Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 24

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М*******, С.Д******* нарт холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 дүгээр актын 1.3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагч Ц.М*******, С.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь тус компанийн 2012-2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 дүгээр актаар нийт 83593982.50 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Дээрх актаар манай компанийг 2012 онд гурвалжингийн гүүрний захаас барилгын материал, бетон зуурмаг, арматурын хий бичилттэй “Ёмиката” ХХК-иас 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0012189789 тоот падаанаар 227045461.50 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнан, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан гэж үзсэн. 

Ийнхүү бид Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 дүгээр актыг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар тогтоолоор 34677.2 мянган төгрөгийн төлбөрийг хасаж, 489168400 төгрөгийн зөрчилд 48916800 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоосон. Харин Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 дүгээр актыг хэвээр баталсан.

Сүхбаатар дүүргийн Татварын байцаагч нар хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн 2013 оны 12 дугаар сард Татварын газраас байцаагч Отгонсүрэн, Хишигсүрэн нар цагдаагийн хяналтын дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлаар хяналт шалгалт хийж, цагдаад бүртгэлтэй, хүчингүй гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудад хасалт хийж баталгаажуулсан байдаг.

Актад татвар төлөгч ямар алдаатай ажиллагаа явуулсан талаар буруутган, хариуцлага ногдуулах үндэслэл болсон гэм буруугийн хэлбэрийг татварын байцаагч тодорхойлоогүй учир татвар төлөгчийн гэм бурууг тогтоогоогүй актаар хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломжгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 дүгээр актын 1.3 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М*******, С.Д******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж”-ийн дагуу “*******” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2015 оны 03 дугаар сарын 30-аас 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Шалгалтын хугацаанд тус компани 2012 онд гурвалжингийн гүүрний захаас бэлнээр барилгын материал, бетон зуурмаг, арматурын хий бичилттэй “Ёмиката” ХХК-иас 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0012189789 дүгээр падаанаар 227045461.50 төгрөгийн худалдан авалт, “Силиконстийл” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 0012358283 дугаар падаанаар 227045461.50 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнан, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлтийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг болон Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 дугаар албан бичгүүдийг болон хавсралтаар ирүүлсэн жагсаалтыг үндэслэн Татварын улсын байцаагчийн 250021331 дүгээр актаар 489168390 төгрөгийн зөрчилд нийт 83593982.50 төгрөгийн төлбөр ногдуулсны 5955551.20 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 77638431.30 төгрөгийг эс зөвшөөрөн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан. Тус компани нь хий бичилттэй олон падаантай байсныг өмнөх онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын 12 дугаар сарын тайланд залруулан татвар ногдуулсан байсан. “Ёмиката” ХХК, “Силиконстийл” ХХК-ийн падаануудыг тайландаа залруулга хийгээгүй орхигдуулсан байна гэж нягтлан бодогч нь ярилцлагадаа тайлбарласан. Шалгалтыг хийх явцад тус компанийн зүгээс хэрэв акт гарвал нөхөн татвараа төлнө эсвэл маргаан гаргаж хугацаа авч түр хугацаагаар хойшлуулна /хугацаа авна/ гэж тайлбар өгч байсан. Уг шийдвэрийг тус компани хүлээн зөвшөөрөөгүй учраас Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс гаргасан тогтоолоор хүү, торгууль, алдангийг хүчингүй болгон нөхөн татварыг хэвээр шийдвэрлэснийг тус компани эс зөвшөөрөн Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандаж 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар 250021331 дүгээр татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталгаажуулсан байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” ХХК-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 дүгээр актын 1.3 дахь хэсгийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М*******, С.Д******* нар 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 25150300102 дугаар “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын дагуу “*******” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэн, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 48916839.1 төгрөгийн нөхөн татвар, 14675051.7 төгрөгийн торгууль, 20002091.7 төгрөгийн алданги, нийт 83593982.5 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 220021331 дүгээр акт үйлджээ. 

Нэхэмжлэгч, тус актын 2012 онд гурвалжингийн гүүрний захаас барилгын материал, бетон зуурмаг, арматурыг хий бичилттэй “Ёмиката” ХХК-иас 0012189789 дүгээр падаанаар 227272729 төгрөгийн худалдан авалт, “Силиконстийл” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 04-нд 0012358283 дугаар падаанаар 227045461.50 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3. дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж Тогтоох хэсгийн 1.3. дахь заалтаар 45431819,05 төгрөгийн нөхөн татвар, 13629545.72 төгрөгийн торгууль, 18577066.50 төгрөгийн алданги ногдуулсныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...манай компани татвараа тооцож худалдан авалт хийсэн учир дахин татвар төлөх боломжгүй. ... 2012 онд хийсэн худалдан авалтаа нэгтгэж падаан бичүүлж авсан. ...” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д зааснаар бараа борлуулсан тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах учиртай бөгөөд нэхэмжлэгч худалдан авалтаа нэгтгэн нэмэгдсэн өртгийн падаан авснаа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан  дээр зөвшөөрсөн болно. 

Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.-т “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ.”, 8 дугаар зүйлийн 8.1.-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.”, 8.3.-т “Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараахь дарааллаар гүйцэтгэнэ: 8.3.1. анхан шатны баримт бүрдүүлэх; 8.3.2. журналд бичих; 8.3.3. дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх; 8.3.4. ажил гүйлгээний мэдээ гаргах; 8.3.5. тайлан гаргах.” гэж тус тус заажээ. 

“*******” ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Ёмиката” ХХК-д арматур бусад материалын үнэ гэж 250000000 /хоёр зуун тавин сая/ төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Силиконстийл” ХХК-д материалын үнэ гэж 249750000 /хоёр зуун дөчин есөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг өгсөн талаар бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт , барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай тэмдэглэл  зэрэг хэрэгт авагдсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т заасан өөр бусад баримт байхгүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр мэдүүлсэн болно. 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь нягтлан бодох бүртгэл хөтлөх үүргийнхээ хүрээнд анхан шатны баримтыг дээр дурдсан хуулийн заалтын дагуу зохих хэмжээнд бүрдүүлээгүй, бараа материалыг журналд бичээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.-т “Санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх,” зарчимд нийцээгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.”, гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн хариуцагч татварын улсын байцаагч нарын акт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэгч “*******” ХХК арматур болон өөр бусад ямар материал худалдан авсан нь нягтлан бодох бүртгэлийн бусад баримтаар нотлогдохгүй байна. Хэрэгт авагдсан “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай тэмдэглэл”  нь нэхэмжлэгч компанийг материал худалдан авсан болохыг нотлохгүй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилтийг хэрэглэнэ.” гэж заасныг хангахгүй байна гэж үзлээ.

Харин тус актын Тогтоох хэсгийн 1.3 дахь заалтаар ногдуулсан 13629545.72 төгрөгийн торгууль, 18577066.50 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 4 дүгээр зүйлийн 4.3.-т ”Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.”, 10 дугаар зүйлийн 10.2.-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.” гэж зааснаар өршөөж, хасах нь зүйтэй гэж үзлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3., 106.3.6. дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2., 34 дүгээр зүйлийн 34.1., 74 дүгээр зүйлийн 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3., Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2., 7 дугаар зүйлийн 7.1., 8 дугаар зүйлийн 8.2., Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3., 10 дугаар зүйлийн 10.2.-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 дүгээр актын Тогтоох хэсгийн 1.3 дахь заалтын 13629545.72 төгрөгийн торгууль, 18577066.50 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, нөхөн татвар 45431819.05 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн хэмжээг багасгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН