Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 10

 

“Т у” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0585 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0744 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: “Т у” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Ц, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0585 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т у” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оны 02 дугаар сарын 15-ны А/90 дүгээр захирамжийн “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т зааснаар “Ю Э Э С” ХХК-ийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан 46 м.кв газрын хэмжээг 196 м.кв болгон нэмэгдүүлэхийг даалгуулах тухай бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.  

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0744 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0585 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т у” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Т у” ХХК-ийн 75 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад, мөн тус компанийн 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэж, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагч нийслэлийн Засаг даргад тус тус даалгасугай гэж, 2 дахь заалтын ...хэсгийг... гэснийг хасч, 3 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК-ийн захирал А.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0585 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0744 дүгээр магадлалыг гуравдагч этгээд болох манай компанийн зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 123 дугаар зүйлийг үндэслэн дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч “Т у” ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар 128/ШШ2017/0585 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0744 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд анхан болон давж заалдах шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг дор дурдсан 5 үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн. Тухайлбал, 1) Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 2) Нэхэмжлэгч уг газарт барилга барихаар баримт бичгүүд бүрдүүлж, тодорхой зардал гаргасан байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу, 3) хариуцагчийн тайлбарын үндэслэл нь захирамжийн үндэслэл биш, 4) хариуцагч захирамж гаргах болсон үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, нэхэмжлэгчид танилцуулаагүй, 5) хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамжаа гаргахдаа болон гаргасны дараа нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

Шүүхийн магадлалд "... Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч “Т у” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Газрын тухай хуулийн дээрхи зохицуулалтын зорилго нь захиргааны актын эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, итгэлийг хамгаалах үүднээс захиргаа өөрийн гаргасан шийдвэрээ хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр, ялангуяа өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой бол хүчингүй болгох эрх хэмжээг нь хязгаарлах, нийтийн эсхүл бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн зэрэг хуульд заасан зайлшгүй тохиолдолд л хүчингүй болгоход чиглэгдэх учиртай. Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд хэрэглэгдэх юм. Гэтэл энэ тохиолдолд захиргааны өөрийнх нь буруутай үйл ажиллагааны зэрэгцээ нэхэмжлэгчид газар эзэмшүүлсний улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл байдал үүсээгүй байна ... нэхэмжлэгч ... тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулсан байхад Газрын тухай хуулийн дээрхи зохицуулалтыг үндэслэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу байна ... маргаан бүхий акт хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлээр гараагүй ... захирамжид заагаагүй “маргаан бүхий 75 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч” байгаа гэсэн тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасныг хүлээн авах боломжгүй ... хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь үүссэн гэх нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоогоогүй, А/394 дүгээр захирамж гарах болсон үндэслэлийг нотлосон баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчид энэ талаар танилцуулаагүй атлаа 2012 оны А/92 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна ... хариуцагч А/394 дүгээр захирамжийг гаргахдаа болон гаргасаны дараа нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй ... анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг хууль ёсны гэж дүгнэсэн нь Газрын тухай хуульд нийцэхгүй байна ...” гэсэн үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 (Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.), Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх (Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.) хэсгийг үндэслэн “Т у” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн үндэслэл болгосон хоёр хуулийн заалт, үндэслэлийн зөвхөн 1 үндэслэлийг буруутгаж баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, нэг талыг барьсан гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь захирамж гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг гол үндэслэл болгосон байна. Уг заалтад Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/92 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, урт цагааны урд талд 75 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан буюу “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчин дүүргийн Засаг даргын захирамжаар эрх олгож шийдвэрлэсэн байх тул дүүргийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан хүчингүй болгож шийдвэрлэсэн гэсэн тайлбарыг хэлсэн. Уг тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхийн маргаан бүхий акт хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлээр гараагүй ... захирамжид заагаагүй “маргаан бүхий 75 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч” байгаа гэсэн тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасныг хүлээн авах боломжгүй ... хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь үүссэн гэх нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоогоогүй, А/394 дүгээр захирамж гарах болсон үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй ...” гэсэн үндэслэл муутай. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулах үүрэгтэй, шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.

Мөн магадлалд “... нэхэмжлэгчид энэ талаар танилцуулаагүй атлаа 2012 оны А/92 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна ... хариуцагч А/394 дүгээр захирамжийг гаргахдаа болон гаргасны дараа нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй ...” гэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан гэдгийг илэрхийлэхүйц дүгнэлт. Учир нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/394 дүгээр захирамжийн 2 дахь заалтад Газар эзэмших эрх нь хүчингүй болсныг “Т у” ХХК-д мэдэгдэж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмч, газрын харилцааны алба /М.Алтансүх/-д даалгасугай.” гэж заасан байна.

Давж заалдах шатны шүүх “... Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч “Т у” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ...” гэж үзсэн.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасан.

Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг 61.1 дэх заалтыг илэрхий буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэстэй. Уг хуулийн заалтад захиргааны акт нь 1.Хууль тогтоомж зөрчсөн, 2.Газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн хоёр нөхцөл агуулагдаж байна. Захиргааны байгууллага уг хуулийн заалтыг хэрэглэхдээ “хууль тогтоомж” зөрчсөн гэдэг үндэслэлийг хэрэглэсэн нь тодорхой байхад давж заалдах шатны шүүх захиргааны акт гаргасан хариуцагчийн шийдвэр гаргасан анхны хүсэл зоригийг өөрөөр тайлбарлаж, “газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашиг” хөндөгдсөн нөхцөл байдал үүсээгүй байна гэсэн нь үндэслэл муутай юм.

  1. Хууль тогтоомж зөрчсөн

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/92 тоот захирамжаар “Т у” ХХК-д 75 м.кв газрыг “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ийн эзэмшиж буй 42 м.кв газартай давхцуулж, шинээр олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 /нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;/ , 31 дүгээр зүйлийн 31.2 /Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна./, 31.3. /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна./, 33 дугаар зүйлийн 33.1.2. /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно/, 33.4 /Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

1. Газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны 567 дугаар захирамжаар “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-д эзэмшүүлсэн 42.м.кв газартай давхцуулж олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна./ зөрчсөн байна.

Мөн давж заалдах шатны шүүх нэг талыг барьж "... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/394 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй боловч дээрхи байдлаар хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс уг актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ ..” гэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэр гаргахгүйгээр өөрийн үзэмжээр нэхэмжлэгч талд илт ашигтайгаар нэхэмжлэлийн шаардлагад “засвар” оруулан шийдвэрлэсэн нь буруу юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжаар “Т у” ХХК-д 75 м.кв газар олгосон байх бөгөөд уг газар нь “Улаанбаатар сан” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжаар олгосон 42 м.кв 18642311326202 нэгж талбарын дугаар газартай давхацсан байгааг шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөхгүй байгаад гомдолтой. Энэ байдлыг ч сайтар шалгах үүргээ шүүх огт биелүүлээгүй.

Харин “Т у” ХХК-д 75 м.кв газар олгосон кадастрын зураг одоог хүртэл газрын мэдээллийн санд суугаагүй болно.

Учир нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн 1600 га талбайд Дүүргүүдийн Засаг даргын олгосон кадастрын зургуудыг суулгахгүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ биш байна.

3. Анхан шатны шүүх тогтоолдоо “... НИТХ-ын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Улаанбаатар сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан байна .. “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр татан буугдснаар түүний газар эзэмших эрх дуусгавар болсон байхад шилжүүлэхийг хүссэн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг шалгалгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хуулийн заалтыг зөрчсөн байна ...” гэсэн дүгнэлт хийж Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/247, 2017 оны А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Бодит байдал дээр “Ю Э Э С” ХХК нь “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан байдаг. “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ нь гэрээ байгуулсан өдрөө уг газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан. Талууд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаад хүсэлтээ гаргасан байхад уг газар захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас “Ю Э Э С” ХХК-д биш, өөр этгээд уг газар эзэмших эрх шилжсэн тул уг актыг хүчингүй болгуулж, дараа нь улмаар уг газар эзэмших гэрээний дагуу “Ю Э Э С” ХХК-нд уг газар шилжсэн юм. Газар эзэмших цаг хугацаа алдаж шилжсэн гуравдагч этгээдээс болоогүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон юм. Энэ нөхцөл байдлыг шүүх шалгаж тогтоосон зүйл байхгүй.

НИТХ-ын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгахаар шийдвэрлэсэн боловч уг байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүртгэлээс одоог хүртэл хасагдаагүй байгаа.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.” гэж заасан.

Иймд шүүх “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын хуулийн этгээдийн эрх зүйн чадварын талаар эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө НИТХ-ын тогтоолыг биш, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлагааг авч хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа .. цаг хугацааны хувьд “Ю Э Э С” ХХК, “Улаанбаатар сан”-ын хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдахаас өмнө буюу 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “Т у” ХХК нь “Улаанбаатар сан”-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, “Улаанбаатар сан” ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах 42 м.кв газарт хамтран нийтийн бие засах газар, Монгол урлалын нэгдсэн барилгыг барихаар тохиролцсон, энэ гэрээ нь хүчин төгөлдөр байна, хариуцагч нь гуравдагч этгээдийн гаргасан газар эзэмших хүсэлт, холбогдох баримтыг хянан шалгах үүргээ хангалтгүй биелүүлэн 42 м.кв газрыг эзэмших эрхийг “Ю Э Э С” ХХК-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргыг “хянан шалгах үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь газар эзэмших эрх, түүнийг шилжүүлэх материалыг холбогдох хуульд заасан баримтыг үндэслэн шилжүүлдэг журамтай. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний Газрын алба нь хуульд заасан үүргийнхээ дагуу газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой холбогдох материалыг хүлээн авч шийдвэрлэдэг. Хуульд зааснаас өөр баримт материал шаардах, хянан шалгах эрх, үүрэг байхгүй юм. Иймд хариуцагчийг хуульд заагаагүй ямар нэгэн гэрээ, баримт материалыг олж мэдээгүй, мэдэх ёстой байсан, хянан шалгах ёстой гэж буруутгах үндэслэл байхгүй юм.

Мөн хариуцагч тал зөвхөн хуульд заасан гэрээ, баримт бичгийг хүлээн авсан бол шилжүүлэх шийдвэр гаргах хуулиар хүлээсэн үүрэгтэй, энэ үүргээ биелүүлсэн байгааг буруутгах боломжгүй.

Учир нь “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны 567 тоот захирамжаар олгогдсон 42 м.кв газрыг “Ю Э Э С” ХХК нь “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, Нийслэлийн Засаг даргын 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг “Ю Э Э С” ХХК-д шилжүүлсэн байна.

Энэ нь Газрын тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 /Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна:

38 3.1. энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;

38 3.2. шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;

38 3.3. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх./

хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан хэт нэг талыг барьсан байна.

Мөн давж заалдах шатны шүүх “цаг хугацааны хувьд “Ю Э Э С” ХХК, “Улаанбаатар сан”-ын хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдахаас өмнө “Т у” ХХК нь “Улаанбаатар сан” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.” гэжээ. “Т у” ХХК болон “Улаанбаатар сан” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь хамтран ажиллах гэрээ бөгөөд харин “Улаанбаатар сан”, “Ю Э Э С” ХХК-ийн хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Талуудын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхэд “Улаанбаатар сан”, “Т у” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь хориглох, хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Мөн Давж заалдах шатны шүүх нь Нийслэл, дүүргийн Засаг даргын хуулиар олгосон бүрэн эрхэд халдаж 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасан нь хуульд нийцэхгүй юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0585 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0744 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэд хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Т у” ХХК-д маргаан бүхий 75 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна. 

Дээрх газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасан байна.

Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хуульд заасан эрхийн хүрээнд урьд гарсан захирамжаа хүчингүй болгосон, маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам  болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар гэж, давж заалдах шатны шүүх Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл үүсээгүй гэж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг өөр өөрөөр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.    

Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн засаг дарга хэрэгжүүлэхээр заасан газарт нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн талаар ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс гомдол гаргаж байсан эсэх, тухайн газар нь Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгасан байна.  Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварын талаарх харилцааг зохицуулсан байх бөгөөд тус газрын эрх залгамжлалын асуудал болон эрх зүйн чадварын талаар тодорхойгүй байхад нэхэмжлэгчийг  “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна хэмээн дүгнэж маргаан бүхий 42 м.кв газрыг “Т у” ХХК-нд нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0585 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0744 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АТАРЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧ                                                       Х.БАТСҮРЭН