Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00143

 

                                                      *******,******* нарын

                                                     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00641 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 876 дугаар магадлалтай,

*******,******* нарын нэхэмжлэлтэй,

*******,******* нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлж Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-42 тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, *******,******* нарын байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нар, тэдний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч *******, түүний өмгөөлөгч С.Чинбат, хариуцагч*******, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******,******* нар нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлж Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-42 тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, *******,******* нарын байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00641 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т хэсэгт заасныг баримтлан, худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-42 тоот дахь 1 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг*******д даалгах тухай болон,*******, ******* нарын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай *******,******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 271,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 876 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00641 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нар, тэдний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухай: Шүүх талууд гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлж баталгаажуулаагүй өмчлөх эрхийн шилжилтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч шүүх Иргэний хуулийн 42-р зүйлийн 42.5-т заасан асуудлаар дүгнэлт хийгээгүй гэжээ. Гэтэл анхан шатны шүүхэд 42.5. Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх хэлцлийг хийсэнд тооцож болно гэсэн заалтыг хэрэглэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Н.Мөнхжаргалыг гэрчээр татаж гэрч 9-р асуулт Оюунбилэгийн хүүхдийнхээ хамт 20 жил амьдарсан байрыг одоо******* авах ёстой юу гэсэн асуултын хариуд авах ёстой гэж хариулсан, 14-р асуулт Сэрсмаагийн 18 жил амьдарсан 3 өрөө байр, *******ийн 20 жил амьдарсан 1 өрөө байрны зөрүүг******* авсан уу? гэхэд хариултад Н.Мөнхжаргал байрны төлбөрийг төлж дуусгаагүй, харин авсаар байгаад өртэй болчихсон байсан, 13-р асуулт Та*******гаас мөнгө авсан учир байрыг нь буцааж өгнө гэсэн тайлбар бичжээ,*******гаас мөнгө авсан гэх баримт байна уу? гэсэн асуултын хариултад надад байхгүй,*******д өөрт нь байгаа. Өгсөн авснаа тэмдэглэсэн дэвтэр байдаг юм байна билээ гэсэн хариултаас үзэхэд нэхэмжлэгч тал төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн 2019.12.23-нд Н.Мөнхжаргал шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтдоо ...төрсөн ах Нацагдоржийн Сундуйжавт байсан 8,500,000 төгрөгийг зээлж бусад ах дүү нараас авах авлагуудыг авч 13,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дутуу мөнгийг эгч өөрөө олж өгч ажлынхаа байрыг худалдаж авсан. Би ЗХУ-ын маз краз машинаар тээвэр хийдэг байсан. Нэг ажилд яваад ирэхэд эвдэрдэг. Байнгын засвар үйлчилгээ сэлбэг авдаг байсан. Ингээд машинаа хөдөлгөж ажил хийхийн тулд эгч*******гаас байнга мөнгө зээлдэг байсан. Миний эгчид өгөх өглөг нэг мэдсэн 40-өөд сая төгрөг болсон байсан. Ингээд би байрыг чинь авч чадахгүй болсон юм байна. Та байраа өөртөө үлдээ гэсэн. Надтай хамт амьдарч байх хугацаанд ******* ямарч хөдөлмөр эрхэлж байгаагүй. Би 2015.04.22-ноос групптэй, хөдөлмөр алдалтын 79% гэсэн тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Анхан шатны шүүх ..хэдийгээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах ерөнхий шаардлага тавигдахгүй боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 182-р зүйлийн 182.1 дэх хэсэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11-р зүйлд тус тус зааснаар тухайн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд хуульд заасан энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ, хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. ...харин Иргэний хуулийн 112.1-т зааснаар шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжихээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй ба гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд мөн хуулийн 56.3-т зааснаар хүсэлт зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэсний дагуу хожим илэрхийлсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий бөгөөд эргэлзээгүй гарчээ. Нэхэмжлэгч нар нь шүүхэд ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2.1-т заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нар нь шүүхэд 13,500,000 төгрөгийг бэлэн өгсөн гэж мэтгэлцдэг хирнээ энэ мөнгийг Н.Мөнхжаргал хүүхдийн тэтгэлэгт төлөх байсан бол өдий хэрийн мөнгө өгөх байсан гэж нэхэмжлэгч ******* тухайн мөнгийг огт төлөөгүй нь мэтгэлцээний явцаас нотлогддог юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.16-ны өдрийн 876 магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч *******,******* нар нь хариуцагч*******, ******* нарт холбогдуулан орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, *******,******* нарын байгуулсан 2011.08.22-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргасан ба маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Ч.Өвдөлмаагаас 18,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 13,500,000 төгрөгийг цувуулан төлсөн, үлдэгдэл 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгч*******ын төрсөн эцэг Н.Мөнхжаргал төлснөөр 2002 оноос хойш эзэмшиж байгаа боловч хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зохих журмын дагуу шилжүүлж өгөхгүй байгаа гэжээ.

Хариуцагч нар дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба******* ... тухайн хэлцлийг нэхэмжлэгч нартай бус, Н.Мөнхжаргалтай тохиролцож, 13,500,000 төгрөгийг ******* биш, харин түүний нөхөр Н.Мөнхжаргал төлсөн, ... үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй, нэмж мөнгө зээлж авсан, ...хэлцэл нь Иргэний хуульд нийцээгүй буюу бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангаагүй, ...шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн тайлбар гаргаж, Н.Мөнхжаргалын тодорхойлолт, түүнд мөнгө зээлдүүлсэн тухай*******гийн бичгээр гаргасан тооцоолол зэргийг баримтаар гаргасан байна.

6. Анхан шатны шүүх *******,******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагч нар, тэдний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

7.1. Маргааны зүйл болох орон сууцанд нэхэмжлэгч *******, Ж.Түвшинжаргал болон Н.Мөнхжаргал нар 2002 оноос*******гийн зөвшөөрснөөр амьдарч эхлэн, улмаар 2004 онд 18,000,000 төгрөгөөр худалдахаар Н.Мөнхжаргал, ******* болон******* нар аман хэлбэрээр харилцан тохиролцож, уг хэлцлийн дагуу 13,500,000 төгрөгийг*******д төлснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******гийн төрсөн дүү Н.Мөнхжаргалтай хамтын амьдралтай байж, тэдний дундаас хүү******* төрсөн, мөн тэд хамтран амьдрах хугацаанд*******гийн өмчлөлийн, маргаан бүхий орон сууцанд амьдарч байсан талаар зохигч тайлбарлаж, энэ талаар хэн аль нь маргаагүй байна.

7.2. Анхан шатны шүүх ...үл хөдлөх эд хөрөнгө худалдаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тус тус зааснаар тухайн гэрээг бичгээр байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд, хуульд заасан энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ, хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэхийн зэрэгцээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан хэлцэл биш гэж, түүнчлэн ... хариуцагч*******г гэрээгээр хүлээсэн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүссэн гэж дүгнэвэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн дүгнэлтүүдийг хийсэн байна.

7.3. Давж заалдах шатны шүүхээс ... худалдах-худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж харилцан уялдаа холбоогүй дүгнэлт хийсэн гэж анхан шатны шүүхийг буруутгасныг үндэслэл бүхий гэж үзнэ.

...шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, хэргийн оролцогчдын эрх зүйн байдал тодорхой бус байгааг анхаараагүйн улмаас нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх нь зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

7.4. Хариуцагч******* нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх боловч нэхэмжлэгчийн нөхөр Н.Мөнхжаргал өөрөөс нь зээл авсан тул тухайн зээлд тооцсон гэж маргасан, түүнчлэн орон сууцны үнийг бүрэн төлсөн гэх нэхэмжлэгч нарын тайлбар, орон сууцыг худалдаж, эзэмшлийг 2002 онд нэхэмжлэгч нарт шилжүүлсэн боловч өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй атлаа *******д өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул ...хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн үүднээс эцэслэн дүгнэх, талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодорхойлох боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

8. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нар, тэдний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 876 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нар, тэдний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 271,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН