Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02553

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02553

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч.О

 

Нэхэмжлэгч: М.Т

 

Хариуцагч: Н.Ө

 

Хариуцагч: Н.С

 

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, Н.Сундуйжав, Н.Өвдөлмаа нарын байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах;

 

Сөрөг нэхэмжлэл: Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Ч.О

Нэхэмжлэгч М.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э

Хариуцагч Н.Ө

Хариуцагч Н.С

Хариуцагч Н.С-ын өмгөөлөгч С.Ч

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Н.Ө, Н.С нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудаа нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

1.1. Ч.О миний бие нь Н.Ө-гийн дүү Н.М-тай 1994 оноос эхэлж хамтран амьдарсан ба 1997 онд хүү М.Т төрсөн. 2002 оноос бид Н.Ө эгчийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол,  тоот 1 өрөө орон сууцанд амьдарч эхэлсэн. Улмаар Н.Ө нь 2004 онд бидэнд уг байраа 18,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Учир нь Н.Ө-д Чингэлтэй дүүргийн Төмөрчний гудамжинд тухайн үед түрээслэн ажиллуулж байсан Шимт бууз гэдэг газрыг авах шаардлага үүссэн учраас мөнгөний хэрэгцээ гарсан байсан. Би хариуцагч Н.Ө-д 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг, 2004 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 03-нд 1,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг төлсөн. Манай нөхөр Н.М үлдэгдэл 4,500,000 төгрөгийг хоорондын тооцоогоор машины түрээсийн мөнгөөр тооцож дуусгасан гэж ойлгож байсан. Төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа байрны гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулахыг шаардахад Н.Ө ...ах дүү улс санаа зоволтгүй, болно биз дээ, барьцаанд байгаа чөлөөлж чадахгүй байна гэсээр өнөөдрийг хүрсэн. Бид байрандаа амьдраад 19 жил болж байна. Гэтэл сүүлийн үед Н.Өвдөлмаа утсаар яриад ...манай байрыг суллаж өг гэж шаардаж эхэлсэн. Тэрээр утсаар ярихдаа ...18,000,000 төгрөгийг танай нөхөрт зарцуулсан гэж худал ярьж байна. Н.Ө нь нөхөр Н.М төрсөн эгч бөгөөд, тэрээр дүүгээ эхнэр хүүхдээс нь салгаж, хүүг маань өнчрүүлээд, улмаар бидний хөлс, хөдөлмөрөөр авсан байрыг бидэнд шилжүүлж өгөхгүй байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн шударга бус үйлдэл юм. Нэхэмжлэгч Ч.О нь Цагдаагийн байгууллагад бусдад залилан мэхлүүлсэн гэдэг асуудлаар хандсан боловч Цагдаагийн байгууллагаас ...энэ бол иргэд хоорондын маргаан байна, шүүхээр шийдүүл гэж хариу өгдөг. Ийм учраас нэхэмжлэгч нь хамгийн анх хариуцагч Н.Өвдөлмаад холбогдуулж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Ч.О, М.Т  нарын нэр дээр шилжүүлэхийг даалгуулах гэдэг шаардлага гаргасан. Уг шаардлагаа бүрэн дэмжиж байна.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт шинээр авагдсан баримтуудтай танилцаад нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагчаар Н.С-ыг татан оролцуулсан. Мөн өөрсдийн шаардлагаа ихэсгэсэн. Учир нь хариуцагч Н.Ө нь маргаан бүхий байрыг 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Н.С-вын нэр дээр гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байсан. Энэ хөрөнгийг Ч.О, Н.М нар өөрийн шударга хөдөлмөрийн бий болгосон мөнгөөр худалдан авсан учраас энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан. Н.Ө нь Ч.О, Н.М нарт байраа зарсан гэдгээ мэдсээр байж өөрийн дүү Н. С-ын нэр дээр 1,940,000 төгрөгөөр шилжүүлсэн байгаа нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна. Шүүх хуралдаан болон мэтгэлцээний явцад энэ хэрэг урд нь шүүхээр шийдвэрлэгдэж байсан учраас шүүхээр явах явцад Н.Ө нь 13,500,000 төгрөгөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч талаас үл хөдлөх хөрөнгийн төлбөрт 4,500,000 төгрөгийг дутуу төлсөн гэж тайлбарласнаар төлбөр дутуу гэдгийг бид олж мэдсэн. Төлбөрийг бүрэн төлж дуусах хугацааны талаар талуудад тохирсон тохиролцоо байгаагүй учир дутуу төлсөн гэх 4,500,000 төгрөгийг төлж, маргаан бүхий байрны төлбөрийг бүрэн төлж дуусгасан, өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөртэй холбоотой маргаан байхгүй болсон. Ийм учраас Н.С, Н.Ө нарын байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах нэг давхар ажлын байрыг худалдаж авахаар н.Болормаа гэдэг хүүхэнтэй тохирсон юм. Тэр хүн байр авах 14 хоногийн хугацааг бидэнд өгсөн. Богино хугацаанд мөнгө олох ёстой болсон тул манай талийгаач дүү Н.М, Н.С ахаасаа 8,500,000 төгрөг зээлж авч өгсөн. Тэгээд үлдсэн 5,000,000 төгрөгийг н.С, н.А, н.А нар авчирч өгсөн. Энэ хооронд бүх төлбөр тооцоо дууссан. Би шинэ объектоо 18,000,000 төгрөгөөр авсан. Тэгэхэд надад 4,500,000 төгрөг олдохгүй байсан. Тэгээд Н.С-д хүнд өгөх гээд 4,500,000 төгрөг байсныг нь зээлж байж тэр байрыг авсан. Тэгээд 13,500,000 төгрөгийг дүүгээсээ авсан болохоор нэгнийгээ хохироочихгүй гэдэг үүднээс Н.С-ыэнэр дээр гэрчилгээг гаргуулж, мөнгийг нь төлж дуусахаар өөрийнхөө нэр дээр авъя гээд анх бэлэглэлийн гэрээгээр ажлын байрыг худалдаж авсан юм. Уг худалдан авсан газар, байр дээрээ хамгийн сүүлд 2017 онд барилга барьж дуусгасан. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа 8 шаргын хажуу талын барилгын хувьд тайлбар энэ байна.

Нэхэмжлэгчийн яриад байгаа, маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн байрны хувьд би 2004 онд 18,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Нэхэмжлэгч 13,500,000 төгрөг төлсөн. Мөнгөө өгөх юм байх гэсэн ч өгөөгүй, би ажил эхэлсэн байсан учраас би 13,500,000 төгрөг л авсан. Өөр мөнгө аваагүй. Тэгээд ч би Ч.Оюунбилэг гэдэг хүнээс 13,500,000 төгрөг аваагүй, өөрийн дүү Н.Мөнхжаргалаас авсан. Энэ хугацаанд нэг ч удаа над руу байраа шилжүүлээч гэж ярьж байгаагүй. Нэхэмжлэгч нар сая шүүх хурал болохоос өмнө над руу хүчээр 5,000,000 төгрөгийг миний данс руу надад мэдэгдэлгүйгээр хийсэн байсан. Үүнийг надад хаашаа яаж хандаж өгөхөө мэдэхгүй миний цүнхэнд явж байна. Одоо энэ байр Н.С-ын нэр дээр байдаг.

Миний төрсөн дүү Н.М нь Ч.О-тэй хамт амьдраад, дундаасаа хүүхэдтэй болсон. Тухайн үед дүү маань бие муутай, Ч.О ч бас бие муу, хоёулаа амьдрах гэж оролдож байсан, мөн тэд хадмындаа 3 өрөө байранд маш олуулаа амьдарч байхаар нь өрөвдөөд манайд түр түрээсийн төлбөр төлөхгүй амьдарч бай гэж хэлсэн. Тухайн байрыг би хүүдээ хадгалж байсан юм. 2009 онд Ч.М бид хоёр таарч тохирохгүй юм байна гээд манайд хүрээд ирсэн. Дүүгийн хүү М.Т бага байсан учир хүн чанар зулгаагаад хэсэгтээ амьдраг гэж л бодсон. Анх цайны газар авахдаа би төрсөн дүү Ч.М-ыг 18,000,000 төгрөгөөр авч болно гэсэн боловч Н.М, Н.С мөнгө зээлээд надад 13,500,000 төгрөг өгсөн байдаг. Ингээд 2005 оноос хойш Н.Мөнхжаргал надаас цувуулж авсаар 40,000,000 төгрөгийн өртэй болсон. Би 2017 онд Ч.Оюунбилэгтэй уулзаж, байр чөлөөлж өгөхийг хэлэхэд гэртээ оруулахгүй, хүүгээ удахгүй их сургууль төгсөх гэж байгаа, төгссөнийх нь дараа гаръя гэхээр нь би за гэж хэлээд явсан. Гэтэл цагдаад залилангаар өргөдөл өгөөд, шүүхэд миний байрыг өөрийн байр мэт худал ярьж байгаад тун гомдолтой байна. Би энэ олон жил суулгахдаа нэг ч төгрөгийн түрээсийн мөнгө аваагүй, хүн чанар гаргаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.С, Н.Ө нарын байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Би өөрийн орон сууцаа 1,940,000 төгрөгөөр үнэлж зарах нь миний асуудал. Тэр үед хэн ямар үнээр өөрийн хөрөнгөө үнэлж зарах нь үл хөдлөх дээр сонин биш, ихэвчлэн бэлэглэлээр хийж байсан. Тэгээд худалдах худалдан авах гэрээг засгаас үнэлсэн үнээр үнэлээд л ах дүү хоорондоо гэрээ байгуулсан гэжээ.

 

3. Хариуцагч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С-д Н.Ө, Н.М нар их хэмжээний өртэй байсан тул өрнийхөө төлбөрт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, тоот нэг өрөө байрыг авсан. Тухайн байрнаас Ч., М.Түвшинжаргал нарыг нүүлгэх тухай ярьсан боловч эгч Н.Ө жаахан хүлээж бай, хүү нь их сургуулиа төгсөөд гарна гэсэн болохоор нэг их албадан гаргах тухай бодоогүй. Тэгээд ч би хөдөө орон нутагт байдаг, дээр нь өөрсдөө чөлөөлж өгөхийг хүлээж байсан боловч одоо шүүх цагдаа дээрээ тулж байгаад бид туйлын харамсч байна. Эгч Н.Ө-г залилан хийсэн мэт цагдаа шүүхээр явж хүн чанаргүй зан гаргаж байгаад бид гайхаж байна. Ч.Оюунбилэг энэ байранд огт хамаа ч байхгүй. Бид гэр бүлээрээ ярихдаа дүү Н.М-д 2000 оны хавьцаа зарах тухай ярьж байсан боловч надаас тухайн байрыг авахдаа зээлсэн мөнгөө ч надад өгөөгүй, эгч Н.Өвдөлмаагаас мөнгө зээлсээр тухайн байрыг авч чадахаа байсан. Ч.О нь Н.М-тай хамт амьдарч байхдаа нэг ч удаа ажил хийж байгаагүй бөгөөд, бидний мөнгөөр авсан байр гэж яриад байгааг ойлгохгүй байна. Ч.Оюунбилэг ингэж хууль бус юм ярьж хийж явахаар бидэнтэй хүн шиг уулзаад, худалдаж авч болох эсэх талаар ярилцах ёстой атал хүчээр авах гэж хүн чанаргүй зан гаргаж байгаа бол бид ч бас албадан гаргахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. Харин ч эгч Н.Өвдөлмаа нэг ч төгрөгийн түрээсийн төлбөр аваагүй амьдруулж байсанд талархах нь зүйтэй байх. Н.С, Н.Ө нарын байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Бид хоорондоо тохироод л гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Н.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэгч Ч.О, М.Т нарын нэхэмжлэлтэй Н.С, Н.Ө нарын байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүй д тооцуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар Н.С миний бие оролцож байгаа билээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх, бусдын хууль бус эзэмшилд байх гэсэн урьдчилсан дараах нөхцөлүүдийг хангаж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Үүнд:

1/ Маргаж буй байр болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол,  дугаар байр, тоот, 1 өрөө орон сууцыг Н нь 1995 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшсэн.

2/ Улмаар 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдриийн улсын бүртгэлд хамтран өмчлөгч хүү Ч.Б-ийн хамт бүртгэгдсэн байдаг.

3/ Өмчлөгч Н.Ө, Ч.Б нар нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

4/ 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр уг байр нь Н.Өвдөлмаа, Ч.Батбилэг нарын өмчлөлөөс Н.С миний өмчлөлд шилжсэн. Энэ нь Н.Ө, Н.С нарын гарын үсэг болон 62 дугаар хуудасны ар талд байгаа хамтран өмчлөгч Ч.Батбилэгийн гарын үсгээр болон мөн халтаст хэргийн 66 дугаар хуудсанд байгаа Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтээс ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Хэрэгт авагдсан дээр дудрсан баримтуудаар нэхэмжлэгч Н.С нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн байх тул нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувиар хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдүүдээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Н.Сундуйжав миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58 дугаар байр, 42 тоот орон сууцнаас хариуцагч Ч.Оюунбилэг, хамтран хариуцагч М.Түвшинжаргал нарыг эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж, чөлөөлүүлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Н.Өвдөлмаа байраа төрсөн дүү Н.Мөнхжаргал болон түүний эхнэр Ч.Оюунбилэг, хүү М.Түвшинжаргал нарыг орон сууцтай болгох үүднээс зарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт дүү нартаа зарна гээд бэлэн мөнгийг авсан, төрсөн дүү Н. Сундуйжавт шилжүүлсэн шалтгаан нь 2010 онд Ч.Оюунбилэг, Н.Мөнхжаргал нарын таарамжгүй харилцаа үүссэнээс болсон. Өөрөөр хэлбэл талийгаач өөр хүнтэй гэр бүл болоод явсан учраас мэдээж Ч.Оюунбилэг гуай яаж ч чадахгүй, шинэ эхнэр рүүгээ явснаас болоод Ч.Оюунбилэг өрх толгойлоод дангаараа байрандаа үлдсэн. Байраа хүүхдээ өгнө, санаа зовох юм байхгүй. Би өөр хүнтэй болсон учраас явлаа гээд 2010 онд хэлээд явсан үйл явдал байдаг. Гэр бүлийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүтэй. Ингээд явсан учраас эд нарын хооронд юун тухай яригдсан гэхээр мэдээж Ч.Оюунбилэг, М.Түвшинжаргал нарт Н.Өвдөлмаа гуай байраа шилжүүлж өгөхийг хүсээгүй байх. Нэгэнт ийм нөхцөл байдал болсон учраас дүр үзүүлээд өөрийн дүү Н.Сундуйжавт 1,940,000 төгрөгөөр байраа зарсан байгаа нь зөвхөн Ч.Оюунбилэг, М.Түвшинжаргал нарт өгөхгүй юм шүү гэдэг хүсэл зоригоор хийгдсэн хэлцэл. Бид худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлт шүүхэд гаргасан учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Батбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Оюунбилэг, М.Түвшинжаргал нарын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Өвдөлмаа, Н.Сундуйжав нарт холбогдох Иргэний хэрэгт Ч.Батбилэг миний бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оын 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/Ш32022/10399 дугаартай шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Маргаж буй байр болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58 дугаар байр, 42 тоот 1 өрөө орон сууцыг Н.Өвдөлмаа нь 1995 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшсэн нь баримт хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд байгаа. Улмаар 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр өөрийн төрсөн хүү болох Ч.Батбилэгийн хамт бүртгэгдсэн баримт хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд байгаа. Өмчлөгч ээж Н.Өвдөлмаа, хүү Ч.Батбилэг нар нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр уг байр нь Н.Өвдөлмаа, Ч.Батбилэг нарын өмчлөлөөс Н.Сундуйжавын өмчлөлд шилжсэн баримт хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд байгаа Н.Өвдөлмаа, Н.Сундуйжавын нарын гарын үсэг болон 62 дугаар хуудасны ар талд байгаа хамтран өмчлөгч Ч.Батбилэг миний гарын үсгээр нотлогдоно. Мөн хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд байгаа Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Дээрх Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаж хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэгч Ч.Оюунбилэг, М.Түвшинжаргал нарын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие хөдөө ажлаар 14 хоног явах болсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, иймд хэргийг цугларсан нотлох баримтын хүрээнд намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Ч.Оюунбилэг, М.Түвшинжаргал нарын иргэний үнэмлэнийн хуулбар /хх 4-5/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 6/, гар бичмэл хуулбар /хх 7-11/, байрны ордерийн хуулбар /хх 12/, Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /хх 13/, Ч.Оюунбилэгийн Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан гомдол /хх 14/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/949 тоот хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хх 15/, Ч.Оюунбилэгийн Баянзүрх дүүргийн Прокурорын гаргасан гомдлын хуулбар /хх 16/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2133 дугаар Хэрэг бүргэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх 17/, Ч.Оюунбилэгийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх 18-19/, Ч.Оюунбилэг Н.Өвдөлмаа нарын харилцан яриа, зурвасууд /хх 20-21/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/11756 дугаар Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 23-24/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2019/17152 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 25-26/, нотлох баримт гаргуулах хүсэлт /хх 34/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 35/, үзлэг хийлгэх хүсэлт /хх 67/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаарлага /хх 74/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 75/, Голомт банкны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн орлогын мэдүүлэг /хх 214/, фото зураг /хх 215/.

 

8. Хариуцагчаас нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Н.Өвдөлмаагийн хариу тайлбар /хх 33/, Н.Өвдөлмаагийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх 41/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 44/, Н.Мөнхжаргалын тодорхойлолт /хх 45-46/, гарч бичмэл /хх 71-72/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 82/, Н.Өвдөлмаагийн хариу тайлбар /хх 84/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 127/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх 128/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 156/, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 485 дугаар захирамжийн хуулбар /хх 181/, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх 182/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх 183-192/, 2004 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээ-ний хуулбар /хх 193/, Б.Болормаа, Н.Сундуйжав нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 194/, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 195/, 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний хуулбар /хх 196/, Н.Өвдөлмаа, Н.Сундуйжав нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 197/, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 198/, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 11-1667402 тоот тодорхойлолт /хх 216/, Н.Мөнхжаргалын нас барсны гэрчилгээний хуулбар /хх 217/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 270 дугаар тогтоолын хуулбар /хх 218-219/, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 220/, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 221/, Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2017/438 дугаар дүгнэлтийн хуулбар /хх 222-233/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх 224/, 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар /хх 225/, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 226/.

 

9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Н.Мөнхжаргалыг гэрчээр асуусан /хх 52-54/. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58 дугаар байр, 42 тоот орон сууцны хувийн хэрэг /хх 55-66/, үзлэгийн тэмдэглэл /хх 69-70/.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ч.О, М.Т нар нь хариуцагч Н.Ө-д холбогдуулж эрхийн улсын Ү-2204006129 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол,  тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг Н.Ө-д даалгуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан.

 

2. Улмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Н.С-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан ба нэхэмжлэгч өөрийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд:

1/ 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Н.Ө болон Н.С нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах;

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.С нь Ч.О, М.Т нарт холбогдуулж эрхийн улсын Ү-2204006129 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Нэг. Эрхийн улсын Ү-2204006129 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...2004 онд маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан, ...үнийг бүрэн төлсөн... гэж тайлбарласан.

 

Хариуцагч Н.Ө нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа ...мөнгийг дутуу төлсөн, ...өгсөн мөнгийг нэхэмжлэгчийн хамтран амьдрагч буюу өөрийн дүү Н.М-аа зарцуулаад дуусгасан гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Ч.О, Н.Ө нарын хооронд 2004 онд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба тус гэрээгээр Н.Ө нь 1 өрөө орон сууцыг худалдахаар, худалдан авагч Ч.О уг орон сууцны төлбөрийг тус тус шилжүүлэн өгөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Ч.О, М.Т нарын нэхэмжлэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийг шаардсан агуулгатай байна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч үнийг нь төлөх үүрэгтэй.

 

Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу амаар буюу бичгийн хэлбэртэй байгуулна. Харин үл хөдлөх эд хөрөнгийн хувьд мөн зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуулиар тогтоосон дээрх хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус юм.

 

Хуулийн шаардлага хангаагүй буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүрэг үүсэх боломжгүй. Иймд өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэлгүй.

Хоёр. 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Н.Ө болон Н.С нар Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Н.Ө нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1,944,000 төгрөгөөр Н.С-д худалдсан байна. Ингэснээр Н.С нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн байгууллагаас гаргуулан авчээ /хх 62-66 хуудас/.

 

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ч.О, М.Т нар нь хариуцагч Н.С-д холбогдуулж 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Н.Ө болон Н.С нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах агуулгаар өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн.

 

Нэхэмжлэгч өөрийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Н.Ө нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчид 2004 онд худалдсан. Энэ байдлыг мэдэж байсан атлаа орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, дүр үзүүлэн гэрээ байгуулан өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж тайлбарласан.

 

Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн байна. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон журмыг зөрчиж хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, ямар ч төрлийн гэрээг байгуулах эрхтэй. Гагцхүү байгуулсан гэрээ нь өөрөө хуулийн хүрээнд байх ёстой.

 

2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Н.Ө болон Н.С нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ний агуулгыг буюу төлбөрийг гэрээнд дурдсан хэмжээгээр тохирсон явдлыг дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу тэдний хооронд байгуулагдсан гэрээг байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Нэхэмжлэгч Ч.О, М.Т нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 тоот хаягт байршилтай орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч ...Н.С нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч тул өөрийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.

 

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.С болохыг шүүхээс дүгнэсэн.

 

Иймд маргааны зүйл болох орон сууцыг Ч.О, М.Т нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул эрхийн улсын Ү-220400 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах,

2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Н.Ө болон Н.С нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай Ч.О, М.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-220400 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол,  тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг Ч.О,  М.Т нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,900 төгрөг, хариуцагч Н.С-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.О, М.Т нараас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Сундуйжавт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ