Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2017/0585

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар

Гуравдагч этгээд: Ю ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: 46 м.кв газрын хэмжээг 196 м.кв болгон нэмэгдүүлэхийг даалгуулах тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Д.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, Н.Г, Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК нь Монголын гар урчуудын холбоотой хамтран Монгол соёл ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол урлан төвийг байгуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дархчуудын ихэнх нь жуулчны гудамж буюу урт цагааны гудамжийг тойроод байрлаж байгаа бөгөөд ихэнх нь зориулалтын урлангүй, барилгын подволд ядмагхан үйл ажиллагаа явуулж байгаа тул нэгдсэн урлангийн төв нэн шаардлагатай байна.

Уран дархчуудаа дэмжиж, Монгол уран дархны үйл, уран бүтээлийг гадаадын болон дотоодын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сурталчлан таниулах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор бид Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, урт цагааны урд байрлах газартаа Монгол урлан төвийг барьж байгуулахаар ажиллаж байгаа. Ингэхдээ дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжаар эзэмшиж авсан 75 м.кв газар мөн У ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн 0228463 дугаар гэрчилгээ газрыг нийлүүлэн тухайн газар дээр Монгол урлан Төвийг барьж барилгын В1 давхрыг нийтийн бие засах газар богох зорилгоор У ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Бид Монгол Урлан төв болон нийтийн бие засах газрын барилга барих ажлын бэлтгэлийг хангаж Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгавар, Онцгой байдлын ерөнхий газраас Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт, Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл, Ул ХК-иас техникийн нөхцөл, Барилгын хөгжлийн төвөөс зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, У ТӨХК-иас Техникийн нөхцөл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас Дулаан хангамжийн тухай хариу хүргүүлэх тухайалбан бичиг зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар тус компанийн зүгээс Монгол Урлан төв, нийтийн бие засах газрын барилгыг барих бэлтгэл ажилд нийтдээ 500 гаруй сая төгрөг зарцуулж өөрсдийн бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж, тухайн оршин суугч иргэдээс дэмжлэг авч гарын үсэг цуглуулсан. Мөн газрын төлбөрөө 2016 оныг дуустал бүрэн төлсөн.

Тус компанийн дээрх газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар тул бид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрх авахыг хүсэж 2013 оноос хойш хөөцөлдөж Нийслэлийн засаг даргад удаа дараа өргөдөл, хүсэлт гаргаж байсан. Уг өргөдөл, хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын Газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 17 дугаар хурлаар тус газрыг манай компанид эзэмшүүлэхээр шийдвэр гарсан.

Ингээд бид Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдохыг хүлээж байсан ч захирамж гарахгүй байсан тул 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад дахин хүсэлт гаргахад 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 07/3210 дугаар албан бичгээр ...Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/4777 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн гэсэн агуулга бүхий хариу өгсөн ч уг 5/4777 дугаар албан бичиг нь манай компанид ирээгүй тул 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/4777 дугаар албан бичгийн хуулбарыг гаргуулан авсан.

Мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 07 дугаар хурлын шийдвэрээр манай газарт төлөвлөгдсөн барилгын эх загвар зургийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Тус шийдвэр нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын гуравдугаар бүлгийн 3.12 дахь заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна

Өөрөөр хэлбэл манай компани холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн барилга барих үйл ажиллагаагаа явуулж ирсэн байхад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Мэргэжлийн зөвлөл нь Т ХХК нь газартаа барилга байгууламжийн эх загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны А/90 дугаар захирамжаар Ю ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар шийдвэрийг үндэслэсэн байх бөгөөд маргаан бүхий 196 м.кв газартай бүхэлд нь давхцуулан Ю ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээг 165 м.кв болгосон нэмэгдүүлсэн байна.

Дүүргийн засаг даргын захирамжаар 75 м.кв газрыг эзэмшүүлсэн нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тохиолдолд эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг нь баталгаажуулан тухайн газрыг нь олгож газар эзэмшигчийн эрх ашгийг хамгаалдаг нийтэд илэрхий жишгийг мэдсээр атлаа бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэхгүйгээр манай компанийн газар эзэмших ашиглах эрхэд халдаж бидний эрх ашгийг хохироож хүчингүй болгосныг илт хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Үүнээс гадна газар эзэмшигч, ашиглагч "Т ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ зөрчөөгүй, газар эзэмших эрхийг дуусгавар болгох мөн хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь илт хууль бус төдийгүй Чингэлтэй дүүргийн Засаг даргаас тус компанийн газар эзэмших ашиглах эрхэд халдаж 2015 оны А/394 дугаар захирамжийг гаргах хуулийн үндэслэл байхгүй байсныг харуулж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгож, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжаар У ХХК-д Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Тайваны төвийн барилгын зүүн талд байршуулан 0,0042 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон байна.

У ХХК-ийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор татан буулгасан байна. Уг газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг У ХХК болон Ю ХХК нар нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийсэн байх бөгөөд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж зааснаар эрх зүйн чадвартай байх хугацаанд хийсэн гэрээ байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар Ю ХХК-д газар эзэмших эрх олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хэн нэгний эзэмшил газарт давхцаагүй.

Түүнчлэн Ю ХХК нь 2016 оны 12 дугаар 02-ны өдөр эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх хүсэлт ирүүлсэн ба уг хүсэлтийг нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцээд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дугаар захирамжаар талбайн хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн.

Т ХХК-д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжаар 75 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар олгосон байх ба Чингэлтэй дүүргийн 2015 оны А/394 дүгээр захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжаар У ХХК-д нийтийн бие засах газрын зориулалтаар 42 м.кв газрыг эзэмшүүлж, 2016 Ю ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлсэн нь Т ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоос өмнөх үйл баримт юм.

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ю ХХК нь эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх хүсэлт ирүүлсэн ба уг хүсэлтийг нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцээд нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дугаар захирамжаар талбайн хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомж болон Т ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй байна.

42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Т ХХК нь Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаагүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна заалтыг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус газраас Т ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Урт цагаан худалдааны төвийн урд талд 6 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2012 онд 180 дугаартай олгосон. Үүнээс хойш 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 234/2015 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус газраас олгосон байдаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 3 дугаар зүйлийн 3.12 дахь заалтын дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 07 дугаар хурлаар хэлэлцүүлж, Т ХХК-ийн газар ззэмших эрхийг хүчингүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамж, мөн дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.13-дахь заалтыг үндэслэн тухайн нэгж талбарт төлөвлөгдсөн барилгын эх загвар зургийг хүчингүй болгох шийдвэр гарсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/92 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Урт цагааны урд талд 75 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөелөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг зөрчин дүүргийн Засаг даргын захирамжаар эрх олгож шийдвэрлэсэн байх тул дүүргийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсгийг баримтлан 2015 оны А/394 дүгээр захирамжаар Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Ю ХХК-ийн захирал А.Т шүүхэд гаргасан тайлбар болон бие даасан шаардлагадаа: Манай компани Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/247 дугаар захирамжаар маргаан бүхий газрын яг голд нь 42 м.кв 1864231136202 нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмшдэг бөгөөд энэхүү газрыг урьд нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжаар "У*******" ОНӨААТҮГ эзэмшиж байсан.

Ю" ХХК нь дээрх газрыг "У" ОНӨААТҮГ-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлэн авсан.

"У" ОНӨААТҮГ нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдрөө буюу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхээ манай компанид шилжүүлэн өгөх тухай хүсэлтээ тавьж, манай компани 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөн газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтээ тавьсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/247 дугаар захирамж гарч газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан болно.

Гэтэл 2015 оны болон 2016 оны 07 дугаар сард "Т ХХК удаа дараа манай компанийн эзэмшлийн газар дээр барилга барихаар хашаа барьж барилгын ажил эхлүүлэхийг завдаж байсан. Манай компани тэдний энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хуучнаар Өмчийн харилцааны газар буюу одоогийн Газрын албанд болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүргүүлж байсан бөгөөд манай албан бичгийн дагуу холбогдох байгууллагаас шалгалт хийж "У ОНӨААТҮГ Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжаар эзэмшиж байсан газартай давхцуулан Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2012 оны А/92 дугаар захирамжаар "Т ХХК-д газар эзэмших эрх олгосон болох нь тогтоогдсон.

Ийнхүү бусдын газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон гэдэг үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/394 дүгээр захирамжаар "Т ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Чингэлтэй Дүүргийн Засаг дарга "Т ХХК-д газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус зөрчсөн.

Т ХХК нь дүүргийн Засаг даргын захирамжтай байсан атлаа барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бусаар авсан байсныг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 234/2015 тоотоор хүчингүй болгосон.

Манай компанийн эзэмшиж байгаа 42 м.кв газар нь орчин үеийн хотын стандартад нийцсэн нийтийн бие засах газрын зориулалттай бөгөөд тухайн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхэд хамгаалалтын хашаа барих, барьж дууссаны дараа орчны тохижилт /явган хүний амрах сандал, сүүдрэвч зэрэг/ хийх, ногоон байгууламж байгуулахын тулд эзэмшиж буй газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай компанийн урьд эзэмшиж байсан 42 м.кв газрын хэмжээг 196 м.кв болгон нэмэгдүүлж олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Нийслэлийн газрын албаны дарга Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар Ю ХХК-д 42 м.кв газар эзэмших эрх олгосон. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх хүсэлт ирүүлсэн ба уг хүсэлтийг нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцээд нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар талбайн хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хангагдсан байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан

  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулж, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах,[1]
  • Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар[2], 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр[3] захирамжуудын Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
  • 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах[4],
  • Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,[5] тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Ю ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 46 м.кв газрын хэмжээг 196 м.кв болгон нэмэгдүүлэхийг даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр бие даасан шаардлагаасаа татгалзсан учир татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, М.Н нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хуралдаанд оролцуулалгүйгээр хийх хүсэлтийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжаар Т ХХК-д урт цагааны урд 75 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулан, 0228560 дугаар гэрчилгээг олгосон байна.

Дээрх газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжаар хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч илт хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э татгалзлын үндэслэлээ ...Т ХХК-д 75 м.кв талбай бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байх тул Нийслэлийн Засаг даргын шийдвэрлэх асуудал... гэж тайлбарлаж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно., Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заасныг үндэслэн гарчээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгээр захиргааны актыг илт хууль бусад болох шинжийг зохицуулжээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг батлан гаргасан байгууллага нь тодорхой, утга агуулгын илэрхий алдаа байхгүй, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардаагүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрхийнхээ хүрээнд урьд гаргасан захирамжаа хүчингүй болгосон зэргээс үзвэл дүүргийн Засаг даргын 2015 оны А/394 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т ХХК-д Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Урт цагааны урд үйлчилгээний зориулалтаар олгосон 75 м.кв газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан ... Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ... гэдэгт хамаарч байна.

Учир нь нэхэмжлэгч компани тус газарт үйлчилгээний барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Техникийн нөхцөл, Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт зэрэг Барилгын тухай /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан барилгын техникийн нөхцөл-д хамаарах баримт бичиг гаргуулж байсан нь инженерийн шугам сүлжээ сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн болох нь нотлогдож байна.

Тэнгэрийн угалз ХХК-ийн 75 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамж хууль зөрчөөгүй байх тул 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг даалгах үндэслэлгүй юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/07 дугаар албан бичгээр ... эзэмшиж байгаа 75 м.кв бүхий газар нь Монгол урлан төв байгуулахад Батлагдсан эскиз зургийн дагуу хүрэлцэхгүй байгаа бөгөөд хэмжээг нэмэгдүүлэн 196 м.кв талбай болгон Нийслэлийн Засаг даргаар баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргаж байсан боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болсон тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсон талаар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5/1152, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/4777, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/1245 дугаар албан бичгүүдээр хариу өгсөн байжээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана., 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна. гэж заасны дагуу нэхэмжлэгч батлагдсан маягтын дагуу хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх боломжгүй талаар хариу өгсөн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Нэгэнт хариуцагч Нийслэлийн Засаг дарга хүсэлтийг шийдвэрлэн хариу өгсөн байх тул 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулах, 196 м.кв газар эзэмшүүлэх дээрх хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шаардлагыг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Т ХХК нь У ХХК-тай[6] Хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд У ОНӨААТҮГ-ын эзэмшиж байсан 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж байгаагүй байна.

Т ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 234/2015 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлийн[7] Хурлын дүгнэлт хэсэгт ...газрын эрх цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй тохиолдолд барилгын эх загвар зургийг хүчингүйд тооцох тухай архитекторын саналын дагуу гишүүдийн санал хураалтаар дэмжигдээгүй. гэжээ.

Дээрхээс үзвэл Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 07 дугаар хуралдаанаас Т ХХК-ийн барилгын эх загвар зургийг хүчингүй болгоогүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Иймд 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 567 дугаар захирамжийн Нэг-ийн 21 дэх заалтаар У ХХК[8]-д нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Тайваны төвийн барилгын зүүн талд байршуулан 0.0042 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, барилга барих зөвшөөрөл олгосон байна.

У ОНӨААТҮГазартай[9] 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Ю ХХК 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар У******* ОНӨААТҮГазрын эзэмшиж байсан нийтийн бие засах газрын зориулалттай 42 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг Ю ХХК-д шилжүүлжээ.

Улмаар гуравдагч этгээд Ю ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан газрын хэмжээг 165 м.кв болгон нэмэгдүүлэн газрын зориулалтыг үйлчилгээ болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 165 м.кв газрын 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:..., 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:

38.3.1. энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;

38.3.2. шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; ... гэж тус тус заажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор У******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан байна.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д газрыг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж ашиглахаар зохицуулсан бөгөөд газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан бол газар эзэмших дуусгавар болохоор мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заажээ.

Дээрх нөхцөл байдал болон хуулийн зохицуулалтаас дүгнэвэл У******* ОНӨААТҮГ 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр татан буугдснаар түүний газар эзэмших эрх дуусгавар болсон байхад шилжүүлэхийг хүссэн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг шалгалгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хуулийн заалтыг зөрчсөн байна.

Нэгэнт эзэмших эрх нь дуусгавар болсон газар эзэмших эрхийг шилжүүлж хууль зөрчсөн тул Ю ХХК-ийн эзэмшиж байсан газрын хэмжээ, зориулалт өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/90 дүгээр захирамж Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх болон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд харшилж байна гэж үзлээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудын Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

Цаашид маргаан бүхий газрыг эзэмшүүлж, ашиглуулах эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх эрх нь захиргааны байгууллагад байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247, 2017 оны 02 дугаар сарын 15-ны А/90 дүгээр захирамжийн Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/394 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 75 м.кв газар эзэмших эрх сэргээхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах, 75 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, 42 м.кв газрыг нийтийн бие засах газрын барилга барих зориулалтаар ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т зааснаар Ю ХХК-ийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан 46 м.кв газрын хэмжээг 196 м.кв болгон нэмэгдүүлэхийг даалгуулах тухай бие даасан шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан тус тус зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүрийн төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН