөөд үндэслэлээ ажлын үр дүнгийн доголдолтой холбон тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг батлагдсан зураг төсвийн дагуу ажлын хөлсөө авсан боловч Улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авсны дараа шинжээчийн дүгнэлт гаргуулахад гүйцэтгэгч зураг төслийн дагуу ажиллаагүй, нийт 177 389 291 төгрөгийн ажлыг хийгээгүй болох нь илэрсэн гэсэн агуулгаар буруутгажээ. /4-р хх-796-802, 892/

 

Тэрээр барилгын агаар сэлгэлтийн системийг зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх төсөв 128 902 452 төгрөгийг нэхэмжлэгч бодитоор авсан боловч одоогийн хийсэн ажлын үнэлгээ нь 20 072 762 төгрөг байна. Үүний зөрүү 108 829 690 төгрөгийг гаргуулна. Мөн барилгын 2,3,4 давхарын шаланд гэрээнд зааснаас өөр материал ашигласан тул 24 848 722 төгрөг гаргуулна. Дээврийн хучилт болон хашлага фронтоныг хийхэд гарах зардалд 43 710 879 төгрөг гаргуулах ёстой, өөрөөр хэлбэл гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байгаа тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг буруулах, зардлаа нөхөн төлүүлэхээр сөрөг шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. Нэхэмжлэгчээс гэрээний хавсралт 1.3 дахь хэсэгт барилгад хэрэглэх материалын талаар талууд тохиролцсон, мөн 2, 3, 4 дүгээр давхарын шалны материалыг талууд тохиролцсон, тохиролцсон материалаар ажлыг гүйцэтгэсэн, гэх тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. Талууд барилгыг ашиглалтад оруулах Улсын комисс ажиллах үед ажлын үр дүн гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэж хүлээн авчээ.

 

Барилгын захиалагч буюу хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д зааснаар ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар барилгын хөрөнгө оруулагч, захиалагч нь барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах, барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх үүрэгтэй.

 

Барилгыг ашиглалтад оруулах 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн комиссын хурлын тэмдэглэлээс үзэхэд улсын байцаагч н.Ц “салхивчний гүйцэтгэлийн зургийг автороор хянуулах, хөргөлт агаар өгөх систем хийхгүй болсон шалтгаанаа гаргаж тайлбар өгөх” гэснээс үзэхэд хариуцагч нь агааржуулалтын системийг ашиглах боломжтой гэж үзээд 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухайд ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор, барилга байгууламжийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор заасан. Хариуцагчийн 2, 3, 4 давхарын шалны байгуулалт чулуун хавтанцар байхаар төсөвлөгдсөн байхад паркетэн шал хийсэн гэх гомдол нь хийж байх үед энгийн байдлаар илрүүлэх боломжтой, дээврийн ажлын тухайд ч талууд ажлын үр дүнг хүлээн авсан. Ил далд ажлын акт, явцын хяналтаар ажлын гүйцэтгэлийг хянах нь хариуцагчийн үүрэг бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Мөн бетон зуурмагийн үнэ гаргуулах, ариун цэврийн өрөөний тохижилт тоноглол, гэрэлтүүлгийн материалын үнэ, шугам сүлжээний тоноглолын зардал, цэвэрлэгээний зардалтай холбоотой баримтууд нь ажлыг доголдолтой хийсэн гэх үйл баримтыг нотлох баримт гэж дүгнэх үндэслэлгүй байна./1хх-154-156, 159, 160-163, 141-142/

 

Түүнчлэн барилгын ажлын дараах хогоо ачиж цэвэрлээгүй гэх байдал нь доголдол гэхээс илүү Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчилд хамаарах боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс хогийг ачсан гэх байдлаа эргэлзээгүй баримтаар нотлоогүй болно. /4-р хх-796-802/

 

Харин хариуцагч Б.Гт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ. Түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Б.Гийн тухайн барилгатай холбоотой төлбөр тооцоог хийж байсан, ажлын актад гарын үсэг зурсан үйл баримтыг үгүйсгэхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.О түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/03493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.О, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Оийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 595 444 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                               ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД