Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01757

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01757

 

 

2022 09 19 210/МА2022/01757

 

 

Ч.K, М.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02553 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ч.K,

Нэхэмжлэгч: М.Т

Хариуцагч: Н.О,

Хариуцагч: Н.С

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, Н.С, Н.О нарын байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.K, нэхэмжлэгч М.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Эрдэнэбилэг, хариуцагч Н.О, хариуцагч Н.Сын өмгөөлөгч С.Ч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ч.K нь Н.Огийн дүү Н.Мтай 1994 оноос эхэлж хамтран амьдарсан ба 1997 онд хүү М.Т төрсөн. 2002 оноос Н.Огийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-00 тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцанд амьдарч эхэлсэн. Н.О нь 2004 онд бидэнд уг байраа 18,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Учир нь, Н.Од Чингэлтэй дүүргийн Төмөрчний гудамжинд тухайн үед түрээслэн ажиллуулж байсан Шимт бууз гэдэг газрыг авах шаардлага үүссэн учраас мөнгөний хэрэгцээ гарсан байсан. Би хариуцагч Н.Од 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг, 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг төлсөн. Манай нөхөр Н.М үлдэгдэл 4,500,000 төгрөгийг хоорондын тооцоогоор машины түрээсийн мөнгөөр тооцож дуусгасан гэж ойлгож байсан. Төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа байрны гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулахыг шаардахад Н.О ах дүү улс санаа зоволтгүй, барьцаанд байгаа чөлөөлж чадахгүй байна гэсээр өнөөдрийг хүрсэн. Бид байрандаа амьдраад 19 жил болж байна.

1.1. Гэтэл сүүлийн үед Н.О утсаар яриад манай байрыг суллаж өг гэж шаардаж эхэлсэн. Тэрээр утсаар ярихдаа 18,000,000 төгрөгийг танай нөхөрт зарцуулсан гэж худал ярьж байна. Нэхэмжлэгч Ч.K Цагдаагийн байгууллагад бусдад залилан мэхлүүлсэн гэдэг асуудлаар хандсан боловч Цагдаагийн байгууллагаас энэ бол иргэд хоорондын маргаан байна, шүүхээр шийдүүл гэсэн хариу өгсөн.

1.2. Хариуцагч Н.О нь маргаан бүхий байрыг 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Н.Сын нэр дээр гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. Н.О нь Ч.K, Н.М нарт байраа зарсан гэдгээ мэдсээр байж өөрийн дүү Н.Сын нэр дээр 1,940,000 төгрөгөөр шилжүүлсэн байгаа нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна. Шүүх хуралдаан болон мэтгэлцээний явцад энэ хэрэг урьд нь шүүхээр шийдвэрлэгдэж байсан учраас шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад Н.О нь 13,500,000 төгрөгөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч талаас үл хөдлөх хөрөнгийн төлбөрт 4,500,000 төгрөгийг дутуу төлсөн гэж тайлбарласнаар төлбөр дутуу гэдгийг бид олж мэдсэн. Төлбөрийг бүрэн төлж дуусах хугацааны талаар талуудад тохирсон тохиролцоо байгаагүй учир дутуу төлсөн гэх 4,500,000 төгрөгийг төлж, маргаан бүхий байрны төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөртэй холбоотой маргаан байхгүй.

Иймд Н.С, Н.О нарын байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.Огийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2004 онд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах нэг давхар ажлын байрыг худалдаж авахаар Н.Болормаатай тохирсон. Богино хугацаанд мөнгө олох ёстой болсон тул манай талийгаач дүү Н.М, Н.С ахаасаа 8,500,000 төгрөг зээлж авч өгсөн. Үлдсэн 5,000,000 төгрөгийг Н.Сэрдамба, Н.Аззаяа, н.Амраа нар авчирч өгсөн. Энэ хооронд бүх төлбөр тооцоо дууссан. Тэгэхэд надад 4,500,000 төгрөг олдохгүй байсан тул Н.Саас 4,500,000 төгрөгийг зээлсэн. 13,500,000 төгрөгийг дүүгээсээ авсан болохоор нэгнийгээ хохироохгүй гэдэг үүднээс Н.Сын нэр дээр гэрчилгээг гаргуулж, мөнгийг нь төлж дуусахаар өөрийнхөө нэр дээр авъя гээд анх бэлэглэлийн гэрээгээр ажлын байрыг худалдаж авсан. Уг худалдан авсан газар, байр дээрээ хамгийн сүүлд 2017 онд барилга барьж дуусгасан.

2.1. Маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн байрны хувьд би 2004 онд 18,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Нэхэмжлэгч 13,500,000 төгрөг төлсөн. Мөнгөө өгөх юм байх гэсэн ч өгөөгүй, би ажил эхэлсэн байсан учраас 13,500,000 төгрөг авсан. Би Ч.Kээс 13,500,000 төгрөг аваагүй. Өөрийн дүү Н.Маас авсан. Энэ хугацаанд нэг ч удаа над руу байраа шилжүүлээч гэж ярьж байгаагүй. Нэхэмжлэгч нар шүүх хурал болохоос өмнө миний данс руу хүчээр 5,000,000 төгрөгийг надад мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн байсан. Одоо энэ байр Н.Сын нэр дээр байдаг.

2.2. Төрсөн дүү Н.М болон Ч.K нар хадмындаа 3 өрөө байранд маш олуулаа амьдарч байхаар нь өрөвдөөд манайд түр түрээсийн төлбөр төлөхгүй амьдарч бай гэж хэлсэн. Тухайн байрыг би хүүдээ хадгалж байсан. 2009 онд Н.М бид хоёр таарч тохирохгүй юм байна гээд манайд хүрээд ирсэн. Дүүгийн хүү М.Т бага байсан учир хүн чанар зулгаагаад хэсэгтээ амьдраг гэж л бодсон. Анх цайны газар авахдаа би төрсөн дүү Ч.Мыг 18,000,000 төгрөгөөр авч болно гэсэн боловч Н.М, Н.С мөнгө зээлээд надад 13,500,000 төгрөг өгсөн. Ингээд 2005 оноос хойш Н.М надаас цувуулж авсаар 40,000,000 төгрөгийн өртэй болсон. Би 2017 онд Ч.Kтэй уулзаж, байр чөлөөлж өгөхийг хэлэхэд гэртээ оруулахгүй, хүүгээ удахгүй их сургууль төгсөх гэж байгаа, төгссөнийх нь дараа гаръя гэхээр нь би за гэж хэлээд явсан. Гэтэл цагдаад залилангаар өргөдөл өгөөд, шүүхэд миний байрыг өөрийн байр мэт худал ярьж байгаад гомдолтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Н.Сын тайлбар, татгалзлын агуулга: Н.Сд Н.О, Н.М нар их хэмжээний өртэй байсан тул өрнийхөө төлбөрт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-00 тоот хаягт байршилтай, нэг өрөө орон сууцыг авсан. Тухайн байрнаас Ч.K, М.Т нарыг нүүлгэх тухай ярьсан боловч эгч Н.О жаахан хүлээж бай, хүү нь их сургуулиа төгсөөд гарна гэсэн болохоор нэг их албадан гаргах тухай бодоогүй.

3.1. Ч.K энэ байранд хамаагүй. Бид гэр бүлээрээ ярихдаа дүү Н.Мд 2000 оны хавьцаа зарах тухай ярьж байсан боловч надаас тухайн байрыг авахдаа зээлсэн мөнгөө надад өгөөгүй. Эгч Н.Огаас мөнгө зээлсээр тухайн байрыг авч чадахаа байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Н.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Маргаж буй байр болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцыг Н.О нь 1995 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшсэн. Улмаар 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд хамтран өмчлөгч хүү Ч.Бийн хамт бүртгэгдсэн. Өмчлөгч Н.О, Ч.Б нар нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

4.1. 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр уг байр нь Н.О, Ч.Б нарын өмчлөлөөс Н.С миний өмчлөлд шилжсэн. Н.С нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн байх тул нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувиар хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдүүдээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцнаас хариуцагч Ч.K, М.Т нарыг эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж, чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга: Н.О байраа төрсөн дүү Н.М болон түүний эхнэр Ч.K, хүү М.Т нарыг орон сууцтай болгох үүднээс зарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт дүү нартаа зарна гээд бэлэн мөнгийг авсан. Н.Ст шилжүүлсэн шалтгаан нь 2010 онд Ч.K, Н.М нарын таарамжгүй харилцаа үүссэнээс болсон. Гэр бүлийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүтэй. Н.М өөр хүнтэй суугаад явсан тул Ч.K, М.Т нарт Н.О байраа шилжүүлж өгөхийг хүсээгүй. Иймд дүр үзүүлээд өөрийн дүү Н.Ст 1,940,000 төгрөгөөр байраа зарсан байгаа нь Ч.K, М.Т нарт өгөхгүй гэсэн хүсэл зоригоор хийгдсэн хэлцэл. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болж буй Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай 1 өрөө орон сууцыг Н.О нь 1995 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшсэн. Улмаар 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр өөрийн төрсөн хүү болох Ч.Бийн хамт бүртгэгдсэн. Өмчлөгч ээж Н.О, хүү Ч.Б нар нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ээр уг байр нь Н.О, Ч.Б нарын өмчлөлөөс Н.Сын өмчлөлд шилжсэн. Дээрх Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаж хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул эрхийн улсын Ү-2204006129 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Н.О болон Н.С нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай Ч.K, М.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2204006129 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Ч.K, М.Т нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,900 төгрөг, хариуцагч Н.Саас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.K, М.Т нараас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Ст олгож шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Н.О нь бага дүүгээ нас барангуут эхнэр хүүхдээс нь хашаа байшинг нь булааж аваад гудамжинд гаргаж байсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал үүргээ ихэнхийг нь биелүүлсэн ба үлдэгдэл байхгүй гэж бодож байтал шүүх хурал дээр үлдэгдэл багахан хэсгийг төлөөгүй гэх асуудал яаригдангут 4,500,000 төгрөгийн үлдэгдлийг гүйцээн төлсөн. Гэтэл шүүх хууль болон магадлал тогтоолд заасан зохицуулалтыг анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэлцэлд анхнаасаа хугацаа заагдаагүй буюу төлбөр төлж дуусах хүртэл үргэлжилсэн хугацаагаар тохирсон байдаг. Харин сөрөг нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх байтал шүүх зөвхөн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзэж хөөн хэлэлцэх хугацаа эсэхийг анхаараагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулж, төлбөрийг бүрэн барагдуулсан эсэхээ тогтоолгохоор байгаа тул манай гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг шууд шийдвэрлэ гэсэн мэтээр тайлбарлаж гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Ч.Бийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хийгдэх ёстой ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн ба талуудыг шүүх хуралдаанд оролцуулж, бүрэн дүүрэн мэтгэлцүүлж, нотлох баримтыг шинжлэн судалсны үр дүнд шүүх шийдвэрээ бие даан гаргасан нь хууль ёсны болсон. 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ээр Н.Сын өмчлөлд шилжсэн. Энэ нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Дээрх 2 баримтаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Н.С байх тул өмчлөгчийн хувиар хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

2. Нэхэмжлэгч Ч.K, М.Т нар нь хариуцагч Н.О, Н.С нарт холбогдуулан орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, Н.С, Н.О нарын байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан. Хариуцагч Н.С нь орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлага гаргасан, нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

3. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ Н.Огаас Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцыг 18,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 13,500,000 төгрөг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэх 4,500,000 төгрөгийг төлсөн. Иймд Н.С, Н.О нарын байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэжээ.

3.1. Хариуцагч Н.О татгалзлын үндэслэлээ Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцыг 2004 онд 18,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба 13,500,000 төгрөг төлөгдсөн. Уг төлбөрийг Ч.Kээс аваагүй, өөрийн дүү Н.Маас авсан. Нэхэмжлэгч нар шүүх хурал болохоос өмнө миний дансанд надад мэдэгдэлгүйгээр 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн орон сууцанд нэхэмжлэгчийг гэр бүлийн хамт түр суулгаж байсан гэж, хариуцагч Н.С татгалзлын үндэслэлээ Н.Мд орон сууцыг 2000 онд худалдах тухай ярьж байсан боловч худалдаагүй тус тус тайлбарлажээ.

4. Гуравдагч этгээд Ч.Б Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж хариуцагчийг дэмжсэн тайлбар гаргасан.

5. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Н.О нь тухайн орон сууцыг 2004 онд Ч.K, Н.М нарт 18,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон эсэх нь маргааны зүйл болж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Улсын бүртгэлийн Ү-2204006129 дугаар бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцны анхны өмчлөгчөөр Н.О болон Ч.Б нар 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Улмаар уг орон сууцны өмчлөх эрх 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Н.Огийн өмчлөлөөс Н.Сын өмчлөлд шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд уг бүртгэл хүчинтэй байна. /хх 44, 55-66, 225/

5.2. Дээрх орон сууцанд нэхэмжлэгч Ч.K, Ж.Т болон Н.М нар 2002 оноос хариуцагч Н.Огийн зөвшөөрлийн дагуу амьдарч эхэлсэн. /хх 233/

5.3. Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. /хх 218/

5.4. Хариуцагч Н.О нь дээрх орон сууцыг бусдад худалдсаны төлбөрт 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 13,500,000 төгрөгийг хүлээн авсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ч.Kээс 4,500,000 төгрөгийг хариуцагч Н.Од шилжүүлсэн байна. /хх 215, 233/

6. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг талуудын гаргасан тайлбартай харьцуулаад нэхэмжлэгч Ч.K болон хариуцагч Н.О нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж үзсэн нь зөв.

7. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх журамтай. Гэрээний талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй нь уг хэлцлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, талууд хэдийгээр тухайн гэрээг бичгээр байгуулаагүй, хэлцэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх боловч хариуцагч Н.О нь орон сууцны төлбөрийн дийлэнх хэсэг буюу 13,500,000 төгрөгийг нэхэмжлэгч болон Н.Маас хүлээн авсан гэх тайлбар, үйл баримт, орон сууцыг худалдах хүсэл зориг зэргийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар тэдний хооронд орон сууц худалдах-худалдан авах хэлцлийг хийсэнд тооцох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Ч.K болон хариуцагч Н.О нарын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр орон сууц худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

8.1. Хариуцагч Н.О нь орон сууц худалдах-худалдан авах хэлцлийн үнэ 18,000,000 төгрөгөөс 13,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Kээс аваагүй гэдгээ баримтаар нотлоогүй.

8.2. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ. Нэхэмжлэгч Ч.Kээс 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 13,500,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 4,500,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг хариуцагч Н.Од шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг орон сууцны үнийг хариуцагч Н.Од бүрэн шилжүүлсэн гэж үзэхээр байх тул тэрээр орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй.

9. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа, мөн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хэлцлээр тохирсон орон сууцны үнийг бүрэн төлсөн байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр үүснэ. Иймд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй байна.

10. Н.О, Н.С нар нь 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь маргааны зүйл болох дээрх орон сууцыг худалдан авагч Н.Сд 1,944,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх Н.Сд шилжсэн байна. /хх 44, 62/

10.1. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.

Хариуцагч Н.О нь орон сууцыг нэхэмжлэгч Ч.Kт худалдахаар 2004 онд хэлцэл байгуулсан атлаа хожим 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тухайн орон сууцыг хариуцагч Н.Сд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус юм.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.

11. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

11.1. Н.Сандуйжав Н.О нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул хариуцагч Н.Сыг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй. Иймд хариуцагч Н.Сандуйжав нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг орон сууцнаас чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.

12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Н.О болон Н.С нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, эрхийн улсын Ү-2204006129 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.K, М.Т нарт шилжүүлэхийг хариуцагч Н.Өвдөлмөөд даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Нэхэмжлэгч Ч.K, М.Т нарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2204006129 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар, 00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч Н.Сын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтын нэхэмжлэгч Ч.K, М.Т нараас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Сд олгосугай. гэснийг хариуцагч Н.Огаас 248,000 төгрөг, хариуцагч Н.Саас 23,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН