Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00980

 

 

“К ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/03493 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 327 дугаар магадлалтай,

“К ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х , Б  нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103,815,000.00 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,   

Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 321,563,806.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Х ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Бауиржан, хариуцагч Х , Б , хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхбатын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт зоорийн хамт 8 давхар 2870 м.кв талбайтай барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр 2012.05.14-ний өдөр иргэн Х тэй гэрээ байгуулж, 2014.04.02-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн. Х , нөхөр “Тунамал алт” ХХК-ийн захирал Б  нар ил далд ажлуудыг хянаж актад гарын үсэг зурж баталгаажуулж комисст хүлээлгэн өгөхөд захиалагчийн зүгээс татгалзах зүйлгүй, ажлын зураг техникийн шаардлагын дагуу сайн чанартай болсон гэж дүгнэлт үйлдсэн. Гэрээгээр барилга угсралтын ажлын 1 м.кв үнийг 600,000 төгрөг, 2870 м.кв талбай 1,722,000,000 төгрөгөөр тохиролцсон. Захиалагч дулаан, цахилгааны техникийн нөхцлөө шийдвэрлүүлж чадахгүй санхүүжилт саатуулсан зэргээс болж валютын ханшийн зөрүү гарч зардлууд нэмэгдэж гэрээний анхны үнээр уг барилга угсралтын ажлыг дуусгахад хүндрэлтэй болсон тул 2013 оны 8 сард гэрээний нийт үнэ дээр 60,000,000 төгрөгийг барилгын комисс хүлээн авснаас 3 сарын дараа нэмж төлөх, барилгын 5 давхарт 53 м.кв оффисын өрөөг 1 м.кв-ын үнийг 1 сая төгрөгөөр тооцон гүйцэтгэгчид худалдан, өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон ч биелэгдээгүй. Ингээд 2013 оны 10 сард хавсралт 5-ыг үйлдэж харилцан тохиролцон ажил үргэлжилсэн. Дахин зөрчил маргаан гарсан тул ажил саатаж 2014 оны 1 сард зөвшилцөлд хүрч барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн тооцоо (эцэслэсэн байдлаар) хавсралт 6-г үйлдэн ашиглалтад оруулах комисс ажиллуулан барилгыг хүлээлгэн өгсөн. Захиалагч X.Оюунгэрэл болон Б  нар нь төлбөрөөсөө 3,815,000 төгрөгийг дутуу төлж, барилгыг ашиглалтад оруулах комиссын акт гарснаас хойш 3 сарын дараа төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн 100,000,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний хавсралт 6-ийн 5 дугаарт заасан төлөгдөөгүй үлдэгдэл болох 3,815,000 төгрөг, хавсралт 6-ийн 6 дугаарт заасан Улсын комиссын акт зурагдсанаас хойш 3 сарын дараа төлж барагдуулах үүрэгтэй байсан 100,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 677,025 төгрөг, нийт 104,492,025 төгрөгийг X.Оюунгэрэл, Б  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2012 ондоо багтаан ашиглалтад оруулж, зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд барилга барина гэсэн. Төлбөрийг “Тунамал алт” ХХК-иас төлсөн, хугацаа хожимдуулсан асуудал гэрээний хугацаанд гараагүй. “К ” ХХК-иас барилгын ажлыг түлхүүр хүлээлцэх нөхцлөөр 100 хувийн гүйцэтгэлээр хийхээр гэрээ хийгдсэн ч талбайн инженер байгаагүй, өдөр тутмын акт үйлдэж хяналт тавиагүй. Бид хяналт тавиулахаар барилгын инженер н.Батсүхийг ажиллуулсан ч түүний шаардлагыг нь үл ойшоосон. Барилгын зургийг дур мэдэн өөрчлөх, ажлыг дутуу хийх, материалыг орлуулах зэрэг маш олон дутагдал доголдол гаргасан. Ингээд 2012 онд ашиглалтад орох ёстой барилгын ажил 2012 оны 10 сард зогссон. Ажил 2013 оны 5 сард дахин эхэлсэн ч нэхэмжлэгч нь долларын ханш өссөн учраас үнээ нэмэхээр шаардаж ажлыг гацаасан. Хоёр дахь удаагаа энэ хүний шахалт дарамтад орж байж гэрээнд үнийн өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч нь ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгээгүй, захиалагчид их хэмжээний хохирол учруулсан. Акт гаргаж өгөөгүй, тооцоо хийгээгүй гэжээ.

Хариуцагч Х ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “К ” ХХК нь Б той биш надтай гэрээ байгуулсан. Гэрээгээ дүгнээгүй. Улсын комиссын хурлаар 22 төрлийн ажил биелүүлэх албан шаардлагыг өгснийг нэхэмжлэгч биелүүлээгүй. Барилгыг зургийн дагуу гүйцэтгээгүй тухайгаа албан бичиг дээрээ дурдсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд мөн зургийн дагуу хийгдээгүй байна гэж дурдагдсан байгаа. Иймд 103,000,000 төгрөгийг төлөхгүй. Анх 1,722,000,000 төгрөгөөр гэрээ хийгдсэн ч 50,000,000 гаран төгрөгийг илүү өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Х ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: “К ” ХХК нь барилгыг батлагдсан зураг төслийн дагуу бариагүй, гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Агааржуулалтын системийг зургийн дагуу хийж гүйцэтгэхэд гарах төсөв 128,902,452 төгрөг байснаас одоогийн хийсэн агааржуулалтын системийн үнэлгээ нь 20,072,762 төгрөг буюу 108,829,690 төгрөгийн зөрүүтэй байна. Барилгын 2, 3, 4 давхрын шалны байгуулалтын дэлгүүрийн хэсгийг плитагаар хийсэн. Мөн 3, 4 дүгээр давхрын шалны байгуулалтын хэсэгт чулуун хавтан байхаар төлөвлөсөн байхад плита болон паркет шал хийсэн. Шалны байгуулалтыг зураг төслийн дагуу гүйцэтгэх төсвийг 62,783,075 төгрөг гэж гаргасан ба гүйцэтгэгчийн зураг төсөл зөрчиж гүйцэтгэсэн шалны байгуулалтын зардал нь 37,934,353 төгрөг байгаа ба зөрүү 24,848,722 төгрөг болно. Дээврийн хучилт болон хашлаганы /фронтон/ үндсэн хийцийн одоогийн байгаа байдал нь фронтоны төмөр бетон цутгамал хана /1,1 метр өндөртэй/ чих огт хийгдээгүй, 50 см өндөртэй тоосгон хана зарим хэсэгт өрсөн байсан ба захиалагч өөрийн зардлаар тоосгон ханыг гүйцээж зарим хэсэгт нь төмөр хашлага, хайс хийсэн. Гүйцэтгэгч нь архивт байх ил далд ажлын актад энэ тухай баримтыг тусгаагүй байсан ба барилгын техникийн хяналтын өрөөнд дээврээс ус гоожсон барилгын дээврийн налуу, жил ирэх тусам хотойж байгаагаас үзэхэд бусад давхарга ч зургийн дагуу хийгдээгүй гэж үзэхээр байна. “Итгэлт эстимэйт" ХХК-ийн үнэлгээгээр батлагдсан зураг төслийн дагуу дээврийн хучилт, фронтоны ажил гүйцэтгэхэд 59,873,942 төгрөгийн зардал гарахаар тооцсон ба гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн одоо байгаа дээврийн хучилт, фронтоны ажлыг хийхэд 16,163,063 төгрөгийн зардал гарсан гэж тооцоолсон. Үүнээс зөрүү нь 43,710,879 төгрөг байна. Захиалагч гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж нийт 1,774,200,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн ба энэ нь зураг төслийн дагуу барилгыг барих материал, ажлын хөлсний зардал бүрэн багтсан юм. Гүйцэтгэгчид төлсөн 1,774,200,000 төгрөгөөс зураг төслийн дагуу гүйцэтгээгүй ажлын төсөвт өртгийн зөрүү 177,389,291 төгрөгийг буцаан гаргуулна. Гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу агаар сэлгэлтийн системийг барьж байгуулаагүй нь шинжээчийн дүгнэлт, нотлох баримтаар нотлогдоно. Агаар сэлгэлтийн системийг зураг төслийн дагуу болгож гүйцэтгэхээр "Итгэлт эстимэйт” ХХК-иар тооцоо гаргуулахад буулгаж, зураг төслийн дагуу гүйцэтгэж хэвийн болгоход 173,957,392 төгрөг зарцуулагдахаар тооцжээ. Иймд 173,957,392 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагын 1.1-д тусгасан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй ажлын зөрүү 108,829,690 төгрөгийг хасч 65,127,702 төгрөгийг нэмж гаргуулна.

            Захиалагч нь барилгын гадна фасадад зориулалтын дагуу дулаалга хийхийг шаардсан боловч ямар ч дулаалгагүй хийсэн. Дулаалгыг дахин хийх зайлшгүй шаардлагатай ба 11,405,565 төгрөг зарцуулагдахаар байна. Дээрх 2 шаардлагаар нийт 76,578,267 төгрөг гаргуулна. Эргэн тойрны хаяавчийг зураг төслийн дагуу гүйцэтгэгч хийгээгүй тул захиалагч “Наран бетон зуурмаг” ХХК-иас бетон зуурмаг авч өөрсдөө хийсэн. Бетон зуурмагны 3,675,000 төгрөг, дотор заслын ажлыг “Сүмбэр багана” ХХК-иар хийлгүүлж барилгын материал болон ажлын хөлсний зардалд 7,000,000 төгрөг зарцуулсан. 3 давхрын ариун цэврийн өрөөний тохижилт, суултуур болон дагалдах хэрэгслийн зардалд нийт 2,685,460 төгрөг зарцуулсан. Суултуур болон дагалдах тоноглолыг 2013 оны 06 сарын 16-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос авсан ба 5500 юань буюу 1,285,460 төгрөг, тухайн үеийн Монгол банкны юаны ханш 233.72 төгрөг, ажлын хөлсөнд иргэн Мөнхбатад 1,400,000 төгрөг төлсөн. Гүйцэтгэгч нь дотор гэрэлтүүлгийг огт хийж гүйцэтгээгүй ба захиалагч өөрийн хөрөнгөөр гэрэл авч угсарч суурилуулсан. Гэрлүүдийг 2013 оны 06 сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авсан ба нийт 20,794 юань буюу 4,859,953 төгрөг. Тухайн үеийн Монгол банкны юаны ханш 233.72 төгрөг. Монголоос гэрэл худалдан авсан 200,000 төгрөг нийт 5,059,953 төгрөг байна. Барилгын 1 давхрын шилэн фасад буюу цонхыг бусад цонхнуудын хамт зураг төслийн дагуу захиалж хийлгүүлсэн. Гүйцэтгэгчийн инженерийн буруу тооцооллын улмаас цутгалт буруу хийгдэж цонхнууд таарахгүй болсон. 1 давхрын фасад, цонх зайлшгүй хийх шаардлагатай тул “Кей Ви Ди” ХХК-иар захиалагч өөрийн хөрөнгөөр багасгасан хэмжээгээр дахин захиалга өгч хийлгүүлэн угсарсан. Шилэн фасад буюу цонх захиалж хийлгэхэд 17,220,666 төгрөгийн зардал гарсан. Барилгад суурилуулсан цахилгаан шатыг “Хандок” ХХК-иас авсан ба гүйцэтгэгч, захиалагч нар нэг нэгээр нь хувааж авч хөрөнгийг гаргахаар шийдвэрлэсэн. Гэвч барилга ашиглалтад оруулж лифтны актыг авахад гүйцэтгэгч “К ” ХХК төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул актыг өгөх боломжгүй, 1,500,000 төгрөгийн төлбөрийг төлөхийг “Хандок” ХХК-иас шаардсан. Захиалагч гүйцэтгэгчид төлсөн төлбөрт цахилгаан шатны үнэ багтсан байсан 1,500,000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн. Гүйцэтгэгчийн инженер, ажилтнууд барилгын ажлыг эхлүүлэхдээ цэвэр усны шугамын лацыг хөндөж, зөвшөөрөлгүй ус ашигласан тул орон сууц нийтийн аж ахуйн конторын зүгээс 414,200 төгрөгөөр торгосон ба гүйцэтгэгч төлөх ёстой. Барилгын гадна, дотор цахилгаан холболтын зардалд материал болон ажлын хөлсөнд нийт 48,145,178 төгрөг зарцуулсан ба гүйцэтгэгч барилгын эргэн тойрны 20 метр доторх цахилгаан, сантехникийн шугам сүлжээний холболтыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч цахилгааны гадна холболтод тухайн үед гүйцэтгэгчээс ямар ч зардал гаргаагүй ба нийт гарсан зардлын 20 хувь болох 9,629,035 төгрөгийг гүйцэтгэгчээс нэхэмжилж байна. Барилгын ажлын дараах цэвэрлэгээ, хог ачихад 5,508,654 төгрөг төлсөн. Захиалагч 1,774,200,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн гэрээний 7.1 гэрээний 4 дэх хавсралтын 7-д зааснаар 14,903,280 төгрөгийн анз нэхэмжилж байна. Нийт 321,563,806 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхбатын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Гэрээгээр агааржуулалт, /салхивчны/ материалыг БНХАУ-аас гэж нэр зааж тохиролцсон ба захиалагч талын давхрын өндөр дүүжин тааз хийхэд намсах тул, нимгэн төмрөөр хийвэл зай их эзлэх учраас орон зай бага эзлэх РVС хоолойгоор агааржуулалт салхивчийг хийж гүйцэтгүүлнэ гэж хүсэлт гаргасны дагуу БНХАУ-аас агааржуулалт, салхивчны сэнс, РVС хоолой оруулж ирж угсарч 2013.10.08-ны өдөр барилгын салхивчны систем угсарсан сорилтоор шалгасан акт үйлдэж баталгаажуулснаас гадна зургийн автор зохиогч “Гоби Травел” ХХК-ийн агааржуулалт-салхивчны инженер Р.Мөнххуягаар зургаа батлуулж, баталгаажуулсан. Мөн 2014.02.07-ны өдөр зохиогчийн нэгдсэн дүгнэлт гаргуулж, дахин барилга угсралтын бүх ажлаа дүгнүүлсэн. 2018.07.27-ны өдрийн 01/2018 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шаардлагыг хангасан, батлагдсан зураг төслөөр баригдсан гэж үзэж дүгнэлт гаргасан. Дээрх агааржуулалт, салхивчны ажлыг болон барилга угсралтын ажлуудыг 2014.02.12-нд Улсын комисс шалган 2014.04.02-ны өдөр бүрэн баталгаажсан. Барилгын 2, 3, 4 дүгээр давхрын шалны байгуулалтыг 2012.05.14-ний өдөр харилцан тохиролцож баталгаажуулсан. Улмаар 2013.10.05-ны өдөр шалны ажил гүйцэтгэсэн акт үйлдэж баталгаажуулсан. Мөн гэрээний хавсралт 4-д оффисийн өрөөнүүдийн шалыг паркетаар хийж гүйцэтгэнэ гэж заасан. Дээврийн хучлага болон хашлага /фронтон/ 2012.05.14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний, 2013.02.21-ний өдрийн хавсралт 3-т дээврийн чулуутай, чулуугүй хар цаас БНХАУ-аас гэж хоёр тал харилцан тохиролцож сонгож авсан бөгөөд улмаар 2013.09.10-ны өдөр дээврийн ажил гүйцэтгэсэн акт үйлдэж зургийг нь авч захиалагчаар баталгаажуулсан. Мөн УМХГ, НМХГ-ын шинжээч нарын дүгнэлтэд орчин үеийн материал халааж наадаг технологиор дээврийн ажил гүйцэтгэснийг баталсан. Мөн акт үйлдэж фото зургаар баталгаажуулж гарын үсэг зурж хүлээн авсан. Дээрх 177,389,291 төгрөг нэхэмжилсэн нь ажлын үр дүнг хүлээн авахдаа бүх хийгдсэн ажлыг мэдэж байсан нь нотлогдоно. Барилгын агаар сэлгэлт дөрвөн жилийн туршид хэвийн үйл ажиллагаатай тасралтгүй явуулж байгаа. УМХГ-ын шинжээчийн дүгнэлтээр зохиогчтой зөвшилцөлгүй зориулалтыг өөрчлөн барилгын норм дүрэм зөрчсөн нь нотлогддог ба дахин томилогдсон шинжээч нарын дүгнэлтэд батлагдсан зураг төслөөр баригдсан гэж дүгнэгдсэн. 2013.10.08-ны өдрийн салхивчны систем угсарсан актад Б  гэж гарын үсэг зурсныг үгүйсгэн шинжээч Ц.Жалцав нь худал дүгнэсэн. Захиалагчийн төлөөлөгч Х ийн гэр бүлийн хүн болох Б  нь ил далд ажлын актуудад гарын үсгээ зурж баталгаажуулж, өөрийн “Тунамал-Алт” ХХК-иас ажлын хөлсийг төлж барилгыг Улсын комиссыг ажиллуулахаар барилга угсралтын ажил чанартай сайн болсон талаар тодорхойлолт хийсэн. Барилгын эргэн тойрны хаяавчийг манай компани хийж гүйцэтгэсэн бөгөөд “Наран бетон зуурмаг” ХХК-иас бетон зуурмаг авч байгаагүй, “Рокомон” ХХК-иас худалдан авч гүйцэтгэсэн. 3,675,000 төгрөгийн төлбөрийн актад гарын үсэг зураагүй. Манай компани нь барилга угсралт, дотор заслын ажлуудыг хийж гүйцэтгээд ил далд ажлын актуудаа баталгаажуулаад Улсын комисст хүлээлгэн өгсөн. Гуравдугаар давхрын ариун цэврийн өрөөний тохижилтыг захиалагч нар нь өөрсдөө хийнэ гэж хүн хөлсөлсөн. 2012.05.14-ний гэрээний хавсралт 6-ийн 4-д үнийн дүнгээс тоноглолын үнэ 5,315,000 төгрөг, угаалтуур, холигч, сифон/-ийг хасуулж төлсөн болно. Гэрэлтүүлгийн материалуудыг худалдан авсан баримтуудад нь манай компанийн хэн нэгэн төлөөлөл гарын үсэг зураагүй. 1 дүгээр давхрын шилэн фасад буюу цонхнуудыг захиалан “Кей Ви Ди” ХХК-иар гүйцэтгүүлсэн гэх 17,220,666 төгрөг гэдэг нь барилгын зураг төсөвт байхгүй үүдний тамбур захиалж хийлгэснээ бичсэн. “К ” ХХК нь барилгын бүх цонхыг БНХАУ-ын Бээжин хотод захиалагчдаар сонгуулж металл вакумаар хийлгэн, худалдан авч угсарч гүйцэтгэсэн. Цэвэр усны лацыг хөндөж зөвшөөрөлгүй ус ашиглаагүй. Гэрээний 4.4-т захиалагч тал барилгын ажилд шаардлагатай ус, цахилгаан, эрчим хүчээр хангаж зардлыг бүрэн хариуцна гэж 2 тал тохиролцсон. Хавсралт 6-ийн 10-д заасан гадна хог ачих, цэвэрлэгээ хийх ажлуудыг манайх гүйцэтгэсэн. Хавсралт 6-д 2014.01.29-нд барилгад хийгдэх ажлын хугацааг тусган 2014.02.12-нд ажил дууссан тул хугацаа тооцон алданги тооцох нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/03493 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Х ээс 103,815,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “К ” ХХК-иас 34,038,146 төгрөг гаргуулж хариуцагч Х д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 287,498,660 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “К ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677,025 төгрөг, хариуцагч Х ээс төлсөн 1,803,313 төгрөгөөс 1,765,769 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 37,544 төгрөг, хариуцагч Х ээс 677,025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “К ” ХХК-д олгож, нэхэмжлэгч “К ” ХХК-иас 328,140 төгрөг гаргуулж хариуцагч Х д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгч “К ” ХХК-иас 260,400 төгрөгийг “Ю-Би Пропертиз” ХХК-д, 157,500 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн орон тооны бус эксперт Ц.Жалцавт, хариуцагч Х ээс 2,219,600 төгрөгийг “Ю-Би пропертиз” ХХК-д, 1,342,500 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн орон тооны бус эксперт Ц.Жалцавт тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 327 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/03493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х , түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/03493 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 327 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг удирдлага болгон шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтын ялгамжтай байдал буюу барилгын ажлыг хүлээн авахдаа ямар доголдлуудыг мэдэж байсан, мэдэх боломжтой байсныг бодитоор тогтоогоогүй ба Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д хуульчилсныг үл хэрэгсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан доголдлыг захиалагч бүгдийг нь мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэлгүй ажил хүлээн авахаас өмнө гомдлын шаардлага гаргаагүй, шаардлага гаргах эрхээ алдсан гэж Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тус хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/07723 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 655 дугаар магадлалаар “... шинжээчдийн тайлбар мэдүүлгээс үзэхэд шүүгчийн захирамжид заагдсан ажлын доголдолтой холбоотой ажиллагааг дутуу гүйцэтгэсэн, ажил доголдолтой эсэхийг тогтооход шаардлагатай нөхцөл байдлын талаар дүгнэлт шинжээчид тавьсан асуултад шинжээч бүрэн хариулт өгөөгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Барилгын ажлын явцын актад зохиогчийн хяналт гүйцэтгэгчээр гарын үсэг огт зуруулаагүй, улмаар барилгын архитектор гарын үсэг зурах ажил дээр барилгын бүтээцийн инженерийн нэрийг бичээд улмаар түүний гарын үсгийг дуурайлган зурсан нь илэрсэн. Түүнчлэн захиалагч Х  надаар гарын үсэг зуруулаагүй атлаа ондоо хүний гарын үсэг зурсан байгаа болно гэж тайлбарлан барилгын ажлын явцын актад зохиогчийн хяналт гүйцэтгэсэн гээд Э.Батзаяа гарын үсэг зурсныг, захиалагчийн техникийн хяналтын инженер гээд Х ийн гарын үсэг зурсныг харьцуулах шинжилгээгээр тодорхойлж гарын үсэг нь мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг 2015 оны 11 сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шүүх зохих этгээд гарын үсгээ зурсан эсэх асуудал маргаантай байгаа, ил далд ажлын актуудыг шийдвэрийн үндэслэл болгож дүгнэсэн нь буруу” гэж дүгнэн хэргийн зохигчдын хуульд заасан эрхийг хязгаарлаж хариуцагчаас хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх, нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх хүсэлт гаргах эрх нь зөрчигдсөн гэж үзэн нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 001/ХТ2016/00811 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.

Анхан шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын биелэлтийг хангаж хариуцагчаас нотлох баримт бүрдүүлүүлэхээр гаргасан хүсэлтийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хүлээн авч нотлох баримтыг зохих ёсоор бүрдүүлсэн боловч үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, зарим нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэлгүй, нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн нэг талыг баримтлан үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Үүнд:

Шүүх барилгын ил далд ажлын актад гарын үсэг зурж баталгаажуулсан тул барилгын доголдлыг мэдэж байсан гэж үзсэн нь илт нэг талыг баримтлан нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар үнэлсэн болохыг харуулж байна. Мөн захиалагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд барилгын ил далд ажлын актыг гүйцэтгэгч тухай бүр бичиж баталгаажуулж байгаагүй, 2014 оны 2 сард барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын хурал болохоос 1 хоногийн өмнө бөөнд нь гарын үсэг зуруулсан тухай болон гарын үсэг зурахгүй бол комисс мөд хуралдахгүй, өөрсдөө барилгаа ашиглалтад өг гэх байдлаар дарамталж байж Б оор гарын үсэг зуруулсан, жинхэнэ захиалагч Х  тус актад гарын үсэг зураагүй тухай мэдүүлдэг ба 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 6436 тоот шинжээчийн дүгнэлтээр тус актад зурсан захиалагчийн гарын үсэг Х ийн гарын үсэг биш болох нь тогтоогддог. Гэвч шүүгч дээр дурдсан шинжээчийн дүгнэлтийн тухай хэрэгт ач холбогдолтой эсэх талаар дүгнээгүй, хэн нэгний гарын үсгийг Б  зурсан, барилгыг хүлээн авсанд тооцож, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар барилгын ил далд ажлын акт цаг тухайн үедээ үйлдэгдэж байсан мэтээр тайлбарлаж байгаа нь илтэд нэг талыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтын үнэлгээг гуйвуулсан үйлдэл байна. Мөн дээврийн ажил гүйцэтгэсэн акт, салхивчны систем угсарсан сорилтоор шалгасан актад үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2,3,4 давхрын шалны байгуулалт, хаяавч, барилгын дотор засал, гэрэлтүүлэг, 3 давхрын ариун цэврийн өрөөний тохижилт, барилгын ажлын дараах хог хаягдлын цэвэрлэгээ зэргийг хийгээгүйг мэдээгүй гэж үзэхгүй хэмээн ямар ч нотлох баримтгүйгээр хийсвэрлэн дүгнэлт гаргаж байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01977 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч нарын 2018 оны 07 шарын 27-ны өдрийн 01/2018 дугаар дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй, үнэлэхгүй байх үндэслэлийг тодорхойлоогүй тухай. Шүүгч 2018 оны 102/Ш32018/01977 дугаартай Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн үндэслэх хэсэгт дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 сарын 20-ны өдрийн 19147 дугаар захирамжийн дагуу шинжээч дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмын дагуу гаргаагүй байна. Хариуцагч Х ийн гаргасан дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангаж шинжээч томилох нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ” мөн захирамжийн захирамжлах хэсгийн 4-т шинжээч нарт 6 төрлийн асуулт тавьсан болно. Шинжээч нар шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж 2018 оны 07 сарын 05-ны өдөр маргаан бүхий барилга дээр үзлэг хийж 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 01/2018 тоот шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн. Гэвч шүүх хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн өөрөө томилсон шинжээч нарын дүгнэлтийг нотлох баримтаар огт үнэлээгүй, үнэлэхгүй байх үндэслэлийг тодорхойлоогүй байгаа нь нэг талыг баримтлан шийдвэр гаргах ашиг сонирхлын зөрчилтэй байсан мэтээр ойлголт төрүүлж байна. Анхан шатны шүүх барилга байгууламжийг хүлээн авсан нь ажлын үр дүнгийн тухай бүхий л доголдлыг бүрэн мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэж үзэн захиалагчид хуулийн дагуу олгогдсон шаардлага гаргах эрхийг хэрэгсэхгүй болгож байна. Аливаа ажлын үр дүн, тэр дундаа барилгын ажлын үр дүнгийн доголдлыг ажил хүлээн авах үед бүрэн мэдэх боломжгүй байдаг тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж хуульчилсан. Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа “Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухайд ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор, барилга байгууламжийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор заасан. Хариуцагчийн 2,3,4 давхрын шалны байгуулалт чулуун хавтанцар байхаар төсөвлөгдсөн байхад паркет шал хийсэн гэх гомдол нь хийж байх үед энгийн байдлаар илрүүлэх боломжтой, дээврийн ажлын тухайд ч талууд ажлын үр дүнг хүлээн авсан. Ил далд ажлын акт, явцын хяналтын талаар ажлын гүйцэтгэлийг хянах нь хариуцагчийн үүрэг бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ” гэж дүгнэсэн нь мөн л нотлох баримтыг гуйвуулж захиалагчийн шаардах эрхийг үгүйсгэн хуулийг тайлбарласан байдал гэж үзэж байна. Гүйцэтгэлийг хянах нь хэдийгээр захиалагчийн үүрэг мөн боловч захиалагч барилгын мэргэжлийн хүн биш, барилгын ажлын зургийг хараад цементээр хийх, тоосгоор өрөх, плитагаар хийх, паркетаар хийх зэргийг унших ямар ч боломжгүй, тусгай мэдлэг шаардлагатай болно. Нөгөө талаар, Иргэний хуулийн 350 дугаар зүйлд гүйцэтгэгчийн үүргийг тодорхойлсон ба 350.1.6 дах хэсэгт “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэж онцгойлон үүрэг болгосон талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй захиалагчийн итгэл үзүүлж төлбөрийг цаг алдахгүй төлсөн нөхцөл байдлыг урвуулан ашигласан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх удаа дараа гүйцэтгэгчийг зөвтгөн захиалагчийг барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын актад гарын үсэг зурсан нь барилга байгууламжийн бүхий л доголдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т заасан эрхийнхээ дагуу гүйцэтгэгчээс дутуу хийсэн ажил, зураг төслийн дагуу гүйцэтгээгүй ажлын доголдлоос үүссэн хохирол болон хийлгээгүй ажлынхаа урьдчилж төлсөн хөлсийг буцаан нэхэмжилж байхад шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлэхгүйгээр өөрөөр хэлбэл захиалагчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотолж байгаа хэсгийг үгүйсгэн бүхий л шаардлагын хувьд үйл баримтын бодит байдлыг тогтоохгүйгээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т заасныг ашиглан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Үүний бодит жишээ нь 2018 оны 01977 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч нарт тавигдсан асуултад шалны байгуулалтын тухай асуулт байхгүй ба шинжээч нар үзлэг хийх явцад барилгын бодит байдлыг барилгын ажлын зураг төсөлтэй харьцуулан судалж 2,3,4 дүгээр давхрын шалны байгуулалтыг “Барилгын зураг төсөлд төлөвлөгдсөнөөр 2 дугаар давхрын шалны байгуулалт хэсэгт дэлгүүр, шатны хонгилын шалны төрөлд 150 мм-ийн цутгамал төмөр бетон хучилт дээр ус тусгаарлагч 2 үе хар цаас нааж 4,50 мм-ийн зузаантай багсармал бетон үе дээр 30 мм-ийн зузаантай чулуун хавтанцар байхаар төлөвлөгдсөн байхад дэлгүүрийн хэсгийг плитагаар хийсэн. Мөн 3,4 дүгээр давхрын шалны байгуулалтын хэсэгт чулуун хавтан байхаар төлөвлөсөн байхад плита болон паркет шал хийсэн нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэг заалтын хэрэгжилтийг хангахгүй байна гэж шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д хуульчилсныг баримтлан дүгнэсэн болно. Гэтэл анхан шатны шүүх дээврийн ажил гүйцэтгэсэн акт, салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт зэргийг үндэслэн барилгын шалны байгуулалтын доголдлыг захиалагч мэдэж байсан гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2,3,4 давхрын шалны байгуулалтыг зураг төслийн дагуу гүйцэтгэх төсөв, бодит гүйцэтгэлийн зөрүү болох 24,848,722 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тус шинжээчийн дүгнэлтийн 3 дахь асуулт буюу “Дээврийн хучилт болон хашлагын /пронто/ ажил зураг төсөлд хэрхэн тусгагдсан, бодит байдалд яаж хийгдсэн эсэх” асуултад хариулахдаа “Дээврийн хашлага, хана батлагдсан зургийн БА-18, БА-21-д заасан хэсэглэл-А, В-д заасны дагуу угсрагдаагүй, дээврийн хар цаасыг дээврийн хашлага хананд мөчидхөн босгож наасан ба фронтоны малгай төмрийг хучлагын төвшингөөс 10 см хүртэлх зайд буулган бүрж өгсөн, өрлөгийн тоосго ил гарсан, дээврийн баруун болон хойд хэсэгт хашлага ханыг өндөрсгөж өрсөн, дээр нь хашлага хайстай байна, дээврийн хучлага хар цаасыг зүсэж нээж харвал ажлын зургийн БА-17, БА-18 д заасан дээврийн материалуудыг хэрэглээгүй байна” гэжээ.

Батлагдсан зураг төслийн БА-18, БА-21-ийн хэсэглэл А,В-д заасныг үгээр тайлбарлавал: Дээврийн фронтон буюу хашлагын үндсэн хийц нь цутгамал төмөр бетон 1,1 метр өндөртэй хана байх ба барилгын хананы түвшингөөс 0,38 метр илүү гарсан хөөсөнцөр дулаалгын ус чийгээс хамгаалсан цутгамал бетон чихтэй байсан. Дээврийн хучилт нь 1 үе чулуутай, 3 үе ус тусгаарлагч хар цаас дэвссэн, түүний дор 50 мм цементэн тэгшилгээ, 50-100 мм налуулга керамзит бетон, дулаалгын полистрол хавтан 200 мм, ус тусгаарлагч 1 үе пергамин П-350, цутгамал төмөр бетон хучилт 150 мм тус тус байх ёстой байна. Үүнээс одоогийн байгаа байдал нь фронтоны төмөр бетон цутгамал хана /1,1 метр өндөртэй/, чих огт хийгдээгүй, 50 см өндөртэй тоосгон хана зарим хэсэгт өрсөн байсан ба захиалагч өөрийн зардлаар тоосгон ханыг гүйцээж зарим хэсэгт нь төмөр хашлага, хайс хийсэн болно. Мөн зургаар 4 үе хар цаас дэвсэх байснаас зөвхөн 2 үе хар цаас дэвссэн, цаасны дор байх хучилт нь зургийн дагуу хийгдсэн эсэхийг тогтоох боломжгүй, гүйцэтгэгч нь архивт байх ил далд ажлын актад энэ тухай баримтыг тусгаагүй байсан ба барилгын техникийн хяналтын өрөөнд дээврээс ус гоожсон, барилгын дээврийн налуу жил ирэх тусам хотойж байгааг үзэхэд бусад давхарга ч зургийн дагуу хийгдээгүй гэж үзэхээр байна. Энэ тухай захиалагч барилгыг хүлээн авах үедээ огт мэдээгүй, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын хурал дээр ч дурдагдаагүй байхад захиалагчийг барилгын ажлын явцад хяналт тавьж байсан гэж үзэн нэг өдрийн дотор зохиомлоор, хагас дутуу бичсэн барилгын ил далд ажлын актыг үндэслэн бусад нотлох баримтыг хэрэгсэлгүй захиалагч барилгыг хүлээн авах үедээ доголдлыг мэдэж байсан гэх хийсвэр үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын төсөв гүйцэтгэлийн зөрүү нь 43,710,879 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Итгэлт эстимэйт” ХХК-ийн гаргасан барилгын ажлын төсөв, үнэлгээгээр батлагдсан зураг төслийн дагуу дээврийн хучилт, фронтоны ажил гүйцэтгэхэд 59,873,942 төгрөгийн зардал гарахаар тооцсон ба гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн одоо байгаа  дээврийн хучилт, фронтоны ажлыг хийхэд 16,163,063 төгрөгийн зардал гарсан гэж тооцоолсон ба төсөв гүйцэтгэлийн зөрүү нь 43,710,879 төгрөг юм. Шинжээчийн дүгнэлтийн шинээр үүссэн нөхцөл байдал хэсэгт: “Шинжээчээр ажиллах үед барилгын зүүн талын чулуун өнгөлгөөний дотор талд дулаалга хийгдээгүй гэх гомдлыг хариуцагчийн зүгээс гаргаж байсан бөгөөд өнгөлгөөний чулуун хананд 0,05*0,05 метр хэмжээтэй нүхээр харахад тэр хэсэг дулаалгын материал ажиглагдаагүй. Шинжилгээнд авагдсан материалд өөрчлөлтийн зураг байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.17-д заасан шаардлага хангахгүй байна” гэж дүгнэжээ. Захиалагч нь барилгын гадна фасад дулаалгын ажил хийгдэж байх үед гүйцэтгэгчийн ажилтнууд өнгөлгөөний хананы дундуур барилгын хог хийж байсныг болиулж зориулалтын дагуу дулаалга хийхийг шаардсан боловч ямар ч дулаалгагүй тэр чигээр нь хийсэн байсныг сүүлд буюу 2014 оны 7 сард барилгын баруун талд байрлах иргэн Мөнхтогоо барилгын суурь ухсанаар суурийн цутгалт хар тос түрхээгүй, 1 давхрын фасад дулаалгагүй болохыг олж мэдсэн ба 2014 оны 11 сард гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан. Гэтэл шүүгч мөн л захиалагчийг бүхий л доголдлыг мэдсээр байж хүлээн авсан гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас батлагдсан зургаар цутгамал төмөр бетон хананы гадна хөөсөнцөр дулаалга, түүний гадна өнгөлгөөний хана хийгдэхээр заагдсан байсан ч гүйцэтгэгч барилгын 1 давхрын зүүн талын нийт 43,4 метр квадрат хананд дулаалга хийхгүй орхисон, дулаалгыг дахин хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэн “Итгэлт эстимэйт” ХХК-иар гаргуулсан үнэлгээ, төсвөөр тухайн хэсгийн өнгөлгөөг буулгаж, дулаалга хийж, дахин өнгөлгөө хийх ажил, материалын тооцоог үндэслэн 11,405,565 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Энэхүү үйл баримт, доголдол нь барилгыг хүлээн авах үед захиалагч огт мэдээгүй байсан, комиссын үзлэгт хамрагдаагүй, хурлын тэмдэглэлд огт тусгагдаагүй доголдол юм.

2014 оны 04 сарын 02-ны өдрийн 2014/202 дугаар Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актаар Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах иргэн Х ийн барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн болно. Тус акт гарах болсон үндэслэл нь 2014 оны 02 сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн 4-р хороо, иргэн Х ийн үйлчилгээний барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурал юм. Тухайн хурлын үеэр комиссын гишүүд тус бүрийн хариуцсан асуудлаар 40 гаруй санал гаргаж, ажлын даалгавар өгсөн. Гэвч тухайн хурлаас хойш “К ” ХХК-ийн захирал, инженер, ажилтнуудаас нэг ч хүн барилга дээр ирээгүй, дутуу ажлыг гүйцэтгэхээр ажиллаагүй ба дахин комиссын хурал барилга дээр болон өөр газар хийгдээгүй. “К ” ХХК-ийн зүгээс ерөнхий инженер Б.Энхбаяр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлт гэх огт хийгдээгүй ажлыг хийсэн болгож худал тайлбар бичиж өгснөөс өөрөөр барилгын ажлыг дуусгах, доголдлыг арилгах тухай ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Энэ тухай захиалагч байнга шаардаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Гэвч анхан шатны шүүх энэхүү хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар огт үнэлээгүй, үнэлэхийг хүсээгүйн зэрэгцээ гүйцэтгэгч “К ” ХХК нь өөрсдийн хийсэн ажил болон комиссын гишүүдийн даалгаврыг биелүүлсэн гэх нотолгоогүй байхад захиалагчийг мэдсээр байж доголдолтой нь барилгаа хүлээн авсан мэтээр дүгнэснийг Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Барилгыг ашиглалтад оруулах 2014 оны 02 сарын 12-ны өдрийн комиссын хурлын тэмдэглэлээс үзэхэд улсын байцаагч н.Цэрмаа, “салхивчний гүйцэтгэлийн зургийг автороор хянуулах, хөргөлт агаар өгөх систем хийхгүй болсон шалтгаанаа гаргаж тайлбар өгөх” гэснээс үзэхэд хариуцагч нь агааржуулалтын системийг ашиглах боломжтой гэж үзээд 2014 оны 04 сарын 02-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн байна” гэж дүгнэн “К ” ХХК-ийг үүргээ биелүүлсэн мэтээр хуулийг буруу тайлбарлаж ташаа дүгнэлт хийж байна. Мөн барилгын агааржуулалт салхивчны системийг орох гарах тус тусдаа хоёр хоолой байх ёстой, давхар бүрт агаар соруулах тоног төхөөрөмж угсрагдсан байх ёстойгоос агаар сорох хоолой, төхөөрөмж огт угсрагдаагүй тухай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01977 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч нарын 01/2018 тоот дүгнэлтээс нарийвчлан ойлгож, доголдлыг мэдсэнээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн юм.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар хэрвээ гэрээнд ажлын үр дүнгийн тоо хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. Талууд барилгыг ашиглалтад оруулах Улсын комисс ажиллах үед ажлын үр дүн гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэж хүлээн авчээ” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т заасныг буруу тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээндээ ажлын үр дүнгийн тоо хэмжээ, чанарын талаар тодорхой буюу үндсэн гэрээний 1.1 /зоорийн хамт 8 давхар 2870 м2 гэж/, 5,2 /барилга угсралтын ба инженерийн шугам сүлжээний ажлыг баталгаажсан зураг төсөв, барилгын норм дүрэм, стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэнэ/, 5,5 /гадна дулаан, цэвэр бохир ус, гадна холбоо цахилгааны шугам сүлжээг 20 метр 1 дотор гэрээний үнэнд багтаан гүйцэтгэнэ гэж/-д, хавсралт гэрээнүүдэд тус тус тусгасан байтал үгүй мэтээр нотлох баримтыг гуйвуулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Харин барилгын агаар сэлгэлтийг зураг төсөлд хэрхэн тусгасан, бодит байдал дээр ямар байгаа тухай, барилгын норм дүрэм стандартын дагуу гүйцэтгээгүй нь шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлт тодорхой болгосон. Шүүх, шүүгч болон барилгын захиалагч барилгын тусгай мэргэжлийн хүн бүхэн барилгын норм дүрэм, стандарт ямар байдаг тухай мэдэхгүй, мэдэх үүрэггүй, харин Барилгын тухай хууль тогтоомжийн дагуу барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, түүний инженер техникийн ажилтнууд барилгын норм дүрэм, стандартыг мэдэж байх, биелүүлэх, түүний шаардлагыг хангасан барилга байгууламж барих үүрэгтэй байдаг. Гэтэл шүүх “К ” ХХК-ийн энэхүү үүргээ биелүүлээгүй үйлдэл нь хэрэгт авагдсан 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 01/2018 дугаар дүгнэлтээр хангалттай  тогтоогдож байхад захиалагчийг буруутган хуулийг тал бүрээс нь буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэр гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр Барилгын агаар сэлгэлтийн зураг төсөл нь барилга архитектурын технологийн зургийг үндэслэн “Олон нийт иргэний барилга, БНбД 31-03-03” “Агаар сэлгэлт кондиционер БНбД 41-01-11”, “Галын аюулгүй байдал БНбД 21-01-02” зэрэг норм дүрмийг баримтлан дараах байдлаар төлөвлөсөн. Үүнд: Барилгын архитекторын технологийн зургаар бохирдсон агаар зайлуулах системийн /АСС1-9/ 9ш цайрдсан нимгэн төмөр босоо хоолой /300*200, 350*250, 350*300, 400*300/ байхаар, агаар дамжуулах хэвтээ шугам ЕС1-ээс ЕСП-д /200*100/ хөндлөн огтлолтой цайрдсан төмөр хоолой байхаар, Чех Улсын Ремак фермийн RS63/45-4Е дээврийн сэнсийг /АСС1-9/ тус бүрд угсрахаар, цэвэр агаар оруулах АОС 1-4 системийг 1,2,3,4 дүгээр давхрын өрөө тасалгаануудад зориулан VENTUS VS-21 R-НС маркийн иж бүрдэл төхөөрөмж, барилгын 1,5,6,7 давхрын өрөө тасалгаануудад зориулж агаарыг хөргөдөг R/Ү/71DQV2С, FVНG72J2СW,N маркийн 21 ширхэг хос тоног төхөөрөмжийг барилгын гадна, дотор талд угсарч хоорондоо хамааралтай ажиллахаар төлөвлөсөн. Гэтэл гүйцэтгэгч “К ” ХХК нь Барилгын архитекторын технологийн зургаар бохирдсон агаар зайлуулах системийн /АСС1-9/ 9ш цайрдсан нимгэн босоо төмөр /300*200. 150*250. 350*300. 400*300/ хоолойн хөндлөн огтлолын талбайг гол дамжуулах хэсэгт 2-3.8 цахин багасгаж ф200-ийн /РҮС/ хуванцар хоолойгоор угсарсан. Мөн агаар дамжуулах хэвтээ салбар шугамүудыг хуванцар хоолойгоор угсарсан ба ЕС1-ээс ЕС11-д /200*100/ хөндлөн огтлолтой цайрдсан төмөр хоолой байхыг хөндлөн огтлолын талбайг гол дамжуулах хэсэгт 2,5 дахин багасгаж ф100-ийн /РVС/ хуванцар хоолойгоор угсралт хийсэн. Энэ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчдийн дүгнэлт, фото зургаар нотлогдож байгаа ба тус дүгнэлтэд “Хуванцар хоолойгоор угсралт хийснээс болж зураг төслөөр тооцоологдсон гол дамжуулах хоолойн нэвтрэн өнгөрүүлэх агаарын тоо хэмжээ батлагдсан зураг төслөөс 2-3,8 дахин бууруулсан байна. Угсарсан агаар дамжуулах гол болон салбар хоолойн агаар нэвтрүүлэх хөндлөн огтлолын талбай нь зураг төслөөр тусгагдсан агаарын тоо хэмжээг нэвтрүүлэх ямар ч боломжгүй нь тооцоогоор нотлогдож байна. Мөн Чех Улсад үйлдвэрлэгдсэн сэнсийг угсрах байсан боловч БНХАУ-д үйлдвэрлэсэн 6ш сэнс угсарсан, АСС 7,8,9-д дефлектор угсарсан ба тэнхлэгийн сэнснүүдийн агаар сорох бүтээмж нь зураг төслийн шаардлагыг хангахгүй бөгөөд зураг төслийг өөрчлөн угсарсан. Гаднаас агаар соруулах системүүдийн тоног төхөөрөмж, хоолой огт угсрагдаагүй” гэж бодит байдлыг тусгасан ба “...норм дүрэм, Барилгын хөгжлийн төвийн Магадлалын хэлтэст хянагдаж батлагдсан зураг төсөл зөрчсөн, агаар сэлгэлт муу явагдаж байгаагаас хүчилтөрөгчийн дутагдал, өрөө тасалгаа дахь агаарын хэм, нүүрсхүчлийн хий, чийг болон хорт бодисын хэмжээг нэмэгдүүлж хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Тиймээс Барилгын агаар сэлгэлтийн системийн угсралтыг зураг төслийн дагуу болгож зайлшгүй хийлгэх шаардлагатай” гэж дүгнэсэн юм. Үүний дагуу “Итгэлт эстимэйт” ХХК-д хүсэлт гаргаж одоо хийгдсэн байгаа агааржуулалтын системийн зардал, зургийн дагуу хийх төсвийн зөрүү, агааржуулалтын системийг зургийн дагуу болгож дахин гүйцэтгэхэд шаардлагатай ажлын тооцоо, төсвийг хууль тогтоомжийн дагуу гаргуулсан болно. Үүнд: Агааржуулалтын системийг зургийн дагуу хийж гүйцэтгэхэд гарах төсөв 128,902,452 төгрөг байснаас одоогийн хийсэн байгаа агааржуулалтын системийн үнэлгээ нь 20,072,762 төгрөг буюу 108,829,690 төгрөгийн зөрүүтэй байна. Захиалагч нь 1,774,200,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхдөө Барилга угсралтын ажлын гэрээний 5.2-т зааснаар үүргээ гүйцэтгэнэ хэмээн найдаж төлсөн. Нэгэнт гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ 52,200,000 төгрөгөөр илүү төлж биелүүлсэн хэрнээ барилгынхаа чанарын муутгасан сонголт хийж, түүнийгээ хүлээн зөвшөөрч ажлын үр дүнг хүлээн авна гэдэг нь эрүүл хүний санаанд орохгүй зүйл юм. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт гүйцэтгэгч “К ” ХХК-д хөлс, зардлыг нь төлсөн ч өөрөө зардал гарган худалдан авсан материал, гүйцэтгэсэн ажлуудын хөлсийг гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол гэж үзэн нийт 52,692,968 төгрөгийг нэхэмжилсэн болно. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 34,038,146 төгрөгийг “Захиалагч өөрийн зардлаар цонх хийлгэж 17,220,666 төгрөгийн зардал гаргасан нь “Кей Ви Ди” ХХК-ийн тодорхойлолтоор нотлогдож байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч хариуцагч талын тайлбараар үгүйсгэгдэхгүй байна. Барилгын 1 давхрын фасад, цонх дахин хийлгэхэд гарсан зардалд гэрээгээр тохирсон ажлын хөлсөнд багтаахаар тохиролцсон гэж үзэх тул 17,220,666 төгрөгийг хариуцагч буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна. Барилгыг ашиглалтад өгөх явцад дулаан ус, цахилгааны төлбөр болон тоолуурыг хөдөлгөсний улмаас эрх бүхий байгууллагаас тавьсан торгуулийн төлбөрт захиалагч нь гүйцэтгэгчийн өмнөөс 414,200 төгрөг төлсөн байна. Дээрх байдлаар захиалагч нь гүйцэтгэгчийн хариуцвал зохих төлбөрийг гаргасан байх тул гарсан зардал, төлбөрийг буцаан шаардах эрхтэй” гэж үзсэн байж ижил агуулга бүхий барилгын хаяавчийг хийх бетон зуурмаг худалдан авсан зардал болох 3,675,000 төгрөг, дотор заслын ажлын дутууг гүйцээсэн материал болон ажлын хөлсний зардал 7,000,000 төгрөг, гэрэлтүүлгийн материалын үнэ 5,059,953 төгрөг, цахилгаан холболтын “К ” ХХК-ийн хариуцах зардлыг нэгтгэн захиалагчаас төлсөн 9,629,035 төгрөг, барилгын ажлын дараах цэвэрлэгээг гүйцэтгэсэн 5,508,654 төгрөг, нийт 30,872,642 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна. Эдгээр зардлууд нь барилгын ажлын гүйцэтгэлийн явцад гаргасан ба шүүхийн үндэслэлтэй гэж үзэн хангахаар шийдвэрлэсэн цонх, лифтний үнэ зэргийн нэгэн адил захиалагчаас гарах ёсгүй байсан, гүйцэтгэгчид урьдчилан төлсөн хөлсөнд багтсан зардлууд юм. Гэтэл шүүх нэг хууль зүйн үндэслэл бүхий санхүүгийн баримтуудаар нотлогдож буй хэд хэдэн зардлын зарим хэсгийг хангаж, заримыг нь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Захиалагч гүйцэтгэгч нарын хувьд Барилга угсралтын ажлын гэрээг дүгнэсэн, ажлын үр дүнг хүлээн авсан тухай ямар нэгэн баримт байхгүй бөгөөд зөвхөн хууль тогтоомжийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах НЕТГ-ын комиссын акт л байгаа. Эцэст нь дүгнэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор биш зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар үнэлж, зарим чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүйгээр зөвхөн барилга байгууламжийг комисс хүлээн авах үед барилгын бүхий л доголдлыг захиалагч мэдсээр байж хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг, 352 дугаар зүйлийн 352.2 дах хэсгийг хэрэглэвэл зохих байсныг хэрэглээгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 287,498,660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2, 353.3 дэх хэсгүүдэд заасныг хэрэглэх ёсгүй байсныг хэрэглэсэн, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/03493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:             

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав. 

Нэхэмжлэгч “К ” ХХК нь хариуцагч Х , Б  нарт холбогдуулан 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 6-ийн 5-д заасны дагуу ажлын хөлсний үлдэгдэл 3,815,000.00 төгрөг, гэрээний 6 дугаар хавсралтын 6 дахь хэсэгт заасны дагуу Улсын комиссын акт зурагдсанаас хойш 3 сарын дараа төлж барагдуулах ёстой байсан ажлын хөлс 100,000,000.00 төгрөг нийт 103,815,000.00 төгрөг шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 321,563,806.00 төгрөг  шаардсан байна. 

“К ” ХХК, хариуцагч Х  нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт зоорийн давхрын хамт 8 давхар 2,870 м.кв талбайтай барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулагдсан, гүйцэтгэгч барилгыг барьж Улсын комисст 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

Гэрээгээр барилга угсралтын ажлын 1 м.кв үнийг 600,000.00 төгрөгөөр, 2,870 м.кв талбайн ажлыг нийт 1,722,000,000.00 төгрөгөөр тохиролцсон ч 2013 оны 10 дугаар сард хавсралт 5, 2014 оны 1 дүгээр сард хавсралт 6-г үйлдсэн, гэрээний хавсралт 6-ийн 5-д заасны дагуу ажлын хөлсний төлөгдөөгүй үлдэгдэл 3,815,000.00 төгрөг, хавсралт 6-ийн 6-д заасны дагуу төлөгдөөгүй 100,000,000.00 төгрөг үлдсэн, ажлын хөлсөнд нийт 1,774,200,000.00 төгрөг төлөгдсөн зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Х ээс 103,815,000.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “К ” ХХК-иас 34,038,146.00 төгрөг гаргуулж хариуцагч Х д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 287,498,660.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, ажлын хөлсний төлөгдөөгүй үлдэгдэл 103,815,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахдаа анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. 

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс алдангид 14,903,280.00 төгрөг, зардалд 17,220,666.00 төгрөг, лифтний төлбөр 1,500,000.00 төгрөг, цэвэр усны торгууль 414,200.00 төгрөг, нийт 34,038,146.00 төгрөгийг төлүүлэхээр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй байна. 

Хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.  

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд барилгын агаар сэлгэлтийн системийг зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх төсөв 128,902,452.00 төгрөгийг нэхэмжлэгч бодитоор авсан боловч одоогийн хийсэн ажлын үнэлгээ нь 20,072,762.00 төгрөг байна, зөрүү 108,829,690.00 төгрөг, барилгын зургийн дагуу барилгад агаар сэлгэлтийн систем шинээр хийхэд 65,127,702.00 төгрөг гаргуулна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд барилгын салхивчийн системийг сорилтоор шалгасан актыг 2013 оны 10 сарын 08-ны өдөр үйлдсэн, захиалагч /Б /, гүйцэтгэгч гарын үсгээ зурж баталгаажуулсан, захиалагч барилгыг хүлээн авсан хэдий ч  шүүхээс томилогдсон шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр  агаар сэлгэлтийн систем, аргаар дамжуулах хоолойг батлагдсан зураг төслийн дагуу хийгээгүй нь тогтоогдсон, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар барилгын зургийн дагуу агаар сэлгэлтийн систем шинээр хийхэд  65,127,702.00 төгрөгийн зардал гарах тооцоо хийгджээ.

Барилгын салхивчийн систем сорилтоор шалгах үед доголдол илэрсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр агаар сэлгэлтийн системийг шинээр хийхэд гаргах зардлын хэмжээг 65,127,702.00 төгрөгөөр тогтоосон байх тул энэ зардлын 50 хувийг барилгын ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчээс гаргуулах нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6., 351 дүгээр зүйлийн 351.1.4-т нийцнэ гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Х ийн гомдлын зарим хэсгийг хангах нь   зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 327 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/03493 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтын “34,038,146 төгрөг” гэснийг “66,601,997.00 төгрөг” гэж, “287,498,660 төгрөгт” гэснийг “254,961,809.00  төгрөгт” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “328,140 төгрөг” гэснийг “490,960 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Х ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 1,595,444.00 /нэг сая таван зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН