Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00677

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/00677

 

 

Б.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/00557 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ц ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.У д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 13,083,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2021 сарын 06 сарын 17-ны өдрийн 00 цаг 54 минутын орчим хххх дугаар хороо Тэхийн уулзвар замд өөрийн эзэмшлийн Тоёота рав/Toyota Rav/ маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчин хххх улсын дугаартай д.Фэнг маркийн автомашин болон Б.Ц миний өмчлөлийн хххх улсын дугаартай Лексус 570/Lexus 570/ маркийн машиныг гэрлэн дохион дээр зогсож байхад мөргөж, зөрчил гаргасан.

Тус зөрчлийн хэргийг 2021 оны 09 сарын 22-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчийг торгох шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн.

1.2. Гэвч миний тээврийн хэрэгсэлд нийт 13,083,500 төгрөгийн хохирол учруулж, миний эрхийг зөрчсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй, зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй тул хариуцагчаас 13,083,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Иргэний хуульд гэм хорыг хуучин хэвэнд нь оруулах гэдэг зохицуулалтаар төлөхөөс, техникийг шинэ болгож өгнө гэсэн зохицуулалт байхгүй. Хариуцагчаас автомашиныг нь хуучин хэвэнд оруулж, засуулж өгье гэхээр зөвшөөрдөггүй. Шинэ сэлбэг сольсон гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Үнэлгээ хийлгэхэд машин нь зүүн талаасаа мөргүүлж, дугуйны хэсгийг солиулах байсан боловч баруун талын гэрлийг шинээр нь 1,056,000 төгрөгөөр худалдан авч солиулсан байдаг. Зүүн талын гэрэл нь 987,000 төгрөг болсон. Ослын үед зүүн талын гэрэл хагарсан нь үнэн. Энэ үйл баримтаас харахад баруун талын гэрлийг худалдаж авах шаардлага байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.У гаас 10,021,500/арван сая хорин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц т олгож, нэхэмжлэлээс 3,062,000/гурван сая жаран хоёр мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,367 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 184,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбооны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 004/1 дугаартай Магадлан шалгах тайлан-гийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн Магадлах нь хэсэгт ...урд 2 их гэрлийг сэнж хугарсан гэрлээр орлуулж тавьсан,... зүүн урд шанааг зассан,... капот баруун урд крыло баруун шанаа засаж, гажааг гаргаж будсан,... байдалтай байв. гэж дүгнэсэн. /1 дүгээр х.х-194/

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хавтаст хэрэгт өгсөн буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон И ХХК-ийн үнэлгээнд хохирлын хэмжээг 12,302,000 төгрөг гэж тодорхойлсон ба тус үнэлгээнд солих гэж үнэлэгдсэн эд ангиуд нь бодит байдалд засварлагдсан байсан, нэг эд анги нь солих болон засварлах гэсэн 2 баганад давхардуулан тусгагдсанаар зардлын тооцоо нэмэлт дүнтэйгээр үнэлэгдэж, хохирлыг үндэслэлгүй хэт өндрөөр тогтоосон нь Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбооны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдож байхад шүүх бүрэлдэхүүн үүнд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

4.2. Зам тээврийн ослын улмаас хохирол учирсан, хариуцагчийн гэм буруу болон нэхэмжлэгчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх учиртай. Хариуцагч Ш.У нь хохирол учруулсанд маргаагүй, харин хохирлын үнийн дүнд маргадаг.

Иймд бодит байдалд солигдоогүй хоёр гэрлийн үнэ 2,036,000 төгрөг, давхардсан эд анги болох зүүн урд шанааны үнэ 280,000 төгрөг, нийт 2,316,000 төгрөгийг хасаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг анхан шатны шүүх хүлээн авсан. Нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй, хасагдсан 3,062,000 үнийн дүнд гомдлын шаардлагад тусгагдаад байгаа тухайн зүйлс нь давтагдаж байна гэж харж байна.

5.2. Тээврийн хэрэгслийг зүүн талаас нь маргасан байхад баруун талд нь гэмтэл учраад байна гэдэг агуулгатай тайлбар хэлж байгаа боловч тухайн ослын процесс, зураг зэрэг нь зөрчлийн хэрэгт авагдсан байдаг. Тус автомашинд учирсан гэмтлүүдийг эхлээд мэргэжлийн М ХХК-аар тодорхойлуулсны дараа хөрөнгийн үнэлгээний байгууллага үнэлгээ гаргасан байгаа.

5.3. Нэхэмжлэлийн шаардлагаар зөрчлийн улмаас машинд учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Түүнээс бид хагалсан эд анги наах цавууны мөнгө нэхэмжлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ш.У д холбогдуулан гэм хорын хохиролд 13,083,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. Хариуцагч Ш.У нь 2021 оны 06 сарын 17-ны өдрийн 00 цаг 54 минутын орчимд ххх улсын дугаартай Тоёота Рав4 /Toyota rav4/ маркийн автомашиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч Б.Ц ын эзэмшлийн хххх улсын дугаартай Лексус 570 /Lexus 570/ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан;

 

3.2. Дээрх үйлдэлд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 11-ний өдрийн 810 дугаартай шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн 2021/ДШМЗ/103 дугаар магадлалаар Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заалтыг зөрчсөн болохыг тогтоож, түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар ногдуулсан 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэлтрүүлж, хохирогч Б.Ц нь зөрчлийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх-75-79/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд талууд дээрх үйл баримтад маргаагүй болно.

 

4. Нэхэмжлэгч Б.Ц ын эзэмшлийн хххх улсын дугаартай Лексус 570 /Lexus 570/ маркийн тээврийн хэрэгслийн хохирлыг И ХХК нь 13,083,500 төгрөг гэж үнэлсэн ба хариуцагч уг үнэлгээг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо нь магадлан шалгалт хийж, улмаар И ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон дүнгээс 3,062,000 төгрөгийг хасах шаардлагатай гэж дүгнэлт гаргажээ. /1хх-191-195/

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлага 13,083,500 төгрөгөөс Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо нь магадлан шалгалтаар тогтоогдсон дүн буюу 3,062,000 төгрөгийг хасч тооцон хариуцагчаас 10,021,500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

6. Хариуцагч нь ... бодит байдалд солигдоогүй 2 гэрлийн үнэ 2,036,000 төгрөг, давхардсан эд анги болох зүүн урд шанааны үнэ 280,000 төгрөг, нийт 2,316,000 төгрөгийг хасаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өнгө үү гэсэн гомдлыг хангахгүй.

 

Хэрэгт цугларсан баримтаар гэрэл солиогүй, мөн зүүн урд шанааны үнийг давхардуулан тооцсон нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс 2,316,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/00557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР