Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 499

 

Б.Х-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1035 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаар магадлалтай, Б.Х-т холбогдох 1811000440109 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан,  Боржигон овогт Б-ны Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Х-г хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х гаргасан гомдолдоо “Миний бие хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйл, ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр 2007 онд нэг удаа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч тэрнээс хойш дахин хулгайн гэмт хэрэгт холбогдоогүй. Энэ хулгайн 5 үйлдлээс 2 үйлдлийг би анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хохирогч нарын “хар куртиктай хүн байсан” гэх мэдүүлгийг үндэслэн халаасны хулгайн тасгийн мөрдөгч нар намайг зодож дарамталсаар байгаад энэхүү хэргийг хүлээлгэсэн. Хулгайн хэрэг гарсан гэх газар нь камертай хотын төв гудамж бөгөөд уг хэрэгт холбогдуулан камерын бичлэгийг нотлох баримтаар хэрэгт хавсаргах хүсэлт гаргасан боловч энэ талаар ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх миний “ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй” гэсэн мэдүүлгийг үндэслэн хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж, авсан эд зүйлээ борлуулж өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэр болгосон, амьдралын зорилго болгосон шинжтэй” гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. Мөн миний салсан эхнэр Э.Э-ийн мэдүүлгийг үндэслэн болгож ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдсэн хулгайн үйлдлүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдоно гэж үзэж байна. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Х нь 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 1,668,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 02-ноос 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М.С, Г.О, Г.А Д.Г, Б.М нарын гар утсыг хулгайлж, 5 удаагийн үйлдлээр нийт 1,668,000 төгрөгийн хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа хэрэгт авагдсан үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзээгүйгээс хэргийг буруу зүйлчилсэн байна.

Учир нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэний улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү бага хэмжээний хохирол гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээ”-г ойлгоно.

Шүүгдэгч Б.Х-ын иргэн Д.Г-ын гар утсыг хулгайлж 108,000 төгрөгийн, Б.М-ийн гар утсыг хулгайлж 96,000 төгрөгийн хохирол учруулсан хэргүүд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцох хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Х-ын дээрх үйлдлүүдэд эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэвэл зохино.

Үүнээс гадна иргэн М.С, Г.О, Г.А нарын халааснаас гар утсыг нь авсан Б.Х-ын үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх боловч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэхэд учир дутагдалтай гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдэх замаар амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх нь мэргэшсэн гэмт хэрэгтний хувьд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцөл болдог тул хууль тогтоогч ийм замаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг хүндрүүлэн үзэж байхаар хуульчилжээ.

Тухайн этгээд тодорхой төрлийн гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх ёстой.                                                                                                                                            Б.Х-ын үйлдсэн гэмт хэргүүдийг судлан үзэхэд 2017 оны 12 дугаар сараас дараа оны 01 дүгээр сар хүртэл 2 сар хүрэхгүй хугацаанд нийт 1,464,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд амьдралынхаа багагүй цаг хугацааг гэмт хэрэг үйлдэж өнгөрөөсөн, хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болохгүй байна.

Иймд гэмт хэргийн хувьд амьдралын эх үүсвэр болгосон гэх шалгуурыг хангаагүй тул прокуророос шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 3 жил хорих ял шийтгэсэн өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд оруулж, энэ талаарх шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1035 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Б.Х-ын иргэн Д.Г-ын “ЛЖ Жи-Про” загварын гар утсыг хууль бусаар авч 108,000 төгрөгийн, Б.М-ийн “Самсунг Галакси Эс 3” загварын гар утсыг хууль бусаар авч 96,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай”,

“Прокуророос шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН