Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01291

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 30 210/МА2023/01291

 

 

*** банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/01409 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *** банк ХХК

Хариуцагч: *.* ,

Хариуцагч: * ХХК,

Хариуцагч: ** сан

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 1,060,025,424 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, хариуцагч ** сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *** банк ХХК, * ХХК, *.* нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдэгч нар нь тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар *** банк ХХК-иас 1,000,000,000 төгрөгийг жилийн 13 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай зээлсэн.

* ХХК, *.* нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл болон хүү төлөх үүргээ биелүүлдэггүй, үүргээ биелүүлэх талаар удаа дараа бичгээр болон уулзалт хийж мэдэгдэж байсан боловч одоог хүртэл гэрээний зөрчлөө арилгаагүй.

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 280,040,037 төгрөг, хүү 223,616,362 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,127,155 төгрөг төлсөн ба үүнээс 239,986,654 төгрөгийг хариуцагч ** сан төлсөн Үүнийг батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлээс хасаж тооцсон.

Иймд зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 479,973,309 төгрөг, хүүгийн төлбөрт 327,083,944 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,981,517 төгрөг, нийт 820,038,770 төгрөгийг хариуцагч * ХХК, *.* нараас гаргуулж өгөн үү.

1.2 *** банк ХХК, * ХХК, ** сангийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Батлан даалтын гурвалсан гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ** сан нь зээлдэгч нарт олгосон 1,000,000,000 төгрөгийн 50 хувьд батлан даалт гаргасан ба зээлдэгчийн өмнөөс үндсэн зээлийн төлөгдөөгүй дүнгээс тооцож төлөх үүрэгтэй. Энэхүү үүрэгт 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 150,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 89,986,654 төгрөг, нийт 239,986,654 төгрөг төлсөн.

Иймд үндсэн зээл 1,000,000,000 төгрөгөөс зээлдэгч нарын төлсөн 40,053,384 төгрөгийг хасаж, үлдэх 959,946,616 төгрөгийн 50 хувь болох 479,973,308 төгрөгөөс төлөгдсөн 239,986,654 төгрөгийг хасаж, үлдэх 239,986,654 төгрөгийг ** сангаас гаргуулж өгнө үү.

1.3 Хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ** сангийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр *** банк ХХК, * ХХК, ** сангийн хооронд байгуулагдсан Батлан даалтын гурвалсан гэрээ болон *** банк ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээнд заасан батлан даалтын үүргийг биелүүлэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй. Уг тохиролцоогоор банк нь зээлийг бүрэн төлүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомж, банкны дотоод журам, зааварт заасны дагуу шүүхийн болон барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийг хангуулж, өр барагдуулах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэний дараа үүргийг батлан даагч гүйцэтгэх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч * ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын үеийн хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Мөн хил нээгдсэн боловч хурдан хугацаанд бараа, материал татан авч, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан хугацааны хүүг Ковидын хуулиар хасуулах хүсэлтэй байна.

3.2 Мөн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цонхны шил тээвэрлэж явсан ачааны машин замдаа онхолдсоны улмаас шил хагарч, 50-60 сая төгрөгийн хохирол учирч, зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Энэ талаар *** банк ХХК-д мэдэгдэж байсан. Иймд энэ хугацааны хүүг хасаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч *.* ын тайлбар, татгалзлын агуулга:

4.1 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр * ХХК-ийн авсан зээл нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зориулагдсан, уг зээлээс миний бие авч ашиглаагүй гэжээ.

5. Хариуцагч *.* ын сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

5.1 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн төлбөрт төлөгдсөн 504,783,555 төгрөгийг үндсэн зээл болох 1,000,000,000 төгрөгөөс суутган тооцох, барьцааны эрхийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг *.* нь өөрийн хүсэл зоригийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр зээл авах хүсэлт гаргаж зээлийн гэрээ байгуулж авсан бөгөөд тухайн ззээлдэгчийг банкны зүгээс шаардан, албадаж эсхүл хууран мэхлэх байдлаар хүсэл зоригоос ангид хийгдсэн үйлдэл байхгүй. Тухайн хөрөнгийн *.* авч ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд хамтран үүрэг хүлээж байгаа * ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч М.С ын гэр бүлийн хүн. Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцлийн аль нэгэнт хамаарахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

7.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан * ХХК, *.* нараас 680,259,045.58 төгрөг, хариуцагч ** сангаас 239,986,654 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 139,779,724.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул *** банк ХХК болон * ХХК, *.* нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу зээлийн гэрээний үүрэгт төлсөн 504,783,555.29 төгрөгийг 1,000,000,000 төгрөгөөс суутган тооцох, барьцааны эрхийг хүчингүй болгох тухай хариуцагч *.* ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 хороолол 50 дугаар байр 161 тоот хаягт байршилтай 40м2 талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***** дүүрэг ** дугаар хороо ********* гудамж * дугаар байр * тоот хаягт байршилтай 169.61м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-0***** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаалж гүйцэтгээгүй үүргийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,914,378 төгрөгөөс 5,844,178 төгрөгийг, хариуцагч *.* ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,157,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч * ХХК, *.* нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,629,445 төгрөг, хариуцагч ** сангаас улсын тэмдэгтийн хураамжид 1,357,883 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Шүүх гэрээ цуцалснаас хойш нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага 139,779,725 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

*** банк ХХК шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ цуцлах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан боловч тухайн шаардлага хангагдаагүй зээлийн маргаан үргэлжилж, тухайн үед гарсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр буцаагдаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч *** банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.1, 21.2 заасны дагуу хүү нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгаа нь зээлийг ашигласан хугацаанд буюу зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан бүрэн төлснөөр дуусгавар болох зохицуулалтад нийцнэ.

Хариуцагч * ХХК нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 459,946,618 төгрөг болон зээлээс 550,995,731 төгрөг зөвшөөрч, 159,577,564 төгрөгийг төлөхгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байдлаар хариуцагч тал гэрээ цуцлах тухай саналыг хүлээн аваагүй гэдгийг нотолж байгаа юм.

8.2 Мөн шүүхийн шийдвэр нь талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний 2.2.4, мөн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасантай нийцэхгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний зохицуулалт, шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл банкны зээлийн гэрээний хугацаа үргэлжилж байгааг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 139,779,725.46 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчлөн, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

9.1 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Хариуцагч талаас энэхүү гэрээтэй холбоотой эрх, үүргээ хэрэгжүүлж байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хил гааль хаагдаж, гадаад дотоод бизнесийн харилцаа алдагдаж эхэлснээс болоод хариуцагч * ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон. Хариуцагч * ХХК-ийн зүгээс бизнесийн хэвийн бус үйл ажиллагааны талаар нэхэмжлэгч талд удаа дараа албан тоотоор мэдэгдэж байсан нь хэргийн материалд авагдсан.

Анхан шатны шүүхээс Ковид-19 цар тахлын улмаас бизнес доголдсон нийтэд ил бодит нөхцөл байдлыг нотлогдоогүй мэтээр дүгнэж, шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүйд гомдолтой байна. Цар тахлын улмаас зээлийн харилцаанд Засгийн газрын зүгээс ч тодорхой бодлого баримталж, тогтоол гаргаж заавар зөвлөмж гаргаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаартай тогтоолын 8-д заасан. Хариуцагч * ХХК нь цар тахлын улмаас бизнест доголдол үүссэн тул хүү зогсоох, хугацаа сунгах талаар удаа дараахан бичгээр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал төлбөрөө төл гэхээс өөрөө ямар нэг арга хэмжээ аваагүй. Гэмт хэрэгт гүтгэгдэж шалгагдах жил гарны энэ хугацаанд * ХХК-ийн захирал М.С нь цар тахлаас болж доголдсон ажлаа явуулах нь битгий хэл цагдаагийн байгууллагад байнга дуудагдаж, сэтгэл санаагаар унаж, бие нь хүртэл өвдөж байсан.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагад шаардаж байгаа үндсэн зээлийг төлөх тал дээр маргаагүй, харин гомдолд дурдсан үндэслэлүүдээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс шүүхийн шатанд нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн шаардлага болох 139,779,725.46 төгрөгийн хүү нэмж нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүхийн шийдвэрээр үндсэн хүү 199,641,167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,569.68 төгрөг, нийт 200,285,736.88 төгрөг гаргуулахаар шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагч * ХХК-аас хүүгийн төлбөрт нийт 200,285,736.88 төгрөг гаргуулахаар шийдсэнийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

10. Хариуцагч ** сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

10.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчид хариуцагч ** сангаас шаардах эрх үүссэн эсэх, талуудын хооронд байгуулсан гэрээнд батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг хэрхэн тусгасан талаар зөв дүгнэлт хийгээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргаж, хариуцагч ** сангийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна.

Маргааныг анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02296 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01505 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаасан.

** сан Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар нөхөх хариуцлага хүлээх гэрээ байгуулсан байна гэх агуулга бүхий дүгнэлтийг давж заалдах шатны шүүх гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 460.2 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцлага хүлээх гэрээ байгуулсан байна гэж дүгнэж, шийдвэрлэжээ.

Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гурвалсан гэрээнд батлан даалтын хэмжээг тодорхой дүнгээр бус хувиар /50 хувь/ илэрхийлсэн бөгөөд хэзээ, ямар нөхцөл бүрдсэний дараа уг хувиар үүрэг гүйцэтгэх вэ гэдгээс хамаарч үүрэг гүйцэтгэх дүн өөр гарах юм. Үүнийг Иргэний хуулийн 460.4 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзэж байна. Шүүх батлан даалтын ерөнхий гэрээний 2.3.Ь(н) дахь хэсгийн ...барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах болон шаардлагатай бөгөөд боломжтой бүхий л арга хэмжээ... гэснийг ...барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээ-г авч хэрэгжүүлсэн байна гэж утгыг гажуудуулан дүгнэсэн байна.

10.2 Мөн шүүхийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа дууссаны дараа үлдсэн үндсэн зээлийн дүнгээс тооцон батлан даагчийн үүргийг тодорхойлох хууль зүйн боломжгүй гэх дүгнэлт нь хууль болон бодит байдалд нийцэхгүй хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу банк зээл олгохдоо зээлийн данс нээх бөгөөд төлбөр төлөгдөх тухай бүр үндсэн зээлээс хэд, хүүнээс хэд, нэмэгдүүлсэн хүүнээс хэд хасагдсан тухай бүртгэдэг. Барьцаа хөрөнгөөр зээлийг төлөхөд мөн ялгаагүй. Нөгөө талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг нь өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ** санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11. Давж заалдах гомдолд гаргасан нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

11.1 Давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

12. Давж заалдах гомдолд гаргасан ** сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

12.1 Нэхэмжлэгч *** банк ХХК болон хариуцагч * ХХК-ийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэжээ.

13. Хариуцагч * ХХК давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *** банк ХХК нь хариуцагч *.* , * ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 479,973,309 төгрөг, хүүгийн төлбөрт 327,083,944 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,981,517 төгрөг, нийт 820,038,770 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч ** санд холбогдуулан 239,986,654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасан.

2.1 Хариуцагч * ХХК зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотой хүүгийн төлбөрийг төлөхгүй, хариуцагч *.* зээлээс авч ашиглаагүй гэх үндэслэлээр, хариуцагч ** сан гэрээгээр нөхөн хариуцлага хүлээхээр заасан, батлан даалтын үүргийг биелүүлэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэх үндэслэлээр тус тус эс зөвшөөрч маргасан.

3. Хариуцагч *.* нь нэхэмжлэгчид холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу зээлийн гэрээний үүрэгт төлсөн 504,783,555 төгрөгийг 1,000,000,000 төгрөгөөс суутган тооцох, барьцааны эрхийг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

4. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *.* , * ХХК-д холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 820,038,770 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухайд:

4.1 *** банк ХХК болон *.* , * ХХК-ийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч *** банк ХХК нь 1,000,000,000 төгрөгийг, жилийн 13 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай зээлдэгч *.* , * ХХК-д зээлүүлэх, зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт зээлдүүлэгч *** банк ХХК-д буцаан төлөхөөр харилцан тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдсон. /1хх 12-15/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

4.1.1 Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 1,000,000,000 төгрөгийг зээлдэгчид 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

4.1.2 Хариуцагч * ХХК-ийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчсөн үйл баримтыг зээл, хүүний тооцооны хуудас, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. /1хх29-32, 64-65/

4.1.3 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Зээлдэгчид 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан. /1хх41-62/ Улмаар нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээг хугацаанаас нь өмнө нэхэмжлэгчийн санаачилгаар цуцалсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас хойш гэрээний үүрэг шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 139,779,725 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

4.1.4 Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан үндэслэлд талуудын хооронд байгуулсан зээлий гэрээний нөхцөл хамаарахгүй. Түүнчлэн, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь өөрсдөөс нь хамаараагүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд энэ талаарх хариуцагч * ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4.2 Талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ** дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50 дугаар байр, 161 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү-0***** дугаарт бүртгэлтэй, ***** дүүрэг, ** дугаар хороо, Стадион оргил, М.Гандийн гудамж 37 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай, 169.61 м.кв талбайтай, орон сууц болон 14 ширхэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг барьцаалсан. /1хх 16-18/

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигч энэ талаар маргаагүй.

4.3 Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаарх шийдвэрийг хэвээр үлдээнэ.

5. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ** санд холбогдох 239,986,654 төгрөг гаргуулах тухайд:

5.1 ** сан болон зээлдүүлэгч *** банк ХХК, зээлдэгч * ХХК, *.* нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Батлан даалтын гурвалсан гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр мөн өдрийн ** дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд ЗБДС нь түүний өмнөөс энэхүү гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх, ЗБДС дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгчээс буцаан шаардах эрх банкнаас ЗБДС-д шилжихтэй холбоотой харилцааг зохицуулахаар талууд тохиролцсон байна. /1хх21-23/

Түүнчлэн, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ** сан болон *** банк ХХК-ийн хооронд Батлан даалтын ерөнхий гэрээ байгуулагдсан талаар зохигч маргаагүй.

Анхан шатны шүүх *** банк ХХК болон ** сангийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

5.2 Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй. Мөн зүйлийн 460.4 дэх хэсэгт зааснаар батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

Батлан даалтын ерөнхий гэрээ-ний 2.3. (b) (ii)-т болон 2.9-д ** сангийн хариуцлага болон зээлийг эргэн төлөх үүргийн талаар заасан. /1хх 110-111/

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.

Гэрээний 2.3.(b) (ii)-т болон 2.9-д заасан зохицуулалтыг үгийн шууд утгаар тайлбарлахад ойлгомжгүй байх тул анхан шатны шүүх гэрээний ерөнхий агуулга болон зорилго, мөн хариуцагч ** сангаас нэхэмжлэгчид зээлийн гэрээний төлбөрт төлсөн үйл баримт зэргийг харьцуулан үзэж, хариуцагч ** санг үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцахаар гэрээгээр тохиролцсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2, 460.4 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, талууд дээрх гэрээгээр зээлийн гэрээний нөхөх хариуцлагын талаар буюу зээлийн төлбөрийн маргааныг шүүхээр шийдвэрлэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа үлдэх үндсэн зээлийн үүргээс батлан даагчийн үүргийг тодорхойлсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч ** сангийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/01409 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, хариуцагч ** сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *** банк ХХК-аас төлсөн 856,849 төгрөг, хариуцагч * ХХК-аас төлсөн 1,160,000 төгрөг, хариуцагч ** сангаас төлсөн 1,357,883 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН