Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0744

 

2017 оны 10 сарын 24 өдөр                   Дугаар 221/МА2017/0744                          Улаанбаатар хот

        

 “Т У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, А.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0585 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор, “Т У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0585 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2, 39 дүгээр зүйлийн 39.2.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын захирамжийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оны 02 дугаар сарын 15-ны А/90 дүгээр захирамжийн “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т зааснаар “Ю Э Э С” ХХК-ийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “46 м.кв газрын хэмжээг 196 м.кв болгон нэмэгдүүлэхийг даалгуулах” тухай бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоож, “Т У” ХХК-ийн 75 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад, тус компанид 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж эзэмшүүлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг нийслэлийн Засаг даргад тус тус даалгах” гэсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдсон талбайд Монгол урлан төвийн барилгын зураг төсөл хийгдсэн, зохих зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагаас авч барилгын ажил эхлүүлэх гэж байгааг мэдсээр атлаа газар эзэмших эрх олгогдсоноос хойш 3 жилийн дараа “хуульд нийцээгүй захирамж” гэсэн үндэслэлээр 75 м.кв газар эзэмших эрх олгосон 2012 оны А/92 дугаар захирамжийг гэнэт хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч компани нь эдийн засгийн хувьд болон цаг хугацаа, хүч хөдөлмөрөөрөө асар их хохирч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх анхаарч үнэлж дүгнээгүй. Анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг нотолсон хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь:

“Т У” ХХК-ийн хувьд 75 м.кв газар эзэмших эрхтэй болсноос хойш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ зөрчөөгүй, газар эзэмших эрхийг дуусгавар болгох мөн хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй байсан.

Манай компанийн хувьд уран дархны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, 40 гаруй уран дархчуудыг ажлын байртай болгохоор жижиг дунд үйлдвэрийн 900 сая төгрөгийн төслийн зээл авч Монгол урлан төвийн барилгын зураг төслийг хийлгэж, дээрх газарт барилгыг барихтай холбогдсон 15 төрлийн зөвшөөрөл, дүгнэлт зэргийг эрх бүхий газраас нь авсан, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй 7 иргэний орон сууцыг зах зээлийн үнээс 2 дахин илүү үнээр худалдан авсан байсан.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дээрх захирамжийг гаргахад Чингэлтэй дүүргийн Засаг даргын үйлдвэр үйлчилгээ хариуцсан орлогч дарга асан Ц.С, хуулийн мэргэжилтэн н.Б нар хувийн ашиг сонирхлоор оролцож, Ц.С эхнэрийнхээ “Ю Э Э С” ХХК-д уг газруудыг олгуулсан.

Нийтийн бие засах газрыг өөрийн хөрөнгөөр барьж орон нутгийн өмчлөлд шилжүүлж өгөх тухай Улаанбаатар сантай байгуулсан хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр байсан.

Хариуцагч дүүргийн Засаг дарга манай компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн А/394 дүгээр захирамжийг гаргахаасаа өмнө болон дараа нь бидэнд мэдэгдсэн бол бидний хувьд орон сууцны заримыг нэмж худалдаж авч дахин хохирохгүй байсан.

Нэхэмжлэгч “Т У” ХХК-ийн эзэмших, ашиглах эрхтэй 75 м.кв болон 42 м.кв газрыг тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах гомдол гаргаж байсан “Ю Э Э С” ХХК-д хууль зөрчиж олгосон зэргээс үзэхэд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж хохироосон 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг хариуцагч дүүргийн Засаг даргаас гаргах шаардлага үндэслэл байхгүй болохыг харуулж байна. Газар олгосон захирамж хуульд нийцээгүй гарсанд нэхэмжлэгч компани гэм буруугүй бөгөөд 75 м.кв газрыг дүүргийн Засаг дарга олгодоггүй хуультай болох хариуг тухайн үед нь өгсөн бол манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дээрх байдлаар хохирохгүй байсан нь хэнд ч илэрхий юм.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжийн “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл: а) “Улаанбаатар сан” ОНӨУҮГ болон “Т У” ХХК-ийн хооронд 42 м.кв газарт нийтийн бие засах газрыг өөрийн хөрөнгөөр барьж өгөхөөр байгуулсан 2011 оны гэрээ хүчин төгөлдөр байгаа. б) Гэрээгээр ашиглаж байгаа газрыг газар ашиглагчид мэдэгдэхгүйгээр дуудлага худалдаа явуулсан мэт баримт бүрдүүлж “Ю Э Э С” ХХК-д олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар эзэмших, ашиглахад тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн. в) Манай компани уг 42 м.кв газарт хамтран ажиллах гэрээг Улаанбаатар сантай байгуулаагүй хамтран ажиллахаар тохиролцоогүй бол түүний хажуу дахь 75 м.кв газрыг эзэмших шаардлага огт байхгүй байсан. Ажлын байр бий болгохын тулд их хэмжээний хөрөнгө зарахгүй байсан. г) 42 м.кв газрын зориулалт өөрчлөөгүй, өөрийн хөрөнгөөр 00 барьж төрд шилжүүлэх байсан.

Иймд “Т У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “... 1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нөхцөл байдлыг үнэлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэж тус тус заажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Улаанбаатар сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан байна. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д газрыг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглахаар зохицуулсан бөгөөд газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан бол газар эзэмших эрх дуусгавар болохоор мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заажээ. Дээрх нөхцөл байдал болон хуулийн зохицуулалтаас дүгнэвэл “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр татан буугдсанаар түүний газар эзэмших эрх дуусгавар болсон байхад шилжүүлэхийг хүссэн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг шалгалгүйгээр газар эзэмших эрх шилжүүлсэн нь хуулийн заалтыг зөрчсөн байна гэж үзэж нийслэлийн Засаг даргын 2016 оны А/247, 2017 оны А/90 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн шийдвэр болжээ.

Учир нь “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ нь татан буугдахаасаа өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Ю Э Э С” ХХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, мөн өдрөө Нийслэлийн өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/ газар эзэмших эрхээ шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасан байдаг бөгөөд энэхүү хүсэлтийг болон “Ю Э Э С” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хууль болоод холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзнэ. 

Нэгэнт газар эзэмших эрх анх олгосон захиргааны байгууллагын акт буюу нийслэлийн Засаг даргын 2016 оны А/247 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй тул олгосон 42 м.кв газрын хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлсэн нийслэлийн Засаг даргын 2017 оны А/90 дүгээр захирамж нь хуулийн дагуу гарсан байх тул холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, шүүхээс хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Компанийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Бүртгэх байгууллага компанийг улсын бүртгэлээс хассанаар түүнийг татан буугдсанд тооцох бөгөөд энэ тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтаар “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ нь улсын бүртгэлээс хасагдаагүй байгаа тул уг байгууллагыг татан буулгаагүй гэж үзэж байна.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0585 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Т У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Т У” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/92 дугаар захирамжаар урт цагааны урд байрлах 75 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2016 онд “эзэмшил газрын хэмжээг 196 м.кв болгон нэмэгдүүлж, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулуулах” хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг Газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар хурлаар хэлэлцээд зөвшөөрсөн боловч нийслэлийн Засаг дарга “нэхэмжлэгчийн газар эзэмших эрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжаар хүчингүй болсон байна” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан тул “Т У” ХХК нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, “Т У” ХХК-ийн 75 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч “Т У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтын зорилго нь захиргааны актын эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, итгэлийг хамгаалах үүднээс захиргаа өөрийн гаргасан шийдвэрээ хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр, ялангуяа өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой бол хүчингүй болгох эрх хэмжээг нь хязгаарлах, нийтийн эсхүл бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн зэрэг хуульд заасан зайлшгүй тохиолдолд л хүчингүй болгоход чиглэгдэх учиртай.

Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд хэрэглэгдэх юм.

Гэтэл энэ тохиолдолд захиргааны өөрийнх нь буруутай үйл ажиллагааны зэрэгцээ нэхэмжлэгчид газар эзэмшүүлсний улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл байдал үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан урьдчилсан нөхцөл хэргийн бодит байдалд бүрдээгүй төдийгүй нэхэмжлэгч уг газарт барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах зэрэг шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, уг газрын ойролцоо орших орон сууцнуудыг худалдан авах, барилгын зураг төсөл хийлгэх зэргээр тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулсан байхад Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу байна.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий акт хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлээр гараагүй тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2012 оны А/92 дугаар захирамж Газрын тухай хууль тогтоомжийн аль зүйл, заалтыг хэрхэн зөрчсөн гэж үзсэн хууль зүйн үндэслэлийг А/394 дүгээр захирамжид заагаагүй атлаа “маргаан бүхий 75 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч” байгаа гэсэн тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасныг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул захиргааны байгууллага, албан тушаалтан нь иргэний газар эзэмших эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд, тухайн үндэслэл тус бүрийг шалгаж, нотлох баримтаар тогтоосон байх учиртай.

Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь үүссэн гэх нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоогоогүй, А/394 дүгээр захирамж гарах болсон үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчид энэ талаар танилцуулаагүй атлаа  2012 оны А/92 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

 

Харин нийслэлийн Засаг даргын хувьд хууль бус захиргааны актад үндэслэн газар эзэмших хүсэлтийг хангахаас татгалзсан байх тул газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгах үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр “А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаас үзэхэд нэхэмжлэгчийн хүсэл зориг нь маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгоход чиглэгджээ. Энэ тохиолдолд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/394 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй боловч дээрх байдлаар хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс уг актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга тухайн үед А/394 дүгээр захирамжийг гаргахдаа болон гаргасны дараа нэхэмжлэгчид албан ёсоор “мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг хууль ёсны гэж дүгнэсэн нь Газрын тухай хуульд нийцэхгүй байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгож, “Т У” ХХК-ийн 75 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад тус тус даалгах нь зүйтэй байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК-ийн газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар “Улаанбаатар сан” ХХК-ийн нийтийн бие засах газрын зориулалттай 42 м.кв газар эзэмших эрхийг гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 4.1.4-д заасан газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах зарчимд нийцээгүй байна.

Учир нь цаг хугацааны хувьд “Ю Э Э С” ХХК, “Улаанбаатар сан”-ын хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдахаас өмнө буюу 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “Т У” ХХК нь “Улаанбаатар сан”-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, “Улаанбаатар сан” ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах 42 м.кв газарт хамтран нийтийн бие засах газар, Монгол урлалын нэгдсэн барилгыг барихаар тохиролцсон, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж, 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар  гүйцэтгэнэ” гэж тус тус заасан тул нийтийн бие засах газар, Монгол урлалын нэгдсэн барилгыг барихаар үйл ажиллагаа явуулж байсан нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Гэтэл хариуцагч нь гуравдагч этгээдийн гаргасан газар эзэмших хүсэлт, холбогдох баримтыг хянан шалгах үүргээ хангалтгүй биелүүлэн 42 м.кв газрыг эзэмших эрхийг “Ю Э Э С” ХХК-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компани дээрх гэрээний дагуу нийтийн бие засах газар болон Монгол урлалын нэгдсэн барилгыг барих бэлтгэл ажиллагааг 2012 оноос эхлэн тасралтгүй явуулж байхад хариуцагч нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжаар уг газар эзэмших эрхийг гуравдагч этгээд “Ю Э Э С” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн төдийгүй газрын хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлж, улмаар зориулалтыг “үйлчилгээний” болгож өөрчилсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Үүнээс өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “Т У” ХХК дээрх газартай давхцуулан эзэмшил газрын хэмжээг 196 м.кв болгон нэмэгдүүлэх хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан байсныг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

3. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг үндэслэж, Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар хурлаар нэхэмжлэгчийн нэгж талбарт төлөвлөгдсөн барилгын эх загвар зургийг хүчингүй болгож, энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа дурдсаар байхад шүүх “... барилгын эх загвар зургийг хүчингүй болгоогүй байна ...” гэх үндэслэл зааж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь дээрх Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/394 дүгээр захирамжийг үндэслэж гарсан тул уг шийдвэрийн нэхэмжлэгч “Т У” ХХК-д холбогдох хэсгийг мөн хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0585 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын “Ю Э Э С” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “Т У” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Т У” ХХК-ийн 75 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад, мөн тус компанийн 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэж, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагч нийслэлийн Засаг даргад тус тус даалгасугай” гэж, 2 дахь заалтын “...хэсгийг...” гэснийг хасч, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН