Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 144/ШШ2022/00047

 

 

          2022          03             16                                                     144/ШШ2022/00047                 

 

 

       

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Капитал төв 201 тоотод оршин байрлах  “Идэр Интернэшнл” ХХК /РД:2667436/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хаданд оршин байрлах “Ийзи Транспорт” ХХК /РД:6513107/-д холбогдох,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд Ханбогд сумын засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар эзэмшиж буй 100000 квадрат метр газар дээр “Ийзи Транспорт” ХХК-ийн явуулж буй үйл ажиллагааг хууль болохыг тогтоож, “Идэр Интернэшнл” ХХК-ийн эзэмшил газар дээр барьсан дээрх 8 төрлийн барилга байгууламж буулгахыг хариуцагчид даалгах, эзэмшил газрын хэсэг болох 98708,2 квадрат метр газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Идэр Интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхболд, нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Идэр интернэшнл” ХХК нэхэмжлэлдээ: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн а/19 дүгээр захирамжаар тус аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд 10 га талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай Гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмших эрхтэй болсон.

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/1492 дугаар захирамжийг Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д  гэж заасантай нийцүүлэн гаргаж, өмнө нь Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхаданд газар эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдийн хавсралтад заасан газруудыг захирамжийн 3 дахь заалтаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэхийг Ханбогд сумын Засаг даргад үүрэг болгосон.

Ингээд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Идэр-интернэшнл” ХХК нь газар эзэмшигчийн талаас, Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын дарга О.Намжилмаа газар ашиглуулагчийг төлөөлж талууд “...эзэмшиж байгаа газрыг ашиглах орон нутагтай хамтран ажиллах 2018/08 дугаар гэрээ” байгуулж сумын Засаг дарга батламжилсан.

Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалт болон Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/74 дүгээр захирамж гаргаж, анх аймгаас олгосонтой адил нөхцөлөөр газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Тухайн захирамжийн дагуу бид 2018 оны 04 сарын 09-ний өдөр газрын даамал Наранхүүтэй Цагаанхад руу газар дээр нь очиж заалган Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг мэргэжлийн “Гурван Хорол” ХХК-иар хийлгэж сумын газрын албанд өгсөн.

Манай компани нь тухайн эзэмшил газраа авто зогсоол хэлбэрээр ашиглан зохих хууль журмын дагуу дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөрийг сум орон нутгийн дансанд төлж ирсэн бөгөөд төлбөрийн аливаа зөрчилгүй.

Гэтэл манай эзэмшлийн газарт 2020 оны 11 дүгээр сараас дур мэдэн барилга байгууламж барьж эхэлсэн ба хууль бус үйлдлээ зогсоохыг удаа дараа шаардсан боловч эс биелүүлж ирсэн тул “Ийзи-транспорт” ХХК-ийн явуулж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, “Идэр-интернэшнл” ХХК-ий эзэмшил газрыг чөлөөлөхийг “Ийзи транспорт” ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газар эзэмших эрхтэй бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байх үед “Ийзи транспорт” ХХК нь 2020 оны 11 сараас эхлэн манай гаалийн хяналтын бүс байгуулах газарт давхцуулан хашаа хатгаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

“Ийзи транспорт” ХХК-ийг манай эзэмшил газар дээр хашаа, манаачийн болон ажилчдын байр, авто пүү зэргийг барьж эхлэхэд нь бид газар чөлөөлөх талаар болон барилга байгууламж барих ажлаа зогсоохыг шаардан мэдэгдэж байсан боловч илт үл тоомсорлон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан тул Сумын Засаг дарга, газрын албанд хандан гомдол гаргасан.

2021 оны 03 сарын 23-ны өдөр Сумын Засаг дарга Х.Нэхийт 01/230 тоот албан бичгээр “Ийзи транспорт” ХХК-д Сонсох ажиллагааг явуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Тухайн мэдэгдлийн хавсралтанд манай эзэмшил газартай ямар байдлаар давхацсан байгааг болон яаж өөрчилж шилжүүлэх болсныг зургаар тодорхой зааж өгсөөр байтал “Ийзи транспорт" ХХК нь Засаг даргын хууль ёсны шийдвэрийг илт үл тоомсорлон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх тухай Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж, бидний болон Сумын удирдлагын удаа дараагийн шаардлага, шүүхээр маргаан хянагдаж байгааг үл тоомсорлон үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж манай эзэмшлийн манай эзэмшлийн 100000 квадрат метр газрын 98703,2 квадрат метр газарт, манай эзэмшил газрын баруун хойд тал автозамын дагуу 232,38 м хашаа, зүүн урд талыг хаан 433,26 м хашаа, манаачийн байр, авто пүү болон пүүний ажилтаны байр, ажилчдын контор амьдрах сэндвичин байр, бие засах газар, аж ахуйн зориулалттай жижиг байр, хяналтын камер болон гэрэлтүүлгийн зориулалттай 2 ш шон зэрэг хашаа барин тоног төхөөрөмж суурилуулж, барилга байгууламжийг бариад байна.

Мэргэжлийн компаниар “Ийзи транспорт” ХХК нь манай эзэмшлийн 100000 квадрат метр газрын 98708,2 квадрат метр газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг харуулсан зургийг хийлгэн хавсаргасан болно.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар эзэмшиж буй 100000 квадрат метр газрын 98708,2 квадрат метр газар дээр “Ийзи транспорт” ХХК-ийн явуулж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, “Идэр-интернэшнл” ХХК-ийн эзэмшил газар дээр барьсан дээрх 8 төрлийн барилга байгууламж буулгахыг хариуцагчид даалгах, манай эзэмшил газрын хэсэг болох 98708,2 квадрат метр газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Ийзи транспорт” ХХК нийтдээ 14,5 га газрыг хууль ёсных нь дагуу эзэмшсэн. Газрын хуульд газрын гэрчилгээгээр газар эзэмшүүлэх эрх үүснэ гэж заасан байгаа. Тэгэхээр манайх бол хууль ёсоор эзэмшсэн газар дээрээ хашаа бариад тэр хашаан дотроо юмаа барьж байгаа. Энэ бол “Идэр-интернэшнл” ХХК-ийн эрхэнд халдаад байгаа зүйл ерөөсөө байхгүй. “Ийзи транспорт” ХХК бол өөрөө очиж сайн дураараа очиж өөрсдийн эзэмшээгүй газар дээр сайн дураар гүйж очиж юм бариагүй.

Сумын Засаг дарга 14,5 га газрыг эзэмшүүлнэ гээд зарыг тавиад дуудлага худалдааных нь анхны үнийг аваад байгаль орчны үнэлгээг нь хийлгээд Газрын хуулийн дагуу албан ёсоор эзэмшсэн.

Харин Ханбогд сумын Засаг Даргаас давхардуулж олгосон гэх асуудлыг ярьж болж байгаа. Энэ бол Ханбогд сумын Засаг дарга буюу захиргааны байгууллага өөрөө шийдэх асуудал. 2012 онд аймгийн Засаг даргын эдний компанид газар эзэмшүүлсэн захирамж бол захиргааны илт хууль бус акт.

Бид нар шүүхэд өгсөн хариу тайлбартаа газар эзэмшилтэй холбоотой иргэд хоорондын маргааныг тухайн сумын Засаг дарга шийднэ. Тийм учраас манайх бол өөрсдийн эзэмшлийн бус гэрчилгээгүй, актгүй тийм газар юм бариагүй учраас үүнийгээ нотлоод байгаа  учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн  хариу тайлбар өгсөн байгаа” гэв.

             Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.            

          Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. “Идэр Интернэшнл” ХХК нь “Ийзи Транспорт” ХХК-д холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд Ханбогд сумын засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар эзэмшиж буй 100000 квадрат метр газар дээр “Ийзи Транспорт” ХХК-ийн явуулж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, “Идэр Интернэшнл” ХХК-ийн эзэмшил газар дээр барьсан дээрх 8 төрлийн барилга байгууламж буулгахыг хариуцагчид даалгах, манай эзэмшил газрын хэсэг болох 98708,2 квадрат метр газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргажээ.

   Дээрх шаардлагын үндэслэлээ: Хариуцагч компани 2020 оны 08 сарын 07-ний өдрийн А/225 дугаартай захирамжаар 14,5 газар эзэмшсэн. Үүнээс 9,8 га газар нь “Идэр Интернэшнл” ХХК буюу нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцаж байгаа. Энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Гэрээ, гэрчилгээ байхгүй учраас “Идэр Интернэшнл” ХХК хууль бус газар эзэмшиж байгаа гэж яриад байна. Манай байгууллагад газар эзэмшүүлсэн үйл явдал анх 2012 оноос эхэлсэн. 2018 онд дахин сумын Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжтай холбоотойгоор захиргааны байгууллагаас ч тэр, хариуцагч байгууллагын зүгээс ч тэр энэ захирамжийг хүчингүй болгуулах гэх юм уу, Газрын тухай хуульд заасан 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан 2 үндэслэлээр “Ийзи Транспорт” ХХК-ийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэдэг хүсэлт юм уу нэхэмжлэлийг захиргааны байгууллагад ч гаргаагүй. Шүүхэд ч хандаагүй. Үүнтэй холбоотой үйл барим хэрэгт авагдаагүй байгаа. Тэгэхээр Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт түрүүлж эзэмших хүсэлт гаргасан этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хангагдахаар зохицуулсан байгаа. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах зарчим үйлчилнэ гэж заасан. Энэ байдлуудыг “Ийзи Транспорт” ХХК өөрөө зөрчсөн байдаг. Газрын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт хуульд заасан бичиг баримтыг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа аймаг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн даамал бүртгэл хөтлөх ёстой. Бүртгэлдээ бүртгэлийг хүлээн авсан он,сар, өдөр, цаг минутаа тэмдэглэнэ гэж заасан. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр хэн түрүүлж хүсэлтээ гаргаж байна вэ гэдэг тухайн этгээдийн эрх нь хамгаалалт үүсэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр газар эзэмшиж байгаа этгээдэд түүнчлэн хүсэлт гаргасан этгээд хэн алинд нь хуулийн хамгаалалт үйлчлэх ёстой.  2018 онд “Идэр Интернэшнл” ХХК-д газар эзэмших захирамж гарсан байхад Газрын тухай хуульд заасныг зөрчиж давхцуулаад олгож байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл байгаа. Бидний хувьд газар эзэмших эрх дээр хэн ч маргаагүй учраас  бид захиргааны байгууллагад хандах шаардлага байхгүй. Захиргааны байгууллага өөрөө “Ийзи Транспорт” ХХК-д олгох газартай давхцуулаад олгосон гэдэг өөрийнхөө хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөөд сонсох ажиллагаа явуулаад дахин өөр газар эзэмшүүлэхээр санал болгосон.  Ийм үйл баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцааж байна.  Манай компани 2020 оны 08 сарын  07-ний өдрийн Ханбогд сумын Засаг даргын А/225 дугаартай захирамжаар 14,5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшээд 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр гэрчилгээ олгоод гэрээ байгуулаад эзэмшсэн. Энэ нь Газрын тухай хуульд заасны дагуу ямар ч хууль процессын зөрчилгүйгээр эзэмшсэн. Тэгээд хууль ёсоор эзэмшсэн газар дээрээ манайх байшин барилга барьж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн хууль бус эзэмшигчээс өмчлөлийнхөө газрыг авмаар байна гэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэж гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус гэж үзэж байгаа. “Идэр Интернэшнл” ХХК өөрсдөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн А/74 дугаартай захирамжаар манайх энэ газрыг эзэмшсэн гэж байгаа. Гэтэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэсэн байгаа. Бид нар хууль бусаар хүний газар дээр төрийн байгууллагаас газар эзэмшүүлээгүй байхад эзэмшиж эсхүл хууль газар хөөцөлдөж байгаад авсан зүйл байхгүй гэв.

.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

          Зохигчдын маргаан бүхий газрыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр газар эзэмших эрх шинээр олгох тухай захирамжаар “Идэр Интернэшнл” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Мөн хариуцагч “Ийзи Транспорт” ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжаар 14.5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж,  2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 18-19, 33 дугаар хуудас/

          Тухайн маргаан бүхий газрыг нэхэжлэгч Идэр интернэшнл ХХК болон хариуцагч Ийзи Транспорт ХХК-д давхардуулан олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.

          Хариуцагчийн төлөөлөгч анх Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 01 сарын 13-ны өдрийн а/19 дугаартай захирамжаар Идэр интернэшнл ХХК-д олгосон газар нь илт хууль бус шийдвэр учраас шаардах эрхгүй гэж байгаа ч  тухай захирамжийг Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн А/1492 дугаартай “ Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон байна.

          2012 оны   Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлж байсан нь буруу байсан учраас дахин Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн А/74 дугаартай “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” захирамжаар Идэр интернэшнл ХХК-д Өмнөговь  аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад байршилд гаалийн хяналтын талбайн зориулалтаар 4601008307 нэгж талбарын дугаартай 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ байгуулан /хх-ийн 16-19-р хуудас/ эзэмшиж байгаа нь  тогтоогдож байна.  

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн манай компани Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй учраас хууль ёсны эзэмшигч мөн гэж мэтгэлцэж байгаа нь хууль зөрчөөгүй байна. 

          Харин Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А/225 дугаартай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай захирамжаар Ийзи транспорт ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн   31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “ Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчиж олгогдсон байна. Энэ үйл баримт нь 2021 оны 08 сарын 13-ны өдрийн үзлэг хийсэн тухай  Идэр интернэшнл ХХК болон Ийзи транспорт ХХК-ийн эзэмшил газартай давхцсан талбай нь 98708.2 квадрат метр газартай давхцсан байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр/хх-ийн 111-113-р хуудас/ тогтоогдож байна. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 01/230 дугаартай Ийзи транспорт ХХК-д хүргүүлсэн  Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “…Ханбогд сумын засаг даргын 2020 оны А/225 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 4601009718 нэгж талбарын дугаар бүхий гаалийн хяналтын талбайн зориулалттай 14.5 га газар нь    Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж олгогдсон байна. Сумын засаг даргын 2018 оны А/74 дугаартай захирамжаар хуулийн этгээдэд эзэмшүүлсэн гаалийн хяналтын талбайн зориулалттай 10 га газартай танай компанид олгогдсон газар хэсэгчлэн давхцаж олгогдсон байна. Иймд танай компанид эзэмшүүлсэн газрын байршлыг зайлшгүй шилжүүлэн өөрчлөх шаардлагатай байгааг тус албан бичгээр хүргүүлж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах болсныг мэдэгдэж байна” гэсэн баримт, Идэр интернэшнл ХХК-ийн Ханбогд сумын засаг даргын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн А/74 дугаартай захирамжаар эзэмшиж байгаа 100.000 квадрат метр газар, Ийзи транспорт ХХК-ийн Ханбогд сумын засаг даргын 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А/225 дугаартай захирамжаар эзэмшиж байгаа 145.000 квадрат метр газартай давхцлын зураг/ хх-ийн 125-127-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтаас Ханбогд сумын засаг даргын 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А/225 дугаартай захирамжаар Ийзи Транспорт ХХК-д 145000 квадрат метр газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т  заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар хэмжээгээр давхцаагүй байна “ гэснийг зөрчиж эзэмшүүлсэн нь тогтоогдож  байна.

             Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 хэсэгт “ Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”  гэж зааснаар нэхэмжлэгч Идэр интернэшнл ХХК нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна гэж дүгнэв.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлийн бүсэд Ийзи транспорт ХХК-д Ханбогд сумын засаг даргын 2020 оны А/225 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 4601009718 нэгж талбарын дугаар бүхий гаалийн хяналтын талбайн зориулалттай 14.5 га газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн А/74 дугаартай захирамжаар Идэр интернэшнл ХХК-д 46010008307 нэгж талбарын дугаартай гаалийн хяналтын талбай зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрын 98708.2 квадрат метр газарт Ийзи Транспорт ХХК-ийн явуулж байгаа үйл ажиллагааг зогсоон,  чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэв.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Ийзи транспорт” ХХК-аас 140.400 төгрөг гаргуулж Идэр интернэшнл ХХК-д олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлийн бүсэд Ийзи транспорт ХХК-д Ханбогд сумын засаг даргын 2020 оны А/225 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 4601009718 нэгж талбарын дугаар бүхий гаалийн хяналтын талбайн зориулалттай 14.5 га газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн А/74 дугаартай захирамжаар Идэр интернэшнл ХХК-д 46010008307 нэгж талбарын дугаартай гаалийн хяналтын талбай зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрын 98708.2 квадрат метр газарт Ийзи Транспорт ХХК-ийн явуулж байгаа үйл ажиллагааг зогсоож,  чөлөөлөхийг даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Ийзи транспорт” ХХК-аас 140.400 төгрөг гаргуулж Идэр интернэшнл ХХК-д олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмнөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА