Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01505

 

 

2022.08.15 Дугаар 210/МА2022/01505 Улаанбаатар хот

 

Т- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/02296 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ТТ- ХХК, П.Т-, З- нарт холбогдох,

Гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 950,586,641 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, хариуцагч Т- ХХК, П.Т- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Т- ХХК, П.Т- нараас зээл 459,946,618 төгрөг, хүү 229,899,211 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 727,466 төгрөг, З-гаас 260,113,345 төгрөг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Т- ХХК, П.Т- нар 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Т- ХХК-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээг байгуулж 1 сарын 1,83 хувь, жилийн 13 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатайгаар 1,000,000,000 төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлсэн.

З- баталгаа гаргасан.

2022 оны 04 дүгээр сарын байдлаар зээлийн төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл нь 719,959,962 төгрөг байна. Уг үлдэгдлээс батлан даалтын гэрээний дагуу зээлдэгч нараас 459,946,618 төгрөг, үлдсэн 260,013,345 төгрөгийг З-гаас нэхэмжилж байна.

Нэмэгдүүлсэн хүү, алданги дээр З-г оролцуулахгүйгээр Т- ХХК, П.Т-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Тодорхой хүрээнд зээлийг барьцаа хөрөнгөөр худалдах замаар зээлийг хангуулсан. З-гаас тодорхой зээлийг гаргуулсан.

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд зээлдэгч нарт зээлээ эргэн төлөхийг мэдэгдэж, 4 удаа зээлдэгч нартай уулзсан.

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Стадион оргил, Махатма Гандигийн гудамжны 37 дугаар байрны 4 тоот, 169 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50 дугаар байрны 161 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 14 хороолол, 18 дугаар хороо, 50 дугаар байрны 161 тоот, 14 ширхэг тоног төхөөрөмж зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

З-гаас нэхэмжилж байгаа мөнгө нь нөхөх хариуцлага биш зэрэгцээ хариуцлага тул шүүх бүрэлдэхүүн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу ялимгүй зөрчил гаргаж зээлийн төлбөрийг төлж байсан учраас нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

2.    Хариуцагч Т- ХХК-ийн тайлбарын агуулга:

Зээлд 280,040,037 төгрөг, хүүд 223,616,362 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,127,155 төгрөг, нийт 504,783,555 төгрөг төлсөн.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хэвийн үйл ажиллагаа алдагдсан тул зээл төлөх хугацааг өөрчлүүлэхээр удаа дараа мэдэгдсэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй.

2019 оны 02 дугаар сарын 25-ны байдлаар гэрээний төлөгдөөгүй зөрчил 1,562,000,000 төгрөгийг сар бүр төлөх ёстой хуваарь зөрчигдөн төлөгдөөгүй.

М.С-ыг хууран мэхлэж зээл авсан гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг маргаанд Т-ны Хоймор тооцооны төвийн захирал, М.С-тай гэрээ байгуулсан ажилтан хохирогчоор тогтоогдон оролцсон. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны эцэст 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэргийг хаасан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж байсан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн байхад Т- ХХК шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.

Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх хэсэгт зааснаар худал мэдээлэл өгсөн бол гэрээг цуцлах үүрэгтэй гэж заасан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт зааснаар М.С- зээлийг өөрийн дансаар авч хууран мэхэлсэн талаар нэн даруй мэдсэн бол гэрээг нэг талын санаачилгаар зогсоон зээлдэгчээс шаардах эрхтэй.

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас хүү тооцох хугацаа зогсох ёстой байтал 2021 он хүртэл хүү тооцсон нь хуульд заасан журмыг зөрчсөн.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хүүг нэмэгдүүлэн нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хөл хорио тогтоосон тул хариуцагчаас шалтгаалахгүйгээр 426 хоног үйл ажиллагаанд зогсонги байдал үүссэн.

Цар тахал, түүхий эд бараа материалын эвдрэл, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хугацааны хүүг хасаж тооцох үндэслэлтэй.

Хариуцагч нар зээл авсан талаар маргаагүй зээлд 504,783,555 төгрөг төлсөн. Зээлд 459,946,618 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин 690,543,295 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Үүнээс 550,995,731 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдсэн 159,577,564 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, барьцаа хөрөнгөнд маргаан байхгүй.

 

3.    Хариуцагч П.Т-ын тайлбарын агуулга:

П.Т-, Т- ХХК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцдоггүй. Т- ХХК хамтран зээлдэгч шаардлагатай гэсэн учраас хамтран зээлдэгчээр оролцсон. Хамтран зээлдэгч гэдэг утгаараа хариуцагчаар татагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

4.             Хариуцагч З-гийн тайлбарын агуулга:

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Т- ХХК-тай Батлан даалтын гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийн 50 хувьд батлан даалт гаргасан. Гэрээний 2 дугаар хэсгийн 2.3 дахь хэсэгт зээл эрсдэлд орсон тохиолдолд батлан даагч ямар байдлаар үүргийг гүйцэтгэх талаар тусгасан.

Т- ХХК 2017, 2018 онд байгуулсан гэрээг үндэслэн 2 удаа хүсэлт гаргасны дагуу зохих төлбөрийг шилжүүлсэн. Эхний удаа 2020 оны 05 дугаар сард 150,000,000 төгрөг, дараагийн удаа 2020 оны 08 дугаар сард 89,986,654 төгрөгийг шилжүүлж, нийт 240,000,000 төгрөгийг Т- ХХК-д шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн.

З- гэрээний үүргээ хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөрийг багасгаж эрсдэл хуваах зарчмын дагуу батлан даалтын нэхэмжлэл гаргасан тохиолдол, барьцаа хөрөнгөөр хангуулсан тохиолдолд маргаан байхгүй.

 

5.             Хариуцагч Т- ХХК, П.Т- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Т- ХХК-тай, Т- ХХК, П.Т-ын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр байгуулсан 15 дугаартай зээлийн гэрээ ба гэрээний дагуу байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах сөрөг шаардлагын гаргасан.

Тухайн зээлийг Т- ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэгт зааснаар талууд хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Т- ХХК-аас Т- ХХК-д өгсөн 504,783,555 төгрөгийг 1,000,000,000 төгрөгөөс тооцох, барьцаа хөрөнгийг суллах зэрэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

П.Т- тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор Т- ХХК-аас зээл аваагүй. Т- ХХК, Т- ХХК-аас зээл авсан.

 

6.         Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр П.Т- зээл авах хүсэлтийг гаргасан. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт хамтран зээлдэгчийн эрх үүргийг тайлбарласан байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т- ХХК, П.Т-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 690,543,295 төгрөг, хариуцагч З-гаас 260,013,345 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, хариуцагч Т- ХХК, П.Т- нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай Зээл, барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамжны 37 дугаар байрны 4 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206054737, гэрчилгээний 000619742 дугаартай, 169.061 метр квадрат талбайтай орон сууц, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 18 дугаар хороо, 50 дугаар байрны 161 тоот, Улсын бүртгэлийн Ү-2205013051, гэрчилгээний 000617391 дугаартай, 40 метр квадрат талбайтай орон сууц, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва хороолол, 54 тоот, Т- ХХК-ийн үйлдвэрийн байранд байрлах 14 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т- ХХК, хариуцагч М.С-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,139,034 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5,157,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т- ХХК, П.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 3,680,866 төгрөг, хариуцагч З-гаас улсын тэмдэгтийн хураамж 1,458,017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч ТТ- ХХК, П. Т- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Т- ХХК нь Т-тай 2018 онд байгуулсан 15 тоот зээлийн гэрээний дагуу 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хүү 223,616,362 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,127,155 төгрөг, үндсэн зээлд 280,040,037 төгрөг, нийт 504,783,555 төлсөн.

Зээлийг эргэн төлөхөөс зайлсхийж байгаагүй.

Зээл төлөх талаар Т- ХХК-тай уулзаж, барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлэх зэргээр хамтран ажиллах санал тавьж ирсэн боловч шийдвэрлээгүйн улмаас их хэмжээний өрөнд орсон.

2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шилийг тээвэрлэж явсан машин осолдсон учраас барилгын материалгүй болж ажил зогссон. Үүнээс улбаалан зээл төлөлтийн хуваарь зөрчигдөх болсон.

Т- ХХК нь цагдаагийн байгууллагаар шалгуулж байхдаа Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл өгч, гэрээний үүргийг шаардсаар байсан.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсын хэмжээнд 4 удаа, 96 хоног хөл хорио тогтоосны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзэх нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасанд нийцнэ.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан 426 хоногийн хүү 109,236,624 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Зээлийн хүүг зогсоож өгнө үү.

Нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхэд нэхэмжпэл гаргаснаар хүү тоолох хугацаа зогсох ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.

 

9. Хариуцагч З-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

З-гаас 260,013,345 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Т- ХХК-д З-гаас шаардах эрх үүссэн эсэх, талуудын хооронд ямар гэрээ байгуулагдсан, гэрээнд батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцлийг хэрхэн тусгасан талаар дүгнэлт хийгээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

З- нь хамтран хариуцлага хүлээхээр батлан даалт гаргасан уу, эсхүл нөхөх хариуцлага хүлээхээр батлан даалт гаргасан эсэхийг тодорхойлох талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

З-, Т- ХХК нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 08-016/1038 дугаартай Батлан даалтын ерөнхий гэрээ байгуулсан. Уг гэрээ нь ямар нөхцөлтэйгээр батлан даалт гаргах, батлан даалтаар хүлээсэн үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар талуудын хооронд хийсэн үндсэн тохиролцоо юм.

З- нь ТТ- ХХК-д батлан даалт гаргаж батлан даалтын гурвалсан гэрээ байгуулахдаа дээрх батлан даалтын еренхий гэрээний хүрээнд батлан даалт гаргаж байгаа тул гэрээний 2.2-т Батлан даалтын өрөнхий гэрээнд зааснаар батлан даалтын үүрэг гүйцэтгэнэ гэж заасан.

Иймд маргааныг шийдвэрлэхэд Батлан даалтын ерөнхий гэрээнд батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг хэрхэн тохиролцсоныг судлах шаардлагатай байсан. Шүүх энэхүү нотлох баримтыг талаар огт дүгнэлт хийгээгүй.

Батлан даалтын ерөнхий гэрээнд гэрээний үүргийг 2 хувааж төлөхөөр заасан. Банкны нэхэмжилсэн даруйд нэхэмжилсэн дүнгийн 50 хувийг төлнө. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны даруу үлдсэн 50 хувийг төлнө. Энэ хоёр дүнгийн нийлбэр нь зээлийн барьцаа хөрөнгеөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараах зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хэтэрсэн тохиолдолд банк илүү төлбөрийг төлөхөөр заасан.

Шүүхийн болон барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэх ажиллагаа дуусаж, алдагдлыг хассаны дараагаар З- нь өмнө төлсөн дүнг хасаж, түүний 60-аас илүүгүй хувийг төлнө.

Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй байхад З-гийн хариуцах хэмжээг урьдчилан тодорхойлох боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдврт өөрчлөлт оруулж, З-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Иймд талуудын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Т- ХХК, Т- ХХК, хамтран зээлдэгч П. Т- нар болон З-д холбогдуулан

 

1.1. Т- ХХК, Т- ХХК, хамтран зээлдэгч П. Т- нарын байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн №15 тоот 1,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх зээл 459,946,618 төгрөг,

1.2. хүү 199,641,166 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 30,258,044 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 229,899,210 төгрөгийн хүү,

1.3. нэмэгдүүлсэн хүү 644,569, нийт 660,232,355 төгрөгийг хариуцагч Т- ХХК, П.Т- нараар төлүүлэх,

1.4.Хариуцагч Т- ХХК, П.Т- нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй нөхцөлд 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээнд дурдсан эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

1.5.Т- ХХК болон З-, зээлдэгч нарын байгуулсан батлан даалтын гурвалсан гэрээ, Т- ХХК, З-гийн байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 29 -ний өдрийн батлан даалтын ерөнхий гэрээний 2.1,2.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 260,013,345 төгрөгийг З-гаас гаргуулахаар тус тус шаардсаныг хариуцагч Т- ХХК нь 550,995,731 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад шаардлагын хувьд хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт талууд дараах үйл баримтын хувьд маргаангүй байна.

 

2.а. Нэхэмжлэгч Т- ХХК нь Т- ХХК, П.Т- нартай 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 1,000,000,000 төгрөгийг, сарын 1,08 хувь жилийн 13 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамжны 37 дугаар байрны 4 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206054737, гэрчилгээний 000619742 дугаартай, 169,061 метр квадрат талбайтай орон сууц, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 18 дугаар хороо, 50 дугаар байрны 161 тоот, Улсын бүртгэлийн Ү-2205013051, гэрчилгээний 000617391 дугаартай, 40 метр квадрат талбайтай орон сууц, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва хороолол, 54 тоот, Т- ХХК-ийн үйлдвэрийн байранд байрлах 14 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон. /хх16, 18/

2.б. Мөн нэхэмжлэгч нь З-тай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 08-01б/1038 дугаартай батлан даалтын ерөнхий гэрээг байгуулсан. /хх108/

2.в. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч З-, Т- ХХК, Т- ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 15 дугаартай батлан даалтын гурвалсан гэрээг байгуулж, зээлийн гэрээний дагуу олгогдсон 1,000,000,000 төгрөгийн 50 хувьд батлан даалт гаргасан. /хх19/

2.г. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгө болох 1,000,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэнд талууд маргаангүй.

2.д. Мөн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгогдсон Улсын бүртгэлийн 9016001018 дугаартай гэрчилгээгээр Т- ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна. /хх11/

2.ж. Хариуцагч Т- ХХК нэхэмжлэлээс 550,995,731 төгрөг төлөхийг зөвшөөрсөн талаар дээр дурдсан.

2.з. Түүнчлэн Т- ХХК нь энэхүү гэрээний үүрэгт 2018 оны 3 дугаар сарын 20-ноос хүүд 223,616,362.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,127,155.53 төгрөг, зээлд 280,040,037.67 төгрөг төлсөн талаар нэхэмжлэлд дурдсан. Гэвч дээрх 280,040,037.67 төгрөгөөс 239,000,000 төгрөгийг З- төлсөн тухайд талууд маргахгүй байна.

2.и. Дээрх гэрээний үүрэгт талуудын нийт гүйцэтгэсэн үүргийн хэмжээ 504,783,555 төгрөг болох тухайд ч мөн маргаангүй байна.

2.к. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтэрүүлсэн үйл баримт тогтоогдмон, мөн зээлдүүлэгч удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх48-62/

2.л. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

3.Зохигч дараах асуудлаар маргаантай байна.Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч талын хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж буй шаардлагаас хариуцагч Т- ХХК, П.Т- нар хоногийн зээлийн хүү 1 өдөрт 256,424, нийт 109,236,624 төгрөгийн хүү нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, шүүхэд нэхэмжпэл гаргаснаар хүү тоолох хугацаа зогсох ёстой. Давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл буюу Ковид-19 цар тахлын улмаас хөл хорионд орсон, мөн үйлдвэрлэлийн материал ачсан машин маань осолд орсноор төлбөрөө төлөхөд хүндрэл үүссэн, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар хугацаа хэтэрүүлээгүй гэж маргасан.

 

3.2. Хариуцагч З- нь зээлдэгчтэй хамтран биш нөхөх хариуцлага хүлээнэ, эхлээд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч нар болон З-гийн тус тусдаа төлсөн мөнгөн хөрөнгийн үнийн дүнг нэгтгэн тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус болжээ.

Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаа тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхой, хуульд нийцсэн байх ёстой. Диспозитив зарчмын хүрээнд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн ихэсгэж багасгаж тогтоох боломжгүй юм.

Мөн анхан шатны шүүх З- нь хамтран хариуцана,нөхөх хариуцлага хүлээнэ гэж хольж дүгнэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Энэ маргаанд 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн Батлан даалтын гурвалсан гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Т- ХХК, З- нарын батлан даалтын ерөнхий гэрээний нөхцлүүд нэгэн адил үйлчлэхээр байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар үгийн шууд утга, эсхүл агуулгын аль тохирох аргаар шүүх гэрээг тайлбарлан хэрэглэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх нь ерөнхий зарчим юм.

Хэрэв үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.

Түүнчлэн Иргэнйи хуулийн 461 дүгээр зүйлийн 461.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс батлан даагчид шаардлага гаргавал үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзлыг батлан даагч гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь З-д холбогдуулан нөхөх эсхүл хамтран хариуцлага хүлээлгэхийн алинаар шаардаж байгаагаа тодорхой болгох, талууд энэ үндэслэлээр мэтгэлцэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хууль болон гэрээний заалтаар үндэслэж нотлох үүрэгтэй юм.

Мөн зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг шүүхийн шийдвэрээр худалдан борлуулахыг шаардсан байгаагаас үзэхэд батлан даагчийн хариуцах хариуцлагын хэмжээ тодорхой болоогүй, хүлээх үүргийн хэмжээ тодорхойгүй байхад үндсэн үүргийн хамт шийдвэрлэснээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд зээлдэгч нар хугацаа хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тодорхой боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн байдлаас үзэхэд үүргээ биелүүлж чадахгүй гэж үзэх, нөхөх хариуцлага үүсэх эсэх нь тодорхой бус байхад батлан даалтын гэрээний үүргийг хангуулсан нь ойлгомжгүй байна.

Мөн хэргийн баримт болон батлан даалтын ерөнхий гэрээний 2.3-д зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах болон шаардлагатай бөгөөд боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тухай тайлбарыг З-д хүргүүлсэн гэх, урьдчилсан бүх арга хэмжээг авсан гэх баримтгүй байна.

Мөн зээлдэгч Т- ХХК, П.Т- нар нь давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй юм.

Шүүх Т- ХХК-ийн үйлдвэрийн байранд байрлах 14 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн нь тодорхой бус байх тул үүнийг зөвтгөх шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч З-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ТТ- ХХК, П.Т- нарын өмгөөлөгч С.Гарьдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,681,000 төгрөгийг, хариуцагч З-гийн 1,458,017 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД