Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/02245

 

 

 

                                 

 

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр                          Дугаар 102/ШШ2022/02245                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С... дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр ..., М...х овогтой Б..ын Ү.,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1725059/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1725059/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05589 дугаар шүүхийн шийдвэрээр Э... ХХК-иас 501 830 358 төгрөгийг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч Б.С... нь барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Ү....ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 96 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 1725059/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн байна. Уг тогтоолоор миний өмчлөлийн хөрөнгийг битүүмжилснийг би 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Э... ХХК-ийн захирал Т.И...ээс мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр биелүүлэх болон эд хөрөнгийг битүүмжлэх талаар хөрөнгийн өмчлөгч надад огт мэдэгдээгүй, мөн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд намайг байлцуулаагүй тул миний зүгээс уг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болон бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудаж, тайлбар авах, төлбөр төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгөхөөр заасан байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжилсэн хөрөнгийн өмчлөгч надад мэдэгдэх хуудсаар болон утсаар дуудаж мэдэгдэл өгч байгаагүй, Э... ХХК-ийн захирал Т.И... 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн ч уг хугацаа болоогүй байхад 1 дүгээр сарын 21-ний өдөр гуравдагч этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэж байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авахыг хориглосон. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлэх болон эд хөрөнгө битүүмжлэх талаар өмчлөгч Б.Ү...д огт мэдэгдэлгүй, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд Б.Ү...ийг байлцуулаагүй үйлдэл нь шууд бусаар өмчлөх эрхэд нь халдаж байна. Б.Үлэмж өмчлөлөө битүүмжлэгдсэнийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Э.. ХХК-ийн захирал Т.И...ээс мэдсэн. Тухайн үед Б.Ү... мэдсэн бол эд хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой ажиллагаанд өөрөө оролцох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5589 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай 48 м.кв 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авч, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж заасны дагуу битүүмжлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: 214 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 17250559 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-5/, 17250559/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-6/, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-7/, С... дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот дахь 48 м.кв талбайтай орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8/, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17250559 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тогтоолын хуулбар /хх-9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05589 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-10-13/, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2017/00752 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-14/, мөн өдрийн 102/ГХ2017/00104 дүгээр Гүйцэтгэх хуудасны хуулбар /хх-15/ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05589 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх 31-35/, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ГХ2017/00104 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбар /хх-36, 37/, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2017/00752 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-38/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17250553 дугаар тогтоолын хуулбар /хх-39/, Э... ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/25973, 3/25974 дугаар албан бичгүүд /хх-40/, 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-41/, мөн өдрийн 17250559/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон Шийдвэр гүйцэтгэх тухай мэдэгдлийн хуулбар /хх-42, 43/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05589 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар Э... ХХК-иас  нь 501 830 358.02 төгрөг гаргуулж Капитал банканд олгох, төлбөрийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирчээ.

Улсын бүртгэлийн Ү-2201...дугаарт бүртгэгдсэн С... дүүргийн ... дугаар хороо, 1 дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө сууцны өмчлөгчөөр Ж.Б..., Б.М., Б.Ү.  нар бүртгэгдсэн, улмаар 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Капитал банкны барьцаалбаргүй барьцааны гэрээ бүртгэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжилт хөдөлгөөн түдгэлзүүлэх тусгай тэмдэглэл хийгдсэн байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ГХ2017/00104 дугаар гүйцэтгэх хуудас, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2017/00752 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 17250559/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч буюу бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх албадлагын арга хэмжээ авах ба энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд буюу барьцааны зүйлийн өмчлөгчийг дуудах, тайлбар авах, төлбөр төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгөх ажиллагаа явуулах шаардлагагүй байжээ. 

 

Нөгөө талаас, төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн  тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болох боловч өмчлөгч Ж.Б..., Б.М..., Б.Ү... нарын хооронд өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүсээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.2 дахь хэсэг, 122-р зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан С... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот дахь 48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 17250559/01 дугаар тогтоолыг хүчингүй болгох, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай Б.Ү...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА