Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/02296

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 16 өдөр

   Дугаар 102/ШШ2022/02296

            Улаанбаатар хот

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ТБ ХХК

 

Хариуцагч: ТТ ХХК

 

Хариуцагч: П.Т

 

Хариуцагч: ЗБДС холбогдуулан

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 950.586.641 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах

 

           Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай “Зээл болон Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Н.Б

Хариуцагч “ТТ” ХХК, П.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Хариуцагч ЗБДС итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т

Хариуцагч “Т” ХХК, П.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б өмгөөлөгч С.Г

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ТБ ХХК, хариуцагч “ТТ” ХХК, П.Т, ЗБДС холбогдуулан  гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 950.586.641 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч “ТТ” ХХК, П.Т гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

         Нэхэмжлэгч ТБ ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ТБ ХХК, хариуцагч “ТТ” ХХК, П.Т, ЗБДС холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

 Нэхэмжлэлийн шаардлага ‘’ТТ’’ ХХК, хамтран зээлдэгч П.Т зээлийн үндсэн төлбөрт 459.946.618 төгрөг, хүүд 229.899.211 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 727.466 төгрөг 52 мөнгийг мөн хариуцагч ЗБДС 260.113.345 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зээлдэгч ‘’ТТ’’ ХХК, П.Т  зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгч ‘’ТТ’’ ХХК, П.Т хамтран 2018 оны  02 дугаар сарын  13-ны өдөр ТБ “Хойморь” тооцооны төвөөс зээл авч, 15 дугаартай “Зээлийн гэрээ”, ... дугаартай “Барьцааны гэрээ”, ... дугаартай “Батлан даалтын гэрээ”-г байгуулж 1.000.000.000 төгрөгийн эх үүсвэртэй батлан даалтын төслийг сарын 1.83 хувийн, жилийн 13 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээл авсан.

ЗБДС баталгаа гаргасан.

Зээлдэгч нар эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын байдлаар эх үүсвэртэй батлан даалтын зээлийн төлбөрийн үлдэгдэл үндсэн зээлийн 719.959.962 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Үндсэн зээлийн үлдэгдлээс батлан даалтын гэрээнд заасны дагуу зээлдэгч нараас үндсэн зээлд 459.946.618 төгрөгийг нэхэмжилж байна.

Үлдсэн 260.013.345 төгрөгийг ЗБДС-аас нэхэмжилж байна.

Нэмэгдүүлсэн хүү алданги дээр ЗБДС оролцуулахгүйгээр ‘’ТТ’’ ХХК, П.Т гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Энэхүү зээлийн гэрээ байгуулснаар зээлдэгч нар хуваарийн дагуу төлөх ёстой байсан зээлийн төлбөрөө төлөөгүй. ТБ зүгээс удаа дараа хариуцагч нарт зээлээ төлөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн.

Тодорхой хүрээнд зээлийг барьцаа хөрөнгөөр худалдах замаар зээлийг хангуулсан. Зээлийн батлан даалтын сангаас тодорхой зээлийг гаргуулсан.

Цаашид зээлдэгч нар зээлийг төлөх боломжгүй гэж үзсэн тул ТБ ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд  нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй ч гэсэн манай тал тодорхой хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 04, 2019 оны 08 дугаар сарын 22, 2019 оны 09 дугаар сарын 18, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч нарт зээлээ эргэн төлөхийг мэдэгдэж мөн 4 удаа зээлдэгч нартай ажлын байрандаа  уулзсан.

Зээлийн барьцаа хөрөнгийн хувьд .... тоот, 169 метр квадрат талбайтай .. өрөө орон сууц, .... дугаар байрны ... тоот, 40 метр квадрат талбайтай, .. өрөө орон сууц, .. дугаар байрны ... тоот, 14 ширхэг тоног төхөөрөмж зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгө болгон зээлдэгч нар гэрээ байгуулсан.

Энэ хугацаанд ЗБДС болон зээлдүүлэгч нар 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-нд заасны дагуу гэрээний үндсэн төлбөр 260.000.000 төгрөгийг ЗБДС гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл Иргэний хуулийн 460 дугаар зүйлд зааснаар “Барьцааны гэрээ”-нд зааснаар зээлдэгчтэй нэгэн адил үүрэг хүлээнэ, гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн зээлдэгчтэй ижил түвшинд хариуцна гэж заасны дагуу ЗБДС энэ мөнгийг нэхэмжилж байгаа.

ЗБДС нэхэмжилж байгаа мөнгөн дүн нөхөх хариуцлага биш зэрэгцээ хариуцлага тул шүүх бүрэлдэхүүн шийдвэртэй тусгаж өгөхийг хүсэж байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Мөн ЗБДС зээлд банк эх үүсвэрийн дагуу тодорхой зээл олгох чиг үүрэгтэй оролцож байгаа болохоос албадлагын дагуу тухайн зээлийг олгоогүй.

Тодорхой төсөл хэрэгжүүлэх замаар зээлийн шалгуурыг ханган зээл олгосон. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгчид тэр бүх боломжийг банк олгох үүрэгтэй. Зээлийг авсан өдрийн маргаашаас эхлэн зээлийг төлөхгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гарган зээлийг зогсоон нэг талын санаачилгаар гэрээний үүргийг биелүүлэх нь зээлийн гэрээнд зааснаар боломжгүй байсан.Боломжгүй байсан гэдэг нь тухайн зээл 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон зээл.

Энэхүү зээл 6 сарын хугацаанд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдсөн зээл. Энэ хугацаанд зээлдэгч 2018 оны  03 дугаар сараас 2018 оны 12 хүртэл  хүүг хугацаанд дутуу төлсөн. Төлөх үедээ тодорхой хуваарийн дагуу ялимгүй зөрчил буюу дутуу төлж байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үндсэн төлбөрт 30.000.000 төгрөг, хүү, алданги гэж 44.000.000 төгрөгийг төлж гэрээний үүргийн зөрчлөө арилган зээлийг тодорхой түвшинд хэвийн явуулах үүднээс төлбөрийг хийдэг байсан.

Ингээд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 9.509.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүүд 9.500.000 төгрөг,  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 190.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын  08-ны өдөр 101.499 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 81.816.000  төгрөг гэх мэтээр гэрээний зөрчлөө арилган төлж явсан учраас ТБ нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл байгаагүй.

Энэ хугацаанд  авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй, хуурамч  бичиг баримт үйлдсэн байх магадлалтай  гэдэг үүднээс цагдаагийн байгууллагад нэхэмжлэгч хандан шалгуулсан.

Цагдаагийн газар шалгуулах хугацаанд 2021 оны  01 дүгээр сарын 15-ны өдөр 81.000.000 төгрөгийг ‘’ТТ’’ ХХК төлсөн бөгөөд 2020 оны 08 дугаар сар хүртэл тодорхой түвшинд бага ч гэсэн ‘’ТТ’’ ХХК  тодорхой зээлийг төлсөн байдаг.

Тэрээр үндсэн зээлийн хүүд 223.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүүд 1.100.000 төгрөгийг төлсөн зээлдэгчийн хувьд ТБ ХХК нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу ялимгүй зөрчил гаргаж зээлийн төлбөрийг төлж байсан.

Нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч нэхэмжлэлээ гардаж аваагүй мөн хамтран хариуцагч тодорхойлогдохгүй байсны улмаас 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхээс нэхэмжлэл буцсан.

Энэ хугацааг хэлж байгаа шалтгаан нь зээлдэгч, зээлдүүлэгч огт идэвхтэй үйлдэл хийгээгүйгээр мөнгө хүүлэх асуудал байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Хариуцагч нийт 504.000.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа.

         Энэ 504.000.000 төгрөгнөөс Зээлийн батлан даалтын сан үүргээ биелүүлж 2 удаа төлбөр хийсэн. Эхний удаа 239.000.000 төгрөгийг хийсэн. ‘

        ’ТТ’’ ХХК-ийн хүсэлт байгаа 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай хүсэлт. Энэ нь авсан зээлээ хуваарийн дагуу төлөхөө илэрхийлсэн нь хэргийн материалд авагдсан.

         Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч М.С холбогдох шаардлагаасаа татгалзсаныг шүүх шийдвэрлэсэн тул түүнээс шаардах зүйл байхгүй, гэжээ.

         

         Хариуцагч “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       ‘’ТТ’’ ХХК, ТБ ХХК-тай 2018 онд 15 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, үүний эх үүсвэртээ зээлийн гэрээ гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндсэн зээлд 280.040.037 төгрөг,  хүүд 223.616.362 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.127.155 төгрөг нийт 504.783.555  төгрөг төлсөн байдаг.

Үндсэн зээлийн дүнгийн хагас хувийг ‘’ТТ’’ ХХК төлсөн. Энэ байдал нь ‘’ТТ’’ ХХК зээлийн гэрээний үүргээс зугтаах хүсэл зориг байгаагүй гэдгийг харуулж байна.

Зээл эргэн төлөхөд цар тахалтай холбоотой тодорхой хүндрэл үүссэн энэ бол нийтэд илэрхий үйл баримт.

Ийм нөхцөл байдлаас болж ‘’ТТ’’ ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-аас “ТТ’’ ХХК бараа материал захиалсан ачааны машин осолдсон. Барилгын материал, пасадны шил гэх мэт зүйлүүд хамгийн түрүүнд эвдрэл гэмтэл үүссэн. ‘’ТТ’’ ХХК-ийн үндсэн ажил барилгын гадна талын  шилэн пасадыг хийдэг. Барилгын түүхий эд байхгүйн улмаас ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Бараа материалд гэмтэл үүссэний дараа шууд хөл хорио тогтоож цар тахал үүссэн.

Энэ нөхцөл байдлыг тухайн үед ТБ мэдэгдсэн. Эдгээрээс шалтгаалан зээлийг төлөх төлөлтийн хуваарийг зөрчих асуудал үүссэн тул зээл төлөх хугацааг өөрчилж өгнө үү? гэж манай зүгээс ТБ ХХК-д удаа дараа хэлж байсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. 

2019 оны 02 дугаар сарын 25-ны байдлаар гэрээний төлөгдөөгүй зөрчил 1.562.000.000 төгрөгийг сар бүр төлөх ёстой хуваарь зөрчигдөн төлөгдөөгүй. ‘’ТБ’’ , ‘’ТТ’’ ХХК-ийн захирал М.С цагдаагийн газарт өгсөн.

1.000.000.000 төгрөгийн гэрээ байгуулснаар шууд М.С дансанд шилжүүлдэг тийм төрлийн зээл бол биш.

Харин М.С зээлийн гэрээнд заасан тоног төхөөрөмжийг аливаа гуравдагч этгээдээс худалдаж авах шаардлагатай учраас худалдагч талын данс руу шилжүүлдэг.

М.С данс руу нэг ч төгрөг ороогүй. Банк М.С хууран мэхлэж зээл авсан гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол  гаргасан.

Эрүүгийн хэрэг маргаанд ТБ “Хоймор” тооцооны төвийн захирал, М.С гэрээ байгуулан, ажилтан хохирогчоор тогтоогдон оролцсон байдаг.

 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэн” жил гаруй хугацаанд шалгасны эцэст 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэргийг хаасан.

Хэдийгээр зөрчлийн хэмжээ 1.562.000.000 төгрөг боловч М.С  гэдэг хүнийг мөнгө төлж чадахгүй байна гэдэг тийм ойлголтыг ТБ өөрсдөө бий болгож цагдаагийн газарт өгч ‘’ТТ’’ ХХК-ийг үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцлийг үүсгэсэн.

Сүхбаатар дүүргийн Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 57 дугаартай Тогтоол хэрэгт авагдсан.

Хэрэг бүртгэлтийн нийт хугацаа 11 сар буюу 330 хоног. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн.

Мөн хуулийн 281 дүгээр зүйлд зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтуул зээлийг хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй гэж зааснаар энэ үүргийг ТБ ХХК хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан нэмэлт хугацаа тогтоох тухай.

Нэмэлт хугацаа маш олон удаа авагдсан талаар хэрэгт авагдсан байгаа.

Зээлийн төлөлтийн хугацааг 40-50 удаа сунгасан. Нэмэлт хугацаа тогтоож үр дүн гарахааргүй бол гэрээг цуцалж зээлийн төлбөрөө шаардах эрхтэй. ТБ, ‘’ТТ’’ ХХК-ийг эдийн засгийн хүнд байдалд оруулж цаашлаад мөнгө хүүлэх санаатай байсан.

Цагдаад хандаж нэмэлт хугацаа тогтоож мөнгө эргэн төлөх хугацаа хэрэгжээгүй байхад гэрээг цуцлаагүй. 2021 оны 11 дүгээр сард ТБ ХХК, ‘’ТТ’’ ХХК-ийг шүүхэд өгсөн.

           Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх хэсэгт зааснаар худал мэдээлэл өгсөн бол гэрээг цуцлах үүрэгтэй гэж заасан.

           Цагдаагийн газар шалгагдаж байх хугацаандаа зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг банкинд өгсөөр байсан.

           Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дхаь хэсэгт зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглана, олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгана.

            Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдол зээлийг нэг талын санаачилгаар цуцалж олгосон зээлийг нэн даруй төлөхийг зээлдэгчээс буцаан төлөхийг зээлдүүлэгч шаардана гэж зааснаар заавал биелэгдэх шинжтэй байна.

            М.С гэдэг хүн авсан зээлийг өөрийн дансаар авч хууран мэхэлсэн талаар нэн даруй мэдсэн бол гэрээг нэг талын санаачилгаар зогсоон зээлдэгчээс шаардах эрхтэй.

           2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас хүү тооцох хугацаа зогсох ёстой байтал 2021 он хүртэл хүү тооцсон. Банкны үйл ажиллагаа хуульд заасан журмыг зөрчиж байна.

           Өөрсдийн буруугаас болж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны төлөө дахин энэ хугацааны хүүг нэмэгдүүлэн нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахалтай холбоотой нийт 79 хоног хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорио тогтоосноор зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан.

           Тухайн зөвшөөрөгдсөн аж ахуй нэгжид багтаагүй тул үйл ажиллагаанд зогсонги байдал үүссэн. Эдгээр хугацааг тооцож үзэхэд нийт 426 хоног. Хариуцагч ‘’ТТ’’ ХХК-аас хамааралгүйгээр үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Зээлийн хүүг нэг хоногийн 256.424 төгрөг нийт 109.236.624 төгрөгийн хүү тооцох үндэслэлгүй. Цар тахал, түүхий эд бараа материалын эвдрэл, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан энэ бүх хугацааны хүүг хасаж тооцох үндэслэлтэй.

Зориулалтын дагуу ашиглаагүй байх, хуурамч бичиг баримт үйлдэж зээл авсан талаар цагдаагийн байгууллагад шалгуулсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлж байна.

Зориулалтын дагуу ашиглаагүй бол нэхэмжлэгч гэрээгээ цуцлах ёстой.

Хариуцагч зээлээ төлөх хүсэлт эрмэлзэл байсан тул нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар зээлийг үргэлжлүүлсэн гэж тайлбарлаж байна.

Ялимгүй зөрчил, ноцтой зөрчил гэдэг нэр томьёо хуульд байхгүй. Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй бол гэрээг цуцлан нэн даруй төлөхийг шаардах ёстой гэж заасан.

 Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар тусгайлан заасан учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч нар зээл авсан талаар маргаагүй зээлд 504.783.555 төгрөг төлсөн.

Одоо үндсэн зээлд 459.946.618 төгрөг төлөхийг зөвшөөрнө.

Харин 690.543.295 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Үүнээс 550.995.731 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдсэн 159.577.564 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, барьцаа хөрөнгөнд маргаан байхгүй, гэжээ.

       

        Хариуцагч П.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Хариуцагч П.Т хувьд зээлийг зөвшөөрөхгүй тайлбарыг гаргаж байна.

        Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон байгаа. П.Т, ‘’ТТ’’ ХХК-ийн захирал М.С хамтран амьдардаг ба албан ёсоор гэр бүлээ батлуулсан зүйл байхгүй.

        П.Т, ’ТТ’’ ХХК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцдоггүй. Өөрийн хувийн компанийг хариуцан ажилдаг бие даасан субъект. Тухайн үед хамтран зээлдэгч шаардлагатай гэж ТБ ХХК хэлсэн учраас П.Т хамтран зээлдэгчээр оролцсон.

         Гэхдээ санхүүгийн хүндрэлд орж, цагдаагийн газар М.С шалгагдаж байсан үйл ажиллагааны доголдол үүссэн асуудалтай П.Т ямар ч хамааралгүй.

         Хамтран зээлдэгч гэдэг утгаараа хариуцагчаар татагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, гэжээ.

  

       Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Манай байгууллагын үндсэн зорилго төрийн оролцоотой зээлийг батлан дааж гаргадаг хуулийн этгээд. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих гэрээ байгуулан дэмжих зорилгоор байгуулагдсан батлан даалтын сан байгаа.

        Барьцаа хөрөнгийг шийдвэрлэх гэж Зээлийн батлан даалтын сан байгуулагдсан.

        Энэ боломжийг ‘’ТТ’’ ХХК ашигласан. Мөн 2017 оноос эхлэн “Азийн хөгжлийн” банк, Монгол улсын засгийн газар гэрээ байгуулсан. Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Зээлийн батлан даалтын сангийн тогтоолцоог хөгжүүлэх төслийн гэрээ байгуулсан.

          Энэ төслийн дагуу 2017 оноос эхлэн төслийг хэрэгжүүлэгч байгууллага Зээлийн батлан даалтын сан.

          Энэхүү гэрээний хүрээнд ТБ ХХК-тай 2017 онд Батлан даалтын ерөнхий гэрээ байгуулсан.

          Энэ ерөнхий гэрээгээр зээл авсан батлан даалт авах шаардлагатай байгууллагад ерөнхий гэрээг баримталж батлан даалт гаргадаг.

           Үүний дагуу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр‘’ТТ’’ ХХК-тай “Батлан даалтын гэрээ” байгуулсан.

          ‘’ТТ’’ ХХК-ийн авах ёстой 1.000.000.000 төгрөгийн 50 хувьд батлан даалт гаргасан.

            Гэрээний дагуу үүрэг гүйцэтгэнэ гэж 3 талууд гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байгуулсан гэрээний 2 дугаар хэсгийн 2.3 дахь хэсэгт зээл эрсдэлд орсон тохиолдолд батлан даагч ямар байдлаар үүргийг гүйцэтгэх талаар тусгасан. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэнэ.

           Гүйцэтгэхдээ 2 үе шаттай гүйцэтгэнэ. Үүнийг батлан даалтын ерөнхий гэрээний 2 дугаар хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан.

           Талуудын хооронд байгуулсан “Батлан даалтын ерөнхий гэрээ”-ний 2 дугаар хэсгийн 2.3 дахь хэсэг А болон В гэсэн ерөнхий заалттай. 

           Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-А дахь хэсэгт 90 хоног гэж зааснаар зээлдэгч зээлийн төлбөрөө төлж чадахгүй мөн зээл чанаргүй болбол эхний ээлжинд нийт батлан даасан дүнгийн 50 хувь шууд шилжүүлнэ. 2 дахь ажиллагаа “Батлан даалтын ерөнхий гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3-В дэх хэсэгт тодорхой заасан. Үлдсэн 50 хувийг барьцаа хөрөнгийг зарж борлуулсны дараа түүнээс үүссэн үлдэгдэл дүнгийн 50 хувийг манай тал гүйцэтгэнэ.

            ТБ ХХК 2017, 2018 онд байгуулсан гэрээг үндэслэн хүсэлт гаргасан. 2 удаа хүсэлт гаргаж энэ хүсэлтийн дагуу манай талаас ТБ зохих төлбөрийг шилжүүлсэн.

             Эхний удаа 2020 оны 05 дугаар сард 150.000.000 төгрөг, дараагийн удаа 2020 оны 08 дугаар сард 89.986.654 төгрөгийг шилжүүлж нийт 240.000.000 төгрөгийг ТБ шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн. “Батлан даалтын гурвалсан гэрээ”, “Батлан даалтын ерөнхий гэрээ”-нд зааснаар энэ үүргээ биелүүлнэ. Нийт 10 банкинд Азийн хөгжлийн санхүүжилттэй холбоотой төсөл хэрэгжиж байна.

             Үүнээс авч үзэхэд эхний удаа үүрэг гүйцэтгүүлж дараагийн удаа шүүхэд өгсөн анхны тохиолдолд болж байна.

             Манайхаас 2 дахь шатны үүргийг гүйцэтгэж байтал шүүхэд нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. ТБ ХХК манайтай байгуулсан гэрээгээ маш сайн мэддэг.

            Зээлийн батлан даалтын сан гэрээгээ хэрэгжүүлдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

            Үндсэн төлбөрийг багасгаж эрсдэл хуваах зарчмын дагуу батлан даалтын нэхэмжлэл гаргасан тохиолдолд асуудалгүй байсан.

            Манай талаас гэрээний төлбөрийн төлөхгүй гэдэг тал дээр маргаан үүсгээгүй.

           Барьцаа хөрөнгөөр хангуулсан тохиолдолд маргаан байхгүй, гэжээ.

 

            Хариуцагч “ТТ” ХХК, П.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

          ТБ ХХК-тай, ‘’ТТ’’ ХХК, П.Т хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр байгуулсан 15 дугаартай “Зээлийн гэрээ” ба гэрээний дагуу байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах сөрөг шаардлагын гаргасан.

        П.Т, ’ТТ’’ ХХК-ийн үйл ажиллагаанд зориулсан ТБ-аас авсан зээлийн гэрээнд 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр хамтран зээлдэгчээр оролцон гарын үсэг зурсан.

           Хамтран зээлдэгч болон гарын үсэг зурсан шалтгаан банкнаас заавал хамтран зээлдэгч байх шаардлагатай гэсэн тул П.Т хамтран зээлдэгчээр оролцсон.

           Тухайн авсан зээл ТБ ХХК-тай хийсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар ’ТТ’’ ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан зээл.

          Зээлийг П.Т ямар нэгэн байдлаар авч ашиглах эрх байхгүй.       

          “ТТ’’ ХХК тоног төхөөрөмж авах зорилгоор ТБ ХХК-ийн авсан зээл.

          ТБ ‘’ТТ’’ ХХК-ийн захирал М.С цагдаагийн байгууллагаар шалгуулсан.

           Манай зүгээс шүүхэд хандан ямар зорилгоор М.С цагдаагийн байгууллагаар шалгуулсан талаар нотлох баримт гаргуулах хүсэлт гарган хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай Тогтоолыг ирүүлсэн байдаг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа.

            Цагдаагийн байгууллагаас  хэрэгтэй холбоотой тул иргэний журмаар шийдвэрлэнэ гэсэн байдаг.

            М.С хэлцэл хийх нөхцөл байдлыг хуурамчаар үйлдсэн бол анхнаасаа П.Т хамтран зээлдэгчээр орох зөвшөөрөл өгөх шаардлагагүй байсан.

           Төрийн банк цагдаагийн байгууллагад гомдол гарган н.С шалгуулсан. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэгт заасан.

           ТБ ХХК-тай байгуулсан ‘’ТТ’’ ХХК, П.Т гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт заасан.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэхийн бол ’ТТ’’ ХХК-аас Төрийн банкинд өгсөн 504.783.555 төгрөгийг банкнаас хүлээн авсан 1.000.000.000 төгрөгөөс тооцох, барьцаа хөрөнгийг суллах зэрэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

         П.Т энэхүү зээлд ашиг сонирхолтой байсан гэж тайлбарлаж байна.

          Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь хэсэгт заасныг тодруулж байгаа. П.Т тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор ТБ зээл аваагүй.

        ’ТТ’’ ХХК, ТБ ХХК-аас зээл авсан, гэжээ.

 

         Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

’Т’’ ХХК болон хамтран хариуцагч П.Т, ЗБДС зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах бүхий нэхэмжлэл гаргасан.

ТБ ХХК-тай, ‘’ТТ’’ ХХК, П.Т  2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр гэрээ байгуулсан.

... дугаартай “Зээлийн гэрээ”, гэрээний дагуу 1.000.000.000 төгрөгийн зээлийг тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 5 жилийн хугацаатай, жилийн 13 хувийн  хүүтэй батлан даалтын сангийн батлан даалтаар зээл авсан.

Тухайн зээлийг авахдаа сайн дурын өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр зээл авах хүсэлтийг П.Т гаргасан.

Энэхүү зээлийг ТБ ХХК зээлийн хороогоор хэлэлцэж зээлийг дэмжсэн.

Зээлийг авахад П.Т хүсэл зориг байсан.

Сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн дагуу хийгддэг “Зээлийн гэрээ”. ’ТТ’’ ХХК-ийн захирал М.С, П.Т нар нэг гэрт хамтран амьдардаг.

2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр байгуулсан ... дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт хамтран зээлдэгчийн эрх үүргийг тайлбарласан байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

         Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

         Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ТБ ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Ж олгосон “Итгэмжлэл”, “ТБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай “Зээлийн гэрээ”, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай “Барьцааны гэрээ”, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай “Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай “Батлан даалтын гэрээ”, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай “Батлан даалтын гэрээ”, “ТТ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, .... дугаартай “Барьцаалбар”, .... дугаартай “Барьцаалбар”, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх ТБ, ... дугаартай дансны хуулга, Хуулийн этгээдийн “Зээлдэгчийн анкет”, Иргэний “Зээлдэгчийн анкет”, “ТТ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “ТТ” ХХК-ийн дүрэм, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “ТТ” ХХК-ийн “Танилцуулга”, Зээлийн хяналтын тайлан, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, Зээлийн хяналтын тайлан, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, Зээлийн хяналтын тайлан, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл” 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл”, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ..... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, “ТТ” ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээл, хүүгийн тооцооны хуудас, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай ТБ ХХК-ийн Зээлийн барьцаа хөрөнгийг банкны хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан борлуулах тухай” албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх ТБ ХХК-ийн .... дугаартай дансны хуулга, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ТБ ХХК-аас Б.Ж олгосон “Итгэмжлэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зээл хүүгийн тооцооны хуудас, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ТБ  ХХК-аас Н.Б олгосон “Итгэмжлэл”-ийг өгчээ.

 

         Хариуцагч “ТТ” ХХК, П.Т, М.С иргэний үнэмлэхний хуулбар, “ТТ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “ТТ” ХХК-ийн дүрэм, П.Т иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “ТТ” ХХК-аас Н.Б олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М.С, П.Т Н.Б олгосон “Итгэмжлэл”, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай “ТТ” ХХК-ийн албан бичиг, зураг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай “ТТ” ХХК-ийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай “ТТ” ХХК-ийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай “ТТ” ХХК-ийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай “ТТ” ХХК-ийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “ТТ” ХХК-ийн албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай “ТТ” ХХК-ийн албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ТБ гүйцэтгэх захирал О.Г ярилцлага, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г өгчээ.

 

         Хариуцагч ЗБДС Зээлийн батлан даалтын сангийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, ЗБДС дүрэм, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай "ЗБДС удирдах зөвлөлийн тогтоол”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .... дугаартай “ЗБДС гүйцэтгэх захирлын тушаал”, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗЗБДС М.Д, Г.Т нарт олгосон “Итгэмжлэл, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Төлбөрийн даалгавар”, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Төлбөрийн даалгавар”, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай “Сангийн гүйцэтгэх захирлын тушаал”, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай “Сангийн гүйцэтгэх захирлын тушаал”, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ТБ ХХК-ийн .... дугаартай “Зээлийн төлбөр нэхэмжлэх тухай” албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТБ ХХК-ийн .... дугаартай “Зээлийн төлбөр нэхэмжлэх тухай” албан бичиг, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ТБ ХХК, ЗБДС нарын хооронд байгуулсан “Батлан даалтын ерөнхий гэрээ”, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаартай М.Д татгалзах тухай албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай Г.Т татгалзах тухай албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Зээлийн батлан даалтын сангаас М.Д олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ЗБДС Г.Т олгосон “Итгэмжлэл”-ийг өгчээ.

 

         Хариуцагч “ТТ” ХХК, П.Т хүсэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын ... дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, Зээлдэгч П.Т анкет, Зээлдэгч М.С анкет, Зээлийн эрсдэлийн дүгнэлт, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай ТБ ХХК-ийн албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2021 оны “ТТ” ХХК-ийн “Мөнгөн урсгалын төсөөлөл”, 2019 оны “ТТ” ХХК-ийн “Мөнгөн урсгалын төсөөлөл”, 2017 оны “ТТ” ХХК-ийн “Мөнгөн урсгалын төсөөлөл”, “ТТ” ХХК-ийн тайлан тэнцэл, ... дугаартай “Хууль эрх зүйн дүгнэлт”, Зээл судлах зөвшөөрөл, Зээлийн хяналтын тайлан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Зээлийн хорооны хурлын шийдвэр”, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай ТБ ХХК-ийн “Эрх олгох тухай” захирлын тушаал, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн... дугаартай ТБ ХХК-ийн “Эрх олгох тухай” захирлын тушаал, 2020 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай ТБ ХХК-ийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” захирлын тушаал, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай -Улсын онцгой комиссын албан бичгийг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

     1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Н.Б нар   “Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг шилжүүлсэн. Хариуцагч нар үүргээ биелүүлэхгүй, гэрээгээ зөрчсөн тул зээлээ төлөх ёстой. Мөн ковид гарахаас өмнө зээлдэгч нар үүргээ зөрчсөн байсан тул цар тахалтай холбоотой зээл төлөлтийг хойшлуулах шалгуурт ороогүй”,

 

      Хариуцагч “ТТ” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 459.946.618 төгрөг болон зээлээс 550.995.731 төгрөг төлөхийг зөвшөөрч, 159.577.564 төгрөгийг төлөхгүй” гэж тайлбарлав.

 

        Хариуцагч П.Т нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Зээлийн мөнгийг аваагүй. Банкнаас хамтран хариуцагч хэрэгтэй гэхээр нь гэрээнд оролцсон учраас зээл төлөхийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.

 

        Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т “Үндсэн төлбөрийг багасгаж эрсдэл хуваах зарчмын дагуу батлан даалтын нэхэмжлэл гаргасан тохиолдолд асуудалгүй. Манай талаас гэрээний төлбөрийн төлөхгүй гэдэг тал дээр маргаан үүсгээгүй. Харин зээлдэгч нарын эд хөрөнгөөр зээлийг хаагаад үлдсэн төлбөрт батлан даалт гаргах учиртай. Яагаад энэ ажиллагааг хийгээгүй байж банк шүүхэд манай байгууллагыг өгснийг гайхаж байна. Эдгээр процессийг сайн мэдэж байгаа” гэж тайлбарлав.

 

         Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

      

          Нэхэмжлэгч ТБ ХХК, хариуцагч “ТТ” ХХК, П.Т 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 дугаартай “Зээл болон Барьцааны гэрээ”-байгуулж, 1.000.000.000 төгрөгийг, сарын 1.08 хувь, жилийн 13 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, төлбөрөө төлөөгүй тохиолдолд ... тоот, Улсын бүртгэлийн ..., гэрчилгээний .... дугаартай, 169.061 метр квадрат талбайтай орон сууц, ..... тоот, Улсын бүртгэлийн ..., гэрчилгээний .... дугаартай, 40 метр квадрат талбайтай орон сууц, ..... тоот, “ТТ” ХХК-ийн үйлдвэрийн байранд байрлах 14 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмж, Батлан даалтын 500.000.000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохирлцсон болох нь зохигчдын тайлбар, гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

         Улмаар нэхэмжлэгч ТБ ХХК, хариуцагч Зээлийн батлан даалтын сантай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр .... дугаартай “Батлан даалтын ерөнхий гэрээ”,

 

         Хариуцагч Зээлийн батлан даалтын сан, ТБ ХХК, “ТТ” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ... дугаартай “Батлан даалтын гурвалсан гэрээ”-г байгуулж, зээлийн гэрээний дагуу олгогдсон 1.000.000.000 төгрөгийн 50 хувьд батлан даалт гаргаж, үүргээ гүйцэтгэхээ илэрхийлсэн гэрээнүүдийг хийсэн болох нь талуудын тайлбар, төлбөр шилжүүлсэн бичгийн баримтаар нотлогдож байна.

 

        Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Түүнчлэн мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасанчлан зохигчдын хооронд хийгдсэн “Барьцааны гэрээ” бичгээр байгуулагдаж, Улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.

 

         Хууль болон гэрээнүүдэд үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг нэхэмжлэгч батлан даагч болон хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

          Хэрэгт авагдсан 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгогдсон Улсын бүртгэлийн .... дугаартай Гэрчилгээгээр ..... дугаартай, ТБ ХХК мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах ажиллагааг эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.

 

          Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэн 1.000.000.000 төгрөг шилжүүлснийг хариуцагч нар хүлээн авч, зээлийн төлбөрт 550.995.731 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж байна.

 

         Харин хариуцагч П.Т зээлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй болно.

 

        Тодруулбал, зохигчид нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч зээлээ төлөхийг хариуцагч нарт удаа дараагийн үйлдлээр мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагчийн төлөөлөгч М.С зээлээ төлөхөө бичгээр илэрхийлсэн учраас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийг төлөх үүрэгтэй байна.

 

        Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн тухайд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэг “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”,

 

       485 дугаар зүйлийн 458.3 дахь хэсэг “батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарна”,  459 дүгээр зүйлийн 459.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана”,

       460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж зааснаар зээлийн төлбөрөөс ногдох хэсгийг төлөх үүрэгтэй.

        Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч Зээлийн батлан даалтын сан зээлийн гэрээгээр олгогдсон 1.000.000.000 төгрөгийн 50 хувь болох 500.000.000 төгрөгт батлан даалт гаргаж түүнээс нэхэмжлэгчид 2 удаагийн гүйлгээгээр 239.000.000 төгрөгийг төлсөн үйл баримтанд талуудын хэн аль маргаагүй.

       Иймээс зээл төлөлтийн тооцоололыг бодоход:

              

                -Үндсэн зээл: 1.000.000.000 төгрөг

                -1.000.000.000 төгрөг-280.040.038 төгрөг /зээлд төлсөн мөнгө/= 719.959.962 төгрөг /үндсэн зээлийн үлдэгдэл/

        Үүнээс хариуцагч ЗБДС зээлээс 260.013.345 төгрөгийг төлөх нь баримтаар тогтоогдож, үлдсэн үндсэн зээл 459.946.618 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хариуцагч нар гэрээний салшгүй хэсэг зээл төлөлтийн хуваарийг зөрчсөн тул төлөх ёстой.

        А. 719.959.963 төгрөг /үндсэн зээл/ - 260.013.345 төгрөг / ЗБДС төлөх төлбөр/ = 459.946.618 төгрөг / үндсэн зээлийн үлдэгдэл/

        Б.Хариуцагч “ТТ” ХХК, П.Т нарын зээлийн тооцоололыг бодоход:

                  -2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 3 жил 10 сар 16 хоног байна.

 

          Үүнээс хариуцагч зээлд 81.862.189 төгрөгт тооцуулан байр 1 ширхэг, бэлэн мөнгө 40.533.383 төгрөг, Зээлийн батлан даалтын сан , 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 150.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 89.986.654 төгрөг 11 мөнгө нийт 362.382.226 төгрөгийг төлсөн байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлд 504.783.555 төгрөгийг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 459.946.618 төгрөгийг зөвшөөрнө гэх тайлбарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй.

 

          Хавтас хэргийн 64 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар өгсөн “Зээл, хүүгийн тооцооны хуудас”-аар Зээлийн батлан даалтын сангийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 89.986.654 төгрөг 11 мөнгийг хасаад мөн өдрийн байдлаар үндсэн зээл 719.959.963 төгрөг болжээ.

 

         Эндээс зээлдэгч нарын зээлийн тооцоололын хугацаа 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 жил 5 сар 23 хоног байна.

 

            -459.946.618 төгрөгийн сарын хүү 1.08 хувь

            -459.946.618 төгрөг х 1.08 хувь = 4.967.424 төгрөг / сарын хүү/

            -4.967.424 төгрөг х 1 жил  = 59.609.088 төгрөг / жилийн хүү/

            -5 сар х 4.967.264 төгрөг / нэг сарын хүү/= 24.836.320 төгрөг

            -4.967.424 төгрөг /нэг сарын хүү/:30 хоног = 165.580 төгрөг /нэг өдрийн хүү/

            -165.580 төгрөг /нэг өдрийн хүү/х 23 /хоног/= 3.808.340 төгрөг

            -84.445.408 төгрөг /зээлийн хүү/ х 20 хувь = 16.889.082 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/

             -459.946.618 төгрөг /үндсэн зээл/ + 59.609.088 төгрөг /жилийн хүү/ + 24.836.320 төгрөг / таван сарын хүү/ +3.808.340 төгрөг /23 хоногийн хүү/+16.889.082 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/ = 565.089.448 төгрөг

 

             -2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх хугацааны зээлийн хүүг тооцоход 690.543.295 төгрөг-565.089.448 төгрөг =125.453.847 төгрөг болж байна.

 

          Ингээд тооцоололыг нэгтгэхэд хариуцагч “ТТ” ХХК, П.Т нараас 690.543.295 төгрөг, хариуцагч ЗЗБДС 260.013.345 төгрөг нийт 950.586.640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

    

        Нэхэмжлэгч, хариуцагч М.С холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

        Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсэгт заасанчлан талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй ба гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй учраас талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

         2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

         Хариуцагч нар 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай “Зээл болон Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “П.Т хамтран зээлдэгчээр оролцсон бөгөөд зээлийг аваагүй. Тоног төхөөрөмж авах гэрээг “ТТ” ХХК байгуулсан” гэж тайлбарлав.

 

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б “Хариуцагч нар зээлийг авахдаа сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийг илэрхийлж зээл авах хүсэлтийг гаргасан. Үүнд П.Т хүсэл зориг байсан учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа илэрхийлж байна.

 

         Талууд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай “Зээл, барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр болон хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

 

         Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигчид харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь нотлогдож байна. 

 

        Түүнчлэн хариуцагч нар дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу баримтаар нотлож үгүйсгэж чадаагүй болно.

 

            Мөн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолд “...харин гэрээ байгуулагдсаны дараа гэрээний дагуу хуурамч нөхцөл байдал үүсгэж, хуурамч гэрээ үзүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан хэлцэл хийхэд саад болох нөхцөлийг байдлыг хэлцэл хийгч тал нуун дарагдуулсан иргэний маргаан байх бөгөөд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хаах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

 

          Иймээс уг тогтоол хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй ба хариуцагч нар зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлж зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.139.034 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5.157.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ТТ” ХХК, П.Т 690.543.295 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 3.680.866 төгрөг, хариуцагч ЗБДС 260.013.345 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.458.017 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

           115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

        

       1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТТ” ХХК, П.Т зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 690.543.295 төгрөг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 260.013.345 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, хариуцагч ТТ” ХХК, П.Т нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай “Зээл, барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг .... дугаар байрны...тоот, Улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ..... дугаартай, 169.061 метр квадрат талбайтай орон сууц, ...... тоот, Улсын бүртгэлийн ...., гэрчилгээний ..... дугаартай, 40 метр квадрат талбайтай орон сууц, ... тоот, “ТТ” ХХК-ийн үйлдвэрийн байранд байрлах 14 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК, хариуцагч М.С холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.139.034 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5.157.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ТТ” ХХК, П.Т улсын тэмдэгтийн хураамж 3.680.866 төгрөг, хариуцагч ЗБДС улсын тэмдэгтийн хураамж 1.458.017 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

        5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА