Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2022/02472

 

2022,07,29 2472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Б.Баярмаа, шүүгч Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр байр 00 тоот хаягт оршин суух, Ц овогт Б Ц /РД:0000000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух, Я овогт Ш У /РД:000000000/,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 13,083,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ц, өмгөөлөгч Г.*******, иргэдийн төлөөлөгч Г.О,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам. 

Нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Л.Г болон өмгөөлөгч Г.******* нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Ц нь итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б төлөөлүүлэхээс татгалзсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ш.У холбогдуулан гэм хорын хохиролд 13,083,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Ш.У нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 54 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Тэхийн уулзвар замд өөрийн эзэмшлийн Тоёота Рав маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-г “Улаан гэрэл дохой хөдөлгөөнийг хориглоно” гэх заалтыг зөрчин 00-00 улсын дугаартай Д.Фэнг маркийн автомашин болон Б.Ц миний өмчлөлийн 00-00 улсын дугаартай Лэксус 570 маркийн автомашиныг гэрлэн дохион дээр зогсож байхад нь мөргөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 51 дэх хэсэгт заасан “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заалтад заасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон.

Гэвч миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 12,302,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд машин ачуулсан, үнэлгээ, оношилгоо хийлгэсэн гээд нийт 13,083,500 төгрөгийн хохирол учруулж, миний эрхийг зөрчсөн боловч одоог хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй, зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй байна.

2021 оны 9 дүгээр  сарын 22-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн №2021/ДШМ3/000 дугаартай магадлалаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч Ш.У торгох шийтгэлээс өршөөн чөлөөлсүгэй гэж шийдвэрлэсэн. Магадлалийн тогтоох хэсэгт “Хохирогч Б.Ц нь зөрчлийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж заасны дагуу хариуцагчаас надад учруулсан бодит хохирол болох 13,083,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч болон түүний төлөөлөгчөөс шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй.  

Иргэдийн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...хариуцагч У гэм буруутай, хохиролгүй болгох нь зөв” гэжээ.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ДШМЗ/000 тоот Магадлал /хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/, Б.Ц депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 10 дугаар тал/, НӨАТ-н баримт /хавтаст хэргийн 12 дугаар тал/, Мастер сүлжээ оношлогооны баримт /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/, Итгэлт-Эстимэйт даатгалын үнэлгээ тооцоо /хавтаст хэргийнг 14 дүгээр тал/, Итгэлт эстимэйт авто машин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 18 дугаар тал/, НӨАТ-н баримт /хавтаст хэргийн 188 дугаар тал/, Мөнххада засвар үйлчилгээ, үзлэгийн зөвөлгөөний хуудас /хавтаст хэргийн 189 дүгээр тал/, Монгол улсын зам тээврийн хөгжлийн яамны 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 07/1524 тоот албан бичиг /хавтаст хэргийн 190 дүгээр тал/, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9/54 тоот албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 191-197 дугаар тал/

Хариуцагчаас 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ1165135699 тоот зээлийн гэрээ /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ1165135699 тоот “зээлийн гэрээнд өөрчөлт оруулах тухай гэрээ” /хавтаст хэргийн 33-35 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороон засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дугаар тал/, ӨЭМТөвийн эмнэлэгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22/11 тоот албан бичиг /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Шүүхийн журмаар Нийслэлийн Баянгол дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 118 тоот албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 91-183 дугаар тал/,

-2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн 00-00 улсын дугаартай, LX 570 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн. /хх-216-233/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Ш.У нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 54 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Тэхийн уулзвар замд өөрийн эзэмшлийн Тоёота Рав маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-г “Улаан гэрэл дохой хөдөлгөөнийг хориглоно” гэх заалтыг зөрчин 0000 улсын дугаартай Д.Фэнг маркийн автомашин болон Б.Ц миний өмчлөлийн 0000 улсын дугаартай Лэксус 570 маркийн автомашиныг гэрлэн дохион дээр зогсож байхад нь мөргөж, үнэлгээ, тайланд дурдсанаар 13,083,500 төгрөгийг хохирол учруулсан гэж,

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тээврийн хэрэгслийг засварлаагүй, хохирол хэт их, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргав.

Талуудын маргааны зүйл нь “тээврийн хэрэгслийг засварлаагүй, хохирол хэт их” байна. Харин талууд “зам тээврийн осол болсон талаар, тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч”-ийн талаар маргаагүй байна.

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Ш.У нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 54 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Тэхийн уулзвар гэх замд өөрийн өмчлөлийн 0000 улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрмийн 8.9.г /улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно/ заалтыг зөрчин Б.Ц өмчлөлийн 0000 улсын дугаартай Лэксус-570 маркийн авто машиныг мөргөж хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2105001043 дугаартай Зөрчлийн хэрэг, Мастер плазагийн НӨАТ-н баримт, Мастер плаза “оношлогоогоор илэрсэн гэмтлүүд” гэх баримт, Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №275/ДД№20338029 1304 тоот үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн хариуцагч Ш.У Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн замын хөдөлгөөний дүрмийн 8.9.г /улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно/ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Ш.У нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, түүний хууль бус гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй улмаас нэхэмжлэгч Б.Ц тээврийн хэрэгсэлд 12,302,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, мөн 781,500 төгрөгийн холбодох зардал нийт 13,083,500 төгрөгийн хохирол учирсан, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоотой болох нь Итгэлт истимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, зохигчийн тайлбар, зөрчлийн хэрэг, тайлан, үзлэгээр тогтоогдож байна./хх-17-19, 91-183, 216-233/,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь энэ үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодон явсан этгээдэд холбогдуулан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах, эд хөрөнгийн хохирлоо шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Ш.У 13,083,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэдийн төлөөлөгчийн “...хариуцагч У гэм буруутай, хохиролгүй болгох нь зөв” гэх дүгнэлт хэрэгт авагдсан баримтууд болон үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий болжээ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.У 13,083,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж  223,367 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Ш.У нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг өөрөө гаргаж авна. Гардан аваагүй нь гомдол гаргах хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх заасан хугацаанд гардуулна. Гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор тэдний оршин суугаа газар болон байгууллагынх нь хаягаар шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН                                              ШҮҮГЧИД                                    Б.БАЯРМАА

                                                                                                Б.ХИШИГБААТАР