Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0218

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

   “Анирцолмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Болорчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаяр нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Анирцолмон” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19.5, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Анирцолмон” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны  04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн “Универсалнобле электроникс” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15925.89 га талбайгаас “Анирцолмон” ХХК-ийн эзэмшиж буй газрын 2180,30 га талбайтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөөр байхад шүүх шийдвэртээ манай эрх ашгийг яах эсэх талаар ямар нэг заалт оруулаагүйд гомдолтой байна. “Универсалнобле электроникс” ХХК нь эрх бүхий байгууллагаас эрх олгосны дагуу зохих зөвшөөрлийг авч, түүнчлэн эзэмших ашиглах эрхийнхээ хүрээнд төлбөр тооцоог цаг тухай бүрт нь төлж ирсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Төрийн болон орон нутгийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй байдлаас болж “Анирцолмон” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулж Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхээр олгогдсонд манай компанийн зүгээс буруутай ямар нэг үйлдэл байхгүй. Хэдийгээр гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй ч гэсэн шүүх манай эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж гомдолтой байна. Хариуцагч тал болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэр нь хуулийн дагуу гарсан, Төв аймгийн Засаг дарга нь хуульд заасан хугацааг хэтрүүлж хариуг ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байтал шүүх байж болох асуудал мэтээр дүгнэлт өгч байгаад гомдолтой байна” гэжээ.

 

                                                  ХЯНАВАЛ:
          Нэхэмжлэгч “Анирцолмон” ХХК “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн “Универсалнобле электроникс” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15925,89 га талбайгаас “Анирцолмон” ХХК-ийн эзэмшиж буй газрын 2180,30 га талбайтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар Төв аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлэхэд хуульд заасан хугацаанд аймгийн Засаг даргаас хариу ирүүлээгүй тул “Универсал  нобле электроникс” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргадаг.

          Анхан шатны шүүх “Анирцолмон” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан  хэрэглэсэн байна.  

          Тодруулбал, Нэхэмжлэгч “Анирцолмон” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Шархайн хөндийд 3000 м.кв газар эзэмших эрхийг үр тариалах зориулалтаар, 15 жилийн хугацаатай олгож, 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгосноор нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсоор үүсчээ.

Гэтэл маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр “Универсалнобле электроникс” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 15925,89 га талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасан “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” үүргээ хангалтгүй биелүүлж “Анирцолмон” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулж олгосон байх тул “Универсалнобле электроникс” ХХК-ийн 2180,30 га талбайтай давхцсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хуульГазрын тухайГазрын хэвлийн тухайБайгаль орчныг хамгаалах тухайҮндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан тул төрийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд газрын хэвлийг эзэмшиж, ашиглах эрх олгосон шийдвэр гаргахдаа өөр бусад иргэд, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх, бусад хуультай зөрчилдөх эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй атал Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчиж бусдын хууль ёсоор эзэмшиж буй газартай давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь төрөөс газрын талаар баримтлах “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Төв аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлэн “дэмжихгүй” тухай саналаа хүргүүлсэн буруутай байх боловч хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “дэмжихгүй” хариу авсан атлаа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гаргасныг Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж үзэхгүй, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар зохицуулсаны дагуу шүүх “Универсалнобле электроникс” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх ба гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй тул  “шүүх шийдвэртээ манай эрх ашгийг яах эсэх талаар ямар нэг заалт оруулаагүй” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                          ШҮҮГЧ                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН  

                          ШҮҮГЧ                                                   Э.ХАЛИУНБАЯР

                                     ШҮҮГЧ                                           О.НОМУУЛИН